Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 226

 

Ч.Бямбаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10  дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/0987 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Бямбаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдох

2 өрөө байр буюу Засгийн газрын нөөц сангаас 95 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Бямбаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаар шийдвэрээр "Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 5 дугаар хэсэг, Орон сууцны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.14 дэх хэсэгт зааснаар Улсын барилгын хорооны 1988 оны 9 дүгээр сарын 28 өдрийн 4/2939 дугаар "Ордер гэрээ хийлгэх тухай" албан бичгийн хавсралтын "Зургаа"-д Чимэдбавуугийн Бямбаад 2 өрөө нэг айлын орон сууц олгохоор өөрчлөхийг "Барилга хог райгууллагын яам"-д даалгаж шийдвэрлэсэн. Иргэн Ч.Бямбаа ХААБЗ-ийн институтэд 1977 оноос эхлэн төсөвчнөөр үр бүтээлтэй 12 жил ажилласныг  үнэлэн 1988 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай байгууллага болон нам, олон нийтийн 4 байгууллагын хамтарсан хурлаар хэлэлцэж 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 2 өрөөтэй нэг айлын сууцыг Ч.Бямбаад өгөхөөр санал нэгтэйгээр шийдсэн. Үүний дагуу ХААБЗ-ийн институтээс 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улсын барилгын хороонд 8 тоот албан тоотоор Ч.Бямбаад уг байрыг олгуулахаар явуулсан ба уг албан бичгийн дагуу Улсын барилгын хорооноос 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоотоор Улаанбаатар хотын АДХ-ийн гүйцэтгэх захиргаанд "ордер гэрээ хийлгүүлэх тухай" албан бичиг хүргүүлэхдэз Ч.Бямбаа надад хувиарласан 2 өрөө 1 айлын орон сууцыг 4 өрөө гэж дур мэдэн өөрчилж, уг 4 өрөө байранд Ч.Бямбаа, н.Сарантуяа нарыг хамт оруулахаар явуулснаар Ч.Бямбаа миний хууль ёсны эрх өнөөдрийг хүртэл хөндөгдсөөр ирсэн. Ч.Бямбаа миний бие н.Сарантуяа гэгчтэй 1988 оноос эхлэн өнөөг хүртэл нэг гал тогоотой, нэг ариун цэврийн өрөө, нэг коридортой, айлын хажуу өрөө хөлсөлж байгаа мэтээр амьдарч байгаа бөгөөд Сарантуяагийнх ам бүл олуулаа, байнга архи ууж агсан согтуу тавьж манай гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг.

Барилга хот байгуулалтын яам хэдийгээр тухайн үеийн улсын барилгын хорооны эрх залгамжпагч мөн боловч тухайн үед байгууллагуудаас иргэдэд байр олгохоор ирүүлсэн саналыг АДХ-ын гүйцэтгэх захиргаанд уламжлах л эрхтэй байсан. Иймд Барилга, хот байгуулалтын яам 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 3/2780 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хандан "Ч.Бямбаад 1 айлын 2 өрөө орон сууц олгож өгнө үү" гэсэн хүсэлтийг явуулсан боловч Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/3097 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Иймд Ч.Бямбаа миний бие Улсын барилгын хорооны буруутай үйл ажиллагааны улмаас өнөөдрийг хүртэл хохирсоор яваа болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаартай шийдвэрээр тогтоосон. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу Барилга хот байгуулалтын яамнаас байр нэхэмжлэх ямар ч боломжгүй байна. Учир нь тухайн үед Улсын барилгын хороо нь байр олгох эрх хэмжээгүй байсан бөгөөд зөвхөн АДХ-ийн гүйцэтгэх захиргаа руу уламжилдаг байсан. Харин тухайн үед Улсын барилгын хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн АДХ-ийн гүйцэтгэх захиргаа байр олгодог байсан. Тухайн үеийн АДХ-ийн гүйцэтгэх захиргааны зрх залгамжлагч болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд одоо байр олгох эрх хэмжээ байхгүй байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг гаргаж байгаа тул 2 өрөө байр буюу түүний үнэ 95 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад "...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас 2 өрөө байр буюу түүний үнэ болох 95 000 000 төгрөгийг гаргуулах" гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хзагч албан үүргээ зөрчсөн гзм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу "төр хариуцан арилгана" гэж заасан байна. Нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэх үйл баримтад хариуцагч Засгийн газрын хууль бус үйлдэл, гэм буруу тогтоогдоогүй тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын агуулгаар түүнд гэм хорыг арилгах үүрэг үүсэхгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорыг хариуцан арилгах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч Ч.Бямбаа нь Засгийн газрын ямар буруутай үйлдэл /эс үйлдэхүйн улмаас өөрт гэм хор учирсан талаар дурдаагүй, энэ тухай нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид учирсан гэх гэм хорын хохиролд Засгийн газрын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоо байхгүй. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад "...миний бие Улсын барилгын хорооны буруутай үйл ажиллагааны улмаас өнөөдрийг хүртэл хохирсоор явна" гэж дурдсанаас тодорхой ойлгогдож байна. Иймд нэхэмжлэгчид учирсан гэх гэм хорын хохирол Засгийн газрын буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болоогүй тул хариуцагчаас учирсан хохирол шаардах эрхгүй. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлээр Засгийн газрын нөөц сантай холбогдох харилцааг зохицуулсан бөгөөд уг хуулийн 8.3-т заасан төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй арга  хэмжээ санхүүжүүлэхэд Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг зарцуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг тодорхой нийтийн эрх ашиг хөндөгдсөн байгалийн гамшигт үзэгдэл болон осол аваар гарах тохиолдолд эсхүл төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанд зарцуулахаар заасан бөгөөд нэхэмжлэлд дурдсан Улсын барилгын хороо /хуучин нэрээр/-ны буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан гэх хохирлыг барагдуулахад Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг зарцуулах боломжгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан. 1988 оны үйл баримтыг 30-аад жил болсны дараа шаардлага гаргасан. Тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомж өөрчлөгдсөн бөгөөд Ч.Бямбаа нь 2 өрөө сууцандаа одоо амьдарч байгаа, бодит хохирол учраагүй, 2 өрөө байрыг хувьчилж авах эрх нь нээлттэй байгаа тул гэм хорын хохирол учирсан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад Төрийн байгууллага болон Улсын барилгын хорооны буруутай үйл ажиллагааны улмаас хохирол болох 2 өрөө байр буюу 95 000 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах гэсэн нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т "Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгуй дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-д заасан сангийн хөрөнгийг зарцуулна" гэж заасанд хамаарахгүй байна. Учир нь дээрх хуулийн заалтад тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй, онцгой нөхцөл байдалд хуульд заасан арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан зардлын хөрөнгө юм. Тус хөрөнгийг Төсвийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн улсын төсөвт тусгаж УИХурлаар батлуулдаг. Түүнчлэн иргэн Ч.Бямбаад тус орон сууц олгож өмчлүүлсэн нь тодорхой байх тул төр уг асуудалд ямар нэгэн төлбөрийн болон бусад үүрэг хүлээх үндэслэлгүй. Иймд Засгийн газрын нөөц сангаас нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнг гаргаж өгөх хууль зүйн үндэслэлгүй, төрд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан үүрэг үүсэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Монгол Улсын Засгийн газарт холбогдох 2 өрөө байр буюу Засгийн газрын нөөц сангаас 95 000 000 төгрөг гаргуулах тухай Ч.Бямбаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийк 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх  хэсэгт  зааснаар  нэхэмжлэгч  Ч.Бямбаагийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ч.Бямбаагийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаар шийдвэрийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас гэм хорын хохиролд 95 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Шүүх шийдвэрийн үндэслэлээ

1. Ч.Бямбаа нь өөрийн одоо сууж байгаа 2 өрөөг хувьчилж авах эрх нээлттэй байх тул гэм хор учирсан гэж үзэхгүй гэжээ. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шийдвэрээр Ч.Бямбаад 4 өрөө байрны 2 өрөө биш харин 2 өрөө байр олгох ёстой байсан болохыг нотолж, үүнд тухайн үеийн төрийн байгууллага болох Барилгын зургийн хороо буруутай болохыг тогтоосон. Нэхэмжлэгч нь одоогоор оршин сууж байгаа 2 өрөөг өнөөг хүртэл хувьчлан аваагүй учраас энэхүү 2 өрөө нь төрийн өмчлөлийн өрөө юм. Захиргааны хэргийн шүүх хэдийгээр иргэн Ч.Бямбаагийн эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн боловч энэхүү шийдвэр хэрэгжих боломжгүй өөрөөр хэлбэл төрөөс 2 өрөө байр олгох боломжгүй болсон нь мөн нотлогддог. Эдгээр баримтуудаар Ч.Бямбаагийн 2 өрөө байр хувьчлан авах эзэмших, өмчлөх эрх зөрчигдөж түүнд гэм хор учирсан болох нь нотлогдож байна. Шүүх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан.

2. Мөн шүүх гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл болон учирсан хохирлын
хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулагч нь төрийн албан хаагч байхыг шаарддаг. Тухайн үеийн Улсын барилгын хороо нь төрийн захиргааны байгууллага байсан бөгөөд 2 өрөө байрыг 4 өрөө байрны 2 өрөө болгон өөрчилж бичсэн ажилтан төрийн албан хаагч бөгөөд одоо эрх залгамжлагч нь Барилга хот байгуулалтын яам болох нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нотлогддог. Гэм хорыг хэн арилгах вэ гэхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт ...гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулиин этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан. 2 өрөө байрыг 2 өрөө болгон өөрчилсөн төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллага болох Улсын барилгын хорооны эрх залгамжлагч нь Барилга хот байгуулалтын яам байх боловч улсын барилгын хороо байр олгох эрхгүй байсан нь нотлогддог. Иймд гэм хорыг төр буюу Засгийн газар хариуцан арилгах үндэслэлтэй байна.

3. Мөн байгууллага албан тушаалтны буруу шийдвэр, үйл ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргах эрх нээлттэй байхад эрх бүхий байгууллага албан тушаалтанд гомдол хүсэлтийг цаг тухайд нь гаргаж шийдвэрлүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөнөөс хойш холбогдох байгууллага албан тушаалтан, шүүхэд гомдол хүсэлт нэхэмжлэл гаргасны үндсэн дээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол гарсан бөгөөд эдгээр нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тул шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Бямбаа нь Монгол Улсын Засгийн газраас 2 өрөө байр буюу Засгийн газрын нөөц сангаас 95 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Засгийн газрын үйл ажиллагаа, гэм хорын хоорондын шалтгаант холбоо тогтоогдоогүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ХААБЗИ болон нам, олон нийтийн байгууллагын сууц хуваарилах тухай хамтарсан хурал болон 1988 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ХААБЗИ-ийн бүх ажилчдын хурлын протоколоор Улсын барилгын хорооноос хуваарилагдан ирсэн 2 өрөө орон сууцыг Б.Бямбаад өгөхөөр шийдвэрлэж /хх 18-21/, Улсын барилгын хорооны 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоот албан бичгээр уг байранд орох хүмүүст гэрээ, ордер олгуулахаар Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд хүргүүлсэн нэрсийн жагсаалтын хавсралтад “Ч.Бямбаад 4 өрөө орон сууц” /хх 23-25/ гэж бичигдсний дагуу Ч.Бямбаад 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 3-105.А тоот 2 өрөө орон сууцны 882415 тоот ордер /хх-9/ олгогдсон үйл баримт тогтоогдсон байна.

Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай ажиллагаанаас өөрт хохирол учирсан тул Засгийн газрын нөөц сангаас 2 өрөө байр буюу байрны үнэ 95 000 000 төгрөг гаргуулна гэж шаардснаа нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар өөрөөр хэлбэл төрийн албан тушаалтны буруутай үйлдлээр гэм хор учирсан гэх нөхцөл байдлыг өөрөө нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ч.Бямбаа нь орон сууцанд амьдарч эхэлсэн 1988 оноос хойш төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаатай холбоотой эрх зөрчигдсөн гэж гомдлыг анх Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаар шийдвэрээр шийдвэрлүүлсэн байгааг нэхэмжлэгчийн өөрийн нь гаргаж буй орон сууцны нөхцөлийн талаарх тайлбартай харьцуулан үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан “гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан” гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгчийн хувьд 2 өрөө байр хуваарилагдсан байхад 4 өрөө байранд өөр айлтай хамт оруулсантай холбоотойгоор гэм хор бодитой учирсан, үүнд тухайн үеийн төрийн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэл шалтгаан холбоотой гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул Монгол Улсын Засгийн газрыг гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлөх үүрэггүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тэрээр тухайн үед улсаас хуваарилж өгсөн орон сууцанд одоог хүртэл амьдарч, бодитойгоор эзэмшиж байгаа боловч уг байраа хувьчлан авч өмчлөлөө баталгаажуулаагүй байх тул дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд эрх нь зөрчигдсөн, гэм хор учирсан гэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь 4 өрөө байранд хамт оршин сууж буй 2 айлын нэг болохын хувьд дундаа эд хөрөнгө хамтран өмчлөх тохиолдолд үүсэх эрх, үүргийн харилцаатай холбоотойгоор  зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргаагүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

Харин шүүх Засгийн газрыг энэ асуудалд буюу нэхэмжлэгчийн үүсээд байгаа нөхцөл байдалд хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж дүгнэснийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн гэж үзнэ.  

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10  дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/0987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Бямбаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                            ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА