Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 227

 

Д.Мэнддэлгэрийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/05705 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Буянжаргалд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 18 046 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Мэнддэлгэр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Мягмардорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Мэнддэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Б.Буянжаргалд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 13 хоногийн хугацаатай, хүүгүй 14 266 000 төгрөгийг иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулан зээлж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэвч зээлдэгч Б.Буянжаргал нь гэрээний хугацаа дуусаад 53 хонож байгаа боловч зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул гэрээгээр хүлээсэн үүргийг нь биелүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Б.Буянжаргалаас үндсэн зээл 14 266 000 төгрөг, хугацаа хэтэрсэн 53 хоногийн алданги 3 780 490 төгрөг нийт 18 046 490 төгрөг төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Б.Буянжаргал шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мэнддэлгэр болон Б.Буянжаргал нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн "...Зээлийн гэрээ...” гэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд дээрх гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс 14 266 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай зээлдэж авсан зүйл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийн хувьд нэхэмжлэгч нь өөрийн гаргаж буй шаардлагаа нотлох үүрэг хүлээх бөгөөд харилцан үүрэг ногдуулсан гэрээ, хэлцэл ялангуяа зээлийн гэрээний хувьд зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгийг хүлээн авснаар тухайн зээлийг байгуулагдсанд тооцдог. Хуулийн дээрх шаардлагаар нэхэмжлэгч Д.Мэнддэлгэр нь хариуцагч Б.Буянжаргалд шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээний дагуу 14 266 000 төгрөгийг хэзээ, хэрхэн хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй, дээрх үйл баримт тогтоогдох боломжгүй. Хариуцагч нь 14 266 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн аваагүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдож, нэхэмжлэгч тус гэрээний дагуу шаардах эрхээ алддаг хуулийн зохицуулалттай байна. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг гэрээний дагуу 14 266 000 төгрөг хэзээ хэрхэн, ямар байдлаар хариуцагчид шилжүүлж өгсөн талаарх үйл баримтаа хуульд зааснаар нотлохыг шаардаж байна. Хэдийгээр талууд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “зээлийн гэрээ" гэх хэлцэл байгуулагдсан боловч уг хэлцэл дараах үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус хэлцэл байх хууль зүйн үр дагавар үүсгэж байна.

          Тодруулбал: Тухайн хэлцэл нь өөр хэлцэл, гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийгдсэн хэлцэл бөгөөд хариуцагч нь тухайн гэрээний хувьд үүсэх эдийн засаг, эрх зүйн үр дагаврыг урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдалд ноцтой төөрөгдлийн улмаас гэрээ байгуулсан. Шалтгаан нөхцөл нь:  Хариуцагч Б Буянжаргалын ээж З.Жаргалмаа гэх хүн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэн С Батсүрэн гэгчээс 10 ширхэг жижиг оврын трактор нэг бүрийг 1 000 000 төгрөгийн үнэлгээтэйгээр худалдах авах зорилгоор “...Төлбөр барагдуулах хэлцэл..." гэх зүйл байгуулсан байдаг. Ингээд З.Жаргалмаагаас 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр С.Батсүрэнд 5 000 000 төгрөг бэлнээр төлж, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10 ширхэг трактороо хүлээн авч, үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Ингээд худалдан авагч З.Жаргалмаагийн зүгээс 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл төлбөрөөс 2 000 000 төгрөгийг С.Батсүрэнд төлж, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр С.Батсүрэнгийн утсаар ярьж мэдэгдсэний дагуу 10 ширхэг трактор ачих хүнд даацын ачааны машин хөлсөлж 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотод иржээ. Учир нь: С.Батсүрэн 10 ширхэг тракторыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн складаас ачна та бэлэн байгаарай гэж утсаар ярьж мэдэгджээ. Түүний хэлсэн цаг хугацаанд бэлэн ирсэн боловч С.Батсүрэн нь 10 ширхэг трактороо хүлээлгэн өгөлгүй алга болсон бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр холбоо барьж Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авахаа больсон, миний тракторууд Хан-Уул дүүрэгт байгаа тэндээс ачуулна гэснээр нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрийн хашаанд авчирсан. Гэсэн ч Д.Мэнддэлгэр нь байхгүй байсан учир 2016 оны 6 дугаар сарын 13-наас 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Архангай аймгаас хөлсөлж авчирсан ачааны машины хамт 4 хоног хүлээж саатсан. Улмаар 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Д.Мэнддэлгэр нь ирэхдээ С.Батсүрэнгийн 16 трактор байгаа энэ тракторуудыг салгаж гаргахгүй, гаргавал бүгдийг нь гаргана гэсэн асуудал үүсгэсэн учир З.Жаргалмаагийн зүгээс дахин 6 тракторыг нэмж нийт 16 трактор худалдан авахаар болж 2016 оны 6 дугаар сарын 17-нд 7 000 000 төгрөгийг С.Батсүрэнд төлж барагдуулсан. Дээрх байдлаар З.Жаргалмаа нь С.Батсүрэнгээс жижиг оврын 16 ширхэг трактор нэг бүрийг 1 000 000 төгрөгийн үнэлгээтэй худалдан авахаар болж 2016 оны  6  дугаар  сарын 03-ны  өдөр  5 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7 000 000 төгрөг нийт 14 000 000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохирсон.

          Тухайн үед Д.Мэнддэлгэр нь “тухайн тракторууд С.Батсүрэнгийн тракторууд боловч надаас мөнгө зээлж авсан учир би мөнгийг нь авах ёстой. Тиймээс үлдэгдэл 2 000 000 төгрөг дээр нь надтай гэрээ байгуулчих...” гэж хэлж тайлбарласан бөгөөд С.Батсүрэн нь ч дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж байсан учир З.Жаргалмаа нь охин Б.Буянжаргалдаа дээрх иргэдтэй хамт яваад 2 000 000 төгрөг дээр нь төлбөр барагдуулах хэлцэл хийгээд нотариатаар орчих ээж нь үлдээд 16 ширхэг трактороо яаралтай ачуулаад Архангай аймаг гарч байя гэж захиж үлдээсэн байдаг. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор үлдэгдэл 2 000 000 төгрөгөөс үүдэлтэй 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн "...Зээлийн гэрээ...” гэх зүйл байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд заасан 14 266 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлдэж авсан зүйл огт байхгүй. Харин зээлийн гэрээнд тусгагдсан 14 266 000 төгрөг ямар нэгэн тооцоо судалгаагүй хийгдсэн, шууд төлөгдсөн 16 тракторын үнэлгээн дээр өөрийн хашаанд байрлуулсны төлбөр мөнгө гэх зүйлүүдийг тусгасан үнэ бөгөөд бодит нөхцөл байдлыг хэлж худалдах-худалдан авах зорилгоор гэрээ байгуулья гэхэд нотариат нь С.Батсүрэн, Д.Мэнддэлгэр нарт “...Энэ тракторууд чинь Хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эд хөрөнгө байна тиймээс та хоёр улсын өмчийг бусдад зарж борлуулах эрхгүй учир худалдах-худалдан авах гэрээ байгуулах боломжгүй” гэж тайлбарласан. Б.Мэнддэлгэр нь тэгвэл зээлийн гэрээ байгуулчихъя гээд энэхүү гэрээг байгуулж хариуцагчаар гарын үсэг зуруулахаас гадна эргэж ирээд Д.Мэнддэлгэрийн хашаанд зогсож байсан Б.Буянжаргалын нөхөр Ц.Цэрэнбалжирын эзэмшлийн RХ-400 маркийн 03-24УНГ улсын дугаартай авто машиныг барьцаалан авч үлдэж одоог хүртэл унаж ашиглаад явж байна. 3.Жаргалмаагийн хувьд 16 ширхэг тракторын үлдэгдэл төлбөр 2 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Д.Мэнддэлгэрийн эхнэрийн данс руу шилжүүлсэн байдаг бөгөөд одоо тракторын төлбөр төлөгдөөд дууссан бөгөөд хариуцагч Б.Буянжаргал болон З.Жаргалмаа нартай үүсэх ямар нэгэн харилцаа байхгүй. Иймд Д.Мэнддэлгэр нь Б.Буянжаргалтай 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “...Зээлийн гэрээ...”-ний дагуу үндсэн төлбөр, хүү алданги нийт 18 046 000 төгрөг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрээс шаардаж буй зээлийн гэрээнтэй холбоотой үүссэн харилцаа нь бодит байдал дээр зээл бус ...худалдах-худалдан авах, арилжааны хэлцлийн хэм хэмжээг агуулсан харилцаа байх бөгөөд талуудын дунд хийгдсэн трактор худалдах-худалдан авах ажиллагаанд хариуцагч Б.Буянжаргал оролцсон зүйл байхгүй. С.Батсүрэн, Д Мэнддэлгэр, З.Жаргалмаа нарын хоорондын хийгдсэн хэлцэл байх тул хэрэв маргаан бүхий асуудал үүссэн тохиолдолд дээрх иргэдийн хооронд үүсэх хуулийн зохицуулалттай. Энэ байдлаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон шаардлагад  холбогдуулан тодорхойлсон хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. З.Жаргалмаа нь нэг бүрийн үнийг 1 000 000 төгрөгөөр тохирч 16 ширхэг трактор худалдан авч 14 000 000 төгрөгийг С.Батсүрэнд, 2 000 000 төгрөгийг Д.Мэнддэлгэрт өгчээ. С.Батсүрэн нь З.Жаргалмаагаас авсан 14 000 000 төгрөгөөс 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан 5 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан 2 000 000 төгрөгийг Д.Мэнддэлгэрт өгөх ёстой байсан боловч өгөлгүй өөрөө авсан талаар дээрх иргэд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдлын дагуу очиж уулзахдаа хэлж тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч Д.Мэнддэлгэр нь С.Батсүрэнд өгсөн мөнгөө авах зорилготой болохоос тухайн гэрээгээр Б.Буянжаргалаас мөнгө нэхэмжлээд байх шаардлага байхгүй гэдгээ ч хэлж тайлбарлаж байсныг бүгд сонсож ойлголцсон. Дээрх байдлаар нэхэмжлэгч нь Б.Буянжаргалаас бус мөнгө өгсөн С.Батсүрэнгээс өгсөн мөнгөө шаардах нь хуульд нийцнэ. Дээрх байдлуудад дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Буянжаргалаас 18 046 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 185 төгрөгөөс 248 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65 005 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Мэнддэлгэр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Мэнддэлгэр, хариуцагч Б.Буянжаргал нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Д.Мэнддэлгэр иргэн С.Батсүрэнд 16 ширхэг трактор авахад нь зориулж 16 000 000 төгрөг зээлсэн. С.Батсүрэн уг зээлийг төлөх баталгаа болгон тракторуудыг Д.Мэнддэлгэрийн эзэмшдэг компанийн агуулахад хадгалж байсан. С.Батсүрэн уг тракторуудыг энэ хэргийн хариуцагч Б.Буянжаргалд худалдахаар тохиролцсон. Үүний дагуу Б.Буянжаргал нь С.Батсүрэнгийн авсан зээл 16 000 000 төгрөг, 6 сарын хүү 1 920 000 төгрөг, тракторыг агуулах руу ачиж зөөвөрлөсний хөлс 800 000 төгрөг, ачиж буулгасан краны хөлс 336 000 төгрөг, ачигчийн зардал 250 000 төгрөг, агуулахын түрээсийг 300 000 төгрөгийг 6 сарын хугацаагаар тооцоод 1 800 000 төгрөг нийт зардал 5 266 000 төгрөг дээр зээлийн дүнг нэмж тооцон 21 266 000 төгрөгийг Д.Мэнддэлгэрийн өмнө хариуцахыг хүлээн зөвшөөрсөн. Тэрээр уг мөнгөнөөс 7 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 14 266 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Мөн мөнгө төлөх баталгаа болгон Б.Буянжаргал нь 0324 УБ улсын дугаартай LEXUS 400RX маркийн машинаа барьцаа болгон хадгалуулж үлдээсэн. Үүнийг дүгнэн үзвэл, хариуцагч Б.Буянжаргал нь тухайн өдөр байгуулсан зээлийн гэрээний утга, агуулга, үр дагаврыг бүрэн сайн ойлгож мэдсэний үндсэн дээр гарын үсгээ зурсан байдаг. Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Б.Буянжаргал нь нэхэмжлэгчийн өмнө мөнгө төлөх үүрэг хүлээснээ бүрэн ухамсарлаж ойлгосон. Тийм учраас хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан. Хариуцагч нь гэрээ байгуулсны үр дүнд 16 ширхэг тракторыг эзэмших эрхэй болж авч явсан, барьцаа хөрөнгө байршуулсан, мөнгөний тодорхой хэсэг болох 7 сая төгрөг төлсөн, гэрээг нотариатаар батлуулсан нь түүнийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж тооцохгүй болохыг баталж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар "Өр шилжих" үйл явц явагдсаныг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигч буюу Д.Мэнддэлгэртэй тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгч С.Батсүрэнгийн өрийг гуравдагч этгээд буюу Б.Буянжаргал нь шилжүүлэн авч гүйцэтгэх үүргийг өөртөө хүлээсэн. Түүнчлэн уг хэргийг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч эрх үүрэгт нь нөлөөлөхөөр байсан бөгөөд тракторыг худалдсан С.Батсүрэнг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж, Иргэний хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх хэргийн болсон байдлыг үнэн бодитоор, олон талаас нь дүгнэлгүйгээр зөвхөн харилцаа үүссэн гэж үзэхгүй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэл бүхий болсон гэж дүгнэхэд хүргэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Мэнддэлгэр нь хариуцагч Б.Буянжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 046 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч  Д.Мэнддэлгэр  нь  С.Батсүрэнд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 000 000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй олгохдоо, С.Батсүрэнгийн  худалдан авсан 16 ширхэг тракторыг барьцаалсан болох нь хэргийн 58 дугаар талд авагдсан нотариатаар батлуулж, талуудын гарын үсэг зурсан зээлийн гэрээгээр нотлогдсон байна.

Уг зээлийн гэрээгээр 16 000 000 төгрөг болон хүүний төлбөр, 16 ширхэг тракторын ачилт тээвэрлэлтийн хөлс, мөн хадгалсан агуулахын түрээсийн төлбөрөө Д.Мэнддэлгэрт өгч барагдуулсны дараа барьцаалуулсан трактороо авах агуулгаар тохиролцжээ.

Дээрхи гэрээ нь “Зээлийн гэрээ” гэсэн гарчигтай боловч агуулгын хувьд зээлийн болон барьцааны гэрээний аль алины шинжийг агуулсан байна. Тухайлбал, уг гэрээнд “С.Батсүрэн нь Д.Мэнддэлгэрээс 16 000 000 төгрөгийг 2 хувийн хүүтэйтэйгээр зээлэн авч, худалдан авсан 16 ширхэг трактороо Д.Мэнддэлгэрт өгч хадгалуулахаар тохиролцов” гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрийн хувьд барьцаалуулагч С.Батсүрэнгийн 16 ширхэг тракторыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцаалах эрх үүссэн гэж үзнэ.

Талуудын тайлбар болон шүүх хуралдаанд гэрч С.Батсүрэнгийн гаргасан “Би Б.Буянжаргалтай 16 000 000 төгрөгийн гэрээ байгуулаагүй, 16 ширхэг трактор хүлээлгэж өгсөн гэрээ хийсэн” гэх мэдүүлэг /хх-87/, гэрч З.Жаргалмаагийн “миний охин Б.Буянжаргал 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 16 ширхэг трактор хүлээж авсан гэж баримт хийсэн, гэрээ хийгээгүй” гэх мэдүүлгээс /хх-89/ үзвэл С.Батсүрэн нь хариуцагч Б.Буянжаргалд 16 ширхэг тракторыг хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон байна.

Дээрх тракторуудыг нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрийн барьцаанд байгаа буюу бусдын барьцааны эрхээр хязгаарлагдсан өмчлөх эрх бүхий эд хөрөнгийг худалдан авч байгаагаа хариуцагч Б.Буянжаргал мэдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

         Хариуцагч Б.Буянжаргал нь нэхэмжлэгч Д.Мэнддэлгэртэй 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 14 266 000 төгрөгийг, 13 хоногийн хугацаатай, хүүгүй, зээлийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулан /хх-5/ гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчид уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу бодитойгоор шилжүүлэн өгөөгүй байх тул энэ гэрээгээр хариуцагч Б.Буянжаргалд зээлийн гэрээний төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзэхгүй.

          Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Зээлийн гэрээ” гэх баримт нь зээлийн гэрээний үүрэг үүссэнийг бус харин нэхэмжлэгчийн өмнө зээлийн болон барьцааны гэрээгээр үүрэг хүлээсэн С.Батсүрэнгийн үүргийг хариуцагч Б.Буянжаргал өөртөө шилжүүлэн авсныг нотлох баримт болно.

          Өөрөөр хэлбэл, уг баримтыг С.Батсүрэнгээс барьцааны зүйл болох автомашиныг Б.Буянжаргалд шилжүүлэн өгсөн талаарх тодорхойлолт /хх-24/, энэ талаарх талуудын тайлбар зэрэг баримтуудтай харьцуулан үзэхэд хариуцагч Б.Буянжаргал нь иргэн С.Батсүрэнгээс нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрийн өмнө хүлээсэн 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг өөртөө шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.

          Иймд хариуцагч Б.Буянжаргал нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар С.Батсүрэнгээс нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний өр, үүргийг шилжүүлэн авсан байна.

Хариуцагч Б.Буянжаргал нь нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрээс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр барьцааны зүйл болох 16 ширхэг тракторыг бодитой гаргуулан авснаар Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3-т зааснаар барьцааны эрх дуусгавар болсон боловч С.Мэнддэлгэрийн зээлийн гэрээний дагуу 16 000 000 төгрөгийг зээлдэгч, түүний үүргийг шилжүүлэн авсан хариуцагч Б.Буянжаргалаас шаардах эрх дуусгавар болохгүй. 

Нэхэмжлэгч нь С.Батсүрэнд зээлдүүлсэн 16 000 000 төгрөгөөс 7 000 000 төгрөгийг авсан талаар маргахгүй байгаа тул үлдэгдэл 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авсан үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

Талуудын хоорондын байгуулсан гэрээнд зээлдүүлэгч нь трактор ачиж, тээвэрлэсэн, барьцааны зүйлтэй холбоотойгоор учирсан хохирол шаардах талаар заасан боловч эдгээр зардал гарсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул энэ талаарх шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.  

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн талуудын хоорондын анхны тохиролцоо болох зээлийн гэрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцсон нөхцөл байхгүй байхад үүрэг шилжүүлснийг нотолсон 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “гэрээ” гэх баримтад үндэслэн алданги тооцох үндэслэлгүй. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 9 000 000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим  хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/05705 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

       1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Буянжаргалаас 9 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 046 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж

       2 дахь заалтад “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч Б.Буянжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 158 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрт олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 180 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                              ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА  

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА