| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01740/И |
| Дугаар | 00005 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 00005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг 1 дугаар гудамж 103 тоотод оршин суух, Хороо овгийн Сандагсүрэнгийн Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй
“308318 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016-12-08-ны өдөр хүлээн авч, 2016-12-12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие С.Лхагвасүрэн 1976 онд барилгын цэргийн 158 дугаар ангид 3 жил алба хаасан. 1979 онд тус ангиас халагдсан юм. Би 2016 оны 08 дугаар сард тэтгэвэрт гарсан чинь хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосон. Цэргийн алба хаасан гэсний дагуу батлах хамгаалахын төв архиваар лавлагаа авсан чинь Сандагсүрэн гэсэн овог нэр өөрчлөгдөн Довдонсүрэн гэсэн овгоор өөрчлөгдөн ирсэн. Иймд Барилгын цэргийн 158 дугаар ангид 1976-07-15-ны өдрөөс 1979-08-15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан, 308318 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Батлан хамгаалах яамны батлан хамгаалах төв архивын 2016-03-28-ны өдрийн лавлагаа, 308318 дугаартай цэргийн батлахын дэвтэрийн хуулбар, гэрч Ц.Жаргалант, Ц.Баянтунгалаг нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хороо овгийн Сандагсүрэнгийн Лхагвасүрэн нь 308318 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангах үндэстэй байна.
Хүсэлт гаргагчаас шүүхэд ирүүлсэн Батлан хамгаалах яамны батлан хамгаалах төв архивын 2016-03-28-ны өдрийн лавлагаа, 308318 дугаартай цэргийн батлахын дэвтэрийн хуулбар, гэрч Ц.Жаргалант, Ц.Баянтунгалаг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар С.Лхагвасүрэнгийн эцгийн нэр Сандагсүрэн болох нь, 34308318 дугаартай цэргийн батлахын үнэмлэх дээр С.Лхагвасүрэнгийн овгийг “Дондовсүрэн” гэж ташаарсан болох нь тогтоогдож байх тул С.Лхагвасүрэн нь 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан барилгын цэргийн 158-р ангид хуваарилагдаж 1979 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цэргийн албыг 3 жилээр хааж, 308318 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Сандагсүрэнгийн Лхагвасүрэн мөн болохыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Хороо овгийн Сандагсүрэнгийн Лхагвасүрэнг 308318 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН