| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1237/Э |
| Дугаар | 1354 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 26.1.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 1354
онгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч М.Амарзаяа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03077 1172 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Б.Б, Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эгч болон хүүхдүүдийнх нь хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Ногоочны 1-1 тоотод байнга оршин суудаг боловч мөн дүүргийн 2 дугаар хороо, *** тоотод түр оршин сууж байгаа, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б нь цахим хэрэгсэл ашиглан 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Баянхангайн *** тоотод оршин суух Г.Г-гийн фейсбүүк хаяг руу С.О хүний фейсбүүк хаягийг ашиглан “сайн байна уу, мөнгө хэрэг болоод байна, Ө гэсэн данс руу 500,000 төгрөг шилжүүлж өгөөч, эргүүлээд өгье” гэх утга агуулга бүхий захидал бичин хуурч 500,000 төгрөгийг залилсан,
2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофф” компьютер тоглоомын газрын компьютероос Д-ын Оюунцэцэгийн цахим сүлжээ болох мессенжерт хууль бусаар нэвтэрч Г.Г, Э.Н, Я.Э нартай харилцан Д.О-ийн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Баянхангайн *** тоотод оршин суух Г.Г-гийн фейсбүүк хаяг руу С.О хүний фейсбүүк хаягийг ашиглан “сайн байна уу, мөнгө хэрэг болоод байна, Ө гэсэн данс руу 500,000 төгрөг шилжүүлж өгөөч, эргүүлээд өгье” гэх утга агуулга бүхий зурвас илгээн хуурч 500,000 төгрөгийг залилсан, 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофф” компьютер тоглоомын газрын компьютероос Д-ын О-ийн цахим сүлжээ болох мессенжерт хууль бусаар нэвтэрч Г.Г, Э.Н, Я.Э нартай харилцан Д.О-ийн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...5 дугаар сарын сүүлээр фейсбүүкээр сэрэмжлүүлэг явж байсан. 6 дугаар сарын 02-ны өглөө PC тоглоом тоглож байгаад хамт тоглох хүн хэрэгтэй байсан болохоор Ө-ыг дуудсан. Ө бид хоёр өдөржин тоглосон. Ломбардад байсан утсан дээрээ мөнгө нэмж аваад дахин тоглосон. Би тэр сэрэмжлүүлгийг эхлээд 2-3 удаа туршиж үзсэн. Хүний утасны дугаарыг хийж фейсбүүк рүү нь орсон. Би хамгийн эхний хүн рүү чат бичсэн. Чатыг нь уншихад нэлээн дотно байсан болохоор 500,000 төгрөг өгөөч гэсэн утгатай зүйл хэлээд Ө-ын данс руу хийлгэж авсан. Ө-т би энэ талаараа хэлээгүй. Ө надаас асуухаар нь би “хүнээс авч байгаа мөнгө” гэж хэлсэн. Манай ээж урд хил дээр хоолны газар ажиллуулдаг. Намайг дуудахаар нь би ээж рүүгээ явсан. 6 дугаар сарын 14-ний өдөр буцаж ирээд 6 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Иргэн Г.Г-гаас цагдаагийн байгууллагад гаргасан: “ миний фейсбүүк рүү О эгчийн чат хаягаас 6 сарын 2-ны орой 17:30 минутын үед Өсөхбаярын данс руу 500,000 төгрөг өгөөч гээд хийлгүүлсэн. Мөн 6 сарын 3-ны орой 17:30 минутын орчимд дахин чат хаягаас нь 300,000 төгрөг Тэмүүлэнгийн данс руу хийгээд өгөөч гэхээр нь Оюунцэцэг эгч рүү утасдаж асуухад “би тэгээгүй” гэсэн. Би луйвар гэдгийг нь мэдээд Хаан банк руу утасдаж хэлэхэд тухайн хүний картыг блоклох боломжгүй гэсэн. Иймд миний хохирлыг барагдуулж, тухайн луйвар хийсэн хүнд хариуцлага хүлээлгэнэ үү...” гэсэн гомдол (хх-ийн 4 дүгээр хуудас);
3. Хаан банкны депозит дансны: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг О-Хаан банк Ө-зарлага” гэсэн хуулга (хх-ийн 5 дугаар хуудас);
4. Хохирогч Г.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед намайг гэртээ байхад урьд нь надтай хамт ажилладаг байсан Оюунцэцэг гэх эмэгтэйн фейсбүүк чаатнаас “сайн байна уу, мөнгө хэрэг болоод байна, энэ Өсөхбаяр гэх данс руу 500,000 төгрөг хийгээд өгөөч, гүйлгээний утга дээр нь О гээд эгчийнхээ нэрийг бичээрэй, маргааш эргүүлээд өгнө” гэсэн. Тэгэхээр нь 500,000 төгрөгийг Хаан банкны данс руу интернэт банкаар Төрийн банкны данснаас шилжүүлсэн. Маргааш нь дахиад “сайн уу, 300,000 төгрөгийг Т-гийн данс руу шилжүүлээд өгөөч, гүйлгээний утга дээр нь О гэж бичээрэй гэсэн. Юу болоод байгааг нь тодруулахаар О эгч рүү утасдаж асуухад “би хүн амьтнаас мөнгө асуугаагүй, юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас);
5. Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед манай хуучин ажлын нягтлан Г залгаад “танд мөнгө тийм их хэрэгтэй байгаа юм уу, би тан руу 500,000 төгрөг өчигдөр шилжүүлсэн шүү дээ, дахиад мөнгө хэрэгтэй болоод байгаа юм уу” гэхээр нь гайхаад “юун мөнгө” гэтэл “та над руу чат бичсэн шүү дээ, одоо болтол чат бичээд байна. Та одоо фейсбүүкээ шалга даа” гэхээр нь би фейсбүүк рүүгээ *** дугаарыг хийгээд орох гэтэл орж болохгүй болчихсон байсан. Би Г-тай очиж уулзахад миний фейсбүүкийн чатаар өөр хүн нэвтэрсэн бололтой хүмүүстэй харилцаад байхаар нь Г цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 108 дугаар хуудас);
6. Гэрч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай багын найз Б чатаар андаа лофф-2 тоглоомын газар хүрээд ир тоглоё гэхээр нь хоол авч өгөх юм уу гэхэд тэгнээ хүрээд ир гэсэн. 10 цагийн үед очоод хамт тоглосон. 12 цаг өнгөрч байхад бид хоёр гараад гоймон авч идсэн. Б Сансарын нүхэн гарцын тэнд байдаг ломбардад гар утсаа тавьчихсан байгаа гээд очоод нэмж 50,000 төгрөг авсан. Тэндээс гараад Баянбулаг гэх тоглоомын газарт очиж цагаа нээлгүүлж суугаад би дота-2 тоглоод, намайг тоглож байхад Б интернэт ороод байж байсан. Намайг тамхины өрөөнд байхад Б ирээд “дансны дугаараа өгөөч, би мөнгө хийлгэж аваадахъя, чамд 50,000 төгрөг өгье” гэсэн. Тэгээд тэр цахим тоглоомын газраас гарсан чинь миний дансанд 500,000 төгрөг О гэсэн утгатай орж ирсэн. Энэ мөнгийг яах юм бэ гэхэд Б хүнээс авах байсан юм, хэрэглээний мөнгө, надад карт байхгүй чиний дансанд хийлгэлээ гэж хэлсэн. Тэгээд Б өөрөө ганцаараа АТМ рүү явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас);
7. Гэрч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О эгчийн фейсбүүк чаатнаас “нэг хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч” гэхээр нь О эгчийг хүнээс мөнгө зээлээд байх хүн биш гэж бодоод гайхаад сууж байтал Э над руу “О эгчийн фейсбүүкээр хүн орчихсон байна” гэж бичсэн байсан. Э тухайн үедээ ажлынхандаа анхааруулж хэлсэн байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 109 дүгээр хуудас);
8. Гэрч Я.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О эгч миний чат руу “эгч нь гадуур явж байна, мөнгө хэрэгтэй байна, мөнгө шилжүүлээч, орой өгье” гэсэн мессеж бичсэн байхаар нь “хэд вэ, надад мөнгө алга байна” гэхэд “наагуур байгаа хүмүүсээс асуугаад өгөөч, 400,000 төгрөг” гэж бичсэн байсан. Би Г-гаас асуутал "юу яриад байгаа юм бэ. Надаас 500,000 төгрөг авсан шүү дээ" гэхээр нь нөгөө чат руу дансаа явуулчих гэтэл Г-д явуулсан данс байсан. Би О эгч руу утасдаж “та мөнгө асуугаад байгаа юм уу” гэхэд “юу гэж тийм юм байдаг юм, залилан юм биш үү” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 112 дугаар хуудас);
9. Гэрч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цахим сүлжээ гэдэг нь бусадтай харилцах зорилгоор мэдээллийг хадгалах, бусадтай санал солилцох зорилгоор ашиглах сүлжээ. Мэдээллийн хэрэгсэл зэрэг нь зөөвөрлөх зориулалтаар ашиглах цахилгаан хэрэгсэл. Цахилгаан хэрэгсэл гэдэг нь компьютер, гар утас юм. Цахим сүлжээнд фейсбүүк, инстаграм зэрэг орно. Бусдын фейсбүүк хаягаар нэвтрэх буюу зөвшөөрөлгүй орж байгаа нь бусдын цахим мэдээлэлд хууль бусаар нэвтэрч байна гэсэн үг юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 113-р хуудас);
10. Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 62 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 63 дугаар хуудас),
11. Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би фейсбүүк үзэж байтал утасны дугаараар хүмүүс ороод байна, анхааралтай байгаарай гэсэн сэрэмжлүүлэг явж байхаар нь веб хаяг руу фейсбүүк мэйл хэсэг дээр нь 8811 гэж толгойг нь хийгээд сүүлийн 4 орныг нь зохиогоод нууц үг дээр нь зохиосон утасны дугаараа бичээд 2-3 удаа тийм туршилт хийгээд түүний дараа *** гэсэн дугаарыг бичээд нууц үг дээр нь уг дугаарыг бичээд орох хэсэг рүү дарсан чинь О гэх хүний хаяг руу орчихсон. Тэгээд хамгийн эхэнд байсан Г гэсэн хүн байхаар нь чатыг нь уншихад дотно байхаар нь “сайн уу, мөнгө хэрэгтэй байна, 500,000 төгрөгийг хүний данс руу хийгээд өгөөч удахгүй, өгчихнө” гээд Ө-ын дансыг бичиж утга дээр нь О гэж бичээд хийгээрэй гэж хэлтэл тэр хүн “за” гэж хэлээд байж байтал интернэт банкаар шилжүүлсэн баримтыг зургаар над руу явуулсан. Би О-ийн фейсбүүкт байхдаа Э, Н гэх хүн рүү чат бичиж мөнгө асуусан...” гэсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хх-ийн 31-32, 116 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Г-г хуурч 500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан байх тул залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 500,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас шууд хохирол учраагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах болон цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан” шинжийг тус тус бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг “залилах” гэмт хэргийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн, “цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийг компьютерын өгөгдөл, системд нэвтэрч, танилцаж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Г-д 500,000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч Д.О-т төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ээжтэйгээ хоёулаа өссөн. Аавтайгаа хамт өсөөгүй, эцгийн хайр халамжийг мэдэхгүй хүүхэд. Шүүгдэгч гэм буруугаа ойлгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь бага хэмжээний хохирол гэдгийг харгалзан үзээсэй. Өнөөдөр маш олон залуучууд хорих ял эдэлж байгаа. Тэр бүр засрал хүмүүжил авсан уу гэвэл үгүй. Харин эсрэгээрээ хэн ямар хэрэг хийсэн талаараа харилцан суралцаж байдаг. Тиймээс анх удаа хэрэг хийснийх нь төлөө хорих ял оногдуулаад байх нь зохимжгүй гэж үзэж байна. Шүүгдэгчид холбогдох хэргийн 2 зүйл анги нь ялын сонгох төрөлтэй гэдгийг шүүх анхаарч үзээсэй, хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү гэж хүсэж байна. Нийгмээс тусгаарлахгүйгээр харин нийгэмд тустай ажил хийлгэх ял оноох нь тохиромжтой гэж үзэж байна. Б хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Цаашид алдаагүй амьдрахыг хичээх байх, найз охинтой болоод амьдралаа эхлүүлэх гээд явж байгаа гэдгийг хэлмээр байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг харгалзан шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг гурван мянга хоёр зуун нэгж буюу гурван сая хоёр зуун мянган төгрөгөөр тогтоож, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн хорин сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийг компьютерын өгөгдөл, системд нэвтэрч, танилцаж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг гурван мянга хоёр зуун нэгж буюу гурван сая хоёр зуун мянган төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг хорин сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
5.Шүүгдэгч Б.Б-т шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА