Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2016/00689

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух, С овогт Мын Жийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч М.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 09-р сарын 16-ны өдрийн 61 дүгээр тушаалаар сургалтын менежер Ж надад Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1 дэх хэсэг болон байгууллагын дотоод журамд заасан эрх үүргээ хэтрүүлэн ашиглан багш нарт дур мэдэн чөлөө олгосон гэж шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие уг тушаалд дурдсан Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журамд заасан эрх үүргээ хэтрүүлэн ашиглаагүй, багш нарт дур мэдэн чөлөө олгоогүй болно. Тухайлбал: 1. Багш Х.А 2016-2017 оны хичээлийн жил эхлээгүй байхад 8-р сарын 21-нд Улаанбаатарт бага насны хүүхдээ эмчлүүлэх болсноо тухайн үед захирлаар ажиллаж байсан С.Жархынгүлд мэдэгдсэн. Багш Х.А нь Улсын гэмтэл согогын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай эмнэлгийн магадалгааны хуудастай. Уг хуудсыг нотариатаар батлуулсан хуулбар, багшийн өөрийн өгсөн мэдүүлгийг хавсаргав.

2. Багш Б.Л нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ой хүрээгүй хүүхдээ хэвтэн эмчлүүлэхээр түргэн тусламжийн машинаар аймагт хүргэгдсэн тухай утсаар мэдэгдсэн. Захирал Ж.Ад мөн мэдэгдсэн байна. Багш Б.Л 09-р сарын 12-ноос 19-ний өдөр хүртэлх эмнэлгийн магадалгааны хуудастай. Багшийн мэдүүлэг болон эмнэлгийн магадалгааны хуудсыг хавсаргав. Багш Х.А, Б.Л нар нь өвчин зовлон тохиолдож бага насны хүүхдээ эмчлүүлсэн тул Хөдөлмөрийн хууль болон бусад хууль, журмын дагуу ажлаас чөлөөлөгдөх эрхтэй. Байгууллагын дотоод журамд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахдаа уг журмын 12-т зааснаар хоёр удаа амаар сануулж, удирдлагын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Надад урьд өмнө огт сануулаагүй, удирдлагын зөвлөлөөр хэлэлцээгүй, шууд тушаал гаргаж байгууллагын дотоод журмын 10.4.1 дэх заалтыг үндэслэв гэж огт холбогдолгүй заалт хэрэглэн сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сургуулийн захиралд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй. Иймд надад үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Ж.Агийн 2016 оны 09-р сарын 16-ны өдрийн 61 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье. Миний уг тушаалыг 2016 оны 09-р сарын 19-ний өдөр хүлээн авсан болно гэжээ.

Хариуцагч Ц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн Захирал ажилтай Ж.А миний бие тус сургуулийн менежер ажилтай М.Ж Захиралын 2016 оны 09-р сарын 16-ны өдрийн 61-тоот тушаалаар, байгууллагын дотоод журмын 10.4.1-дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн, 131.1.1-д заасны дагуу "Сахилгын шийтгэл ногдуулж" сануулах арга хэмжээ авсан билээ. Гэтэл Сургалтын менежер М.Ж нь 2016 оны 11-р сарын 10-ны өдрийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын 82-р тушаалаар "Сургалтын менежерийн үүрэгт ажлаас" өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас урьд авсан сахилгын арга хэмжээний ач холбогдол алдсан тул, гомдол гаргагч М.Жийн гомдлын шаардлагыг хариуцагч Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал зөвшөөрч байна. ИХШХШ-х тухай хуулийн 74-р зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А миний бие гомдлын шаардлагыг зөвшөөрөн хүлээсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Жийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралд холбогдох Ц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгохоор болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч М.Жийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралд холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ж шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар хариуцагч Ц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал нь М.Жийн нэхэмжлэлийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгохоор болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН