Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2016/00688

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух, Б овогт Аын Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуульд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг шаарджээ.

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 62 дугаар тушаалаар сургалтын менежер А.Б надад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Нэгдүгээрт шийдвэрт хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын чухам аль заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний аль заалтыг зөрчсөнийг тодорхойлоогүй.

Хоёрдугаарт хичээлийн цагийн хуваарьтай холбоотой зүйлийг зөрчил мэтээр тушаалд тайлбарлан бичсэн байна. Миний бие тус сургуульд сургалтын менежерээр 17 дахь жилдээ ажиллаж байна. Жил болгон багш нарын хичээлийн хуваарьт цагийн төслийг бэлдэж түүнийг сургуулийн захиралд танилцуулдаг бөгөөд сургуулийн захирал нягтлан эцсийн байдлаар батлан мөрдүүлдэг байсан.

Би сургуулийн хичээлийн цагийн төслийн хуваарийг бэлдэж танилцуулсан бөгөөд төслийг буруу бэлдсэн гэж хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй юм. Учир нь хичээлийн хуваарийн төсөл нь эцсийн бичиг баримт биш бөгөөд хууль зүйн үр дагаваргүй асуудалд хариуцлага ногдуулах ёсгүй. Харин төсөл эцсийн байдлаар мөрдөгдөж хичээлийн хуваарийн зөрчил үүссэн бол өөр хэрэг юм. Иймд үндэслэлгүй хариуцлага ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал Ж.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал ажилтай миний бие нэхэмжлэгч Ц сумын бүрэн дунд сургуулийн сургалтын менежер ажилтай Аын Бы сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн өргөдөлд танилцаж энэхүү тайлбарыг гаргаж байна.

Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 62 дугаар тушаал дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд; 1. А.Бы гомдолд Хичээлийн цагийн хуваарьтай холбоотой зүйлийг зөрчил мэтээр тушаалд тайлбарлан бичсэн байна, мөн цагийн төслийг бэлдэж танилцуулсан бөгөөд хичээлийн хуваарийн төсөл нь эцсийн бичиг баримт биш бөгөөд хууль зүйн үр дагаваргүй асуудалд хариуцлага ногдуулах ёсгүй гэж дурдсан байна. Энэ нь А.Б менежерийн өөрийн үүрэгт ажлын хариуцлага хэр зэрэг байгааг одоо хүртэл мэдэхгүй явж буйг харуулж байна. Хичээлийн хуваарийн төсөл нь тухайн хичээлийн жилд сайдын батлан гаргасан төлөвлөгөөнд үндэслэн маш сайн зохион байгуулалттай, зөв хуваарилалттай хийгдэж, хичээлийн хуваарьт тусгагдан тухайн сургуулийн тухайн хичээлийн жилд орох багшийн орон тоо, орох цаг, анги бүлгийг тодорхойлж, цалин хөлс, төсөвт нь тусгагдаж хүний амьдрал шийдэгдэх ёстой том хариуцлагатай зүйлийг зүгээр орхиж болохгүй шүү дээ.

2. Ц сумын Бүрэн дунд сургуулийн сургалтын менежер ажилтай Б нь Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Сургалтын төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай А/*** дугаар тушаалд заасан журмын дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн Хичээлийн хуваарь -ийг боловсруулж гаргах ёстой байтал 2013 онд батлагдан мөрдөгдөж байсан Сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн батлах тухай БСШУ-ны сайдын А/313 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмыг үндэслэж Хичээлийн хуваарь гаргаснаас болж сургалтын төлөвлөгөөнөөс хасагдсан Эрүүл мэнд-ийн хичээлийг 10-12 дугаар ангийн хичээлийн хуваарьт оруулж, тухайн анги бүлгүүдэд хууль бус гаргасан хичээлийн хуваарийн дагуу хичээлийн жилийн эхний долоо хоногийн ажлын 5 хоногт эрүүл мэндийн хичээл үндэслэлгүй заагдаж байсан юм.

Үүнээс болж хичээлийн 7 хоногийн өдрийн цагийн ачаалал Хос хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулийн төлөвлөгөө-гбаталсан БСУГ-ын даргын 2016 оны 37 дугаар тушаалаар баталсан журамд заасан 7,2 цагаас хэтэрч, ачаалал 8.2 цаг болж стандарт хэмжээнээс даруй 1,2 цагаар ачаалал нэмэгдэж, тогтоосон журам зөрчигдсөн. Мөн тухайн Эрүүл мэнд хичээлийг оруулснаас болж тухайн 7 хоногт хичээлийн хуваарийн дагуу орвол зохих хуваарьт хичээлүүд ороогүйгээс болж дараагийн 7 хоногуудын сургалтын ачаалалд сөргөөр нөлөөлж, хичээлийн ачааллыг эрс нэмэгдүүлж, стандарт ачаалал зүй бус нэмэгдэж, хор уршиг бодитой буй болсон юм.

Энэ нь Бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Бы үүрэгт ажилд хариуцлагагүй хандсан, байгууллагын дотоод журмын холбогдох заалт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гарсан Хөдөлмөрийн сахилгын зөрчилмөн болно.

3.Сургалтын менежер А.Б, Д.К нар нь 2016-2017 оны хичээлийн жилийн Хичээлийн хуваарь-ийг боловсруулж гаргахдаа заагдвал зохих зарим хичээлийг зарим анги бүлэгт дутуу, зарим анги бүлэгт илүү хуваарилан оруулснаас болж БСШУЯ-ны сайдын 2015 оны А/*** дугаар тушаалаар батлагдсан Дунд ангийн сургалтын төлөвлөгөө, Хос хэл дээр сургалт явуулдаг сургуулийн дунд ангид мөрдөх сургалтын төлөвлөгөөг баталсан аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 39 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмуудыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасан. Үүнээс болж тухайн хичээлүүд Ц сумын Бүрэн дунд сургуулийн сургалтын менежер ажилтай А.Б, Д.К нарт хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ тооцсон захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 61, 62 дугаар тушаалуудын үндэслэх хэсэгт заагдсан нэр, хаяг бүхий ангиудад огт заагдаагүй хоцорсон, зарим ангид илүү цагаар орсон юм. Эдгээр зөрчлүүд нь Ц сумын Бүрэн дунд сургуулийн сургалтын менежер ажилтай А.Б, Д.К нарын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтын Б хэсэг Чиг үүргийн 2 дахь заалтын 2.1-д заасныг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 2 дахь хэсэгт байгаа Гэрээний гол нөхцөл заалтуудын Холбогдох бүх хичээлүүдийн сургалтыг биечлэн хариуцаж, харилцааг зохицуулан зохион байгуулан гэсэн заалт, мөн 1 дүгээр ээлжийн хичээлийн хуваарийг биечлэн хариуцана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд зөрчил тус бүр нь өөрсдийн боловсруулж гаргасан Хичээлийн хуваарь-аар батлан тогтоогдсон байгаа болно.

Нэгэнт Бүрэн дунд сургуулийн сургалтын менежер ажилтай А.Б, Д.К нарт гаргасан зөрчлийн хэр хэмжээнд тохирсон Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд заасан Сахилгын шийтгэл ногдуулсан байгаа тул сахилгын шийтгэл үндэслэлтэй гэж үзнэ. Сургалтын менежерүүд цалин хөлсөө бүрэн бүтэн авсан, эдийн засагт ямар ч хохирол учруулаагүй. Гомдол гаргагч А.Б, Д.К нар нь он удаан жил тухайн үүрэгт ажил гүйцэтгэж явахад урсгалаар явж ирсэн, хөдөлмөрийн дотоод журам, ажил байдлын тодорхойлолтод заасан чиг үүргийг болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан горим журмыг биелүүлэлгүй ирсэн уламжлалыг дагаж, сануулах арга хэмжээг хуулийн хүрээнд ногдуулсныг эмзэг хүлээж авсан байна. Харин энэхүү дутагдалд дүгнэлт хийж, ажлыг хуулийн хүрээнд явуулж, сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах талаар санаачлагатай ажиллахыг хүсэж байна. Иймд А.Бы гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсьө гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус сургуулийн менежер ажилтай А.Бд захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131,1, 131.1.1-д заасны дагуу Сахилгын шийтгэл ногдуулж сануулах арга хэмжээ авсан билээ.

Гэтэл сургалтын менежер А.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 81 дүгээр тушаалаар Сургалтын менежерийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас урьд авсан сахилгын арга хэмжээний ач холбогдол алдсан тул, гомдол гаргагч А.Бы гомдлын шаардлагыг хариуцагч Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал зөвшөөрч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал Ж.А миний бие гомдлын шаардлагыг зөвшөөрөн хүлээсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

А.Бы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал Ж.А нь нэхэмжлэгч А.Бы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал Ж.А нь нэхэмжлэгч А.Бд ногдуулсан тус сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч А.Бд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал Ж.А нь нэхэмжлэгч А.Бд ногдуулсан тус сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч А.Бд буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал Ж.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК