Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 074

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Булган сумын *** дугаар багийн оршин суугч С.Вийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бий нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох;

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээртушаалыг хүчингүй болгож, С.Вийг Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилохыг тус хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч С.Вийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.В нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Булган сум хариуцсан нийгмийн халамжийн байцаагчаар ажиллаж байгаад тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар Нийгмийн даатгалын хэлтсийн Булган сумын нийгмийн даатгалын байцаагчаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдож ажилласан. Энэ шийдвэр гарсны дараа өмнө нь тус албан тушаалд ажиллаж байсан М.Х Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0001 дугаартай шийдвэрээр түүнийг ажлаас чөлөөлсөн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар С.Вийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, М.Хг эргүүлж томилсон шийдвэр гаргасан. Ингэхдээ нэхэмжлэгч С.Вийг зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлсөн ба ямар нэгэн байдлаар төрийн албанаас чөлөөлсөн асуудал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж зохицуулсан боловч ажил олгогч тухайн үед түүнд өөр бололцооны ажил олж өгөөгүй. С.В нь М.Хн ажлаас гарах хугацааг хүлээж байсан ба энэ талаар хэлтсийн дарга Т.Өсерхантай уулзаж учир байдлаа хэлэхэд дараагийн шийдвэр гарах хүртэл хүлээхийг зөвлөж байсан. С.В нь ажлаас чөлөөлөгдсөний дараа буюу 2017 оны 03 дугаар сард тус аймаг дахь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерханд хандаж ...хэрэв М.Х өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд намайг уг орон тоонд томилон үргэлжлүүлэн ажиллуулж өгнө үү гэж өргөдөл гаргасан бөгөөдтүүний өргөдөл нь тухайн байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн. Дараагаар нь ээжийн хамт Т.Өсерхантай удаа дараа уулзаж, санал, хүсэлтийг тавьж байсан. Мөн 2017 оны 06 дугаар сард дахин өргөдөл гаргасан боловч уг өргөдөл нь тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн өргөдөл, гомдлын бүртгэлд ороогүй байгаа юм. Гэтэл хэлтсийн дарга Т.Өсерхан нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б/21 тоот тушаал гаргаж М.Хг ажлаас чөлөөлж, түүний оронд нь төрийн албаны шалгалтөгөөгүй Ж.А гэгчийг томилсон байна. С.В нь энэ асуудлаар Т.Өсерхан даргад 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл өгсөн ба 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 241 дугаартай албан бичгээр ...тухайн үед Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар 4 хүн өргөдөл өгсөнтэй танилцаж, 2 хүний материалыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газарт уламжилж зөвшилцсөний үндсэн дээр Ж. Аийг томилон ажиллуулсан болно гэсэн хариу өгсөн байна. Гэхдээ дээд шатны байгууллагаас ирүүлсэн албан бичигт энэ хүмүүсийн асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх талаар чиглэл ирүүлсэн. Харин хариуцагч байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 3.1-д заасныг баримтлан түр томилсон. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан зохицуулалт нь түр орлон гүйцэтгэгч томилох журам гаргах эрхийг Засгийн газарт олгосон зохицуулалт болохоос биш албан тушаалтныг түр орлон гүйцэтгэгчээр томилох зохицуулалт биш юм. Төрийн албаны тухай хуулийн 21.1 дэх хэсэг нь түр эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх асуудлыгзохицуулсан харилцаа байгаа. Тухайн үед Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын холбогдох заалтыг үндэслэн Ж.Аийг маргаан бүхий орон тоонд томилсон боловч уг журмын хэд хэдэн заалтыг ажил олгогч зөрчсөн байгаа. Ер нь уг журмаар голлон төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэхээр заасан. Гадны хүнээр гүйцэтгүүлэх 2 тохиолдлыг заасан байгаа. Тухайлбал, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4.8-д зааснааржирэмсний болон амаржсаны амралттай байгаа, мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлэх үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд чиг үүргийг төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн иргэнээр гүйцэтгүүлэхээр зохицуулсан байгаа, 4.9-д зааснаар дээрх журмын зохицуулалтын дагуу томилох боломжгүй бол тухайн ажлын байрны шаардлагыг хангаж байгаа иргэдээс сонгон авч томилоод Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 21, 23,24 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахаар зохицуулсан байгаа. Гэтэл энэ бол сул орон тоо байсан. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолд хуульд заасан үндэслэлээр ажлын байрны сул орон тоо гарсныг эзгүй байгаа албан хаагч-д хамааруулж үзэхгүй гэж тодорхой заасан байдаг. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтаар эзгүй байгаа албан хаагчийн харилцааг зохицуулсан болохоос биш ажлын байрны сул орон тоог нөхөх хүртэл албан тушаалтан томилуулахаар зохицуулсан зохицуулалт биш байна. Тэгэхээр хуулиас давсан журмыг баримтлан гуравдагч этгээдийг маргаан бүхий орон тоонд томилсон хариуцагчийн шийдвэр буруу байна. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын Ж.Аийг ажилд томилсон шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, С.Вийн хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Хэрэв анх С.Вийг Нийгмийн даатгалын хэлтэс сонгон авч дээрх албан тушаалд томилоогүй байсан бол тэр өмнө эрхэлж байсан нийгмийн халамжийн байцаагчийн ажлаа үргэлжлүүлэн хийж байх байсан. Нэгэнт тухайн ажлаас чөлөөлөгдөж түүний оронд өөр хүн томилогдсон учир нийгмийн халамжийн байцаагчийн ажилд эргэж орох ямар ч боломжгүй болсон. С.В нь Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдэж, нэр дэвшин аймгийн Нийгмийн халамжийн хэлтсийн даргын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/45 дугаартай тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдож, мөн оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Нэгэнт 2016 онд Нийгмийн даатгалын хэлтэс түүнийг судалж ажилд авсан учир М.Х нь ажлаас чөлөөлөгдсөн үед үргэлжлүүлэн ажилд авах ёстой байсан. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга энэ үүргээ биелүүлээгүйгээс С.Вийн хууль ёсны эрх ашиг нь ноцтой зөрчигдөж байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, түүнд нийцүүлэн гаргасан журмуудыг зөрчсөн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын Ж.Аийг Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилсон 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.Вийг Булган сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилж ажиллуулахыг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын дарга асан С.Ш нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хувийн ашиг сонирхлын үүднээс С.Вийг ажилд авахын тулд Булган сумын нийгмийн даатгалын байцаагч М.Хг хууль бусаар ажлаас халж, түүний оронд ажилд авч байсан боловч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс М.Хг халж, С.Вийг томилсон шийдвэрүүдийг хүчингүй болгож байсан юм. Үүний дараа М.Х нь ажлаа хүлээн авч 4 сар ажилласны дараа өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөж байсан юм. Улмаар төрийн албаны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах гэсэн боловч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь чадамжгүйн улмаас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хүний нөөц боловсон хүчин шалган авах журам-д заасны дагуу манай хэлтэст ажилд орох тухай өргөдөл гаргаж байсан 4 хүнээс сонгон шалгаруулалт хийж, ерөнхий газарт уламжилсны дараа тус газраас санал болгосон хүнийг түр орлуулан ажиллуулж байгаа болно. Харин С.В нь манай байгууллагад ажиллахаар өргөдөл өгч байгаагүй болно. Цаашид энэ орон тооны талаар Төрийн албаны салбар зөвлөлөөс хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж, хууль журмын дагуу төрийн жинхэнэ албан тушаалтныг томилж өгөх байх. Би төрийн албыг тасралтгүй явуулахын тулд сул орон тоонд өргөдөл гаргасан хүнийг түр ажиллуулахаар гаргасан тушаалын маань хүчингүй болгуулахаар С.В нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Уг тушаал С.Вийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй, түүнд ямар ч хамааралгүй юм. Дараагийн шаардлага болох төрийн жинхэнэ албанд С.Вийг томилуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Төрийн жинхэнэ албанд томилох асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ хэмээн заасан байна. Иймээс нэхэмжлэгчийн шаардаж буй төрийн жинхэнэ албанд томилох асуудлыг төрийн албаны төв байгууллага нэр дэвшүүлсний дараагаар нь томилох асуудал байгаа болохоос биш шүүхийн эрх мэдлийн асуудал биш байна.

Иймд С.Вийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.В нь 2014 онд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад тус хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б/15 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Булган сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчаар томилогдон ажиллаж байсан байна. Энэ хугацаанд тухайн албан тушаалыг гүйцэтгэж байсан М.Х шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсоны дараа С.В ажлаас чөлөөлөгджээ. Дараа нь М.Х нь өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас гарсан учраас сул орон тоо гарсан бөгөөд ажил олгогч байгууллага уг сул орон тооны талаар тухайн үед Төрийн албан салбар зөвлөлд захиалга өгөх боломжгүй байсан. Учир нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл эрх зүйн чадамжгүй тул ажилд орохыг хүсэж өргөдөл гаргасан хэдэн хүмүүсээс тухайн байгууллага өөрөө шалгаруулалт хийж, түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байгаа юм. Одоогийн байдлаар уг орон тооны талаар талууд маргаж шүүхээр шийдвэрлүүлж байгаа учраас сул орон тооны захиалга өгч чадахгүй байгаа. Үүнээс гадна нэхэмжлэгч энэ асуудлаар шүүхэд хандах эрхтэй эсэх талаар санал хэлмээр байна. Ж.Аийг түр орлон гүйцэтгэгчээр томилсноор С.Вийн ямар нэгэн хууль ёсны эрх, ашиг зөрчигдсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ хүн аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан үндэслэлээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд төрийн албанд дахин орохын тулд Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дахин шалгалт өгөх ёстой. Гэхдээ С.В нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д заасныг зөрчиж тухайн албан тушаалд томилогдож, дараа нь шүүхийн шийдвэрээр М.Х ажилд эгүүлэн томилогдсоны дараа ажлаас гарсан байгаа. Тийм учраас нэхэмжлэгч С.В ньнийгмийн даатгалын байцаагчаар авч ажиллуулах ёстой гэж маргах эрхгүй байна. Үүнээс гадна Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлөөс С.В гэдэг хүнийг тухайн маргаан бүхий орон тоонд авч ажиллуулах талаар тогтоол, дүгнэлт гаргаж, ажил олгогчид үүрэг хүлээлгээгүй. Нөгөө талаар С.В нь уг орон тооны ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод нягтлан бодогч, эдийн засаг, санхүүч гэсэн мэргэжилтэй хүмүүсийг ажиллуулахаар заасан байх ба нэгэнт мэргэжил нь тохирохгүй, Төрийн албаны тухай хуульд заасан болзол, журмыг хангаагүй байж түр орлон гүйцэтгэгчээр намайг томилоогүй гэж энэ хүн маргах эрхгүй юм. Харин ч С.Вийн хувьд уг сул орон тооны захиалга өгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж болно. Ажил олгогч байгууллагаас сул орон тооны захиалга өгсний дараа шалгалтад орж, тэнцсэн тохиолдолд ийм шаардлага гаргаж болох байсан. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Х.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга асан С.Ш нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр С.Вийг хууль бусаар ажилд авч Булган сумын нийгмийн даатгалын байцаагч М.Хг хууль бусаар ажлаас халж байсан боловч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс М.Хг халж, С.Вийг томилсон шийдвэрүүдийг хүчингүй болгож байжээ. Үүний дараа М.Х нь ажлаа хүлээн авч 4 сар ажилласны дараа өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөж байсан байна. Иймээс төрийн албанд сул орон тоо бий болсон байна. Төрийн албанд гарсан сул орон тоонд хэн нэгэн этгээд давуу эрхээр орох тухай асуудал огт байдаггүй юм. Төрийн албыг эрхлэх ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан Монгол улсын иргэд төрийн албанд орох адил тэгж боломжоор хангагдаж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгогдож ажиллах ёстой. Төрийн албанд гарч буй сул орон тоонд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс төрийн албаны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах гэсэн боловч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь чадамжгүйн улмаас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын хүний нөөц боловсон хүчин шалган авах журамд заасны дагуу намайг сонгон шалгаруулж авсан. Өөрөөр хэлбэл миний бие урьд нь тус хэлтэст ажилд орох тухай өргөдөл гаргаж байсан ба тухайн үед надтай хамт 3 хүн өргөдөл гаргаж байсан байна. Өргөдөл өгсөн хүмүүсийн дотроос сонгон шалгаруулалт явуулан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хүний нөөцийн газраас дэмжсэн хүнийг түр орлуулан ажиллуулна гэж байсан. Тэгээд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга намайг түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулахаар болсон юм. Харин С.В тус хэлтэст ажиллахаар өргөдөл өгсөн хүмүүсийн дунд ч байгаагүй болно. С.В нь тус хэлтэст гарч буй сул орон тоонд тэргүүн ээлжид томилогдох давуу эрх эдлэхгүй, намайг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо хууль, журам зөрчөөгүй хэрэв энэхүү миний ажиллаж байгаа сул орон тоонд Төрийн албаны зөвлөлөөс надаас өөр хэн нэгний нэрийг дэвшүүлсэн тохиолдолд орон тоогоо чөлөөлж өгөхөд бэлэн байна. Иймд С.Вийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/15 тоот тушаалд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасныг баримталсан байх ба үүнтэй холбогдуулан тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 тоот тушаалд баримталсан хуулийн зохицуулалтыг давхар харах ёстой. Тэгэхээр эндээс үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлсэн болон төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар ажлаас нь чөлөөлсөн асуудал тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан С.Вийн аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргад хандаж гаргасан өргөдлөөс үзэхэд энэ хүн өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байгаа. Төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн этгээдийг төрийн албанд анх орох иргэдийн нөөцөд бүртгэх үү гэдэг асуудал байна. Төрийн албан зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 2.1-д Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна гэжээ. Үүнд 4 тохиолдол байгаа бөгөөд өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн этгээдийг нөөцөд бүртгэх асуудал энэхүү 4 тохиолдолд ороогүй байгаа. Мөн энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг нөөцөд бүртгэхгүй гэдэг нь тогтоогдож байна. С.В нь тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 тоот тушаалаар тус хэлтсийн Булган сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчаар томилогдсон,гэхдээ энэ асуудал Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Уг шийдвэрийн үр дагавраар С.В ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 тоот тушаалаар шүүхийн шийдвэрийг дагуу М.Х гэдэг хүнийг ажилд томилж, С.Вийг ажлаас чөлөөлсөн. Энэ тушаал гарсан үед нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг ярих боломжтой байсан. Өөрөөр хэлбэл би шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн, үүнд миний буруу байхгүй, та надад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар ажил өгөх ёстой гэж ажил олгогчид хандах байсан. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба энэ дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Өнөөдөр нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 тоот тушаалд маргахгүй гэж тайлбар хэлсэн ба үүнээс үзэхэд уг тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болох юм. Хэрэгт авагдсан нотлох баримт болох М.Хг өндөр настны тэтгэвэрт гарсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн тушаал бол сул орон тоо гарсан гэдгийг нотолж байгаа. Сул орон тоог хэрхэн нөхөх талаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч С.В нь төрийн жинхэнэ албан хаагч биш, нөөцөд бүртгэлгүй, тухайн байгууллагад болон холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтан биш учраас хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар томилогдох боломжгүй болох нь тогтоогдсон байгаа. Сул орон тоо нөхөгдөх хүртэл хугацаанд төрийн ажил тасралтгүй явагдах ёстой. Энэ хугацаанд захиргааны байгууллага хэдэн хүмүүсийн өргөдлийг судалж үзээд гуравдагч этгээд Ж.Аийг уг орон тоонд түр томилсон байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөөгүй байгаа юм. Учир нь нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар төрийн жинхэнэ албан хаагч бус, иргэн тул нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэсэн дүгнэлт гарч ирж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. С.Вийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилохыг тус хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус хэлтсийн Булган сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан М.Хг төрийн албанаас чөлөөлж, уг орон тоонд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг тус тус үндэслэн С.Вийг томилсон байна. Уг Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэн М.Хн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг үндэслэн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар С.Вийг Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн ажлаас чөлөөлж, М.Хг мөн өдрөөс эхлэн уг албан тушаалд томилсон байна. Улмаар тус хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан гэсэн үндзслэлээр Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан М.Хг ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч талаас С.В нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 онд маргаан бүхий орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар томилогдсон, шүүхийн шийдвэрийн дагуу уг орон тоонд М.Хг эгүүлэн тогтоосон боловч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасныг биелүүлээгүй бөгөөд 2017 оны 7 дугаар сард М.Х ажлаас чөлөөлөгдсөнөөр гарсан Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд С.Вийг авах ёстой байтал төрийн албаны шалгалт өгөөгүй Ж.Аийг томилсон нь хууль бус" гэж маргасан байна.

С.В нь маргаан бүхий орон тоонд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан боловч шүүхийн шийдвэрээр М.Хг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосноор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар С.Вийг Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, уг албан тушаалд М.Хг томилсноор С.В нь төрийн албанаас чөлөөлөгджээ.

Улмаар дээрх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын дагуу М.Х нь Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байгаад тус хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг уг албан тушаалаас чөлөөлснөөр Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн буюу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах асуудлыг зохицуулсан бөгөөд 17.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эхлээд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөхөөр зохицуулжээ. Гэтэл С.Вийн хувьд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Булган сумын эрүүл мэнд,нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоо гарах үед тухайн байгууллагад буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаагүй, өөрөөр хэлбэл тус хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдсөн байсан, мөн дээрх арга замаар сул орон тоог нөхөх нь зөвхөн тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтай тул С.Вийг уг сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар томилохыг даалгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд 17.3, 17.4 дэх хэсэгт зааснаар томилох эрх бүхий этгээд нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавигдах онцлог шаардлагыг харгалзан сонгон шалгаруулж авах хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад гаргахаар,энэ журмаар нөхөх боломжгүй нөхцөлд төрийн албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлага хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг сонгон төрийн албаны төв байгууллага нэр дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөхөөр тус тус зохицуулсан.

Мөн эдгээр зохицуулалтууд болон Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын 5.1, 5.3.1 дэх хэсэгт тус тус зааснаар ажлын байрны тодорхойлолтын хамт төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх тухай захиалга өгөх нь томилох эрх бүхий этгээдийн, харин тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэх, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс нэр дэвшүүлэх нь төрийн албаны төв, салбар байгууллагын эрх хэмжээнд хамаарч байгаагаас гадна Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар ажил олгогч нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй юм.

Гэтэл хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] нэхэмжлэгчийн маргаж буй Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог нийтэд мэдээлэх, уг орон тоог нөхөх тухай захиалга өгөх, эрх бүхий этгээдээс хуульд заасан журмаар нэр дэвшүүлэх зэрэг үйл ажиллагаа явагдаагүй болох нь тогтоогдож байх тул С.В нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа эсэх, маргаан бүхий албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангах эсэхэд урьдчилан дүгнэлт өгөх боломжгүй юмТүүнчлэн уг орон тоог нийтэд мэдээлж, нөхөх тухай захиалга өгсөн тохиолдолд нөөцөд байгаа иргэдээс маргаан бүхий албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангах иргэнийг шалгаруулж нэр дэвшүүлэх, үүнийг үндэслэн томилох нь томилох эрх бүхий этгээд болон төрийн албаны төв, салбар байгууллагын эрх хэмжээнд хамаарах тул С.Вийг Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Хариуцагч захиргааны байгууллага нь 2016 онд С.Вийг сонгоод тухайн ажилд авсан учир М.Х ажлаас чөлөөлөгдсөн үед түүнийг үргэлжлүүлэн ажилд авах ёстой байсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа боловч С.В өмнө нь тухайн орон тоонд ажиллаж байсан нь түүнийг төрийн албанаас чөлөөлсний дараа гарсан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд шууд томилох үндэслэл болохгүй, ингэж давуу эрх олгох хууль зүйн үндэслэл байхгүйгээс гадна энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т зааснаар иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай нийцэхгүй юм.

Шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий албан тушаалд М.Хг эгүүлэн тогтоож, С.Вийг чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажил олгогч түүнд өөр ажил олж өгөөгүй гэх асуудлын талаар нэхэмжлэгч тухайн үед маргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] тогтоогдож байгаа, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан ...бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн зохицуулалт нь ажил олгогчид өөр ажлаар заавал хангах үүрэг хүлээлгэсэн заалт биш юм. Түүнчлэн С.Вийг төрийн албанаас чөлөөлснөөс хойш 5 сарын дараа гарсан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй, учир нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан ба дээр дурдсанаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог хэн, хэрхэн,ямар журмаар нөхөхийг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан учир энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага,16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй гэж заасан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоо гарах үед мөрдөгдөж байсан болон 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага болох мэргэжлийн шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй байгаа гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй.

Хоёр. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Уг тушаалаар[5] Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын 3.1-ийг тус тус үндэслэн гуравдагч этгээд Ж.Аийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар түр томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно. гэж заасан ба 21.2 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4.3.3-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар орлон гүйцэтгүүлэхээр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд иргэнээр биш тухайн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаар орлон гүйцэтгүүлэхээр зохицуулсан байх тул Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд иргэн Ж.Аийг түр томилсон Б/21 дүгээр тушаал нь дээрх хууль, журмыг зөрчсөн байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан буюу тухайн захиргааны актын улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх нь нэхэмжлэгчид хуулиар олгосон эрх байх ёстой.

Хэдийгээр уг Б/21 дүгээр тушаал нь хууль бус боловч дээр дурдсанаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог хуульд заасан журмаар нөхөх тул маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгч С.Вийг шууд томилохыг даалгах үндэслэлгүй, мөн С.В нь тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч биш учраас уг албан тушаалын чиг үүргийг орлон гүйцэтгэх боломжгүй, энэхүү орон тоонд Ж.Аийг томилсон тушаалын улмаас С.Вийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл уг тушаалыг хүчингүй болгосноор С.Вийн эрх сэргээгдэхгүй тул эрх нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжлэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.1,17.2, 17.3, 17.4 хэсгийг тус тус баримтланнэхэмжлэгч С.Вийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бий Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Вийг Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилохыг тус хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 

 

 


[1]Хэргийн 7,8-12,13,248-р хуудас

[2]Хэргийн 1-4,32-33,100,102-103,137-р хуудас

[3]107-109,110-111-р хуудас

[4]Хэргийн 22-23,143,208-211,212-215-р хуудас

[5]Хэргийн 34-р хуудас