Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0251

 

 

 

 

 

 

 

 

Ц.Г-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагч Ц.Г, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.А, хариуцагч А.С нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаар шийдвэртэй, Ц.Г-ын гомдолтой, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаар шийдвэрээр: “... Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 25 дахь зүйлүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч иргэд Ц.Г-ын нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Ц.Содхүүгийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №1448552 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

            Гомдол гаргагч Ц.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г нар тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... Ц.Г миний бие нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монголын Үндэсний ардчилсан нам нэгдсэн “Ш э”-ээс нэр дэвшин оролцсон юм.

Энэ сонгуульд оролцохдоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30, 32 дугаар зүйлд зааснаар “Ш э”-ээс хуульд заасан нөхцөл болзлыг хангаж Дорноговь аймгийн 8 дугаар тойрогт нэр дэвшиж ялагдал хүлээсэн.

Миний бие хуульд зааснаар хандивын данс нээлгэсэн. Мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр 38430999 “Гучин найман сая дөрвөн зуун гучин мянга есөн зуун ерэн есөн” төгрөгийн хандив цугларсан бөгөөд сонгуулийн зардалдаа зарцуулсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.3-д зааснаар бусад зардлыг өөрийн хөрөнгөөс гаргаж тус сонгуульд оролцсон юм.

Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу өөрийн төлөөллийн байгууллага болох “Ш э”-ийн төв штаб руу явуулсан.

Орон нутгийн сонгуулийн хорооноос тухайн нам, эвсэл, нэр дэвшигч нарын менежер болон бусад ажиллагсдад Сонгуулийн тухай хуулийн талаар сургалт сурталчилгаа хийхдээ сонгуулийн тайлан, хандивын талаар ямар ч ойлголт өгөөгүйгээс Улсын Их Хуралд нэр дэвшсэнийхээ төлөө 10.000.000 төгрөгөөс торгуулахад хүрсэн.

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Ц.С-ийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1448552 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар 10000 нэгжээр торгох шийтгэх хуудсыг явуулжээ. Шийтгэх хуудсыг харахад ямар нотлох баримтыг үндэслэж шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт нам, эвсэл, нэр дэвшигч гэж заагласан байгаа бөгөөд улсын ахлах байцаагч Ц.С-ийн бичсэн шийтгэх хуудаст иргэд Ц.Г гэж заасан нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж харин “Ш э”-ээс нэр дэвшиж сонгуульд өрсөлдсөн.

Дээрх үндэслэлээр тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан ба гомдлыг анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 115/ШШ2021/0002 дугаартай шийдвэрээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг харахад хэт нэг талын баримтыг үндэслэж шийдвэр гаргасан, мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г-гийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэл болгож гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтыг харахад энэ мэт шалтгаанаар олон нэр дэвшигч Монгол Улсын Их Хуралд нэр дэвшсэний төлөө улсад 10.000.000 төгрөгийн төлбөр төлөхөөр харагдаж байгаа юм . Гомдол гаргагч Ц.Г нь хуульд зааснаар явцын тайлангаа өгсөн ба харин эцсийн тайланг “Ш э”-ийн сонгуулийн штабаар дамжуулж Үндэсний аудитын газарт хүргүүлнэ гэж ойлгож улмаар тайланг тухайн эвслийн нарын бичиг Э.Эрдэнэтуяад хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт авагдсан албан бичгээр хангалттай нотлогдож байгаа юм. Гэтэл дээрх нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүйд гомдолтой байгаа юм.

Мөн “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”намын ерөнхий нарийн бичгийн дарга.Мөнхжаргал нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 125 тоот албан бичгээр ... нэр дэвшигч Ц.Г нь сонгуулийн зардлын тайлангийн хувийг эвслийн ажлын албанд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн болно. Гэвч уг тайлангийн хувийг “Ш э”-д ирүүлсэн гэж ойлгож Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй болно гэж албан бичгээр тайлбарласаар байхад шүүх гомдол гаргагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэх үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 115/ШШ2021/0002 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.2-т зааснаар нэхэмжлэлийг минь хангаж өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг гомдол гаргагч Ц.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Гомдол гаргагч Ц.Г-аас нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Ц.С-д холбогдуулан  “улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1448552 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг гаргажээ.

Гомдол гаргагч Ц.Г-ыг “сонгуулийн зардлын эцсийн тайлангаа төрийн аудитын  дээд байгууллагад хүргүүлээгүй” зөрчлийг гаргасан гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгоно.” гэж заасныг үндэслэн 10.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэлийг Ц.Гд оногдуулжээ.

Хариуцагч улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч Ц.Г-ыг “сонгуулийн зардлын эцсийн тайлангаа төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй” зөрчлийг гаргасан гэдгийг нотлох зорилгоор мэдээлэл, лавлагаа авахаар Монгол Улсын Ерөнхий Аудитор болон Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг[1] хүргүүлж, мөн Х банкнаас мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай тогтоолыг[2] үйлдэн холбогдох, мэдээлэл, лавлагааг гаргуулах ажиллагааг хийсэн байна.

Улмаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 албан бичиг[3], Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 албан бичиг[4], Үндэсний Аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/3444, 01/3445 албан бичиг[5], Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 2/383 албан бичгээр тус тус ирүүлсэн лавлагаа, мэдээллийг үндэслэн “нэр дэвшигч Ц.Г нь сонгуулийн зардлын эцсийн тайлангаа төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний аудитын газарт ирүүлээгүй” гэдгийг тогтоож, энэ талаар шийтгэх хуудсанд тэмдэглэсэн гэдэг нь зөрчлийн хэрэгт авагдсан дээрх баримтууд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл[6], шийтгэх хуудсанд[7] тэмдэглэгдсэн зэргээс тогтоогдож байна.

Энэхүү ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-дЭрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.” гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

Иймээс гомдол гаргагчаас давж заалдах гомдолдоо “Шийтгэх хуудсыг харахад ямар нотлох баримтыг үндэслэж шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна” гэж маргаж байгаа үндэслэл тогтоогдсонгүй.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: “нэр дэвшигч” гэж 25 нас хүрсэн, энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.” гэжээ.

Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.”, 57 дугаар зүйлийн  57.3-д “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.”, 58 дугаар зүйлийн 58.4-д “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж тус тус заажээ.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд нэр дэвшигч гэдгийг зөвхөн бие даан нэр дэвшиж байгаа этгээдийг ойлгохгүй, нам, эвслээс нэр дэвшигч мөн адил үүнд хамаарах бөгөөд нэр дэвшигч нь 1.сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг, 2. хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг, 3. санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайлангаа төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байхаар зохицуулжээ.

“Ш э” намуудын эвслээс нэр дэвшигч Ц.Г-ын хувьд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэр, хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа дээр дурдсан хуульд заасны дагуу төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлсэн боловч “санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайлангаа төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх” Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэдэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогджээ.

Иймээс Зөрчлийн тухай хуулийн Сонгуулийн хуулийн зөрчих гэсэн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу нэр дэвшигч Ц.Г-д “сонгуулийн зардлын эцсийн тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” үндэслэлээр шийтгэх хуудсаар торгуулийн шийтгэл оногдуулсныг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин “шийтгэх хуудсанд иргэн Ц.Г гэж заасан нь хуулийг буруу хэрэглэсэн, бие дааж нэр дэвшээгүй, харин “Ш э”-ээс нэр дэвшиж сонгуульд өрсөлдсөн.” гэх давж заалдах гомдлын үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн давж заалдах гомдолд “...хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т ...санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу өөрийн төлөөллийн байгууллага болох “Ш э”-д явуулсан,... Орон нутгийн сонгуулийн хорооноос ...сонгуулийн тухай хуулийн талаар сургалт, сурталчилгаа хийхдээ тайлан, хандивын талаар ямар ч ойлголт өгөөгүйгээс Улсын Их Хуралд нэр дэвшсэнийхээ төлөө 10.000.000 төгрөгөөр торгуулахад хүргэсэн” гэж дурдсан үндэслэл нь нэр дэвшигч Ц.Г-ыг дээр дурдсан хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Давж заалдах гомдолд “... эцсийн тайланг “Ш э”-ийн сонгуулийн штабаар дамжуулж Үндэсний аудитын газарт хүргүүлнэ гэж ойлгож улмаар тайланг тухайн эвслийн нарын бичиг Э.Э-д хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт авагдсан албан бичгээр хангалттай нотлогдож байгаа юм. Гэтэл дээрх нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүйд гомдолтой”, “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намын ерөнхий нарийн бичгийн дарга н.М нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 125 тоот албан бичгээр ... нэр дэвшигч Ц.Г нь сонгуулийн зардлын тайлангийн хувийг эвслийн ажлын албанд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн болно. Гэвч уг тайлангийн хувийг “Ш э”-д ирүүлсэн гэж ойлгож Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй болно гэж албан бичгээр тайлбарласаар байхад шүүх гомдол гаргагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэх үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.” зэрэг үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь “сонгуулийн штабаар дамжуулж Үндэсний аудитын газарт хүргүүлнэ гэж ойлгож улмаар тайланг тухайн эвслийн нарын бичигт хүлээлгэж өгсөн” гэх баримт, ““Ш э”-д ирүүлсэн гэж ойлгож Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй тухай ерөнхий нарийн бичгийн дарга ...Мөнхжаргал”-ын тайлбар зэрэг нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайлангаа төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу нэр дэвшигч Ц.Г-ыг төрийн аудитын дээд байгууллагад тайлангаа хугацаандаа хүргүүлсэн гэдгийг нотлох баримтууд  гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэр дэвшигчийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ц.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Ц.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ