Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 228

 

    “Их барилга төсөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06000 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Их барилга төсөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ”Сигма-Энержи” ХХК-д холбогдох

Хамтран ажиллах гэрээний дагуу 804 131 560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригтын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мөнх-Ундрага

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Их барилга төсөл” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр "Сигма-Энержи" ХХК-тай "Хамтын ажиллагааны гэрээ" байгуулсан. Энэхүү гэрээгээр Б тал болох "Сигма-Энержи" ХХК нь үндсэн хоёр үүрэг хүлээсэн байдаг.

1. Гэрээний 4.9-д "энэ гэрээний ... үүргийн баталгаа болгож, 500 000 ам.долларын 30 хувьтай тэнцэх 150 000 ам.долларыг Фейюуо /CFMG/ группээс ачигдсан эхний бүтээгдэхүүн DAF Эрээн нөхцөлөөр ачигдаж ирсний дараа холбогдох бичиг баримтын дагуу "А" талын дансанд цаг алдалгүй шилжүүлнэ" гэсэн заалтын дагуу үүргийн баталгаа болох 150 000 ам.долларыг манай компанид шилжүүлэх үүрэг юм.

2. Гэрээний 4.5-д "...500 000 ам.доллар аккредитивийн зээлийг эргэн төлөх хариуцлагыг "Б" тал хариуцна гэж заасны дагуу 500 000 ам.долларыг төлөх үүргийг тус тус хүлээсэн. "Сигма-Энержи" ХХК нь гэрээний 4.9-д заасан үүргийн баталгаа болох 150 000 ам.доллараас 124 573 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд 25 427 ам.долларыг одоо болтол шилжүүлээгүй байгаа. Мөн гэрээний 4.5-д заасан  500 000  ам.долларын  аккредитивийн  зээлийг эргэн төлөх үүргээ байдаг. Иймээс "Сигма-Энержи" ХХК нь дээрх хамтын ажиллагааны гэрээд заасан үүргээ биелүүлээгүй учир гэрээний 5.1-д заасан алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнтэй хамт нэхэмжилж байна. Дээрх тайлбар үндэслэлүүдээр хамтын ажиллагааны гэрээний 4.9-д заасан үүргийн баталгаа болгон төлөх 150 000 ам.доллараас дутуу төлөгдсөн 25 427 ам доллар буюу 36.308.230 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 12 714 ам.доллар буюу 18 154 829 төгрөг нийт 38 141 ам доллар буюу 54 463 060 төгрөг, хамтын ажиллагааны гэрээний 4.5-д заасан 500 000 ам.долларын аккредитивийн зээлийг эргэн төлөх төлбөрөөс дээрх үүргийн баталгаа болгох 150 000 ам.долларыг хасаж үлдэх 350 000 ам.доллар буюу 499 779 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 50 хувьтай тэнцэх алданги 175 000 ам.доллар буюу 249 889 500 төгрөг нийт 525 000 ам.доллар буюу 749 668 500 төгрөг нийт 563 141 ам.доллар буюу 804 131 560 төгрөгийг "Сигма-Энержи" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Сигма энержи" ХХК-иас шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нхэмжлэлийн шаардлагад "Сигма-Энержи" ХХК-ийг хамтран ажиллах гэрээний 4.9, 4.5 дахь заалтад хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэж дурджээ. Хамтран ажиллах гэрээний 4.9-д "Сигма-Энержи" ХХК ямар ч үүрэг хүлээх үндэслэлгүй. Учир нь:

1. Техникийн болон биет байдлын бүрэн бүтэн цахилгаан барааг хүлээж авах, энэ харилцаатай холбогдолтой үр дагаврын ямар ч асуудлаар "Сигма-Энержи" ХХК, CFMG группын хооронд тохиролцоо хэлцэл гэрээ байгуулагдаагүй,

2. "Их барилга төсөл" ХХК нь CFMG групптэй дээрх асуудлаар бие даан хариуцлага хүлээхээр гэрээ байгуулж, тус барааг Улаанбаатар хотод оруулж ирсний дараа "Сигма -Энержи" ХХК-д зөвхөн зарж борлуулах үүрэг хүлээлгэж, хүлээлгэн өгсөн. Иймд дээрх заалтын дагуу буюу Эрээн нөхцөлөөр "Сигма-Энержи" ХХК ямар ч хариуцлага хүлээх үндэслэлгүй. Нэхэмжпэлийн агуулга шаардлагын 2 дахь хэсэг буюу Хамтран ажиллах гэрээний 4.5 дахь заалтыг нэхэмжлэлд дурдахдаа "...500 000 ам.доллар аккредитивийн зээлийг эргэн төлөх хариуцлагыг "Б тал хариуцна” гэж заажээ. Ийнхүү заахдаа "Б" тал ба CFMG группын хооронд байгуулсан гэрээг үндэслэн гэх бүтэн өгүүлбэр, агуулгыг зориудаар орхигдуулсан байна. Ер нь "Их барилга төсөл" ХХК нь CFMG групптэй "Сигма-Энержи" ХХК-ийг огт оролцуулалгүй бараа бүтээгдэхүүн оруулах, хүлээн авах, зарж борлуулах, үр дагаварт хариуцлага хүлээх нөхцөл бүхий гэрээ байгуулж, мөн улмаар Анод банктай дур мэдэн үл ойлгогдох, өндөр нөхцөл, шаардлага бүхий гэрээ байгуулж, үүний үр дагавар буюу бүхий л асуудлыг "Сигма-Энержи" ХХК-д хүчээр тохох гэсэн үйлдэл гэж үзэхээр байна. "Сигма энержи" ХХК нь "Их барилга төсөл" ХХК-тай байгуулсан 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний эрх үүргийн дагуу 500 000 ам.долларын үнийн дүнд багтааж цахилгаан эрчим хүчний бараа материалыг борлуулах үүрэг хүлээсэн. Тус Хамтран ажиллах гэрээний 3.5-д зааснаар "Их барилга төсөл" ХХК нь БНХАУ-ын группээс 500 000 ам.долларт багтаан хэрэгцээтэй байгаа цахилгаан бараа материалыг авч, Монгол Улсын зах зээлд борлуулах зөвшөөрлийг "Сигма-Энержи" ХХК-д олгосон байна. Ийнхүү олгогдсон эрхийн дагуу дээрхи үнийн дүнд багтаан CFMG группээс "Их барилга төсөл" ХХК-ийн нэр дээр оруулж ирсэн цахилгаан тоолуур хүлээн авч борлуулах үйл ажиллагаа явагдсан боловч "Сигма-Энержи" ХХК-ийн үйлдлээс үл шалтгаалах үйлдвэрлэл, техникийн болон программын чанартай гэмтэл доголдол илэрч, улмаар 3 фазын тоолуур техникийн шаардлага хангахгүй тухай 2004 оны 5 дугаар сарын 12-ны өдөр үндэсний СХЗТ-ийн дүгнэлт гарч, үүний дагуу доголдол, зөрчлийг арилгуулах, стандартчилалд хамруулах зэрэг нилээд хугацаа, хөрөнгө мөнгө зарсан ажлууд гарсан. Дээрхи нөхцөл байдлаас үүдэн тоолуурыг цаг хугацаанд нь борлуулах үйл ажиллагаа тухайн үед саатаж, үүний үр дүнд тоолуур худалдан авах томоохон хэрэглэгчдээ алдаж улмаар өдий хүртэл уг тоолуурын 70% нь биетээр хадгалагдаж байна.

Энэ байдал "Их барилга төсөл" ХХК, CFMG групптэй "Сигма-Энержи" ХХК-ийг оролцуулалгүй яаравчлан гэрээ байгуулсантай холбоотой. Хэрэв "Сигма-Энержи" XXK, CFMG группын хооронд бараа бүтээгдэхүүн хүлээн авах, зарж борлуулах зэрэг олон нарийвчилсан нөхцөл заасан гэрээ байгуулагдсан бол өдийд асуудал маш тодорхой байх байсан. "Сигма-Энержи" ХХК-д ийм бололцоо олдоогүй юм. "Сигма-Энержи" ХХК нь БНХАУ-ын CFMG групптэй бараа материал авах гэрээ байгуулах гэсэн боловч "Их барилга төсөл" ХХК нь зөвшөөрөөгүй бөгөөд тус "Их барилга төсөл", CFMG группын хооронд ерөнхий гэрээ байгуулагдаж, "Сигма-Энержи" ХХК зөвхөн "Их барилга төсөл" ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний эрх, үүргийн дагуу ажилласан. Энэ байдал нь 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 4.1, 4.3-т заасан заалтууд ноцтой зөрчигдөхөд хүргэсэн. Иймд анхнаасаа техникийн доголдол, шаардлага хангагдаагүй байсан тоолуурын борлуулах үйл явц сунжирсны бурууг "Сигма-Энержи" ХХК хүлээх эрх зүйн ямар ч үндэслэлгүй. Тус хамтран ажиллах гэрээний 4.6-т "Их барилга төсөл" ХХК-иас "Анод" банк ба CFMG групптэй байгуулсан гэрээний үүрэг хугацаандаа биелэгдээгүйн улмаас үүсэн гарах хариуцлагыг "Сигма-Энержи" ХХК хариуцахгүй гэж заасан. "Сигма-Энержи" ХХК 2004 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 500 000 ам.долларын үнийн дүнд багтааж "Их барилга төсөл" ХХК-иас цахилгаан бараа актаар хүлээн авсан байдаг. Үүнээс 127 000 ам.долларыг 2004 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс гурав хуваан "Их барилга төсөл" ХХК-д шилжүүлэн өгсөн. Харин энэ шилжүүлсэн төлбөрийг "Их барилга төсөл" ХХК нь Анод банкинд шууд тушаах байсан атал хувийн хэрэгцээнд зарцуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар "Сигма-Энержи" ХХК-ийн худалдан борлуулах ёстой цахилгаан барааны 70% болох 375 427 ам.долларын тоолуур "Анод" банкинд хадгалагдаж байна. "Их барилга төсөл" ХХК, "Анод" банк, "Сигма-Энержи" ХХК-ийн удирдлагууд удаа дараа уулзалт хийж харилцан тохиролцсоны дагуу 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Эд хөрөнгө шилжүүлэх 01 тоот гэрээ” байгуулж, 571 016 000 төгрөгийн үнэтэй цахилгаан барааг "Анод" банкинд худалдан борлуулах зорилгоор шилжүүлэн өгсөн. Иймд "Сигма-Энержи" ХХК нь "Их барилга төсөл" ХХК-д төлөх ямар ч төлбөргүй, харилцан тохирч үйлдсэн гэрээний эрх, үүргийн дагуу хүлээх хариуцлагагүй болно. Ийнхүү холбогдох гэрээний заалтууд болон бусад баримтуудаар "Их барилга төсөл" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үгүйсгэгдэж байгаа гэж үзэж байгаа тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монголбанк шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монголбанк нь татан буугдсан Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчтай 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 40/2014ЭХА-185 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу "Их барилга төсөл" ХХК-ийн Анод банктай байгуулсан 06050097 тоот зээлийн гэрээний зээл, хүүгийн үлдэгдэл 1 208 692 553,75 төгрөгийн төлбөр авах эрхийг шилжүүлэн авсан ба авснаас хойш зээлийн төлбөр төлөгдөөгүй. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар захирамжаар "Их барилга төсөл" ХХК-иас 1 500 343 000 төгрөг гаргуулан Анод банкинд олгохоор шийдвэрлэжээ. Анод банк, "Их барилга төсөл" ХХК, "Сигма-Энержи" ХХК-ийн хооронд 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 01 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээгээр DDSY-169 маркийн 1 фазын урьдчилсан төлбөрт тоолуур 8071 ширхэг нэгийг нь 56 000 төгрөгөөр тооцон 45 976 000 төгрөг, DDSY-169 маркийн 3 фазын урьдчилсан төлбөрт тоолуур 372 ширхэгийг нэг бүрийг 320 000 төгрөгөөр тооцон 119 040 000 төгрөг нийт 571 016 000 төгрөгт тооцон талууд худалдан борлуулахаар харилцан тохиролцсон. Анод банк нь тоолуураас дараах байдлаар борлуулсан байна. Үүнд: 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1 фазын 800 ширхэг тоолуулыг нэг бүрийг 17 000 төгрөгөөр тооцон худалдан борлуулж 13 600 000 төгрөгийг "Их барилга төсөл" ХХК-ийн зээлийн төлбөрөөс хассан. 2008 оны 10 дугаар сарын 08-нд 1 фазын 200 ширхэг тоолуур нэг бүрийг 17 000 төгрөгөөр буюу нийт 3 400 000 төгрө, нэг ширхэг цэнэглэгч 181 ам.доллар буюу 208 000 төгрөг бүгд 3 608 000 төгрөгөөр худалдан  борлуулж  1 681 013  төгрөгийг  "Их барилга төсөл"  ХХК-ийн  зээлийн  төлбөрт 1 926 987 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн зардалд суутгасан ба нийт 1000 ширхэг 1 фазын тоолуурыг 17 208 000 төгрөгөөр худалдан борлуулж зээлийн төлбөрөөс хассан байна. Татан буугдсан Анод банк дахь банкны эрх хүлээн авагч 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөр "Их барилга төсөл" ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгө болох 1 фазын тоолуур 7048 ширхэг, 3 фазын тоолуур 370 ширхэг, карт цэнэглэгч 7 ширхэг, карт 7 ширхэг CD 1 ширхэгийг Монголбанкинд хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээний 4.3 болон 4.4 дэх заалтуудын дагуу барааг хүлээн авснаас хойш 1 жилийн хугацаанд худалдан борлогдоогүй, барааны гэрчилгээний хугацаа дуусгавар болж дахин сунгагдахгүй болсон нөхцөлүүд үүссэн тул Б тал буюу "Их барилга төсөл" ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн үнийн дүн хэвээр хадгалагдаж байгаа болно гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч "Сигма-Энержи" ХХК-иас 156 990 794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Их барилга төсөл" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 647 140 766 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар "Анод банк" ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн үүргийн гүйцэтгэл хангагдсанд тооцуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч "Их барилга төсөл" ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Их барилга төсөл" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 3 623 058 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, мөн ажлын хөлс 525 000 төгрөг гаргуулан шинжээч "Мөнх-Оргил трейд" ХХК-д олгож, хариуцагч "Сигма-Энержи" ХХК-иас 890 954 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Их барилга төсөл" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Их барилга төсөл" ХХК нь "Сигма-Энержи" ХХК-иас хамтын ажиллагааны гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир гэрээний 5.1-д заасан алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнтэй хамт нэхэмжилж байна. Дээрх тайлбар үндэслэлүүдээр хамтын ажиллагааны гэрээний 4.9-д заасан үүргийн баталгаа болгон төлөх 150 000 ам.долларын дутуу төлөгдсөн 25 427 ам.доллар буюу 36 308 230 төгрөг гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувьтай тэнцэх алданги 12 714 ам.доллар буюу 15 154 829 төгрөг нийт 38 141 ам.доллар буюу 54 463 060 төгрөг, хамтын ажиллагааны гэрээний 4.5-д заасан 500 000 ам.долларын аккредитивийн зээлийг эргэн төлөх төлбөрөөс дээрх үүргийн баталгаа болох 150 000 ам.долларыг хасаж үлдэх 350 000 ам.доллар буюу 499 779 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги болох 175 000 ам.доллар буюу 249 889 500 төгрөг нийт 525 000 ам.доллар буюу 749 668 500 төгрөг нийт 563 141 ам.доллар буюу 804 131 560 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцэн шинжлэн судлаад үндэслэх хэсэгтээ хариуцагчийн шүүхэд гаргасан "ЭБЦТС" ТӨХК-тай байгуулан 2004 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн болон 9 дүгээр сарын 02-ны өдрийн нийт 5000 ширхэг тоолуур, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тухай гэрээнүүд /хх2-376-379/, мөн 19 тоолуур гэмтэлтэй тухай "ЭБЦТС" ТӨХК-ийн 2005 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/195 дугаар албан бичиг /хх2-351-352/, 180 тоолуурыг засаж хэвийн ажиллагаатай болгосон дунджаар хайрцаг тутамд 5 ширхэг тоолуур ямар нэгэн гэмтэлтэй талаар хэлэлцсэн нэхэмжлэгч, хариуцагч CFHG групп "ЭБЦТС" ТӨХК нарын хамтарсан 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын протоколууд, хариуцагчид дээрх доголдлын талаар мэдэгдэж гэрээнд заасан хугацаанд багтаан төлбөр хийх боломжгүй тухай 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 115 дугаар албан бичиг /хх-2-281-283, 285/ түүнчлэн 2005 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3 ширхэг тоолуурт хийсэн туршилтын дүгнэлт /хх-1-37-41/ зэрэг баримтаас үзэхэд зарим бараа доголдолтой байсан нь нотлогджээ.

Дээр дурдсан үйл баримт болон зохигчдын тайлбар, татгалзал, нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд тодорхойлсон хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь: талууд БНХАУ-ын CFHG группээс эрчим хүчний тоног төхөөрөмж Монгол улсад оруулж ирж худалдан борлуулах хүсэл зориг байсан нь нотлогдож байх хэдий ч нэхэмжлэгч "Их барилга төсөл" ХХК нь дангаараа тоног төхөөрөмжийн нэр төрөл, тоо хэмжээ, үнэ төлбөр тооцооны нөхцөлийг CFHG групптэй тохирч тогтоосон, хамтын ажиллагааны гэрээний дагуу ямар нөхцөлөөр аккредитив нээсэн, мөн хэрхэн хэрэгжсэн нь тодорхойгүй түүнчлэн тоног төхөөрөмжийг Анод банкинд зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулж, улмаар үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаанд хариуцагч "Сигма-Энержи" ХХК хамтын ажиллагаанд ямар эрх үүрэггэй оролцсон нь тодорхой бус байна. нэхэмжлэлд хариуцагчийн төлснн 124 523 ам.долларын аккредитивийн баталгаанд тооцох 25 427 ам.доллар аккредитивийн зээл 500 000 ам.доллараас баталгаа 150 000 ам.долларыг хасч үлдэх 350 000 ам.доллар, тэдгээрт тооцогдох алданги нэхэмжилсэн байх боловч аккредитивийн харилцаа үүссэн байдал баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч энэ үндэслэлээр хариуцагчаас төлбөр шаардах боломжгүй гэж шүүх дүгнэв. Харин хариуцагчийн мэдэлд байсан тоног төхөөрөмжөөс Анод банкинд 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу 571 016 000 төгрөгт тооцож тоног төхөөрөмж шилжүүлсэн асуудал нь зохигч хоорондын худалдах-худалдан авах харилцаанд хамааралтай гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "Их барилга төсөл" ХХК нь хариуцагч "Сигма-Энержи" ХХК-д шилжүүлсэн зарим тоног төхөөрөмжийг өөрийн зээлийн үүрэгт тооцож гуравдагч этгээд Анод банкинд шилжсэн тоног төхөөрөмжийн хувьд хариуцагч үнийг нь төлөх үүрэг хариуцлага хүлээх үндэслэлгүй юм гэж дүгнэсэн байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Сигма-Энержи" ХХК-иас 156 990 794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Их барилга төсөл" ХХК-д олгож гэсэн хэсгийг хүчингүй болгож "Их барилга төсөл" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Их барилга төсөл” ХХК нь хариуцагч “Сигма-Энержи” ХХК-иас хамтын ажилагааны гэрээний дагуу аккердитивийн төлбөрийн үлдэгдэл 25 427 ам.доллар  буюу 36 308 230 төгрөг, түүний алданги 12 714 ам.доллар буюу 18 154 829 төгрөг, аккердитивийн баталгааны төлбөрийн үлдэгдэл 350 000 ам.доллар буюу 499 799 000 төгрөг, түүний алданги 175 000 ам.доллар буюу 249 889 500 төгрөг нийт 563 141 ам.доллар буюу 804 131 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний дагуу “Их барилга төсөл” ХХК-ийн хүлээлгэж өгсөн 500 000 ам.долларын эрчим хүчний тоног төхөөрөмж буюу 1, 3 фазын болон энгийн тоолуурыг, дагалдах хэрэгслийн хамт “Сигма-Энержи” ХХК нь хүлээн авч, худалдан борлуулж, нийт 124 523 ам.доллар төлсөн үйл баримт тогтоогдсон байна /1 хав 61, 2 хав 356-357/.

Гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин хариуцагч “Сигма-Энержи” ХХК нь БНХАУ-ын “Си Фи Эм Жи” групптэй гэрээ байгуулах хамтын ажиллагааны гэрээний заалт хэрэгжээгүй, мөн доголдолтой бараа шилжүүлсэнтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан эсэх үйл баримтын талаар маргасан.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу хариуцагч “Сигма-Энержи” ХХК нь нэхэмжлэгч  “Их барилга төсөл” ХХК-д 500 000 ам.долларын бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн талаар талууд маргаангүй байна. Уг бараа бүтээгдэхүүн худалдагдаагүйн улмаас талуудын хооронд хамтын ажиллагааны гэрээ хэрэгжээгүй, ашиг, алдагдлын тооцоо гараагүй талаар хийсэн шүүхийн дүгнэсэн зөв байна.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид шилжүүлэн өгсөн тоолуурынхаа үнийг өөрсдийн банкинд төлсөн зардалтай холбон тайлбарлаж, хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 500 000 ам.доллартай тэнцэх хэмжээний тоолуураас нэхэмжлэгчийн бусдад төлөх ёстой байсан зээлийн 571 016 000 төгрөгийн төлбөрт тооцон Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн үйл баримтын хувьд талууд маргаангүй / 1 хав 35/.

Тэдгээрийн хооронд 571 016 000 төгрөгт тооцон тоолуур шилжүүлэн өгсөн 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ам.долларын ханш 1188,2 төгрөг байсан тул хариуцагчийн зүгээс нийт 480 572 ам.доллартай тэнцэх хэмжээний барааг нэхэмжлэгчид төлөх замаар буцаан өгсөн гэж үзэхээр байна.

Гэвч хариуцагч нь уг тоолуурыг 375 427 ам.долларт тооцон шилжүүлсэн өгсөн гэж тайлбарлаж байгаа учраас хариуцагчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  6 дугаар зүйлд тодорхойлсон мэтгэлцэх зарчмын хүрээнд 375 427 ам.долларыг нэхэмжлэгчийн өмнөөс үүргийн гүйцэтгэлд шилжүүлэн өгсөн гэж үзсэн болно. Харин 124 573 ам.долларыг төлөгдсөн үйл баримтын талаар талууд маргахгүй байгааг үндэслэн талуудын хоорондын үлдэгдэл төлбөр тооцоо байхгүй гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд буруу дүгнэлт хийсэн учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06000 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч "Сигма-Энержи" ХХК-иас хамтран ажиллах гэрээний дагуу 804 131 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "Их барилга төсөл" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Сигма-Энержи” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 178 607,80 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                              ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА