| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/0625/И |
| Дугаар | 130/ШШ2016/00686 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2016/00686
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, Н овогт Дийн Кын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль /захирал Ж.А/-д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Д.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар сургалтын менежер Д.К надад Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ болон ажлын барны тодорхойлолтод ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. 1. Шийдвэрт хөдөлмөрийн гэрээ болон ажлын барны тодорхойлолтын чухам аль заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний аль заалтыг зөрчсөнийг тодорхойлоогүй. Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээнд багшийн цагийн хуваарь ороогүй асуудал юм. 2. Хичээлийн цагийн хуваарьтай холбоотой зүйлийг зөрчил мэтээр тушаалд тайлбарлан бичсэн байна. миний бие тус сургуульд Сургалтын менежер бөгөөд хүмүүжлийн эрхлэгчээр 10 дах жилдээ ажиллаж байна. Жил болгон сургуулийн багш нарын хичээлийн хуваарьт цагийн төслийг бэлдэж сургуулийн захирал нягтлан эцсийн байдлаар баталж мөрдүүлдэг байсан. Мөн сонгоны цагийн хуваарилалт, орон байрны талаар биеийн тамирын багш нарыг байлцуулж, саналыг нь авч шийдвэрлэсэн болно. Бид сургуулийн хичээлийн цагийн хуваарийн төслийг бэлдэж танилцуулсан бөгөөд төслийг буруу бэлдсэн гэж хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй юм. Учир нь хичээлийн хуваарийн төсөл нь эцсийн бичиг баримт биш бөгөөд хууль зүйн үр дагаваргүй асуудалд хариуцлага ногдуулах ёсгүй. Харин төсөл эцсийн байдлаар мөрдөгдөж хичээлийн хуваарийн зөрчил үүсгэсэн бол өөр хэрэг юм. Иймд үндэслэлгүй хариуцлага ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Ц сумын бүрэн дунд сургуулийн менежер ажилтай Д.Кт 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.1-д заасны дагуу Сахилгын шийтгэл ногдуулж сануулах арга хэмжээ авсан юм. Гэтэл сургалтын менежер Д.К нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын 83 дугаартай тушаалаар Сургалтын менежерийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас урьд авсан сахилгын арга хэмжээний ач холбогдол алдсан тул гомдол гаргагч Д.Кын гомдлын шаардлагыг хариуцагч миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А миний бие гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Кын Ц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбараа тус шүүхэд хүргүүлсэн байна.
Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцож өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан учир нэхмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ************ дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Кт буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан нэхэмжлэгч Д.Кын Ц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцож өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан учир нэхмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ************ дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Кт буцаан олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК