Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00742

 

Х.Тн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 697 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2018/00009 дүгээр магадлалтай,

Х.Тн нэхэмжлэлтэй

А.Кд холбогдох

А.Кээс 6000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Х.Тн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 5 дугаар сард А.К нь надаас 6 сая төгрөг зээлэхийг хүссэн. А.К бид хоёр танилууд болохоор би түүнд итгэж мөнгө зээлэхийг зөвшөөрсөн. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй ба хэд хоногийн дараагаас түүнд 6 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Бид хоёр анх тохиролцохдоо А.К нь 6 сая төгрөгийг 2015 оны 7 дугаар сард өгөхөөр болсон. Улмаар хугацаа нь болж А.Кээс мөнгө өгөхийг шаардахад тэрээр Голомт банканд төлөх зээлийг чиний нэрийн өмнөөс би сар болгон төлж байх болно гэсэн тул би түүнд итгэсэн. 2015 оны 6 сард А.Кий хүү К.К.Б бид хоёр нийлж Голомт банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан байсан ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн эхэнд 1.445.000 төгрөг зээлийн төлбөрт төлөх ёстой байсан. Гэвч 2017 онд Голомт банк зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж К.К.Б бид хоёрт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаартай шийдвэр гарч зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт 9.731.655 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Кийг шүүхэд гэрчээр дуудаж гэрчийн мэдүүлэг авахад Х.Тгаас 6 сая төгрөг авсан маань үнэн, би Голомт банканд Х.Тгийн зээлийг биш өөрийнхөө хүүгийн зээлийг төлсөн гэж мэдүүлсэн учраас шүүх К.К.Бы нэрийн өмнөөс Голомт банканд аав А.К нь зээлийг төлж байсан байна гэж дүгнэсэн. А.К миний нэрийн өмнөөс Голомт банканд төлөх зээлийн төлбөрийг төлсөн байна гэж би бодон 6 сая төгрөгөө нэхээгүй байсан. Иймд А.Кээс зээлээр авсан 6 сая төгрөгийг гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Анеп овогтой А.К нь 2015 оны 5 дугаар сард Х.Тгаас зээлээр бэлэн 6000000 /зургаан сая/ төгрөг авч байсан нь үнэн. Бид хоёр тохиролцож, би түүний зээлийн дансанд хийж байсан. Өмнө нь шүүх хуралдаанд намайг гэрчээр татахад уг баримтуудыг үзүүлсэн. Х.Т миний хүү К.К.Б нарын авсан зээлд миний бие хамаарал байхгүй. К.К.Б хэдийг авч, хэдийг төлснийг мэдэхгүй. К.К.Бы зээлийг төлсөн гэж тайлбар хэлээгүй болно. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 697 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Анипийн А.Кээс 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хожагийн Х.Тд олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2018/00009 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 697 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 6 000 000 /зургаан сая/ гэснийг 658 000.00 /зургаан зуун тавин найман мянга/ гэж, олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 342 000.00 /таван сая гурван зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын А.Кээс 110 950 төгрөг гэснийг А.Кээс 20 342.00 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, А.Кд буцаан болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Т хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч “шүүхийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх журмын зөрчсөн” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.5, 172.1-д зааснаар дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох зорилгоор хуульд заасан журмаар цуглуулж гаргаж өгсөн 2015 оны 6-р сарын 04-ний өдрийн Голомт банктай К.К.Б бид хоёрын байгуулсан Зээлийн гэрээ, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3-р сарын 27-ны өдрийн 210 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2017/00079 дугаартай магадлал, Х.Т миний тайлбар, гэрч А.Кээс авсан гэрчийн мэдүүлэг, Голомт банкны эдийн засагч Б.Сандугаш нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй, хэрэгт хамааралгүй нотлох баримт гэж үзсэн нь ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасан заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй. Хариуцагч А.К нь надаас зээлээр авсан 6 000 000 төгрөгийг төлчихсөн гэж маргасан учраас шүүхэд хүсэлт гаргаж /хх16, 17/ Голомт банкны нэхэмжлэлтэй хамтран хариуцагч К.К.Б Х.Т бид хоёрт холбогдох “9 731 655 төгрөгийн зээлийн төлбөр гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргээс дээрх нотлох баримтуудыг шүүхийн журмаар цуглуулсан юм. Давж заалдах шатны шүүх хариуцагч А.Кий шүүхэд гаргаж өгсөн 2016 оны 6-р сарын 30-нд 1 020 000 төгрөг, 2016 оны 4-р сарын 13-нд 1420000 төгрөг, 2016 оны 1-р сарын 22-нд 1440000, 2015 оны 11-р сарын 13-нд 1470000 төгрөг төлсөн 4 ширхэг орлогын баримтыг үндэслэн надад өгөх ёстой 6 000 000 төгрөгийн 5342000 төгрөгийг төлсөн байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эдгээр 4 ширхэг орлогын баримтад авагдсан мэдээлэл, буюу үйл баримт нь өмнө Голомт банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэгдсэн учраас анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40.4-т зааснаар “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт” гэж үзэн нотлох баримтаар үнэлэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байсан. Өмнө нь анхан шатны шүүх тухайн нотлох баримтад агуулагдсан 2016 оны 6-р сарын 30-нд 1020000 төгрөг, 2016 оны 4-р сарын 13-нд 1420000 төгрөг, 2016 оны 1-р сарын 22-нд 1440000, 2015 өны 11-р сарын 13-нд 1470000 төгрөг банкинд тушаасан мэдээлэл, үйл баримтыг А.К нь хүү К.К.Бы нэрийн өмнөөс түүний банкинд төлөх зээлийг төлсөн /шийдвэр хх53/ гэж үзэж К.Бы төлөх зээлээс хасаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байсаар байхад шүүх тухайн мэдээлэл агуулсан үйл баримтыг дахин нотлох баримтаар үнэлэх ёсгүй байтал давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг ноцтойгоор зөрчиж нэг нотлох баримтыг нэг хүнд ашигтайгаар 2 удаа нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна. Учир нь А.Кий хүү К.К.Б бид хоёр Голомт банктай 2015 оны 6-р сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийн зээл авч К.К.Б 12,4 сая, би 12,9 сая төгрөгийг хус тус авсан. Улмаар зээлээ хугацаанд төлөөгүй учраас банк зээлийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсний хүү гэж Х.Т надаас 6565827 төгрөг, К.К.Баас 3165828 төгрөг нийтдээ 9731655 төгрөг нэхэмжилсэн. Тухайн үед би “К.Бы аав А.К надаас зээлээр авсан 6 000 000 төгрөгийг банкинд төлөх зээлийн хуваарийн дагуу миний нэрийн өмнөөс нийтдээ 4 удаагийн үйлдлээр төлсөн, надаас нэхэмжилж байгаа зээлээс 5342000 төгрөг хасагдах ёстой” гэж маргасан ба банк “А.К нь хүү К.Бы нэрийн өмнөөс түүний зээлийг төлсөн” гэж нэхэмжлэлийн үндэслээ тайлбарлаж улмаар А.Кийг миний хүсэлтээр шүүхэд гэрчээр дуудан хариуцагч Голомт банкны захирал Х.Мейрамхан, хамтран хариуцагч К.К.Б, Х.Т намайг оролцуулан гэрчийн мэдүүлэг авсан юм. А.К нь надаас зээлээр авсан 6 000 000 төгрөгийг бөөнд нь өгөх биш Голомт банкинд миний төлөх зээлийн хуваарийн дагуу миний нэрийн өмнөөс сар бүр төлж байхаар бид хоёр тохиролцсон ба уг тохиролцооны дагуу миний зээлийг төлж байгаа юм байна гэж бодон явж байсан. Голомт банк надаас зээлийн төлбөр нэхэмжлэх үед би миний нэрийн өмнөөс А.К 4 удаа зээл төлсөн гэж маргаж үүнийг шүүхийн өмнө нотлох зорилгоор гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасан. Гэтэл А.К-ээс гэрчийн мэдүүлэг авах явцад тэрээр надаас 6 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч миний Голомт банкны 5805101537 дугаартай дансанд мөнгө тушаасан гэх 2016 оны 6-р сарын 30-нд 1020000 төгрөг, 2016 оны 4-р сарын 13-нд 1420000 төгрөг, 2016 оны 1-р сарын 22-нд 1440000, 2015 оны 11-р сарын 13-нд 1470000 төгрөг тус тус тушаасан орлогын баримтыг шүүгчид үзүүлэн надад өгөх ёстой мөнгө өгөөгүй, хүү К.К.Бы нэрийн өмнөөс түүний банкинд төлөх зээлийг төлсөн хэмээн тайлбарлаж гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан А.Кий гэрчийн мэдүүлэгт тодорхой бичигдсэн. Анх банктай зээлийн гэрээ хийж зээл авахдаа банкид төлөх зээлийг К.К.Б бид хоёр миний 5805101537 дугаартай дансаар дамжуулан төлөх талаар тохиролцсон ба банк бидний хүсэлтийг зөвшөөрч сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу дээрх данснаас суутгаж байхаар болсон. Мөн зээлийн гэрээний 3.1.1-д зааснаар /хх28/ хэрэв хугацаанд дансандаа мөнгө байршуулаагүй бол зээлдэгч миний тус банкинд байгаа аль нэг мөнгөтэй данснаас буюу хадгаламжийн данснаас үл маргах журмаар зээлийг суутгаж байхаар зээлийн гэрээнд тусгасан. Өөрөөр хэлбэл К.К.Б бид хоёр миний Голомт банкин дахь 5805101537 дугаартай дансаар дамжуулан зээлээ төлж байсан учраас шүүх гэрч А.Кий мэдүүлгийн дагуу түүний 4 удаагийн тушаасан мөнгийг К.К.Бы зээлийг аав нь /А.К/ төлсөн гэх банкны тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь К.К.Б бид хоёр зээлийг нэг нэг сараа ээлжлэн төлж байхаар тохирч үүний дагуу тэрээр Голомт банкин дахь миний 5805101537 дугаартай дансанд зээл төлөх хугацаанд зээлийг байршуулж улмаар банк зээлд суутгаж байсан нь хэрэгт авагдсан миний дансны хуулгаар тодорхой нотлогдож байна. Мөн хариуцагч А.К нь шүүхэд гаргасан тайлбартаа Голомт банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гэрчээр асуугдахдаа дээрх 4 орлогын баримтыг шүүхэд үзүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч энэ талаар тодорхой тусгасан байна. /хх37/ Би өмнө нь А.К надад өгөх ёстой 6 000 000 төгрөгийг миний нэрийн өмнөөс зээлийг маань төлчихсөн гэж бодож нэхээгүй байсан юм. Хэрэв тухайн үед А.К нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэнээ хэлж надад өгөх ёстой мөнгөө өгсөн гэвэл шүүх банкны надаас нэхэмжилсэн 6565827 төгрөгөөс А.Кий миний дансанд 4 удаагийн орлогоор тушаасан гэх 5342000 төгрөгийг хасч, К.Бы зээлд 5342000 төгрөг нэмэгдэх байсан ба би түүнээс 6 сая төгрөг нэхэмжилж бид хоёр шүүхээр маргалдан энэ хүртэл явахгүй байх байсан. Тухайн үед К.Б мөн адил зээлийг маань миний аав төлж байсан гэсэн байр суурьтай байсан. Гэтэл А.К 5342000 төгрөг тушаасан гэх 4 орлогын баримтыг өмнө шүүхэд үзүүлэн хүүгийнхээ зээлийг төлсөн гэж мэдүүлж К.Бы банкид төлөх зээлээс нь хасуулчхаад өнөөдөр уг орлогын баримтыг шүүхэд нотлох баримтаар дахин гаргаж өгч “би хүү К.Бы зээлийг төлөөгүй юмаа, Х.Тд өгөх ёстой өглөгөө өгсөн баримт байсан юм. аа гэж маргаж надад өгөх өглөгөө өгсөн мэтээр тайлбарлаж дээрх орлогын баримтыг 2 удаа ашиглах гэж байгаа нь зүйд нийцэхгүй. Иймээс А.Кий гэрчийн мэдүүлэг болон бусад тайлбар болон маргааны бодит байдалд буюу маргааны үйл баримтад анхан шатны шүүх бодиттой дүгнэлт хийж 4 ширхэг орлогын мэдүүлэгт авагдсан тоон мэдээлэл нь өөр хэрэгт буюу К.К.Бы зээлийн төлөлтөд тооцогдсон хэмээн өмнө шүүх шийдвэрээр үнэлэгдсэн нотлох баримтыг дахин нотлох баримтаар үнэлэхгүй гэж нэхэмжлэгч миний гаргаж өгсөн нотлох баримт болох Голомт банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3-р сарын 27-ны өдрийн 210 дугаартай шийдвэрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нэг талыг баримтлан нотлох баримт үнэлэх журмыг ноцтойгоор зөрчиж дээрх шүүхийн шийдвэрийг хэрэгт ач холбогдолгүй хамааралгүй нотлох баримт гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэнд туйлын их гомдолтой байна. Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж хэргийн оролцогч хэн алины гаргаж буй үндэслэл, баримтыг анхаарах, нотлох баримтыг аль нэг талын байр сууриас биш харин маргааныг таслах хөндлөнгийн байр сууриас судлан үнэлэх ёстой. Нөгөө талаас хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Мөн нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биенээ үгүйсгэж байгаа эсэх нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгадаг тул А.Кий гаргаж өгсөн 4 орлогын баримтыг бусад нотлох баримтуудтай бодитой харьцуулан үзэх байсан юм. Мөн хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан А.Кий 2015 оны 11-р сарын 13-нд Голомт банкинд 1470000 төгрөг тушаасан гэх орлогын мэдүүлэг нь засвартай “төлбөрийн зориулалт зээлийн төлбөрт, К.Баас” гэж хар өнгийн балаар бичсэн мөртлөө үүнийг засварлаж “А.Кээс” гэж А.К мөнгө тушаасан болгож зассан нь К.Бы зээлийг төлсөн төлбөрийн баримтыг засварлаж миний мөнгийг тушаасан болгосон нь дээрх орлогын мэдүүлгээр нотлогдож байгааг давж заалдах шатны шүүх анхаарахгүйгээр нотлох баримтаар үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. 2. Өмнө миний бие Голомт банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж маргасан боловч хэргийг давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн 2017 оны 3-р сарын 27-ны өдрийн 210 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж А.Ктэй холбоотой 6 000 000 төгрөг энэ хэрэгт хамаагүй иргэд хоорондын маргаан байна гэсний дагуу би 6 000 000 төгрөгийн асуудлыг тусдаа шийдвэрлүүлэх юм байна гэж бодон хяналтын гомдол гаргаагүй. Гэтэл А.Кд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч миний “Зээлээр авсан 6 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг хянахад Голомт банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянасан шүүх бүрэлдэхүүн /өмнөх шүүх бүрэлдэхүүн даргалагч шүүгч Д.Көбеш, шүүх бүрэлдэхүүн М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек/ шийдвэрлэж нэг шүүх бүрэлдэхүүн өмнөх шийдвэрээ үгүйсгэсэн утгатай шийдвэр гаргасан нь өөрөө шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулж байна. Тухайлбал Голомт банкны нэхэмжлэлтэй Х.Т, К.К.Б нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2017/00079 дугаартай магадлалын /хх57/ үндэслэх хэсэгт хариуцагч талын гомдлыг хүлээж авахаас татгалзах үндэслэлээ тайлбарлахдаа “Анхан шатны шүүхийн шийдвэр .... хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна. ... Хариуцагч нар дээрх 30 000 000 төгрөгөөс хариуцагч X.Х.Т нь үндсэн зээл болон хүүгийн хамт 10215000 төгрөг, хариуцагч К.К.Б ... 13615000 төгрөг бүгд 23830000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдсон байна. Х.Т нь 14787490 төгрөг төлсөн гэж маргах боловч Х.Т өөрөө 14787490 төгрөгийг банкинд төлсөн талаар нотлох баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан /хэрэгт авагдсан А.Кий гэрчийн мэдүүлэг нотлох баримтын тоонд орж байгаа/ нотлох баримтуудыг үндэслэн Голомт банкны хариуцагч Х.Т, К.К.Б нараас нэхэмжилсэн. 9731655 төгрөг 6 565 827 төгрөгийг Х.Тгаас, 3 165 828 төгрөгийг К.К.Баас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” хэмээн А.Кий 4 удаа банкинд тушаасан мөнгийг К.Бы зээлд тооцож суутгаж авсан гэх нэхэмжлэгч Голомт банкны тайлбар үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж, хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзсэн мөртлөө давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1-р сарын 05-ны өдрийн 212/МА2018/00009 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт “банк нь X.Х.Тн эзэмшлийн дансанд орсон мөнгөн хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн зээлийн эргэн төлөлтөд тооцож авах эрхгүй юм. Иймээс нэхэмжлэгчийн А.Кий төлсөн мөнгийг банкнаас К.К.Бы зээлийн эргэн төлөлтөд тооцож авсан гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ” гэж банк дансанд орсон мөнгөн хөрөнгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн зээлийн эргэн төлөлтөд тооцож авсан нь буруу хэмээн үзсэн нь иргэн миний харж байгаагаар шүүх өмнөх шийдвэрээ өөрөө үгүйсгэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Давж заалдах шатны шүүх зөвхөн давж заалдах гомдлын хүрээнд биш хэргийг бүхэлд нь хянах учир шүүх бүрэлдэхүүн Голомт банкны нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хариуцагч талын гомдлоор хянахдаа банкны зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн хэрэгт авагдсан Х.Т миний 5805101537 дугаартай дансны хуулгыг үндэслэн А.Кий миний дансанд тушаасан гэх мөнгийг банк К.Бы зээлд суутгаж авсан нь буруу хэмээн анхан шатны шүүхийн алдааг залруулах боломжтой байсан. Гэтэл тухайн үед давж заалдах шатны шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, банкны үйлдлийг зөвтгөсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй хэмээн шийдвэр гаргачхаад одоо банкны үйлдэл буруу гэж дүгнэж байгаа нь нэг талд ашигтай шийдвэр гаргахын төлөө өмнөх шийдвэрээ үгүйсгэсэн гэж хардахад хүргэж байна. Шүүх зөрчигдсөн эрхийг сэргээхээс биш хохироох ёсгүй. Нэг нь нөгөөгөөс нь урган гарсан хоёр хэргийг нэг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэж ямар учиртай маргаан гэдгийг мэдсээр байж өмнөх шийдвэрээ үгүйсгэж байгаа нь шүүх бүрэлдэхүүн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа “зарчимч” байх үүргээ биелүүлсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймээс аав хүү хоёроос болж би хохирох ёсгүй. Өмнө нь А.Кий хүү К.Бы төлөх ёстой зээлийг банкинд төлж нэг хохирч одоо А.Кээс авах ёстой 6 000 000 төгрөгөө авч чадахгүй дахин хохирох дээрээ тулаад байна. Иймд эрхэм шүүгч нараас дээрх байдлыг харгалзан үзэж маргааны үйл баримтад бодитой дүгнэлт хийж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хариуцагчаас 658 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд 2015 оны 5 дугаар сард зээлдүүлэгч Х.Т нь зээлдэгч А.Кий өмчлөлд 6 000 000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тодорхой хугацааны дараа буцаан өгөх үүргийг хүлээсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч А.К нь 6 000 000 төгрөгийг хүлээн авсан, харин уг мөнгийг буцааж төлсөн гэж маргаж, энэ талаарх баримтыг шүүхэд гаргасан байна.  

Х.Тн эзэмшлийн Голомт банк дахь 5805101537 дугаартай дансанд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 012 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1 420 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1 440 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 470 000 төгрөг тушаасан 4 ширхэг орлогын мэдүүлэг гэсэн баримтаар А.К нь 5 342 000 төгрөгийг буцааж төлсөн нь нотлогдсон тул давж заалдах шатны шүүх үлдэх үүрэг 658 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Х.Тд олгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. А.К нь Голомт банкны нэхэмжлэлтэй хариуцагч Х.Т, К.К.Б нарт холбогдох иргэний хэрэгт гэрчээр мэдүүлэх өгөхдөө “...Хүү К.Бы зээлийг Голомт банкинд төлж байсан, ...30 000 000 төгрөгийн зээлээс 6 000 000 төгрөгийг аваад буцааж төлсөн, ... Голомт банкны 5805101537 дугаартай данс хэнийх гэдгийг мэдэхгүй энэ дансанд тушаасан...” /хх25,26/ гэсэн байх ба 4 удаагийн дээрх төлөлт нь К.К.Бы өмнөөс зээл төлсөн гэх үйл баримтыг нотлохгүй байна. Учир нь Голомт банк дахь 5805101537 дугаартай данс нь Х.Тн эзэмшлийн данс тул уг данснаас цааш гүйлгээ хийх, уг мөнгийг захиран зарцуулах эрх нь Х.Тд шилжсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан дээрх баримтуудыг хэрэгт хамааралгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бүхий маргаанд үнэлэгдсэн баримт гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийдвэр, тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2017/00079 дүгээр магадлалаар Голомт банкны нэхэмжлэлтэй хариуцагч Х.Т, К.К.Б нарт холбогдох маргааныг шийдвэрлэсэн бөгөөд уг хүчин төгөлдөр шийдвэрийн хэргийн оролцогч нь өөр тул энэ маргааны хувьд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдсэн үйл баримт болохгүй юм.

Х.Т нь А.Кд 6 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлдэгч А.К нь 5 342 000 төгрөгийг Х.Тд буцааж өгсөн баримт нь эдгээр талуудын хооронд хамааралтай.

Харин Х.Тн дансанд шилжүүлсэн уг мөнгийг Голомт банкнаас авсан зээлд шилжүүлэхдээ Х.Т нь өөрийн нэрийн өмнөөс эсвэл хамтран зээлдэгч К.К.Бы өмнөөс төлсөн эсэх, улмаар эдгээр этгээдүүд хоорондоо тооцоотой эсэх асуудал энэ маргаанд хамааралгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2018/00009 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 08- ны өдөр төлсөн 100 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА