| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/0589/И |
| Дугаар | 130/ШШ2016/00684 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2016/00684
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Н овогт Бын Ргийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Р, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.А, гэрч Б.З, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: нөхөр талийгаач Ы.Дын 1967 оноос 1980 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Б сумын Ж нэгдэлд нооромчиноор ажиллаж байсан байдал болон бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Б.Р шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Б.Р би Б сумын иргэн 1949 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн БГ49061014 регистрийн дугаартай, Шеруши Төлек Ыын Д-тай 1977 онд гэр бүл болсон юм. Нөхөр бид хоёр 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний нөхөр Ы.Д нь тус аймгийн Б сумын "Ж" нэгдэлд анх 1967 онд нэгдлийн гишүүн болж элсээд 1980 оныг дуустал тус нэгдлийн туслах үйлдвэрт нооромчноор тасралтгүй нийтдээ 13 жил ажилласан байна. Миний нөхөр 1970 оны 12-р сарын 15-ны өдөр хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр анх гарсан үед шинээр дэвтрийг нээлгэн авсан байна. Хөдөлмөрийн дэвтэрт 1967,1968,1969, 1970 онуудад тус нэгдлийн туслах үйлдвэрт Ховд голоор хар мод урсгаж байсан тухайгаа бичүүлж 1971 оны 01 дүгээр сараас нэгдлийн дарга ерөнхий нябо Унат нарын баримтыг үндэслэж тухайн үеийн тус нэгдлийн туслах үйлдвэрт нооромчноор 1980 оны 12 дугаар сар дуустал нийтдээ 13 жил тасралтгүй ажилласан байдлыг тухайн үеийн Сум нэгдлийн дарга тамга дарж гарын үсэг зурж туслах үйлдвэрийн дарга нар ажлын хоног болон авсан цалинг тухай он, сар өдрөөр тэмдэглэн тэмдэг дарж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Миний нөхөр Ы.Дын улсад ажилласан жилийг 7 жил 10 сар ажилласан байна гэж 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Мэргэжлийн Хяналтын албаны тухайн үеийн хөдөлмөрийн асуудлыг хариуцсан Улсын байцаагч С.С тооцож гаргаж тэмдэг дарж гарын үсгээ зурж тэмдэглэн бичсэн байна. Бид гэр бүлээрээ 1993 оны 07 дугаар сард Казакстан улсад хөдөлмөрийн гэрээгээр очиж ажиллахдаа нөхөр Ы.Дыг Казакстан Улсын хөдөлмөрийн алба "1993 оны 07 дугаар сарын 20-ноос 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хооронд ажилласан" гэсэн тэмдэглэн бичиж тамга, тэмдэг дарсан бөгөөд эдгээр тэмдэглэл, тамга, тэмдэг дарагдаж гарын үсэг зурагдсан байгаа. 1970 он хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 30 хуудастай хөдөлмөрийн дэвтэр, түүн доторх бичгүүд нь миний нөхөр Ы.Дын ажиллаж байсныг гэрчилж эзэмшигч нь Ыын Д мөн болохыг гэрчилсэн нотлох баримт байна гэж үзэж байна. Мөн түүнээс гадна Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын Архивын тасгаас 2015 оны 12 дугаар сарын 21-нд 653 дугаар лавлагаагаар Ы.Дын 1978, 1979, 1981 онуудад ажилласан жилийн хөлсийг З ш маягтаар гаргаж өгсөн. Эдгээр баримтууд миний нөхөр Ы.Дын ажилласан байдлыг нотлох бичиг баримт гэж үзэж байна.
Нөхөр маань 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өвчнөөр гэртээ нас барж тэтгэмж зогссон юм. Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Ш.Н нь 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ы.Дад нийгмийн даатгалын сангаас ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсгээгүй" гэж түүний улсад ажилласан хугацааг 5 жилд хүрэхгүй байн гэж дутуу үнэлж тэтгэвэр тогтоолгоогүй юм. Нийгмийн даатгалын байгууллага болон түүний албан, тушаалтан нар миний нөхрийн ХАА нэгдлийн хөдөлмөрийн дэвтэр болон архиваас авсан ажилласан байдлын тухай лавлагаа мөн, өвчний комиссын шийдвэр, тэтгэвэр тэтгэмжийн хувийн хэрэг болон бусад баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь Ы.Д мөн болохыг шүүхээр тогтоолго гэснээр шүүхэд хүсэлт гаргаж байна. Иймд талийгаач нөхөр минь болох Ыын Д нь Б сумын "Ж нэгдэлд 1967, 1968, 1969, 1970 онуудад салын хар мод урсгаж 24 сар нэгдлийн туслах үйлдвэрт нооромчноор ажилласан, мөн 1971 оны 01 дүгээр сарын 01-нээс 1980 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 11 жил 2 сар тус "Ж" нэгдэлд нэгдлийн туслах үйлдвэрийн нооромчноор үргэлжлүүлэн ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч Ы.Д мөн болохыг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Р шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Шүүхэд нөхрийнхөө ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Нөхрийнхөө ажилласан байдлыг тогтоолгохоор олон газар материалаа бүрдүүлсэн боловч тогтоолгож чадаагүй. Миний бие нэлээд ядарсан хүн байгаа. Саяхан нэг хүүхэд маань нас барсан. Бусад зүйлийг өмгөөлөгч маань ярьж өгөх болно. Өөрийнхөө шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Р нь Ы.Дын 1967 оноос 1980 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Б сумын Ж нэгдэлд нооромчиноор ажиллаж байсан байдал болон бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шеруши төлек овогт Ыын Д нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэртээ нас барсныг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барсны бүртгэлийн 22 дугаарт бүртгэж, 0000158982 дугаартай нас барсны гэрчилгээ олгосон бөгөөд Ы.Д, Б.Р нар нь 1977 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 1977 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн 18 дугаарт бүртгэж, 18 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан байх тул талийгаач Ы.Дын ажиллаж байсан байдал болон бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор эхнэр нь болох Б.Р шүүхэд хүсэлт гаргах эрхтэй гэж үзлээ.
Талийгаач Ыын Д нь 1967 оноос 1980 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Б сумын Ж нэгдэлд нооромчиноор ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 653 дугаартай Б сумын Ж нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас иргэн Ы.Дын 1978, 1979, 1981 онд ажилласан жилийн хөлсийг маягтанд тодорхойлж хүргүүлэв гэх архивын лавлагаа,
Б сумын Ж ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүвэр Ы.Д /Хатуу бригад/ 1978 он /1-5 сар, 9-12 сар/, 1979 он, 1980 он /1-3 сар/ цалин хөлсний маягт,
Ы.Дын 501 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1967 он. Нэгдлийн туслах үйлдвэрт нооромчноор нэгдлийн даргын 1967.01.15-ны өдрийн №7 дугаар тушаалаар томилов гэх бичилт болон 1971 оны 01 дүгээр сараас 1980 оны 12 дугаар сар хүртэл авч байсан цалин хөлсний талаарх бичилт,
Б сумын 3 дугаар багийн иргэн Х овогтой Б би Б сумын 3-р багт оршин суудаг. Б сумын 4-р багийн иргэн Р 6 хүүхдийн хамт амьдардаг. 2015 онд нас барсан Ы овогтой Дыг сайн таньдаг. Би тус Б сумын Ж нэгдэлд эдийн засагч, ерөнхий ня-бо, нэгдлийн дарга, компант захираар ажиллаж байсан. Ы.Д нь тус нэгдэлд мал маллаж, сал урсгаж, мод бэлтгэж, хашаа барих зэрэг туслах үйлдвэрлэлд нооромчноор ажиллаж байсныг сайн мэднэ. Улмаар Ы.Д нь хөлдөө гэмтэл авч хэвэрт орсон. Тэр өвчний улмаар нас барсан болно. Ы.Дын хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хөдөлмөр баримт нь өөрийн баримт дэвтэр мөн болно. Тэрээр нэгдэлд 1967 оноос 1991 оны хооронд ажиллаж байсан нь үнэн болохыг гэрчилж байна гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Б сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Агийн Б сумын 4 дүгээр багт эхнэр Ра 6 хүүхдийн хамт амьдарч байгаад 2015 онд нас барсан. Ыын Дыг сайн таньдаг байсан. Би тус Б сумын Ж нэгдэлд насаараа гишүүн нэгдлийн нярав ажил хийж байхдаа Ы.Д нь энэ нэгдэлд насаараа мал малласан, сал урсгасан, мод бэлтгэсэн болон туслах бригадад нооромчноор ажилласан юм. Ы.Дын хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдаг болон дэвтэр нь өөрийн баримт мөн бөгөөд тэрээр улсад наад зах нь 1967 оноос 1991 оны хооронд ажилласан талаар гэрчилж байна гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамаарА, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Б сумын 3 дугаар багийн иргэн Х.Б, 1 дүгээр багийн иргэн Ж.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.З нарын мэдүүлгийг тус тус үндэслэж талийгаач Ы.Дын 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн 501 дугаартай Иын Д гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ыын Д мөн болохыг тогтоох зүйтэй байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Ргийн нөхөр Ыын Д нь 1967 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Б сумын Ж нэгдэлд сал урсгаж, мод бэлтгэх, мал маллаж, нооромчноор ажиллаж байсан байдлыг, 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн 501 дугаартай Иын Д гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ыын Д мөн болохыг тус тус тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Ргийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1977 он Х овогтой К, Д малчин,1976 он М.Н Депутут гэж тус тус бичигдсэн хүснэгтээр үзүүлсэн Баян-Өлгий аймгийн Архивын тасаг хуулбар үнэн гэж баталгаажуулсан бичиг баримтийн нэр нь зөрүүтэй, Ыийн Дын бичиг баримт мөн эсэх нь тодохойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар талийгаач Ыын Д нь 1967 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Б сумын Ж нэгдэлд сал урсгаж, мод бэлтгэх, мал маллаж, нооромчноор ажиллаж байсан байдлыг, 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн 501 дугаартай Иын Д гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ыын Д мөн болохыг тус тус тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Ргийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН