| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1356/Э |
| Дугаар | 1358 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 1358
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Б.Энхбат, шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж овгийн Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04939 1561 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж овгийн Э.П, Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, эмэгтэй, 25 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эх, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 30 дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.П нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо *** тоотод иргэн Л.Э-гийн өмчлөлийн монет бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 640,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ж овгийн Э.П 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 30 дугаар гудамжны *** тоотод хохирогч Л.Э-гийн өмчлөлийн монет бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж, бусдад 640,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Э.П-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Иргэн Л.Э-гаас 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...монет бөгж хулгайд алдсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2-4 дүгээр хуудас);
3. Хохирогч Л.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо *** тоот хашаанд монгол гэрт гэр бүлийн хамтаар амьдардаг....2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед П-г утсаар дуудаж гэртээ авчирсан. П манай гэрт ирээд миний биед бариа, засал хийж байхдаа баруун гарын ядам хуруунд байгаа монет бөгжөө тайлчих гэж хэлсэн. Би тайлаад өгтөл дэрний чинь доор хийлээ шүү гэж хэлсэн. Бариагаа дуусчхаад П манай гэрээс явсан. Би 10 орчим минут хэвтэж байгаад босоод дэрэн доороос бөгжөө үзтэл байхгүй байхаар нь П-ийн утас руу залгатал холбогдохгүй байхаар нь ээж Галаа руу нь залгатал П хүүхдээ усанд оруулж байна гэж хэлсэн. Би бөгжөө асуутал надад байхгүй, та гэртээ хай гээд байсан. Би гэртээ хайгаад байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь П цагдаа нарт бөгж өгчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-16 дугаар хуудас);
4. “...Э.П нь хулгайлсан бөгжөө Сонгинохайрхан 26 дугаар хороо, Алтан-Овооны *** тоот хашаанд байрлах амбаарын доогуур нуусан байв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 5 дугаар хуудас);
5. Хулгайд алдагдсан гэх монет бөгжийг Э.П-гээс хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 6 дугаар хуудас), хураан авсан монет бөгжийг хохирогч Л.Э-д хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 11 дүгээр хуудас);
6. Хулгайд алдагдсан гэх 5.4 граммтай хоёр талаараа цагаан шигтгээтэй монет бөгжийг 640,000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 1193 дугаартай дүгнэлт (хх-ийн 22-24 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч Э.П-гийн иргэний иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40 дүгээр хуудас), шүүгдэгч Э.П нь хэрэг хариуцах чадвартайг нотолсон Шүүх сэтгэц эмгэг, судлалын 1297 дугаартай дүгнэлт (хх-ийн 56-59 дүгээр хуудас), хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан болохыг нотолсон Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт (хх-ийн 50 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Э.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Э эгчийн монет бөгж надад гоё харагдаад байсан юм. Тэгэхээр би Э эгчийн бөгжийг авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.П-гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох монет бөгжийг 640,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 640,000 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч Э.П-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын бага хэмжээнээс дээш үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.П нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.П-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Э хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Э.Пүрэвсүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, нэмж үүрэг хүлээлгэх буюу зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрх олгосноор Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дугаартай тогтоолоор баталсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5.1-д “хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан буюу 70-аас дээш хувиар алдсан” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд...оногдуулахгүй” гэж тус тус заасан байх тул хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан шүүгдэгч Э.П-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй юм.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.
Мөн шүүгдэгч Э.П-д гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Э.П-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг санууллаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.П нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ж овгийн Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Э.П-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Э.П-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.П нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.П-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА