Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00279

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01636 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2228 дугаар магадлалтай,

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“И” ХХК, Ч.Бурмаа, Б.Чулуунбаатар нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 195.468.960 төгрөгийг гаргуулах тухай үндсэн,

Хохиролд 168.949.122 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ч.Бурмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Л” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компанийн захирал Лхагвасүрэнтэй Ч.Бурмаа уулзаж “185.000.000 төгрөгөөр Хаан банкны зээлээ хаагаад 372.000.000 төгрөгийн зээл авахад бэлэн болсон тул мөнгийг 1 хоногийн хугацаатай ашиглаад буцааж өгнө” гэсэн. Иймд түүний  хүсэлтийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ” хийсэн боловч нэхэмжлэгчээс шилжүүлсэн 185.975.000 төгрөг нь дээрх гэрээний төлбөрийг төлөх зорилгоор хийгдээгүй. Тухайн үед 185.975.000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг ч манай компанид “И” ХХК-иас нийлүүлээгүй байсан. Ч.Бурмаа болон Б.Чулуунбаатар нар нь нэхэмжлэгчээс авсан 185.975.000 төгрөгийг “Ласти интернэшл” ХХК, “И” ХХК-иудын хоорондын байгуулсан “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр буюу өөрөөр хэлбэл компани хоорондын бараа материалын төлбөрийн мөнгө гэх мэдүүлэг, тайлбарыг цагдаа болон прокурорын байгууллагад өгсөн байдаг. Цагдаа болон прокурорын байгууллага нь миний 185.975.000 төгрөгөө алдсан асуудлыг компани хоорондын гэрээний төлбөр тооцоо гэж үзсэн. “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “Ласти интернэшл” ХХК нь “И” ХХК-иас нийт 4 удаагийн нийлүүлэлтээр тээвэрлэлт болон бусад зардал шингэсэн үнээр 101.651.240 төгрөгийн бараа авсан. Харин “Ласти интернэшл” ХХК-ийн зүгээс 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 89.155.200 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 4.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 15.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 990.000 төгрөг, нийт 111.145.200 төгрөгийн төлөлтийг хийсэн. Дээрх бараа нийлүүлэлтээс манай компани 9.493.960 төгрөгийг илүү төлсөн тул нийт 195.468.960 төгрөгийг “И ХХК болон Ч.Бурмаа, Б.Чулуунбаатар нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “И” ХХК-ийн төлөөлөгч Ч.Лхагва-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэл нь ор үндэсгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Чулуунбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь ор үндэслэлгүй гүтгэлэг юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Бурмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Би өөрийн найз гэх “Л” ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнтэй 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 263.686.100 төгрөгийн бараа нийлүүлэх гэрээ байгуулж, хамтарч ажиллах болсон. Талуудын байгуулсан гэрээний дагуу урьдчилгаанд 149.155.200 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр манайд шилжүүлэх ёстой байсан. Ингээд бид 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж 55.000.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл зарим барааныхаа оронд 55.000.000 төгрөгийг шууд өгсөн. Бидний зүгээс дансаар 55.000.000 төгрөг, бараагаар 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3.505.680 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 75.516.220 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 9.555.050 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 9.878.350 төгрөг, нийтдээ 97.388.840 төгрөгийн бараа буюу 152.388.840 төгрөгийн мөнгө, эд барааг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 185.975.000 төгрөгийг А.Лхагвасүрэн манай аавын данс руу хийсэн, уг мөнгийг бид авсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгө нь бараа болон бусад зардалд тооцогдсон. ХААН банк уг мөнгийг шууд хүү, нэмэгдүүлсэн хүүдээ суутгаад авчихсан. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй удаж, биднийг маш ихээр хохироосон. Ингээд тооцоод үзэхээр бид нийт 152.388.840 төгрөгийн мөнгө, эд барааг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн ба нэхэмжлэгчээс үндсэндээ 15.000.000 төгрөгийг л яг бараа материалын мөнгө гэж өгсөн. Бусад шилжүүлсэн 2.000.000 төгрөг, 4.000.000 төгрөг, 2014 оны 7 сарын 28 өдөр 990.000 төгрөгүүд нь А.Лхагвасүрэнгийн хүсэлтээр банкнаас зээл авахад буюу 170.000.000 төгрөгийг зээлж авах зардалд цэвэр зарцуулагдсан. 152.388.840 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлсөн 15.000.000 төгрөгийг хасахаар 137.388.840 төгрөг үлдэж байгаа, нэхэмжлэгч уг мөнгийг бидэнд одоо болтол төлөөгүй гэжээ.

Хариуцагч “И” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Л” ХХК-тай байгуулсан “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 2014 оны 5 дугаар сарын 04 болон 19, 6 дугаар сарын 08, 7 дугаар сарын 15-ны өдөр тус тус падаан бичиж 97.388.840 төгрөгийн үнэ бүхий барилгын карказ босгоход ашигладаг 19 нэр төрлийн бараа материалыг Эрээн хотын үнээр өөрийн зардлаар тус компанид буюу Дархан-Уул аймагт аваачиж нийлүүлсэн. Гэрээний дагуу 97.388.840 төгрөгийн бараа нийлүүлж, тээвэрлэлтийн зардалд 2 талдаа 5.748.000 төгрөг, Хятадын хил гааль хорио цээрийн хураамжид 4.763.200 төгрөг, Монголын гаальд 10.863.293 төгрөг, Эрээн хотоос Дархан хот хүртэлх зардалд 12.345.000 төгрөг, томилолтын зардалд 4.500.000 төгрөг, урьдчилгааг гэрээнд заасны дагуу хугацаандаа төлөөгүйгээс намайг хуурч би “Хаан” банкнаас сарын 1.7%-ийн хүүтэй 170.000.000 төгрөг зээлж авсны хохиролд 20.799.614.2 төгрөг, эргэлтийн хөрөнгөгүй болсны 27.930.000 төгрөг, зээл авахтай холбоотой гарсан зардал 6.566.175 төгрөг, нийт 376.814.122,62 төгрөг болсноос 207.965.000 төгрөгийн төлөлт хийж, нийт 168.949.122,62 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Л” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ч.Бурмаа нь “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “Л” ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 5 удаагийн нийлүүлэлтээр 101.145.200 төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Үүний хариу төлбөрт нийт 111.145.200 төгрөгийг төлсөн. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүргээ худалдан авагч тал гүйцэтгэсэн. Ч.Бурмаа нь сөрөг нэхэмжлэлдээ нийт 9 төрлийн зардал гарсан гэж нэхэмжилсэн ба томилолтын зардал, ачаа тээврийн зардал, банкны зээл авсан зардал, хил гааль хорио цээрийн гэх мэт зардал орсон нь дээрх худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй. “Л” ХХК нь худалдан авсан барааны үнийг тээврийн зардлын хамт бүрэн төлсөн байтал ямар үндэслэлээр мөнгө нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01636 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас 51,313,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Л” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 144,155,000 төгрөгт болон хариуцагч Ч.Бурмаа, Б.Чулуунбаатар нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК-иас 168,949,122.62 төгрөг гаргуулах тухай хариуцагч “И” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,135,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас 414,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан 1,002,696 төгрөгийг хариуцагч “И” ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2228 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01636 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 гэсний дараа 243 дугаар зүйлийн 243.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.002.696 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Бурмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.05-ны өдрийн 102/ШШ2017/01636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.18-ны өдрийн 2228 дугаар магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлд нэхэмжилсэн мөнгөнүүдийг “Ласти интэрнэшнл” ХХК-иас гаргуулж авах бүрэн үндэслэлтэй. “И” ХХК, Бурмаа, Чулуунбаатар нар дангаараа 170.000.000 төгрөг Хаан банкнаас зээлдэн авч, авсан зээлийн мөнгөнөөсөө 55.000.000 төгрөгийг бэлнээр Лхагвасүрэнд өгсөн нь тогтоогдсон, Лхагвасүрэнгээс гэрээний урьдчилгаанд мөнгө аваагүй нь мөн тогтоогдсон учир И ХХК, Бурмаа, Чулуунбаатар нар гэрээний үүргээ дангаараа биелүүлсэн байна. Гэрээний ... хэсэгт талууд харилцан тохиролцож гэрээний үнийн дүн, тоо ширхэгт өөрчлөлт оруулж болно, хавсралтаар гэрээнд тусгаж өгнө гэж заасан байдаг. Гэтэл тооцоо нийлж, акт үйлдэж, бараа материалын дүн, үлдэгдлийг тулгаагүй, нэг ч удаа уулзаагүй. Гэтэл шүүхийн шатанд ирээд гарын үсгийг минь хуурамчаар үйлдэж, тооцоо нийлсэн мэтээр харагдуулж хуурамч бичиг баримт үйлдсэн. Иймд сөрөг нэхэмжлэлд нэхэмжилсэн, гэрээний хавсралтад тусгасны дагуу тээврийн зардал, ачилт буулгалт, Монгол Хятадын гаалийн мөнгийг гаргуулах нь зүйтэй юм. Лхагвасүрэн нь анхнаасаа залилан мэхлэх зорилготой байсан нь илэрхий байсан нь хийсэн үйлдэл бүрээсээ харагддаг. Үүнд: Гэрээ байгуулах үед урьдчилгаа мөнгө огт байхгүй байсан нь арилжааны бүх дансны хуулгаараа харагддаг, мөн Лхагвасүрэн нь өөрөө санаачлага гарган хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авахуулах, зээл хөөцөлдөх зэрэгт хэрэглэ хэмээн мөнгө өгч, өөрөө 2014.11.12 нд гэрээний мөнгөнөөсөө дутуу өгөнгүүтээ худлаа хэлж, гүтгэж цагдаагийн байгууллагад танил талаараа дамжуулж өгсөн, тэр цагдаа нь нэг ч уулзаагүй, мэдүүлэг аваагүй, утсаар ч яриагүй байж бүх данс хааж барилт хийсэн, өгсөн бичиг баримтыг устгасан, энэ мэтээр гэр бүлээр нь хоморголон хүнд байдалд оруулж, гүтгэж, дарамталж, доромжилж олон сар болсон. Энэ хооронд бид зарах бараагүй, банкинд төлөх мөнгөгүй, өндөр хүүтэй зээл авч хүүгээ төлсөөр ирсэн. Энэ нь надад маш хүнд тусаж гурван ихэр хүүхдээ 7сартай дутуу төрүүлж алдсан сэтгэл санаа бие эрхтнээрээ нэмж маш ихээр хохирч байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.05-ны өдрийн 102/ШШ2017/01636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.18-ны өдрийн 2228 дугаар магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж, энэ бүхний үнэн зөвийг олж тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Ласти Интернешнл” ХХК нь хариуцагч “И” ХХК, Ч.Бурмаа, Б.Чулуунбаатар нарт холбогдуулан 195.468.960 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн ба “И” ХХК  нь  168.949.122 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

“И” ХХК нь 263.686.100 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, “Ласти Интернешнл” ХХК нь урьдчилгаа 149.155.200 төгрөгийг 90 хоногийн дотор шилжүүлэх, үлдэх 114.530.900 төгрөгийг дараа шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ /хэргийн 11-14 дүгээр тал/.

Зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үндэслэл тогтоогдоогүй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 Хариуцагч “И” ХХК нь нийт 98.455.300 төгрөгийн бараа нийлүүлсэн гэсэн тайлбар гарган холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгч 101.651.240 төгрөгийн бараа авснаа хүлээн зөвшөөрчээ. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 207.965.000 төгрөг, хариуцагч “И” ХХК нь 55.000.000 төгрөгийг харилцан бие биедээ шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн 185.975.000 төгрөгийг зээл гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээний төлбөр гэж маргасан боловч татгалзлаа нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн төлбөрөөс бараа материалын үнэ 101.651.240 төгрөг, хариуцагчаас шилжүүлсэн 55.000.000 төгрөгийг  тус тус хасч, “И” ХХК-с 51.313.960 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг болон хариуцагч Ч.Бурмаа, Б.Чулуунбаатар нар холбогдох хэсэг, мөн сөрөг нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийг баримталсан нь хууль хэрэглээний алдаа болжээ. 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Худалдан авагч нь худалдан авсан барааны үнэ дээр тээврийн зардал, хил гааль болон хорио цээрийн хураамж, Улаанбаатараас Дархан хүртэлх тээврийн зардал, томилолтын зардлыг нэмж төлөхөөр тохиролцсон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн, хариуцагч өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2228 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бурмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 2 дугаар сарын 12-ний өдөр төлсөн 1.002.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ