| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/0596/И |
| Дугаар | 130/ШШ2016/00692 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2016/00692
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Т овогт Кгийн Хы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид А.С, С.Н, иргэдийн төлөөлөгч Т.К, төрийг төлөөлж Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын нөөц сангаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 43400000 төгрөг гаргуулан, гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээлгэхийг хүсжээ.
Нэхэмжлэгч К.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус аймгийн Б сумын 3-р багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Ам бүл 6. Миний бие Б сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалыг хашдаг ба улсын яллагч /прокурор/ -аас намайг албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж "Б" ХХК-ийн захирал Х.Штай 2013.03.01-ний өдөр байгуулсан 01 дугаартай түрээсийн гэрээний хугацаа дуусахад уг компанид үүссэн нөхцөл байдлыг ашиглан дахин гэрээ байгуулъя гэвэл хувийнхаа 1 жилийн хэрэгцээнийхээ нүүрсийг үнэ төлбөргүй авахаар тулган шаардаж, хясан боогдуулах замаар Х.Шаас гурван удаагийн үйлдлээр 8,5 тонн нүүрсийг хээл хахуульд авч 2014.01.10-ний өдөр 01 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан гэж үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар сэжигтнээр тооцож, дараа нь яллагдагчаар татаж удаа дараагийн залхаан цээрлүүлсэн байцаалтын дараа эрүүгийн хэргийн шүүхийн шүүгдэгчийн ширээнд суулгаснаар сэтгэл санаа болон нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөөр хохирсон болно. Намайг анх 2015 оны 4-р сарын 16-ны өдөр Авлигатай Тэмцэх Газрын мөрдөн байцаагч, комиссар Э.Ж нь гэрт амарч байхад минь аймгийн Цагдаагийн газарт албадан дуудаж ирүүлээд тайлбар авсан. Ингэхдээ намайг онц аюултай гэмт хэрэгтэн мэтээр үзэж тодруулбал ялтан мэтээр үзэж зүй бусаар харьцаж сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Тухайн үед би болсон үйл явдлын талаар үнэнээр ярьж, гэм буруугүй болохоо хэлж байсан. Гэтэл мөрдөн байцаагч намайг "чи худлаа ярьж хэнийг хуураад байгаа юм бэ? Би чамд тийм хүүхэд шиг харагдаж байна уу? Хэзээ үнэнээ хэлнэ тэр хүртэл явна шүү. Сайн бодоорой доо" гэх мэтээр загнаж зүй бусаар харьцаж, хилс хэрэгт холбогдуулж шалгасан. Энэхүү авлигын хэргийг иргэн Х.Ш өөрийнхөө төрсөн хүүхдүүд, надад өс хонзон санаж явдаг иргэн Х болон компанийн ажилчидтай нийлээд зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл Х.Ш өөрийнхөө төрсөн хүүхэд нь болох ямар ч сургууль төгсөөгүй Ш.Аийг сургуулийн биеийн тамирын багшийн ажилд аваагүйн улмаас надад өс хонзон санаж энэхүү авлигын хэргийг зохиосон. Эрүүгийн хэргийн хохирогч гэж үзсэн Х.Шаас намайг хүүгээ ажилд аваагүйн тулд ажлаас минь халуулахаар Засаг даргын хурал хийлгүүлсэн. Хурлаар Х.Шийн хүүхдийг ажилд аваагүйг минь буруушааж арга хэмжээ тооцуулахаар болсон. Тэгж байтал гаднаас эцэг маань орж ирж Засаг даргыг шүүмжилж шударга ёсны тухай хэлж байгаад нас барсан юм. Энэ мэт асуудал гарз хохирлоос болж тухайн үед ажилдаа төвлөрч чадахгүй, нойр хоолондоо муудаж, найз нөхдийн дунд нэр хүнд унах, нутгийн оршин суугчдаас итгэлгүй болж харьцаанд сэв суух явдал бий болсон, одоо Б сумын удирдлага, нутгийн уугуул оршин суугчдаас надад итгэх итгэлгүй болж сэжигтэй байдлаар хандаж надад үнэхээр хэцүү байсан. Одоо ч гэсэн мөн ялгаагүй найз нөхөд, хамаатан садны дунд нэр хүндгүй болчхоод хэцүү байна. Миний бие хэдийгээр шүүхээс цагаатгагдсан ч гэсэн зарим хүмүүс одоо болтол намайг гэмт хэрэгтэн мэтээр үзэж, гадуурхах явдал мэр сэр гарч байгаа болно. Тийм учраас төрөөс сэтгэл санааны хохирол төлүүлэх, мөн нэр төр, алдар хүндээ сэргээлгэхийг маш ихээр хүсэж байна. Миний бие тухайн үед мөрдөн байцаагч болон прокурорт хандаж гэм буруугүй болохоо удаа дараа тайлбарлан хэлж байсан боловч намайг худал ярьж байна гэж үзэж надад огт итгээгүй бөгөөд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголгүйгээр шүүх хүртэлавчирч шүүгдэгчийн сандалд суулгаж, намайг хүнд гэмт хэрэг хийсэн гэж үзэж 5 жил 6 сараар яллуулахаар ялын дүгнэлт гаргасан юм. "Нэр хугарахаар яс хугар" гэсэн зүйр үг байдаг даа. Нэгэнт хийгээгүй хэргийнхээ төлөө яллагдах ёсгүй гэж үзээд зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар тухайн үед хоёр өмгөөлөгч. хөлсөлж авч байсан. Ингэхдээ тэд нарын тус бүрд нь 2500000 төгрөг нийт 5000000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд өгөхөөр болж тохиролцож "Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх" гэрээ байгуулсан. Тэд миний зөрчигдсөн эрх ашгийг минь төрийн эрх бүхий байгууллагын өмнө хамгаалахын тулд тууштай ажиллаж, 3 шатны шүүхээр явж өмгөөлөл хийсний үр дүнд миний бие шүүхийн эцсийн шийдвэрээр цагаатгагдсан юм. Тийм учраас өмгөөлөгчид төлсөн хөлс болох 5'000'000 төгрөгийг хохиролд тооцож байна. Дээр дурдсанчлан би хийгээгүй хэрэгт хилсээр гүтгэгдэн шалгагдаж, яллагдагч, шүүгдэгчээр татагдсан, гадагш явж болохгүй гэсэн батлан даалт бичиж, улмаар сэтгэл санаагаар маш их хохирсон ба нэр төр минь иргэдийн дунд унаж, эдийн бус гэм хор учирч, давхар хохирсон. Нэр төр, алдар хүнд минь гутаагдсаныг сэргээж, сэтгэл санааны хохирол болох эдийн бус хохирлыг тооцох хэмжээ, норм, стандарт, тариф байхгүй тул сэтгэл санааны хохирлыг тооцохдоо Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэгт яллагдсан байдал зэргийг-баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192'000 төгрөгийг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 38400000 төгрөгөөр тооцож байна. Иймд гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас өөрт учирсан гэм хор /эдийн болон эдийн бус/ болох нийт 43400000 /дөчин гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг Засгийн газрын нөөц сан /Төр/-аас гаргуулж, мөн гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээж өгнө үү.
Нэхэмжлэгч К.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан хүнд гэмт хэрэгт шалгагдаж, улмаар сэжигтэн, яллагдагчаар тооцогдож, залхаан цээрлүүлж удаа дараа байцаалт өгч, шүүгдэгчийн ширээнд сууж, сэтгэл санаа, эд хөрөнгө, нэр төр, алдар хүндээр хохирсон. Энэ хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Авлигатай тэмцэх газрын комиссар Ж гэх хүн оройн цагаар гэртээ амарч байхад намайг дуудаж цагдаагийн газарт байцаалт авсан. Би энэ хэрэгт ямар ч холбогдолгүй, миний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох зорилгоор зохион байгуулсан, зохион байгуулалттай хэрэг байна гэж тайлбар өгсөн. Байцаалт авсны дараа 2015 оны 07 дугаар сард би Улаанбаатар хотод явж байхад Авлигатай тэмцэх газраас дахин дуудсан. Авилгатай тэмцэх газрын төв байранд очиж байцаалт өгсөн. Намайг тэнд 3 хоног байлгаж байцаалт авсан. Гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ, батлан даалтын арга хэмжээ авч миний эрхийг хязгаарласан. 2016 оны 06 дугаар сард би Б сумын бүрэн дундсургуулийн захирал хийж байсан. Намайг албан үүргээ түр түдгэлзүүлэхээр тогтоол хүртэл гаргасан. Банкан дахь харилцаж байсан миний харилцах данснуудыг хаасан. Ийм байдлаар би хохирч байсан. Сайнжаргал гэх мөрдөн байцаагчид цагаатгах талын нотлох баримт бүрдүүлэх талаар хэд хэдэн удаа хүсэлт гаргасан. 08 дугаар сард хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан материалыг бид нар 10 дугаар сард буюу хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байхад хэргийн материалаас олж харсан. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр хяналтын прокурор М.О яллах дүгнэлт үйлдсэн. Тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байхад буюу 10 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргаж байж хавтаст хэрэгтэй танилцаж байсан. Бидний хүсэлтийг дээд шатны прокурор хүлээж авч, яллах ба цагаатгах талын нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор хэт нэг талыг барьж намайг албан тушаалаа ашиглаж хээл хахуул авсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ явцад удирдах албан тушаал хашиж байх үед сэтэл санааны дарамтад орж, эд материалын хохирол амссан, нэр төр, алдар хүнд маань гутаан доромжлогдсон, түүнчлэн миний эрх чөлөөнд халдсан гэж үзэж байна. Сэтгэл санааны дарамтаас болж бие өвдөж Улаанбаатар хотод эмчилгээнд хүртэл явж байсан. Зүрх судасны өвчтэй болсон, энэ нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Ийнхүү зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд 2 өмгөөлөгч авч, өмгөөлөгчтэйгөө хамтарч ажиллаж байсан. Байцаалт өгөхийн тулд Улаанбаатар хотод 4 хоног зочид буудалд байрласан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохын тулд Ховд аймаг руу машин хөлсөлж, өмгөөлөгч нарын хамт очиж зочид буудалд байрлаж эд материалын хохирол амссан. Хоёр өмгөөлөгчтэйгөө өмгөөллийн хөлс 5 сая төгрөгөөр тохиролцож өмгөөллийн гэрээ байгуулсан. Энэхүү хөлсийг өөрийн олсон орлогоосоо өгч эд материалын хувьд их хохирол амссан. Хэргийг шалгаж байх хугацаанд ихэнхдээ ажлын цагаар дуудаж байцаалт авсан тул тухайн үед ажил хийхэд их саад болсон. Хамт олны дунд нэр төр унаж, хамт олныг удирдах боломж муу болсон. Тухайн үед намайг ажлаас түр түдгэлзүүлэх тогтоол гарсныг мэдсэн хүмүүс намайг ажлаас гарах болсон байна гэсэн яриа гарсан тул сэтгэл санааны дарамтад орсон. Гадаад дотоодод болсон захирлуудын сургалт, семинарт оролцож чадаагүй. Тийм учраас сэтгэл санааны хохирол, өмгөөллийн хөлс зэрэг нийт 43400000 төгрөгийг төрөөс нэхэмжилж байна гэв.
Төрийг төлөөлж оролцож байгаа прокурор М.Оаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч К.Х нь эрүүгийн хэрэгт шалгагдах хангалттай үндэслэл байгаа учраас тус хэрэгт шалгагдсан. Б ХХК-ний захирал Ш гэх хүн К.Хы хашаанд 3 удаагийн үйлдлээр нүүрс буулгаж байсан. Учир нь Б ХХК-тай байгуулсан гэрээг сунгах юм бол бүтэн жилийн нүүрсний хэрэглээгээр хангаж өг гэж хясан боогдуулсан тул нүүрс буулгасан гэх гомдол ирсэн. Анх Х гэх хүн гомдол гаргаад үүний дагуу Ш дээрх байцаалтыг өгсөн. К.Хы хашаанд нүүрс буулгаж байсан гэдгийг гэрчлэх олон гэрч байгаа. Ийм үндэслэлээр яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн, шүүх ч мөн адил яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл зүгээр нэг явж байгаа хүнийг хэрэгт холбогдуулаагүй гэдгийг хэлмээр байна. Монголын төр нэг удаа энэрэнгүй ёсны зарчмыг үндэслэж хэрэг нь хангалттай нотлогдохгүй байна, эргэлзээтэй байна гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүх хэргийг цагаатгасан. Гэтэл эргээд төрөөс 43400000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 1. Нэхэмжлэгч түрүүн тайлбартаа нэр төр алдар хүндээрээ маш их гутаан доромжлогдож байна гэж байна. Нэр төр алдар хүндээрээ яаж гутаагдсан гэдгийг нотлох хэрэгтэй. Хэрэв үнэхээр нэр төр, алдар хүндээрээ гутаагдсан гэдэг нь үнэн юм бол заавал мөнгөн дүнгээр гаргуулах ямар шаардлага байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрийг нь сэргээж мэдээлэл өгч болно. Заавал мөнгөн төлбөрөөр гаргуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Дараа нь албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн, ийш тийшээ явж чадахгүй байсан гэж байна. Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэхийг шүүгч, прокурорын зөвшөөрлөөр л түдгэлзүүлдэг. Тухайн үед албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэхээр мөрдөн байцаагч тогтоол үйлдсэн боловч прокурор батлаагүй байсан. К.Хы албан үүргийг нэг минут ч, нэг цаг ч түдгэлзүүлээгүй. Авах ёстой цалингаа аваад, явах ёстой газартаа яваад байсан. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгагдаж байсан. Мөн миний бүх дансыг битүүмжилсэн, мөнгө төгрөг авч чадаагүй гэсэн агуулгатай зүйл ярьж байна. Бүх дансыг нь битүүмжилсэн гэдэг нь худлаа. Тухайн үед холбогдох банк, санхүүгийн байгууллагад эд хөрөнгийн байдлыг тогтоохын тулд лавлагаа явуулж байсан. Төрийн банканд байгаа 120000 төгрөгийг хэрэг шийдэгдэх хүртэл битүүмжилсэн. Тэрнээс биш харилцах дансыг битүүмжилсэн асуудал байхгүй. Иймд нэхэмжлэгч К.Хы 43400000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна. Өмгөөллийн хөлс 5 сая төгрөг нэхэмжилж байна. Өмгөөллийн хөлсөнд 5 сая төгрөг өгсөн гэдэг нь эргэлзээтэй байна. Гэм хор шаардах үед засаж бичсэн гэж харагдаж байна. 5 сая төгрөгт татвар төлсөн баримт байгаа боловч нэхэмжлэгчийн төлсөн 5 сая төгрөгт төлсөн татвар мөн эсэх нь эргэлзээтэй. Шүүх хэргийг эргэлзээтэй гэдэг үндэслэлээр цагаатгасан тул 43400000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна гэв
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч К.Х нь Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 43400000 төгрөг гаргуулан, гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээлгэхийг хүсжээ.
Б сумын бүрэн дунд сургуулийн захирал албан тушаалтай, К.Х нь албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Б ХХК-ийн захирал Х.Штай 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 01 дугаартай түрээсийн гэрээний хугацаа дуусахад уг компанид үүссэн нөхцөл байдлыг ашиглан дахин гэрээ байгуулъя гэвэл хувийнхаа 1 жилийн хэрэгцээнийхээ нүүрсийг үнэ төлбөргүй авахаар тулган шаардаж, хясан боогдуулах замаар Х.Шаас 2013 оны 11 дүгээр сард 2.5 тонн, 2013 оны 12 дугаар сард 3,5 тонн, 2014 оны 2 дугаар сард 2.5 тонн нийт 8,5 тонн нүүрсийг хээл хахуульд авч 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан гэх үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар 201504000116 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Кгийн Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201504000116 дугаартай эрүүгийн хэргийг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Кгийн Хыг цагаатгасан байна.
Мөн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай магадлалаар, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 165 дугаартай тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч К.Х нь хийгээгүй хэргийн төлөө яллагдах ёсгүй гэж үзээд зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар хоёр өмгөөлөгчтэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, тус бүрд нь 2500000 төгрөг буюу нийт 5000000 төгрөг төлсөн, хэрэгт хилсээр гүтгэгдэн шалгагдаж, яллагдагч, шүүгдэгчээр татагдсан, оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, улмаар сэтгэл санаагаар хохирсон, нэр төр, алдар хүнд нь гутаагдсаныг сэргээж, Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэгт шалгагдсан байдлаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192000 төгрөгийг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 38400000 төгрөгөөр тооцож гаргуулахыг хүссэн ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Сэтгэл санааны хохирол гэдэг нь эдийн бус гэм хорд хамаарах ойлголт бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийн харилцааг зохицуулсан байна.
Иймд нэхэмжлэгч К.Х нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар өөрт учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан боловч учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож, арилгах талаар тодорхой заагаагүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч К.Х нь сэтгэл санаа, нэр төр алдар хүнд гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192000 төгрөгийг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 38400000 төгрөгөөр тооцсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Шүүх эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тараасан хүрээ, хүнд гэмт хэрэгт холбогдсон байдал, прокурорын яллах дүгнэлт, шүүхийн цагаатгах тогтоолын агуулга, хохирогчид учирсан сэтгэл санааны үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгч К.Хы сэтгэл санааны гэм хорын хохиролд 5000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Хд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 33400000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн гэх 5000000 төгрөгийг нэхэмжлэгч К.Х нь өмгөөлөгч нарт төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №33 дугаартай, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №33 дугаартай өмгөөллийн Ө ХХН-ны орлогын баримтууд, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгч нарт төлсөн хөлсийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч К.Хд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч К.Хы энэхүү нэхэмжлэл нь Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.2, 390 дүгээр зүйлийн 390.1.5, 391 дүгээр зүйлийн 391.1-д заасныг тус тус баримтлан Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 5000000 төгрөг, өмгөөллийн хөлс 5000000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч К.Хд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 33400000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК
ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ
К.БҮЛДИРГЕН