Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1356

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Р.Энх-Оюун, шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02323 1246 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Э.С, Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: *** урьд:

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Өршөөлийн үзүүлэх” тухай хуулиар суллагдсан.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Сэргэлэнбат нь 2019 оны 04 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вест” баарны гадаа иргэн С.Б-ийн 37,5 граммын алтан гинжийг хүч хэрэглэн, хууль бусаар дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн Э.С нь 2019 оны 04 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “BEST” баарны гадна хохирогч С.Б-ийн 37,5 граммын алтан гинжийг авахаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэн авсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.С-ын шүүх хуралдаанд өгсөн: “...хохирогч намайг эхэлж одсон бөгөөд намайг шилээр цохисон. Тэгээд газар гинж нь уначихсан байхаар нь шарандаа аваад явчихсан юм...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө “Хүүхдийн урлан бүтээх төв"-ийн ойролцоох авто зам дээрээс таксинд гар өргөж зогсоосон бөгөөд таксины жолооч нь 45-50 орчим настай, намхан нуруутай эрэгтэй хүн байсан. Би уг жолоочид хандаж “ах аа, би согтуу байгаа болохоор машинаа жолоодож чадахгүй байна. Би танд мөнгийг нь төлье, та миний машиныг жолоодоод хүргээд өгөөч” гэж хэлээд уг эрэгтэйгээр машинаа жолоодуулаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хороолол руу явсан. Тэгээд Хархорин худалдааны төвийн ертөнцийн зүгээр замын хойд талд байрлах “Вест” гэх нэртэй баарны үүдэнд ирж зогсоод жолоочид хандаж “та энэ баар луу ороод 2 ширхэг пиво аваад ирээч” гэж хэлээд би авто машиндаа хүлээгээд үлдсэн ба жолооч бүлээн пиво аваад гараад ирэхээр нь би жолоочтой хамт ороод хүйтэн пивоор солиулах гээд зогсож байтал 30-35 орчим настай, 170-175 см орчим өндөртэй, махлагдуу биетэй, цайвар шаргал царайтай эрэгтэй миний хажууд хүрч ирээд, намайг өдөөд байхаар нь би тэр залуутай муудалцаж хэрэлдэхэд миний машиныг жолоодож явсан жолооч бид хоёрыг салгаад, намайг тухайн баарнаас аваад гарсан. Баарнаас бид хоёрыг гараад явж байтал надтай муудалцаж байсан залуу миний хойноос гүйж ирээд, намайг шууд заамдаж, багалзуурдаад, хүзүүндээ зүүсэн байсан гинжнээс маань татаж, гараараа 2-3 удаа намайг цохих гэж оролдсон боловч цохиж чадаагүй, харин хүзүүнд байсан гинжийг маань тастаж авсан. Мөн надтай хамт явж байсан жолооч намайг өмөөрч тухайн залууг цохисон. Миний гинжийг тасалсан залуу гинжийг маань аваад ертөнцийн зүгээр урд зүг рүү гүйж зугтсан. Би тухайн гинжээ 2015 онд “Мөнгөн завьяа” дэлгүүрээс 8,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 10 цэн буюу 37.5 граммын хэмжээтэй, цэвэр алтан гинж...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-15 дугаар хуудас);

3. Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашинтайгаа хувиараа таксинд явж байгаад “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн ойролцоогоос 25-30 орчим насны бага зэргийн халамцуу залуу гар өргөхөөр нь зогстол тэр залуу “Ах аа би согтуу байгаа болохоор автомашинаа жолоодож чадахгүй байна. Би танд мөнгийг нь өгье, та дуудлагын жолооч хийгээд өгөөч” гэхээр нь би өөрийн автомашинаа зогсоолд байршуулаад тухайн залуугийн автомашиныг жолоодоод 1 дүгээр хороолол руу явсан. Тэгээд Хархорин худалдааны төвийн ойролцоо нэг баарны гадна ирж зогсоод би тухайн баар луу орж, хоёр шил пиво аваад гараад иртэл уг залуу “энэ пиво чинь бүлээн байна,  дүү нь хүйтэн пиво уух гэсэн юм” гэхээр нь бид хоёр баар луу хамт орж, пивоо солиулсан. Тэгтэл 25-30 орчим насны залуу шууд хүрч ирээд надтай хамт явсан залууг өдөж эхэлсэн бөгөөд хоорондоо муудалцаад эхлэхээр нь би салгасан. Тэгээд тэр баарнаас гартал бид хоёрын хойноос бааранд муудалцаж байсан залуу хүрч ирээд, надтай хамт явж байсан залууг шууд заамдаж аваад, хүзүүндээ зүүсэн байсан гинжийг нь мулт татаж аваад, ертөнцийн зүгээр урагшаагаа гүйсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас);

4. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...он сарыг сайн санахгүй байна. Ямар ч байсан 3 сар гаруйн өмнө байх нэг өглөө Г эгчийнд ороход Сэргэлэнбат уугаад байж байсан. Тэгээд энэ гинжийг зараад өгөөч гээд надад шар өнгийн гинж өгсөн. Яг ямар гинж байсныг сайн санахгүй байна. Тэгээд би тэр гинжийг нь аваад Хархорин зах дээр очиж хувь хүнээс энийг хэдээр авах уу энэ хэдэн төгрөг болох бол гэтэл үзэж байгаад 2,000,000 төгрөг болно гэхээр нь зарчихсан. Тухайн хүн нь эрэгтэй хүн байсан бөгөөд одоо царайг нь харвал танихгүй. С надад энх гинж өгөхдөө ломбардаас хүний утсыг авчхаарай гэж хэлсэн. Тэгээд би тэр гинжийг зарчхаад мөнгөө аваад 21 орсон. Намайг 21 дээр байхад тэр ломбардаас авна гээд байгаа утасны эзэн гэх эмэгтэй над руу залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь би 21 дээр ирчихсэн байна гээд уулзсан. Тэгээд 21-р хорооллын автобусны буудал дээр байдаг нэрийг санахгүй байна нэг ломбардаас тэр хүүхэд нь гар утсаа авсан. Ямар утас байсныг мэдэхгүй байна би 400,000 төгрөгийг нь өгсөн тэр хүүхэд өөрөө утсаа авсан. Тэгээд би шууд 34-ийн гүүрний хойно байдаг Г эгчийн гэрт ирээд үлдсэн 1,600,000 төгрөгийг нь С-д өгсөн. Тэгтэл надад баярлалаа гээд 200,000 төгрөгийг өгсөн. Тухайн үед тийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас);

5. Хохирогч С.Б-оор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд (хх-ийн 37-41 дүгээр хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 9 дүгээр хуудас), эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хх-ийн 61 дүгээр хуудас), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 42-43 дүгээр хуудас);

6. Шүүгдэгч Э.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 78 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг хуудас (хх-ийн 52 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 98-106 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 108-110 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч намайг эхэлж зодсон бөгөөд намайг шилээр цохисон. Тэгээд газар гинж нь уначихсан байхаар нь шарандаа аваад явчихсан юм. Түүнээс биш би тэр хүнийг дээрэмдээгүй...” гэж мэдүүлсэн боловч эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгээр хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж авч байгаа нь нотлогдон тогтоогдож байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрмийн эд зүйл болох алтан гинжийг 4,687,500 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 4,687,500 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Э.С-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахаар довтолсон, хор уршгийг хүсэж бий болгосон байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.С-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сэргэлэнбатаас 4,687,500 (дөрвөн сая зургаан зуун наян долоон мянга таван зуу) төгрөг гаргуулан хохирогч С.Бямбадоржид олгох нь зүйтэй.         

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.С-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д 6 жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.С нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 17 (арван долоо) хоног цагдан хоригдсон байх тул уг хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овгийн Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Э.С-д оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ын цагдан хоригдсон нийт 17 (арван долоо) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-аас 4,687,500 (дөрвөн сая зургаан зуун наян долоон мянга таван зуу) төгрөг гаргуулан хохирогч С.Б-д олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.С-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.С-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

                       

ДАРГАЛАГЧ                             Б.БАТАА