Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 073

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза , тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн оршин суугч М овогт Б-ы Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: - Бугат сумын Засаг даргад ;

Нэхэмжлэлийн шаардлага: Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 3 дугаар багийн Засаг даргаар А.Жыг томилсон хэсгийг хүчингүй болгох, Б.Нийг тус 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай тай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Б.Н, хариуцагч Бугат сумын Засаг дарга Х.Х, гуравдагч этгээд А.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т, хариуцагчийн өмгөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Би тус аймгийн Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргаар 2013 оноос ажиллаж ирсэн. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус багийн Засаг даргыг сонгох ээлжит багийн иргэдийн Нийтийн Хурлаас хоёр иргэн багийн Засаг даргад өрсөлдсөн бөгөөд миний бие багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон нийт иргэдийн 54.7 хувийн саналыг авч багийн Засаг даргад дахин сонгогдсон билээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-тзаасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагч X.А "Багийн Засаг даргыг томилохыг уламжлах тухай 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн 01 тогтоолыг сумын Засаг дарга X.Хт хүргүүлсэн юм. Сумын Засаг даргатай уулзахад 2017 оны 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн багийн Засаг даргаар сонгогдсон бүх хүмүүсийг томилсон шийдвэр гаргана гэж хэлж байсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэл хүргүүлэх тухай 53 дугаар албан тоотоор "багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Б.Н нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмын 1,2-т заасан багийн Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой байх гэсэн заалтыг зөрчиж, хуурамч диплом ашиглаж санал хураалтад оролцсон гэмт хэргийн шинжтэй, багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргад тавигдах шаардлагыг тус тус зөрчсөн маргаантай тул багийн Засаг даргаар томилохоос татгалзахыг үүгээр мэдэгдэж байна. Иймд багийн иргэдийн Нийтийн Хурлаас 3 дугаар багийн Засаг даргын орон тоонд өрсөлдөж, олонхийн санал авч болзол хангасан дараагийн нэр дэвшигчийг багийн Засаг даргаар томилуулах саналын ирүүлнэ үү гэсэн утга бүхий хариуг 3 дугаар багийн Хурлын Тэргүүлэгчдэд ирүүлсэн.

Бугат сумын Засаг дарга Х.Хын энэ үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т заасан багийн Засаг даргад нэр дэвшигчдэд тавигдах шаардлага болох шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусдад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй байх, ялгүй байх гэсэн хуульд заасан шаардлагаас давсан хууль бус татгалзал гэж үзэж байна. Улмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож багийн Засаг даргад нэр дэвшин иргэдийн 30 хувийн саналыг авч ялагдал хүлээсэн А. Жыг томилсон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргыг огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах тухай баг, хорооны Хурлын бүрэн эрхэд халдсан.

Хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах заалтад заасан баг хорооны Засаг даргад тухайн нэгжийн Нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус бүр нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгосны дагуу тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу сумын Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилох тухай заалтыг тус тус зөрчсөн илт хууль бус захиргааны акт гарган намайг томилохоос татгалзаж, эс үйлдэл гаргаж байна гэж үзнэ. Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Б.Н нь Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргаар урьд өмнө сонгогдон ажиллаж байсан нь үнэн. Б.Нийн гэр бүл ах дүүс, төрөл садангийн болон танил, ойр дотны хүмүүс амьдардаг уг баг нь Б.Нийн ажиллаж байсан хугацаанд нийгмийн хөгжлийн ямар ч дэвшил хөгжилд хүрч чадаагүйгээс гадна ажилдаа хариуцлагагүй хандсан түүний хариуцсан багийн нутаг дэвсгэрийн байгаль экологийн хэвийн тэнцвэрт байдалд сөрөг өөрчлөлт бий болж, хадлан бэлчээр сүйдэж, төлөвлөлт зохион байгуулалт алдагдсанаас гадна явцуу хүрээнийхэнд алагчлах байдлаар үйлчилж байснаас нутгийн уугуул иргэдийн эрх ашиг зөрчигдөж дургүйцэл газар авч төрийн залгамж үйл ажиллагаа зогсонгид орж төрийн албан хаагчид итгэх итгэл алдарсан юм.

Б.Н нь үүрэгт ажлаа дорвитой хийлгүй хэсэг бүлэн хүмүүсийн эрх ашгийн төлөө үйлчилж, ашиг сонирхол харж, шууд илэрхийлэхэд огт ажиллаагүйгээс тус багт төрийн ажил үгүй болсон юм. Энэ тайлбартай танилцаад Б.Н нь ..би ийм, тийм ажил хийж ард түмний аж амьдралыг тэгж сайжруулсан, багийг ингэж хөгжүүлсэн.. гэж хариу тайлбар бичиж чадахгүй бөгөөд энэ байдал нь миний дээрх тайлбарын нотолгоо болох юм.

Б.Н нь бага боловсролтой бөгөөд өнөө үед тавигдах шаардлагад нийцэхгүй байгааг онцлон харгалзаж үзсэн юм. Хэдийгээр сонгуульт ажил гүйцэтгэх ёстой ч түүний боловсролын байдлыг харгалзаж үзэх нь үндэслэлтэй байсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т ...нэр дэвшүүлэх хүсэлтийг сумын Засаг даргад уламжлах... гэж заасан болохоос даалгана гэж тусгаагүй байдаг. Энэ заалтын дагуу би хүсэлтийг хүлээж авахдаа нэр дэвшүүлсэн хүнийг судлаад томилох эсэхийг шийдвэрлэдэг юм. Ингэхдээ дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан ... нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй... гэсэн заалтыг дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзаж үзсэний үндсэн дээр Б.Нийг тус сумын 3 дугаар багийн Засаг даргаар татгалзаж томилоогүй юм.

Бугат сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан журмаар дахин нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж Б.Нийн материалыг дахин ирүүлээгүй юм. Ингэж дахин нэр дэвшүүлж тогтоол гаргаж ирүүлээгүй тул томилоогүй болно. Б.Нийн ажиллах бүрэн эрхийн хугацаа дууссаныг захирамжид дурдсан байгаа.

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан журмын 1, 2 дугаар заалтад багийн Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой байх гэсэн заалтыг үндэслэсэн. Журам гаргаснаас 14 хоногийн дараа бид багуудын Засаг дарга нарыг сонгох санал хураалтын ажиллагааг явуулсан бөгөөд дээрх хугацааны дотор багийн Засаг даргад нэр дэвшигчдийг бүртгэж, материалыг бүрдүүлсэн байгаа. Нийтдээ 8 иргэн багийн Засаг даргад нэр дэвшихээр бүртгүүлсэн ба үүний дотор Б.Н нь Ховд аймгийн техникум төгссөн талаар материалыг өгч байсан.Энэ тогтоолоор өнөөгийн үед тавигдаж буй зорилт шаардлагын дагуу багийн Засаг дарга нарыг дээд боловсролтой, чадварлаг болохыг зорьж дээрх журмыг баталсан байгаа. Б.Нийг 3 дугаар багийн Засаг даргаас чөлөөлөх тухай 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/37 дугаартай захирамжид дээрх үндэслэлүүд болон холбогдох хуулийн заалтуудыг баримталсан болохоор хууль зөрчигдөөгүй гэж үзэж байна.

Б.Н нь сонгогчдын 50-иас дээш хувийн санал авсан нь үнэн. Мөн Б.Н нь 2012 оны 03 дугаар сард тус багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа нь 2017 оны 03 дугаар сард дуусгавар болсон тул санал хураалт явуулж, Б.Н нь шаардлага хангаагүй учраас дээд боловсролтой А.Жыг тус сумын 3 дугаар багийн Засаг даргаар томилсон байгаа. Б.Н нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд багийн Засаг даргаар ажилласнаас гадна Харгант буга хоршооны малын бага эмчээр давхар ажиллаж ирсэн. Мөн энэ жилээс эхлэн малын эмч нартай гэрээ байгуулж, улсын төсвөөр цалинжуулан малын бага эмчээр ажиллаж байгаа бөгөөд энэ талаар нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Дээрээс нь Б.Нийн материал нь хуурамч байна гэсэн мэдээллээр Ховд аймагт шалгуулснаар цагдаагийн байгууллагаас түүний материал хуурамч байгаа гэж гарсан ба үүнийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа. Харин энэ хүн ямар боловсролтой юм, хэзээ ямар сургууль төгссөн талаар материал бидэнд байхгүй. Тийм учраас Б.Нийг багийн Засаг даргаар томилох боломжгүй гэж үзэж байна. Иймд Б.Нийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Миний бие 2002 онд Улаанбаатар хотод ХААИС-д элсэн орж, 2006 онд нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Улмаар Батлах Хамгаалахын Их сургуульд элсэн орж, хоёр жилийн хугацаатай 2008 онд Артиллерийн командлагч мэргэжилээр төгссөн. Дээд сургууль төгссөнөөс хойш ажилгүй билээ. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Бугат сумын 3 дугаар багийн ээлжит иргэдийн Нийтийн Хуралд нэрээ дэвшүүлсэн. Үүнд Бугат сумын Засаг даргын шаардсан дээр боловсролтой, санхүүгийн талаас ямар нэгэн зөрчилгүй, урьд өмнө ял шийтгэл авч байгаагүй эсэх гэх мэт баримт материалыг бүрдүүлж багийн иргэдийн Нийтийн Хуралд нэр дэвшүүлэх бүрэн боломжтой болсон. Сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр намайг Б/37 дугаартай захирамжаар тус багийн Засаг даргаар томилогдсон. Энэ хугацаанд ямар нэгэн байгууллага хэлтсээс хэд хэдэн удаа явагдсан сургалтад болон судалгаанд хамрагдаж төрийн ажил болон 3 дугаар багийн ард иргэдийн дунд хийж байгаа үүрэгт ажлаа ямар нэгэн зөрчилгүй гүйцэтгэж байна. Бугат сумын 3 дугаар баг бол миний хувьд хар багаасаа төрж өссөн нутаг учраас тус багийн ард иргэдтэй цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой. Б.Нийн хувьд сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авсан ба би хоёр дахь хүн болж тодорсон. Гэхдээ санал хураалтын явцад бичиг цаасны маргаан гарч байсан энэ талаар Засаг даргад мэдэгдэж, бичиг баримтыг бүрдүүлж өгсөн байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Багийн Засаг даргад нэр дэвшигч Б.Н нь дээд боловсролгүй, нэр дэвших үед хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэн сумын Засаг дарга томилохоос татгалзсаны дараа хуулийн хугацаанд энэ асуудлыг дахин хэлэлцэж, тогтоол ирүүлээгүй гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг тус сумын 3 дугаар багийн Засаг даргаар томилохоос татгалзсан байна. Энэхүү маргааны үйл баримтын талаар товчхон дурдахад, Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргыг сонгох санал хураалтын ажиллагаа 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр явагдаж нийт 622 сонгогч оролцсон байх ба үүнээс 337 хүн буюу 54,7 хувийн саналаар Б.Нийг тухайн багийн иргэд олонхиороо Засаг даргаар сонгожээ. Улмаар тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар тогтоол гаргаж, Б.Нийг багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан байдаг. Гэвч маргааны гол эх үүсвэр болж байгаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан журмаар багийн Засаг даргад нэр дэвшигч дээд боловсролтой байх гэсэн шаардлага тавьсан. Үүнийг үндэслэн Бугат сумын Засаг дарга Б.Нийг томилохоос татгалзсан гэдгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, асуултын хариултын үед тус тус дурдаж байна. Гэхдээ хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч тал хууль бус гэж үзэж байгаа. Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгээр багийн Засаг даргад тавигдах нийтлэг шаардлагыг зохицуулсан ба үүнд, шүүхийн шийдвэрээр тогтоосон ямар нэгэн өр зээлгүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоосон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх гэсэн 3 төрлийн шаардлага тавьсан байгаа. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д заасан ...хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх ... гэснийг зөрчсөн гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч Б.Нийн хувьд иргэдийн олонхийн саналыг авч хуулийн шаардлагыг хангасан бөгөөд харин гуравдагч этгээд А.Ж нь олонхийн санал аваагүй, багийн Засаг даргаар ажиллах хуульд заасан болзол шаардлагыг ханаагүй учраас түүнийг томилсон Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Нийг 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.

Дээрээс нь хариуцагчийн татгалзал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн, 54.7 буюу олонхийн саналаар Б.Нийг сонгосон иргэдийн сонголтыг үл хүндэтгэсэн, иргэдийн Нийтийн Хурлын хууль ёсны тогтоолыг үгүйсгэсэн гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэдгийг хэлмээр байна.

Хариуцагчийн зүгээс би нэг удаа татгалзах эрхтэй гэж тайлбарлаж байна. Аливаа татгалзал бол хууль ёсны нийтлэг зарчим, шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой бөгөөд хариуцагч талын ямар ч хэлбэрээр татгалзаж болно гэх тайлбар нь дээрх зарчимд үл нийцсэн өрөөсгөл ойлголт гэж үзнэ. Багийн Засаг даргад нэр дэвшигч дээд боловсролтой байх гэсэн журмын шаардлага нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй гэдэг үүднээс 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас дахин тогтоол гаргах шаардлагагүй байсан. Тогтоол гаргаагүй байсан дараагийн нэг үндэслэл бол сумын Засаг дарга хуульд заасан 15 хоногийн хугацааг хүлээхгүйгээр 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шууд томилгоо хийсэн нь өөрөө хууль бус гэж үзээд дахин тогтоол гаргаагүй. Мэдэгдэх хуудас бүхий албан бичигт Б.Н дээд боловсролгүй гэж үзээд түүнийг татгалзсан боловч дараагийн нэр дэвшигчийг гэж тодотгож өгсөн тул тогтоол гаргах эрх зүйн орчин бүрдэхгүй байсан гэдгийг хэлье. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл бүрэн үндэслэлтэй. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд, анх ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан ба дараа нь уг шаардлагаас татгалзаж, зөвхөн А.Жыг томилсон хэсгийг хүчингүй болгуулах, томилохыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10 дугаартай тогтоол гарсан ба уг тогтоолын хавсралтаар багийн Засаг даргад нэр дэвшигч дээд боловсролтой байх, бакалавр зэрэгтэй байх, монгол хэл сайн мэддэг байх гэсэн шаардлага тавигдсан байгаа. Уг тогтоол нь багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын гарт очсон. Хэрэв уг 10 дугаар тогтоол хууль бус байсан бол Бугат сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга н.Асылбек нь тухайн тогтоол биелэгдэх боломжгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байвал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, нөгөө талаар иргэдэд энэ талаар сануулж хэлэх ёстой байсан юм. Энэ тогтоолыг багийн иргэдэд танилцуулсан бол Б.Н багийн Засаг даргыг сонгох санал хураалтад ямар байдалтай оролцох байсан, мөн энэ хүний хуурамч баримт бүрдүүлсэн асуудал тухайн үед яригдаж байсан гэж сумын Засаг дарга тайлбарлаж байсан.

Тэгээд санал хураалтын дараа энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулсан ба гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзсан байна. Б.Н нь өөрийгөө иргэдэд тусгай дунд боловсролтой гэж танилцуулан иргэдийг хууран мэхэлснээр түүнийг багийн Засаг даргаар сонгосон байгаа.

Хэрвээ тэр хүн бага боловсролтой гэдгийг багийн иргэдэд хэлсэн бол иргэд түүнийг зарим нь сонгох, зарим нь эс сонгох байдалд хүрэх байсан. Сумын Засаг дарга Б.Нийг буцаасан үед багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдаж, түүний нэрийг дахин дэвшүүлэх эсэхийг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар дахин хуралдаагүй, ямар нэгэн тогтоол гаргаагүй зөвхөн 05 тоот албан бичгээр ирүүлсэн байдаг юм. Уг албан тоотоор дахин тогтоол гаргах боломжгүй, өөр хариу өгөхгүй гэж мэдэгдсэн тул Б.Нийн асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж, дээд боловсролтой А.Жыг тус багийн Засаг даргаар томилсон байгаа.

Хэрвээ 3 дугаар багаас Б.Нийн нэрийг дахин дэвшүүлсэн тогтоол хуулийн хугацаанд сумын Засаг даргад ирсэн байвал тэр хүн эрх хэмжээний хүрээнд 5 хоногийн дотор Б.Нийг багийн Засаг даргаар томилох байсан. Тэгээд Б.Нийн нэрийг дахин дэвшүүлээгүй, нэхэмжлэгч хуурамч нотлох баримт бүрдүүлсэн учраас түүнийг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан байгаа. Мөн нэхэмжлэгч Б.Н нь малын бага эмчээр ажиллаж цалин хөлс авч байгаа. Одоогоор Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байгаа А.Ж нь дээд боловсролтой, ажлын дадлага туршлагатай, цаашид багийн Засаг даргаар ажиллах бүрэн боломжтой хүн юм. Тийм учраас шүүх шийдвэр гаргахдаа Б.Н хуурамч нотлох баримт бүрдүүлж иргэдийг хууран мэхэлсэн гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна. Дээрээс нь багийн иргэдийн Нийтийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10 дугаар тогтоолд гомдол гаргаагүй учраас уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дотор Б.Нийн боловсролын байдлыг нотлох ямар ч баримт байхгүй, зөвхөн иргэний үнэмлэх нь байдаг. Иймээс санал хураалтын ажиллагаа их эргэлзээтэй болсон, сонгогдсон хүн, санал хураалтын үр дүн, шийдвэр мөн адил эргэлзээтэй болсон байгаа. Үүнийг шүүх анхаарч мэргэн шийдвэр гарах байх гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд анх Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 3 дугаар багийн Засаг даргын албан тушаалаас Б.Нийг чөлөөлж, А.Жыг томилсон хэсгийг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Б.Нийг 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах талаарх нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, маргаан бүхий захиргааны актын Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргын албан тушаалаас Б.Нийг чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзснаа шүүхэд бичгээр илэрхийлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах эрхтэй тул Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 3 дугаар багийн Засаг даргын албан тушаалаас Б.Нийг чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т зааснаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 3 дугаар багийн Засаг даргаар А.Жыг томилсон хэсгийг хүчингүй болгох, Б.Нийг тус багийн Засаг даргаар томилохыг сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар багийн ...Засаг даргад тухайн нэгжийн хуралдаанд оролцсон иргэд нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанд багийн Засаг даргад нэхэмжлэгч Б.Н, гуравдагч этгээд А.Ж нарын хоёр хүн нэрээ дэвшүүлснээр Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 54.7 хувийн саналыг нэхэмжлэгч Б.Н авсан байжээ.

Ингэснээр багийн Засаг даргад нэр дэвшигч нь ...олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан байх хуулийн 26.3-т заасан шаардлагыг нэхэмжлэгч Б.Н хангаснаар мөн зүйлд заасан журмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаас түүнийг сумын 3 дугаар багийн Засаг даргад томилуулахаар санал болгосон 01 дугаартай тогтоол гарч, Бугат сумын Засаг даргад хүргүүлсэн байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Томилох эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч Б.Нийг багийн Засаг даргаар томилохоос тодорхой үндэслэлээр татгалзаж, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 53 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр багийн Засаг даргад нэр дэвшигч дээд боловсролтой байх шаардлагыг Б.Н хангаагүй, энэ талаарх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор баталсан журмын 1, 2-т заасныг зөрчсөн, хуурамч диплом ашиглаж багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон гэсэн үндэслэлээр татгалзаж тогтоолын хариуг хүргүүлжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар Бугат сумын Засаг дарга нь эрх бүхий этгээдийн хувьд хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг томилохоос татгалзах эрхтэй боловч нэхэмжлэгчийг томилохоос татгалзсан тодорхой үндэслэл бүхий татгалзал нь дараах байдлаар хууль бус байна.

Үүнд багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг зохицуулсан хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д багийн Засаг даргад нэр дэвшигчид дээд боловсролтой байх шаардлага тавигдаагүй, тус сумын Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 10 дугаартай тогтоолоор Бугат сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг дарга нарыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах журам баталж[1], уг журмын 1-д багийн Засаг даргад нэр дэвшигч дээд боловсролтой ба бакалавр зэрэгтэй байна, 2-т харилцааны өндөр соёлтой, одоогийн төр засаг, аймаг, сумын засаглалын ажлыг дэмждэг, өнгөрсөн бүх сонгуулийн үед дээрх чиглэлийн бодлогыг дэмжин ажилласан байхаар заасан байх боловч уг журам нь багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг зохицуулсан хуулийн 26.6 дахь заалт болон 17.1.1-д заасан баг хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх багийн Хурлын бүрэн эрхийг тус тус зөрчсөн, хуулийн 20 дугаар зүйлд заасан сумын Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар эрх хэмжээгүй этгээдээс гаргасан хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хуурамч диплом ашиглаж нэр дэвшсэн нь гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлийн хувьд багийн Засаг даргад нэр дэвшигчид дээр дурдсанчлан дээд боловсролтой байх шаардлага хуулиар тавигдаагүй ба харин хуулийн 26.6.3-т зааснаар ялгүй байх шаардлагыг нэр дэвшигч хангасан байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч Б.Н нь багийн Засаг даргад нэр дэвших үед хуульд заасан ялгүй байх шаардлагыг хангасан, хуурамч диплом ашигласан гэх асуудлаар тухайн үед хэн нэгнээс гомдол гаргаагүй, энэ талаар эрх бүхий байгууллагаар шалгагдаагүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас энэхүү асуудлаар цагдаагийн газарт гаргасан гомдол нь Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/586 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, Б.Нд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байх тул энэ нь нэхэмжлэгчийг багийн Засаг даргад томилохоос татгалзах үндэслэл болохгүй юм.

Дээрх байдлаар эрх хэмжээгүй этгээдээс хууль зөрчиж гаргасан журмыг үндэслэж, хуульд заагаагүй шаардлага тавьж, нэхэмжлэгчийг сумын 3 дугаар багийн Засаг даргаар томилохоос татгалзсан болон хуулийн[2] 26.2-т зааснаар ...Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал аваагүй, хуульд заасны дагуу санал болгоогүй А.Жыг тус багийн Засаг даргаар томилсон хариуцагчийн шийдвэр тус тус хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/37 дугаар захирамжийн тус сумын 3 дугаар багийн Засаг даргаар А.Жыг томилсон хэсгийг хүчингүй болгож, Б.Нийг тус багийн Засаг даргаар томилохыг хариуцагчид даалгаж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилохоос анх татгалзсан үндэслэл нь дээрх байдлаар хууль бус байх тул хуулийн 26.4-т зааснаар 26.2-т заасан нэр дэвшигчийг дахин нэр дэвшүүлээгүй гэх хариуцагчийн маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан гол үндэслэл нь дээд боловсролтой байх шаардлагыг хангаагүйтэй холбоотой гэж хариуцагчаас тайлбарласан ба шүүхэд ирүүлсэн тайлбарын 1 дэх хэсэгт тусгасан нэхэмжлэгч Б.Н нь багийн Засаг даргаар ажилласан өмнөх хугацаанд тус баг хөгжөөгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлийн хувьд энэ нь 2017 оны 53 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээс үзэхэд тухайн үед нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилохоос татгалзсан үндэслэл биш байгаагаас гадна уг маргаан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Н өмнө нь тухайн багийн Засаг даргаар 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Бугат сумын Засаг даргын 28 дугаар захирамжаар[3] томилогдож, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/37 дугаар захирамжаар чөлөөлөгдснөөр хуулийн 26.3-т заасан өмнөх хугацаанд багийн Засаг даргаар ажиллах 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дууссан, өөрөөр хэлбэл энэхүү маргаан нь нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар эгүүлэн тогтоох тухай маргаан биш юм. Нэхэмжлэгч Б.Н нь тус багийн Засаг даргад хуульд заасан журмаар дахин томилогдох үндэслэл бүрдснээр түүнийг маргаан бүхий албан тушаалд томилохыгшүүхээс эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэрлэсэн боловч энэ нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Н нь тус багийн Засаг даргад дахин нэр дэвшиж, хуульд зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан боловч багийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтланБаян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 3 дугаар багийн Засаг даргын албан тушаалаас Б.Нийг чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Нийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 3 дугаар багийн Засаг даргаар А.Жыг томилсон хэсгийг хүчингүй болгож, Б.Нийг Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг тус сумын Засаг даргад даалгаж, үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давжзаалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 


[1] Хэргийн 44-45 дугаар хуудас

[2] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль

[3] Хэргийн 28 дугаар хуудас