Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 967

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа хөтлөн,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Н овогт Хын Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны  өдөр хүлээн авч,  мөн өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н овогт Хын Г нь Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 20 нас 11 сартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ... 4 дүгээр курсэд суралцдаг, “...” ХХК-нд хамгаалагчаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт хохирогч Ц.Зыг архи согтууруулах ундааны зүйл барьж бүжгийн талбайд бүжиглэсэн гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар, шанаа, баруун шуунд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

                Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ:

Бааранд хамгаалагчаар ажилладаг. Тухайн өдөр хохирогч болон ах нь талбай дээр пивотойгоо бүжиглээд байхаар нь болдоггүй гэдгийг нь тайлбарлаж өгсөн. Би тамхи татаад байхаар нь ахыг нь гарч тамхи тат гэж хэлэхэд миний нүүр рүү татаж байсан тамхиа шидсэн. Тэгтэл цаанаас нь З гарч ирээд биднийг салгах явцдаа миний нүүр рүү нулимахаар нь би түүнийг цохиход газар унасан. Хохирогчид 250.000 төгрөг төлсөн гэв.

 

Хоёр: Эрүүгийн ... дугаар хэргээс судалсан баримтууд:

 

            1.Хохирогч Ц.Зын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

            2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7-17 тоот дахь гэрт хүргэн ах Галбадрах 20 цагийн орчим ирсэн. Галбадрах ах бид хоёр хоол хийж идээд 1 литрийн архи хувааж уусан. 23 цагийн орчим Галбадрах бид хоёр гараад Жи нэртэй бааранд орсон. Бид хоёрыг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад баарны хамгаалагч надад пиво бариад бүжиглэж болохгүй, ширээн дээрээ тавиарай гэж хэлсэн. Тэгээд би гадаа гараад тамхи татах гэж байхад хүргэн ах Галбадрах хамгаалагчтай маргалдаад гараад ирсэн. Би баарны хамгаалагч, хүргэн ах хоёр дээр очоод яагаад маргалдаад байгаа юм бэ гэж асуусан чинь баарны хамгаалагч намайг шууд гараараа цохиод өшиглөөд газар унагасан. Би салгах гээд очсон чинь намайг шууд цохисон. Намайг өшиглөөд нүүрнээс мангасдаад цааш түлхсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

 

            2. Шүүгдэгч Х.Гн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

            2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө бааранд ажлаа хийж байхад 23 цагийн орчим гаднаас 2 залуу орж ирсэн. Нэг, нэг шил пиво захиалсан байсан.  Тэр хоёр залууд бүжгийн талбай дээр шилтэй пиво бариад бүжиглэж болохгүй шүү, пивоо ширээн дээрээ тавиарай гэж хэлсэн. Тэгээд баарнаас гараад нөгөө талд байх караокед ороод буцаад гараад ирсэн чинь тэр залуу бүжгийн талбайд тамхи татаж байсан. Тамхины ишээ над руу шидээд байхаар нь чи зүгээр бай гээд би түлхсэн чинь хажуу талаас З гэх залуу нь орж ирээд миний гарнаас бариад намайг хэл амаар доромжлоод байсан. З бид хоёр хоорондоо маргалдсан. Би гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. З гэх залуу газар унахдаа нүүр хэсгээрээ унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

 

            3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9239 тоот шинжилгээний дүгнэлтэд:

            -Ц.Зын биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар, шанаа, баруун шуунд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13 дугаар тал),

 

            4.Шүүгдэгч Х.Гн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 33 дугаар тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 29 дүгээр тал), “Намнан-Уул хайрхан” ХХК-ний “Х.Г нь хамгаалагчаар ажилладаг, нэг сарын 750.000 төгрөгийн цалинтай тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дугаар тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хэргийн оролцогчдийн хүсэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Х.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор шийдвэрлэж,  эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Х.Г нь 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч Ц.Зыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь тус дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Гн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт “Жи” баарны гадна бүжгийн талбайд тамхи татлаа гэх шалтгаанаар иргэн Галбадрахтай маргалдахад тэднийг салгахаар очсон хохирогч Ц.Зын нүүрэнд гараараа цохих, түлхэж унагах зэргээр түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар, шанаа, баруун шуунд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

-хохирогч Ц.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гадаа гараад тамхи татах гэж байхад хүргэн ах Галбадрах хамгаалагчтай маргалдаад гараад ирсэн. Би баарны хамгаалагч, хүргэн ах хоёроос яагаад маргалдаад байгаа юм бэ гэхэд баарны хамгаалагч намайг шууд гараараа цохиод өшиглөөд газар унагасан. Би салгах гээд очсон чинь намайг шууд цохисон. Намайг өшиглөөд нүүрнээс мангасдаад цааш түлхсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

-Шүүгдэгч Х.Гн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тэр залуу бүжгийн талбайд тамхи татаж байсан. Тамхины ишээ над руу шидээд байхаар нь чи зүгээр бай гээд би түлхсэн чинь хажуу талаас З гэх залуу нь орж ирээд миний гарнаас бариад намайг хэл амаар доромжлохоор нь ...би гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. З гэх залуу газар унахдаа нүүр хэсгээрээ унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9239 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 13 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Х.Г нь хохирогч Ц.Зын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Гг  дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.Г нь хохирогч Ц.Зын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Х.Г нь хохирогч Ц.Зод 250.000 төгрөг нөхөн төлсөн талаар хэн аль нь мэдүүлсэн, мөн хүсэлтээ бичгээр ирүүлсэн (хавтаст хэргийн 38 дугаар тал) тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Х.Гд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч  гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Х.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх  дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өмгөөлөлдөө улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан бөгөөд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

 

Шүүгдэгч Х.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй, түүний суралцдаг болон ажил эрхэлдэг хувийн байдал, “Намнан-Уул хайрхан” ХХК-ний “...Х.Г нь хамгаалагчаар ажилладаг, нэг сарын 750.000 төгрөгийн цалинтай...” тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дугаар тал) зэргийг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Х.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн орлогыг нь харгалзан торгох ялыг хуульд заасан буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

4.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Хын Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Гн  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Зод төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд  Х.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА