Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2016/00687

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн У сумын 8 дугаар багт оршин суух,  Ж  овогт Жы Д,

     Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн У сумын 7 дугаар багт оршин суух,  Ж  овогт Тий С, 

     Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн У сумын 8 дугаар багт оршин суух,  Ж  овогт Тий Н нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Д, Т.С, Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, прокурор М.О, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 153079690 төгрөг гаргуулахыг шаарджээ.

     Нэхэмжлэгч Ж.Д, Т.С, Т.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн У сумын 7 дугаар багт оршин суугч, иргэн Жы Д, Тий С, Тий Н биднийг 2014 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн У суманд байрлах ХААН банкны Баян-Өлгий салбарын У тооцооны төвийн байрны хамгаалалтын сараалж төмрийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж мөнгө хадгалдаг сейф дотор байсан 40967662 төгрөг хулгайд алдагдсан гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад улмаар 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Ж.Д, мөн оны 8 дугаар сарын 22-ны өдөр Т.С, Т.Н бид нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах, цагдан хорих байранд хорьсон бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ж.Д, Т.Н бид хоёрыг хорих анги дамжуулан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид шилжүүлэн үндэслэлгүй хорьж мөрдсөн ноцтой асуудал болсон билээ.

     Ийнхүү бид нарыг уг хэрэгт холбогдуулан 2 жил гаруй хугацаанд мөрдөн шалгасан боловч нотлогдоогүй тул Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/65, 5/66 тоот хяналтын прокурорын тогтоолоор эрүүгийн 201404000191 тоот хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

     Бид хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас 1 жил 4 сар хилс хэрэгт холбогдуулан шалгагдаж, удаан хугацаагаар үндэслэлгүй хоригдсон, эрүүл мэнд, эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол амсаж нутгийн ард түмний дунд хулгайч хэмээх муу нэртэй болж нэр төр, алдар хүндээрээ хохирсон билээ.

     Энэ хугацаанд бидэнд учруулсан эд хөрөнгийн шууд болон шууд бус зардал, сэтгэл санааны үр дагавар, орох байсан орлого, амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, байцаан шийтгэх ажиллагааны зардал, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болон эрүүгийн хэрэгт холбогдон гарсан бусад зардлыг тодруулбал:

     1. Хүсэлт гаргагч Ж.Д.

     Ж.Д би хилс хэрэгт татагдаж үндэслэлгүй хоригдсон, хуулийн байгууллагуудад шалгагдсан хугацаанд дараах байдлаар эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол хүлээсэн болно. Үүнд: -Миний бие У сумын төвдөө үйлчилгээний зориулалттай С төвийг ажиллуулдаг  ба  намайг  гэмт хэрэгт  татаж  цагдан  хорьсон  хугацаанд амьжиргааны маань үндсэн эх үүсвэр болж байсан уг үйлчилгээний төвийн үйл ажиллагаа бүрэн зогсож орох байсан 9 сарын орлого ороогүйн улмаас би 17550000 төгрөгөөр хохирсон бөгөөд энэ нь С үйлчилгээний төвд хуримын баяраа тэмдэглэсэн сумын иргэдийн   гарын баримт, татварын Улсын байцаагчийн тодорхойлолт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /нэг сарын орлого-1950000 төгрөгийг 9 сараар үржүүлэхэд 17550000 төгрөг болж байна/

     -Намайг хорих 461 дүгээр ангид шилжүүлэн хорьсон үед 80000 төгрөг хураасан. Мөн төрсөн эгч болох Ж.Г бидний араас Улаанбаатар хотод очиж хууль зүйн туслалцаа үзүүлэх газарт хандаж зөвлөгөө авах, өмгөөлөгч сонгон авах, цагдан хорих, баривчлах төв байрт ирж бидэнд уулзах, хоол хүнс оруулах зэрэг туслалцаа үзүүлж байсан ба үүнтэй холбогдуулан орон байрны хөлсөнд 500000 төгрөг, замын зардалд 310000 төгрөг, нийт 890000 төгрөгийн эд хөрөнгийн алдагдал гарсан юм.

     - Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэр төр, алдар хүнд буюу сэтгэл санааны үр дагаварт учруулсан хохиролд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хуульд заасан журмын дагуу болон надад сонсгосон ялын төрөл хэлбэр, хэр хэмжээ, гэмт хэргийн ангилал, үндэслэлгүй цагдан хорьсон, хорих анги дамжуулсан байдал зэргийг харгалзан 25000000 төгрөгийг хүсэж байна.

     - Мөн 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 30-ны хүртэл хоригдсон 90 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлэн тооцоход 17298000 төгрөгийг төрийн сангаас гаргуулах.

     -  Хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгч Б.Манлайжавт төлсөн 5000000 төгрөгийг гэр   бүлийн гишүүдийн тэтгэврийн болон цалингийн зээлээр төлсөн ба зээлийн хүү 3346745 төгрөг, нийт 8346745 төгрөг. Нотариатын үйлчилгээний хөлс 11000 төгрөг.

     - Мөн дээрх хулгайн гэмт хэрэг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсны дараа уг үйлдэлтэй холбогдуулан Ж.Д намайг Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасан  Албан  тушаалтан  албан  үүрэгтээ  хайнга  хандах гэмт хэргийн яллагдагчаар татан шалгасан боловч надад холбогдох эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай цагаатгах тогтоолоор бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгасан юм. Харин анхан шатны шүүхийн тогтоолд бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу надад холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 03 тоот магадлалаар анхан шатны шүүхийн 24 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 03 тоот магадлал одоо хүчин төгөлдөр болсон байгаа.

     Ж.Д намайг Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчаар татахдаа Nokia маркийн 150000 төгрөгийн үнэ бүхий гар утас /тухайн үед эдийн засгийн шинжээч 150000 төгрөгөөр үнэлсэн болно/-ыг эд мөрийн баримтаар хурааж авсан ба уг гар утсыг надад өгөөгүй тул үнийг нэхэмжилж байна. Мөн хууль бусаар эрүүгийн хэргийн яллагдагчаар татагдсан, анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн нээлттэй шүүх хуралдаанд шүүгдэгчийн сандалд сууж, нэр төр, алдар хүнд, сэтгэл санаагаар хохирсон сэтгэл санааны үр дагаварт 2000000 төгрөг гаргуулах хүсэлт гаргаж байна.

     Иймд хууль бус ажиллагааны улмаас надад учруулсан нийт хохирол 72252745 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгөхийг хүсч байна.

     2. Хүсэлт гаргагч Т.С.

     Т.С надад хууль бус ажиллагааны улмаас 43331260 төгрөгийн бодит хохирол учруулсан ба үүнийг дараах байдлаар тайлбарлаж байна.

     - Хилс хэрэгт холбогдож 2014 оны 9, 10, 11 дүгээр сард үндсэн ажлаа хийгээгүй учир нэг сарын үндсэн цалин 588815 төгрөгийг 3 сараар үржүүлэн тооцоход 1766445 төгрөг,

     - Хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгч Х.Зт 300000 төгрөг, С.Сэд 300000 төгрөг бүгд 600000 төгрөг төлсөн,

     -  2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хоригдсон 80 хоногт нэг хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /192200 төгрөгөөр тооцож 15376000 төгрөг/,

     - Сэтгэл санааны үр дагаварт учруулсан хохиролд 25000000 төгрөг нэхэмжилж байна.

     Иймд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас надад учруулсан хохиролд бүгд 43331260 төгрөгийг шүүхийн журмаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулан надад олгуулж өгөхийг хүсч байна.

     3. Хүсэлт гаргагч: Т.Н.

     Т.Н би хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны   улмаас  39091500 төгрөгийн бодит хохирол хүлээсэн ба үүнийг дараах байдлаар тайлбарлаж байна, Үүнд: - Миний бие У сумын "Билүү хөгжил" хадгаламж зээлийн хоршооны нягтлан бодогчоор ажиллаж байгаа бөгөөд сарын үндсэн цалин 562500 төгрөг орох байсан 3 сарын 1687500 төгрөгийг хилс хэрэгт холбогдон үндэслэлгүй хоригдсоны улмаас аваагүй.

     - Сэтгэл санааны үр дагаварт учруулсан хохирол 25000000 төгрөг.

     - Хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгч Х.Зд 300000 төгрөг, С.Сэд 200000 төгрөг төлсөн.

     -  2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  хүртэл  үндэслэлгүй  хоригдсон   62  хоногийг  хөдөлмөрийн  хөлсний  доод хэмжээгээр үржүүлэн тооцоход 11904000 төгрөг болж байна.

     Иймд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас надад учруулсан нийт 39091500 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгөхийг хүсье.

     Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.1, 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1.1, 390.1.5, 390.2, 391 дүгээр зүйл, 396 дугаар зүйлийн 396.1, 396.8, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг тус тус үндэслэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирогч Ж.Д, Т.С, Т.Н  бидэнд учруулсан нийт хохирол 154675500  төгрөгөөс  72252745 төгрөгийг хүсэлт гаргагчЖ.Д, 43331260 төгрөгийг нэхэмжлэгч Т.С, 39091500 төгрөгийг нэхэмжлэгч Т.Н бидэнд Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгож, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч Ж.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие хилс хэргээр хоригдсон хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнд сэтгэл санааны хохиролд 25 сая төгрөг нэхэмжилсэн Үүнд нэмээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шалгагдсаны улмаас учирсан хохиролд 2 сая төгрөг гээд нийтдээ сэтгэл санааны хохиролд 27 сая төгрөг нэхэмжилж байна. Мөн цагдан хоригдсон нэг хоногийг 192000 төгрөгөөр үржүүлж 17298000 төгрөг нэхэмжилж байна. Өмгөөлөгчид төлсөн 5 сая төгрөгийн хөлсийг нэхэмжилж байна. Эгч маань Улаанбаатар хотод очиж байр түрээсэлсэн, мөн бид нарт хууль зүйн туслалцаа үзүүлэхэд гарсан зардал 310 000 төгрөг, байрны хөлс 500000 төгрөг, нийтдээ 890000 төгрөг нэхэж байгаа. С үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой 17550000 нэхэмжилж байна.

Намайг хоригдож байх хугацаанд миний цалингийн үлдэгдэл 6554522 төгрөг байсан. 2 жилийн хугацаанд зээлийн хүүд 1666802 төгрөг гарсан. Ингээд нийтдээ 72762547 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэв.

     Нэхэмжлэгч Т.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа:  Би үндэслэлгүй хоригдсоны хохирлоо нэхэмжилж байгаа. Үүнд 9, 10, 11 дүгээр сарын 3 сарын цалин 1766445 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгч К.Зт 300000 төгрөг, өмгөөлөгч Я.Сэд тус тус 300000 төгрөг төлсөн. 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хорих ангид 80 хоног хоригдсон. Нэг хоногийг 192000 төгрөгөөр тооцоод 15376000 төгрөг нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны үр дагаварт учруулсан хохиролд 25 сая төгрөг нэхэмжилсэн. Нийтдээ 42742445 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэв. 

     Нэхэмжлэгч Т.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Билүү хөгжил хадгаламж зээлийн хоршоонд ажиллаж байх үеийн 3 сарын цалин болох 1687500 төгрөг, сэтгэл санааны үр дагаварт учруулсан хохиролд 25 сая төгрөг, Хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгч К.Зт 300000 төгрөг, өмгөөлөгч Я.Сэд тус тус 200000 төгрөг нэхэмжилсэн. Мөн үндэслэлгүйгээр 62 хоног хоригдсон. Хоригдсон нэг өдрийг 192000 төгрөгөөр бодож 11904000  төгрөг нэхэмжилсэн. Бүгд 39091500 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэв. 

     Төрийг төлөөлөн оролцсон Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Төрийг төлөөлж оролцож буй прокурор: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор би Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар төрийг төлөөлж иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. 

     Нэхэмжлэгч Ж.Д, Т.С, Т.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдан шалгагдаж, улмаар цагдан хоригдож байх үед тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 153079690 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч Ж.Д нь 72252745 төгрөг нэхэмжилсэн байсан. Сүүлд нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 1666802 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын тус бүрийг авч үзвэл хэрэгт холбогдон шалгагдаж хохирсны улмаас С үйлчилгээний төвийг 9 сар ажиллуулж чадаагүй, нэг сард 1950000 төгрөгийн орлого, үүнийг 9 сараар үржүүлээд 17550000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг төрөөс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь С үйлчилгээний төв нь сард 1950000 төгрөгийн ашигтай ажилладаг байсан талаар ямар нэгэн баримт байхгүй байна. Ашгийн болон орлогын албан татварын тайланд татвар төлсөн талаарх баримт байхгүй. С үйлчилгээний төв нь 2014 оны 6 дугаар сарын 20-нд ашиглалтад орсон байдаг. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байгаа эсэх, Ж.Д өөрөө эрхлэн явуулдаг эсэх нь тодорхойгүй байна. Энэ дээр сүүлд нэмж нотлох баримтууд цуглуулсан байдаг. Үүнд татвар төлсөн баримтууд байгаа. Энд үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын татвар, торгууль хураасан тасалбар гэсэн баримтууд байна. Энэ бүгдээрээ 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлөгдсөн байна. Үүнийг С үйлчилгээний төвийн орлогын татварын тайлан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл эдгээр нь татвар биш хураамжууд юм байна. Хорих 461 дүгээр ангид шилжүүлэн хорих үед 80000 төгрөг хураасныг нэхэмжилсэн байдаг. Хэрэгт байгаа 80000 төгрөг хураасан гэх баримт бол тасалбар байгаа боловч хорих ангийн тамга тэмдэг дарагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас гаргуулах боломжгүй гэж үзэж байна. 

     Мөн Г гэдэг эгч нь Улаанбаатар хотод очиход гарсан зардал болох 890000 төгрөг нэхэмжилсэн мөн адилхан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул гаргуулах боломжгүй байна. Цагдан хоригдсон хоногийг 192000 төгрөгөөр тооцож  17298000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Энэ 3 сарын хугацаанд Ж.Д нь ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй байдаг. Ийм учраас 3 сарын хөдөлмөрийн хөлсийг олгох нь зүйтэй. Өмгөөлөгчид төлсөн 5 сая төгрөг нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул гаргуулах нь зүйтэй байна. Сэтгэл санааны хохиролд 25 сая төгрөг нэхэмжилж байдаг. Сүүлд нь үүн дээр нэмээд 2 сая төгрөг, нийтдээ 27 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь нэгэнт хүнд гэмт хэрэгт мөрдөгдөж шалгагдаж шүүхээс цагаатгагдсан. Ийм учраас нэхэмжлэгчийн цагдан хоригдсон хоног бол энэ сэтгэл санааны хохиролд багтах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас энэ дээр шүүх дотоод итгэлээр үнэлж сэтгэл санааны хохиролд тодорхой хэмжээгээр гаргаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. 

     Нэхэмжлэгч Т.С нь хууль бус үйл ажиллагааны улмаас 43331260 төгрөг нэхэмжилсэн байдаг. Үүнд хилс хэрэгт шалгагдсаны улмаас 3 сар үндсэн ажлаа хийгээгүй. Нэг сарын үнсэн цалин нь 588815 төгрөг байгаа. Уг 3 сарын цалин болох 1766445 төгрөгийг гаргуулж Ст олгох нь зүйтэй байна. Хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгч К.Зт 300000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байгаа тул гаргуулах нь зүйтэй. Харин өмгөөлөгч Я.Сэд төлсөн 300 төгрөг төлсөн нь нотлогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл гэрээ байгаа боловч төлсөн баримт байхгүй. Цагдан хоригдсон хоног тутамд 192000 төгрөгөөр тооцож 1537600 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Цагдан хоригдсон хугацаанд олох байсан орлогоо 3 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гаргаж өгч байгаа учраас гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Сэтгэл санааны хохиролд 25 сая төгрөг нэхэмжилснийг шүүх Ды нэгэн адил шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Цагдан хоригдсон, хэрэгт шалгагдсан асуудлуудыг нэгтгэн үзэж хохирлыг тодорхой хэмжээгээр гаргаж өгөх нь зүйтэй. 

     Н нь 39091500 төгрөг нэхэмжилсэн байна. Билүү хөгжил хадгаламж зээлийн хоршоонд нягтлан бодогчоор сар нь 562500 төгрөгийн цалинтай ажиллаж байсан гэсэн. Энэ нь сүүлд цуглуулж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас гаргуулах нь зүйтэй. Сэтгэл санааны хохиролд 25 сая төгрөг нэхэмжилснийг бусад нэхэмжлэгч нарын адил шийдэх нь зүйтэй. Хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгч К.Зт 300000 төгрөг төлсөн нь тогтоогдож байгаа тул гаргуулах нь зүйтэй. Харин өмгөөлөгч Я.Сэд төлсөн 300 000 төгрөг нь тогтоогдохгүй байгаа. Мөн цагдан хоригдсон хоногийг 192 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Энэ мөнгийг сэтгэл санааны хохирлоор тооцох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

     Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Ж.Д, Т.С, Т.Н нар нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол нийт 154675500 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгөхийг шаардсан байна. Үүнд: 

Нэхэмжлэгч Ж.Д нь С үйлчилгээний төвөөс олох байсан орлого 17550000 төгрөг, эгч болох Ж.Гы бидэнд туслах ажлаар очихдоо гаргасан зардал 890000 төгрөг, сэтгэл санааны хохирол 27500000т төгрөг, цагдан хоригдсон 90 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 17298000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 5000000 төгрөг, зээлийн хүү 3346745 төгрөг, нотариатын хөлс 11000 төгрөг, гар утас 150000 төгрөг, нийт 72252745 төгрөгийг

Нэхэмжлэгч Т.С нь хэрэгт холбогдсоноос 2014 оны 9, 10, 11 дүгээр саруудад ажилгүй байсны цалин1766445төгрөг, хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгч Х.З төлсөн 300000 төгрөг, өмгөөлөгч Сэд төлсөн 300000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хоригдсон 80 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож  15376000 төгрөг, сэтгэл санааны хохирол 25000000 төгрөг, нийт 43331260 төгрөгийг,

Нэхэмжлэгч Т.Н нь хэрэгт холбогдох үед Билүү хөгжил хадгаламж зээлийн хоршоонд нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд 3 сарын цалин 1687500 төгрөг, Сэтгэл санааны хохиролд 25000000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад өмггөөөгид өлсөн 500000 төгрөг, үндэслэлгүйгээр 62 хоног хоригдсон. Хоригдсон нэг өдрийг 192000 төгрөгөөр бодож 11904000  төгрөг нэхэмжилсэн. Бүгд 39091500 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 201404000191 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор У сум дахь Хаан банкны тооцооны төвд хулгай орж 40967662 төгрөг хулгайлагдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн ба уг хэрэгт Жы Д, Тий С, Тий Н нарыг сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан бөгөөд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/66 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Т.С, Т.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэг холбогдуулан шалган нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг  хэрэгсэхгүй  болгосон байна. 

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоолоор Ж овогтой Дд урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт  заасан ял сонсгосныг хүчингүй болгож, шинээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан ялыг сонсгосон байна. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/65 дугаартай тогтоолоор Жы Дыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагчаар татан шалгасан боловч хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байна гэж дурдаж, Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2-т заасан үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгожээ. Мөн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаартай яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 2072.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс хэргийг хэлэлцээд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай цагаатгах тогтоолоор Прокурорын газраас Жы Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 ахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.Дыг цагаатгасан байна.

Дээрх байдлаас үзэхэд Ж.Д, Т.С, Т.Н нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2..2, 389.2.3-т зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх үүссэн байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-д хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж, шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө,  шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан торгууль, иргэнээр төлүүлсэн байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардал,  хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэрэг эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө гэж заасан байна. 

Нэхэмжлэгч Ж.Д нь олох байсан орлого 17550000 төгрөг нэхэмжилсэн боловч С үйлчилгээний төвөөс сард 1950000 төгрөгийн орлого олж байсан нь тогтоохгүй байна гэж үзлээ. Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн У сумын татварын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өрийн албан бичиг, У сумын С хуримын ордноос олгосон гэрчилгээ,  С  хуримын  ордонд  хурим хийсэн хүмүүсийн тодорхойлолт, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн газрын төлбөр төлсөн баримт, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн татвар төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч энэхүү нотлох баримтууд нь С үйлчилгээний төв нь сард 1950000 төгрөгийн ашигтай ажиллаж байсныг нотлох шууд нотлох баримт биш болно. 

Нэхэмжлэгч Ж.Д нь төрсөн эгч болох Ж.Г нь бидний араас Улаанбаатар хотод ирж хууль зүйн туслалцаа үзүүлэх  газарт хандаж, өмгөөлөгч сонгон авах, цагдан хорих, баривчлах байранд ирж бидэнтэй уулзах, хоол хүнс оруулах зэргээр туслалцаа үзүүлсэн ба үүнтэй холбогдон гарсан зардал 890000 төгрөг, өмгөөлөгчид 5000000 төгрөг төлөхдөө банкны зээлээр төлсөн ба зээлийн хүүд 3346745 төгрөг  гаргуулахыг тус тус  хүссэн боловч энэхүү зардал нь Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-д заасан нөхөн төлүүлэх хохиролд хамаарахгүй тул гаргуулах үндэслэлгүй болно. 

Нэхэмжлэгч Ж.Даас энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 90 хоногийг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлэн 17298000 төгрөг, нэхэмжлэгч Т.Саас энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 80 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээгээр  тооцож 15376000 төгрөг, нэхэмжлэгч Т.Нээс энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 62 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 11904000 төгрөг гаргуулахыг хүссэн боловч хуулинд цагдан хоригдсон нэг хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирол гаргуулах тухай зохицуулалт байхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно гэж заасан боловч Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Ж.Даас хэрэгт шалгагдах үед хурааж авсан  Нокиа маркийн гар утасны үнэ 150000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхэд нэхэмжлэл ирсний дараа Цагдаагийн газраас тухай гар утсыг хүлээлгэж өгсөн тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Ж.Д нь тухай хэрэгт шалгагдсан үед хууль зүйн туслалцаа авахад 5000000 төгрөг төлсөн болох нь өмгөөлөгч Манлайжавтай 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Манлайжавт 4000000 төгрөг төлсөн тухай орлогын мэдүүлэг, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1000000 төгрөг төлсөн тухай 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дугаартай тасалбар, нэхэмжлэгч Т.С нь өмгөөллийн хөлсөн 300000 төгрөг төлсөн болох нь төрийн банкны 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орлогын мэдүүлэг, Нэхэмжлэгч Т.Н нь өмгөөллийн хөлсөн 300000 төгрөг төлсөн болох нь төрийн банкны 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул гаргуулах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч С, Н нараас өмгөөлөгч Я.Сэд өмгөөллийн хөлсөн 500000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлогдохгүй байна. Өмгөөллийн гэрээнд 500000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч уг мөнгийг төлсөн тухай баримтгүй болно. 

Тий Н нь гэмт хэрэг холбогдох үед У сумын Билүү хөгжил Хадгаламж зээлийн хоршоонд нягтлан бодогчоор ажиллаж байсан ба энэ хэргийн учир цагдан хоригдсон болон шалгагдах хугацаанд 2016 оны 9, 10, 11 дүгээр сарын цалинг аваагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон, нийгмийн даатгалын дэвтэр, Билүү хөгжил  ХЗХоршооны гүйцэтгэх захирал Ж.Жанеркегийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүний 3 сарын цалин болох 1687500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.см

Т.С нь гэмт хэрэгт холбогдох үед Баян-Өлгий аймгийн У сумын  Зайсановын нэрэмжит ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд багшаар ажиллаж байсан бөгөөд гэмт хэрэгт холбогдсоноос 2016 оны 09, 10, 11 дүгээр саруудад ажиллаагүй болох нь сургуулийн захирлын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул энэхүү саруудын цалин 1766445 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Ж.Д нь сэтгэл санааны хохиролд 27500000  төгрөг, Т.С, Т.Н нар тус бүр 25000000 төгрөг гаргуулж өгөхийг шаарджээ.  

Нэхэмжлэгч Ж.Д, Т.С, Т.Н нарыг Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдуулсан, Ж.Д нь энэ хэргийн улмаас 1 жил 8 сарын хугацаанд шалгагдсан, Т.С, Т.Н нар нь энэ хэргийн улмаас 1 жил 4 сарын хугацаанд шалгагдсан, энэ хэргийн улмаас цагдан хорьж улмаар өөр хорих ангид шилжүүлэн хорьсон, хэргийн болон тухайн иргэний талаар олон нийтэд түгсэн байдал зэргийг харгалзан   нэхэмжлэгч нарын тус бүрт сэтгэл санааны хохиролд 20000000 төгрөг гаргуулан олгох үндэслэлтэй гэж үзлээ. 

Иймд Загийн газрын нөөц сангаас Ж.Дд Сэтгэл санааны хохиролд 20000000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 5000000 төгрөг, нийт 25000000 төгрөгийг , Т.Ст сэтгэл санааны хохиролд 20000000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 300000 төгрөг, хэрэгт шалгагдах хугацаанд аваагүй цалин хөлс 1766445 төгрөг, нийт 22066445 төгрөгийг, Т.Нт сэтгэл санааны хохирол 20000000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 300000 төгрөг, хэрэгт шалгагдах хугацаанд аваагүй цалин хөлс 1687500 төгрөг, нийт 21987500 төгрөгийг гаргуулан тус тус олгож, Ж.Ды илүү нэхэмжилсэн 47252745 төгрөгийг, Т.Сын илүү нэхэмжилсэн 21264815 төгрөгийг, Т.Нийн илүү нэхэмжилсэн 17104000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.2.2, 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1.1, 390.1.5, 391 дүгээр зүйлийн 391.1.1,  397 дугаар зүйлийн 397.1-д заасныг тус тус баримтлан Засгийн газрын нөөц сангаас Жы Дд 25000000 төгрөг, Тий Ст 22066445 төгрөг, Тий Нт 21987500 төгрөгийг тус тус гаргуулан олгож, Ж.Ды илүү нэхэмжилсэн 47252745 төгрөгийг, Т.Сын илүү нэхэмжилсэн 21264815 төгрөгийг, Т.Нийн илүү нэхэмжилсэн 17104000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Х.МЕЙРАМБЕК