Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 0252

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Б.Мөнхбаяр би,

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, 

   Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багт байрлах “Шижир долгио” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11.900.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Сайхан сумын иргэн Д.Сандаг-Очир нь аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөр “Талх нарийн боовны цех байгуулах”-аар зориулалтын дагуу ашиглагдах, зээлийн график хуваарийн дагуу 3 жилийн хугацаанд эргэн төлөх, хэрэв зээлийн төлөлтийг хийгээгүй гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцох нөхцөлтэй 13.000.000 төгрөгийн зээлийн гэрээг аймгийн Засаг даргатай 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулж санхүүжилт авсан. Д.Сандаг-Очир нь зээлийн эргэн төлөлтөөс үлдэгдэл 8.500.000 төгрөгийг хийгээгүй гэрээний ерөнхий хугацаа дууссан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээгээр олгосон 8.500.000 төгрөг болон түүний алданги болох 3.400.000 төгрөг нийт 11.900.000 төгрөгийг барьцааны гэрээний 5.1, 5.2-д заасны дагуу барьцаа хөрөнгөөс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

         Хариуцагч “Шижир долгио” ХХК-ийн захирал Д.Сандаг-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Сайхан сумын Номгон тосгонд үйл ажиллагаа явуулж байсан Шижир долгио ХХК жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас Талх нарийн боовны цех байгуулах зориулалтаар 13.000.000 төгрөгийг авч эхний жил үйл ажиллагаа явуулж төлөлтийн 4.000.000 төгрөгийг хуваарийн дагуу хийсэн боловч ажиллах хүч тогтвортой биш байснаас шалтгаалан 2 дахь жилээс хэвийн үйл ажиллагаа явуулж чадаагүй. 2010, 2011 онуудад дараалан ургац алдсанаас алдагдалтай ажиллаж сүүлийн 6 жил үйл ажиллагаа бүрэн зогссон. 2015 онд мэргэжилтэн Загдсүрэнтэй гэрээ хийж сүүний орлогоороо төлөхөөр тохирсон боловч 2015 онд зун цаг агаарын гантай нөхцөлөөс болж саалийн үнээнүүд суваарч 2016 оны 02 үнээ саасан учраас хуваарийн дагуу төлж чадаагүй. Одоо манай гэр бүл малчины зээлийн 3.400.000 төгрөгийн үлдэгдэл, тэтгэвэрийн 10.305.000 төгрөгийн үлдэгдэл зээлтэй. Өрхийн сарын орлого 100.000 төгрөгний орлогоор амьдарч байна. 2017 оны 03 дугаар сараас нааш төлбөрийг төлөх боломж байхгүй байгаа тул 2017 оны 03 сараас үхэр мал тугалахаар сарын 300.000 төгрөгөөр төлбөрийг хуваариар хийж төлөх хүсэлтэй байна. Алданги болох 3.400.000 төгрөгийг төлөх боломжгүй. Үндсэн үлдэгдэл 8.500.000 төгрөгийг хувиарын дагуу төлөхөөс гадна нэмэлтээр 2017 оны 7, 8 саруудад мал таргалах, зарагдах зах зээл үүсээд ирэхэд хувиараас гадна төлөх зорилготой байна. Уг зээлийг төлж дуусаад барьцаа болох одоо амьдарч байгаа үндсэн хөрөнгийг зарж борлуулах шаардлага бидний амьдралд гараад байна. Бидний энэ нөхцлийг харж үзэн үндсэн 8.500.000 төгрөгийг хувиарын дагуу болгож өгнө үү гэжээ.

           Зохигчид хоорондоо:… Нэг талаас Аймаг хөгжүүлэх сангийн мэргэжилтэн З.Загдсүрэн, нөгөө талаас “Шижир долгио” ХХК-ийн захирал хариуцагч Д.Сандаг-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэчимэг нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн анхны шаардлага болох 11.900.00 төгрөгийн шаардлагын зарим хэсэг болох алдангийн 50 хувь 1.700.000 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 8.500.000 төгрөг, алданги 50 хувь 1.700.000 төгрөг, нийт 10.200.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч “Шижир долгио”ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрөв гэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

    Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч “Шижир долгио” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 11.900.000 төгрөгийг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал алдангийн 50 хувь болох 1.700.000 төгрөгөөс татгалзаж,  зохигчид 10.200.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь 10.200.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

    Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

    Нэхэмжлэгч тал гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч “Шижир долгио” ХХК-тай баталгаат ипотекийн гэрээ байгуулж, “Шижир долгио” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1310001423 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Номгон тосгоны төв үтрэмд байрлах Хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-1310005357 дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багт байрлах Үрийн склад, улсын бүртгэлийн Ү-1310001424 дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Номгон тосгоны төв үтрэмд байрлах фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх ба дээрх баталгаат ипотекийн гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагч “Шижир долгио” ХХК-ийн гүйцэтгэвэл зохих зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10.200.000 төгрөгийг хариуцагч байгууллага сайн дураар төлөөгүй тохиолдолд дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр хангахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгах нь зүйтэй.

  Нэхэмжлэгч байгууллага хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба зохигчдын эвлэрсэн 10.200.000 төгрөгийн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь 96.550 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Засаг дарга, хариуцагч “Шижир долгио” ХХК нар нэхэмжлэлийн шаардлагаас 10.200.000 /арван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч “Шижир долгио” ХХК нь  10.200.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Шижир долгио” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжинд 96.550 төгрөг гаргуулж  орон нутгийн орлогод оруулсугай.

    3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Шижир долгио” ХХК нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тэдний барьцаанд бариулсан улсын бүртгэлийн Ү-1310001423 дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Номгон тосгоны төв үтрэмд байрлах х увийн сууц, улсын бүртгэлийн Ү-1310005357 дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багт байрлах Үрийн склад, улсын бүртгэлийн Ү-1310001424 дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Номгон тосгоны төв үтрэмд байрлах фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт  даалгасугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

              ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР