Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 005

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр  багийн оршин суугч Е   нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Хилийн 0... дугаар ангийн захирагчид  холбогдох;

             “Хилийн 0... дугаар  ангийн захирагчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн б/83 дугаар тушаалын Ет холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хилийн 0... дугаар ангийн 0309 дүгээр салбарын  сургалт эрхэлсэн орлогчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2017 оны 07 дугаар сарын 02-ноос 2018 оны 01 дүгээр сарын 02-ныг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Е, түүний өмгөөлөгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагчийн өмгөөлөгч О, гэрч Г, А, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Е шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1140 тоот тушаалаар Хилийн 0... дугаар ангийн Харуулын даргаар, тус ангийн захирагчийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/10 тоот тушаалаар мөн ангид ”Асгат”-ын хилийн заставт Мэдээлэл, соёл, сурталчилгаа эрхэлсэн орлогчоор, мөн  ангийн захирагчийн  2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/69 тоот тушаалаар “Асгат”-ын заставт сургалт эрхэлсэн орлогчоор, мөн ангийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/69 дүгээр тушаалаар “Холбоо нуур”-ын заставт сургалт эрхэлсэн орлогчоор, мөн ангийн захирагчийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалаар Цэргийн сургалт, албаны зохион байгуулалтын албанд цэргийн тоо бүртгэл, гэрээт хариуцсан ажилтнаар, мөн ангийн захирагчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн МН/06 тоот тушаалаар Цэргийн сургалт, албаны зохион байгуулалтын албанд биеийн тамирын ажилтнаар, мөн ангийн захирагчийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/51 тоот тушаалаар “Хөх эрэг” заставт сургалт эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд 0... дугаар ангийн “Хөх эрэг”-ийн заставт сургалт эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан юм. Е би эх орон, ард түмний өмнө үнэнчээр ажиллахаар тангараг өргөсөн тусгай албан хаагч ба 5 заставт ажиллаж байхад эх орны дархан хилийг хамгаалж, үүрэгт ажилдаа эзний ёсоор хандаж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн. Ер нь Е би албан ажлаа хийж байгаа үед эх орон, ард түмний эсрэг ноцтой зөрчил гаргаж байгаагүй юм. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын эцсээр 0... дугаар ангиас тус ангийн сэтгэл зүй, мэдээлэл,соёл сурталчилгааны албаны дарга, хошууч Х.Соёл-Эрдэнэ, тус ангийн дотоод хяналтын албаны дарга, дэд хурандаа Э.Гомбо нарын хүмүүс ангийн захирагчийн нэрэмжит хяналт шалгалт хийхээр очсон юм. Хяналт шалгалтыг хошууч Х.Соёл-Эрдэнэ өөрөө ахалж ирсэн ба шалгалт эхлэхээс өмнө болон шалгалтын үеэр  надтай зүй бус харьцсан, ангийн захирагчийн тушаалыг зөрчиж шалгалтыг зохих журмын дагуу явуулаагүй юм. Тэгээд энэ хүн надад “...би чамайг занаж байгаад ёс зүйн хороонд оруулна, ажлаас гаргах болно, намайг хэн гэдгийг хараарай, чамайг зодож халагдсан ч яахав” гэж хэлсэн ба өрөөнд намайг заамдахад өнөөдөр шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн Э.Гомбо гэдэг хүн салгаж авсан. Тэгээд би түүнийг холбогдох газарт өгч, асуудлыг шийдвэрлүүлэх гэсэн боловч дэд хурандаа Э.Гомбо нь “...эр хүмүүс байна,хоорондоо тохиролцож учраа ол” гэсэн тул би ангийн захирагчид энэ асуудлыг хэлээгүй юм. Дараа нь Х.Соёл-Эрдэнэ  миний асуудлын талаар ангийн захирагчийг буруу мэдээллээр хангаж,өөрийнхөө хэлсэн үгийн дагуу  намайг ажлаас гаргах гэж зүтгэсэн. 0... дугаар ангийн хэмжээнд ер нь Еын асуудлыг шалгах гээд социологийн судалгаа авах бүлэг явуулсан, заставт ирээд зарим хүмүүсийг машинд оруулж албадлагын аргаар бичүүлж авсан юм. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын сүүлчээр Е миний асуудлыг ангийн захирагчийн дэргэдэх ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэж, улмаар “Таныг үүрэгт ажлаас түдгэлзүүлж байна. Та Монгол улсад Хилийн цэргийн 23 отряд байгаа, түүнээс очоод ажлаа олж аваарай” гэж хэлсэн юм. Би уг хуралдааны шийдвэрийг зөвшөөрөхгүй байсан ба надад албан ёсоор шийдвэрийг өгөөгүй юм. Ингээд Е миний үүрэгт ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус “Хөх эрэг” заставын сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогч ахмад М.Амандост хүлээлгэж өгсөн. Миний ажлыг тус ангийн захирагч, хурандаа Б.Батжаргал хүлээлцүүлсэн ба тэрээр надад “...танд ээлжийн амралт өгч байна. Та ээлжийн амралтын хугацаанд очих буюу ажиллах ангиа өөрөө олоод ир” гэж хэлсэн юм. Тэр үед би ангийн захирагчид “..би цаашид ажиллах ангиа өөрөө олох боломжгүй” гэж хэлсэн. Ангийн захирагч миний үгийг хүлээж аваагүй. Миний асуудлыг шийдвэрлэхэд ангийн удирдлагууд зөвхөн нэг талыг барьсан, манай заставын байранд очиж, албан ёсоор хяналт шалгалт явуулаагүй, энэ асуудал үнэн, худлаа эсэхийг нягтлан шалгаагүй. Замдаа машин эвдэрсэн гэсэн шалтгаанаар 5-6 хүнийг хээр гадаа дуудаж,асуудлыг шийдэх гэж оролдсон.  Хэрвээ миний асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэх гэж байгаа бол заставын удирдлагуудыг бүрэн суулгаж байгаад нягтлан шалгах ёстой байсан. Ийм дүгнэлт хийхгүйгээр хэдэн хүний бичиж өгсөн худал хуурмаг цаасны дагуу ангийн удирдлага миний ажил, амьдралыг шийдсэн.Ингээд ээлжийн амралт дуусаж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр  тус ангийн захиргаа хүний нөөцийн албаны дарга, ахмад Э.Галмандахтай уулзаж “Миний ээлжийн амралт дуусаж байна, би одоо ажилдаа ормоор байна” гэж хэлэхэд тэрээр “..таныг одоохондоо ажилд авах боломгүй” гэж хариу өгсөн юм. Е би ажиллах газраа өөрөө сонгон авч, өөртөө тушаал гарган ажиллах хууль зүйн орчин байхгүй. Түүнээс хойш 2-3 удаа ангийн захирагчтай уулзаж байсан, ангийн захирагч өөрөө хүнтэй дүрмийн бус харьцдаг, хүнийг дарамталдаг, өрөөнд нь орохоор нохойд хэлж байгаа мэт “зайл” гэж хэлдэг хүн байгаа. Тэгээд ажилд ч авахгүй болохоор аргагүйн эрхэнд аймгийн Засаг даргад өргөдөл гаргаж, дараа нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажлаас хууль бус халагдсан гэж үзээд шүүхэд хандсан. Иргэний шүүхийн харьяаллын маргаан биш гэсэн үндэслэлээр 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1907 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүхээс таныг ажлаас халсан тушаал байхгүй байна, дээд шатны байгууллагад гомдол гаргаж, сарын дотор хариу өгөхгүй бол та шүүхэд хандах эрхтэй гэж хэлсэн. Тухайн үед буюу 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газарт гомдол явуулсан боловч сарын дотор бичгээр болон амаар ямар нэгэн хариу ирүүлээгүй. Дахин шүүхэд хандахад Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргах ёстой гэсэн учраас тухайн газарт 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дахин гомдол явуулсан боловч ямар нэгэн хариу ирээгүй. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ангийн захирагчийн дэргэдэх зөвлөл хурал болсон, хуралдах болсон шалтгаан нь аймгийн Засаг дарга албан тоот явуулсан, тэрний дагуу таныг дуудаж байна гэсэн ба үүнийг би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл аймгийн төв шуудангаас би энэ талаар лавлахад, миний гомдол Хил хамгаалах ерөнхий газрын өргөдөл, гомдол хүлээн авах ажилтны гар дээр 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр очсон байна. Харин 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр намайг дуудсан шалтгаан нь миний гомдлыг шийдвэрлэх гэж үзсэн байна. Гэхдээ надад таны гомдлыг шийдвэрлэж байна гэж хэлээгүй, аймгийн Засаг даргыг бодоод таныг ажилд авна гэх асуудлаар зөвлөлийн хурлаар оруулсан. Үүнээс өөр надад ажлын байр санал болгоогүй, харин ч надад ажлын дарамт шахалт үзүүлж, Хилийн 0... дугаар ангиас холдуулах гэж зүтгэсэн. Би Хил хамгаалах ерөнхий газарт гомдол гаргасан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж ахмад Э.Галмандахтай утсаар ярьж хэлсэн байгаа. Ажлын байр санал болгосон гэдэг  нь худал, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хилийн 0289 дүгээр салбарт  сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор ажиллах талаар  өөрөө санаачлан ямар нэгэн хүсэлт гаргаагүй, би урьд нь  эрхэлж байсан ажилдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Иймд Е намайг Хилийн 0309 дүгээр салбарын сургалт эрхэлсэн орлогчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх, Хилийн 0... дугаар ангийн захирагчийн  2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Зохицуулан томилох тухай” б/83 тоот тушаалын “Хилийн 0309 дүгээр салбарын сургалт эрхэлсэн орлогч, ахмад Еыг Хилийн 0289 дүгээр салбарт сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор ... 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс зохицуулан  томилсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Е нь ажлаас буруу халагдсан гэх үндэслэлээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршино” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар нэхэмжлэгч  төрийн тусгай албан хаагчид хамаарч байна.Нэхэмжлэгч Х.Ернурын хувьд тухайн байгууллагад ахмад цолтой, офицерээр ажиллаж байсан хүн учраас энэхүү маргаан Төрийн албаны тухай хуулиар шийдэгдэх ёстой. Етай холбоотой сахилгын зөрчлийн асуудлууд яригдаж байгаа бөгөөд 2017 оны 1 дүгээр улиралд хариуцагч байгууллагаас энэ асуудлыг шалгаад илрүүлсэн байдаг. Хил  хамгаалах байгууллагын ёс зүйн дүрмийн холбогдох заалтууд, хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрмийн “албан тушаалтан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах” гэсэн заалтаар Ет холбоотой асуудлыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр  хэлэлцэж, нэхэмжлэгчийг Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст өөр ангид шилжин ажиллах хүсэлт гаргаж, ажиллах гэсэн шийдвэр гаргасан байгаа. Тэгэхээр Төрийн албаны тухай хуульд сахилгын зөрчил гаргасан хүнд Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст өөр ангид шилжин ажиллах хүсэлт гаргаж, ажиллах гэсэн зохицуулалт, сахилгын шийтгэл байхгүй. Төрийн албаны тухай хуулий 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заажээ. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр илрүүлсэн зөрчилд ажил олгогч 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр энэ асуудлаар нэхэмжлэгчид арга хэмжээ тооцож байгаа нь  1 сарын дотор арга хэмжээ авах гэсэн хугацааг алдагдуулсан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх 1 дүгээр үндэслэл маань сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа боловч хуулийн хугацаанд арга хэмжээ тооцоогүй нь нэхэмжлэгчид арга хэмжээ авахгүй байх үндэслэл болж байна. Иймээс Хилийн 0... дугаар ангийн захирагчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Зохицуулан томилох тухай” б/83 тоот тушаал  хууль зүйн хувьд үндэслэлгүй тушаал гэж ойлгож байна. Хариуцагч тал Еыг сахилгын зөрчил гаргасан гэх боловч энэ нь хуулийн дагуу тогтоогдсон байх ёстой, түүнийг өөр заставт шилжүүлж байгаа хууль зүйн үндэслэлийг тухайн тушаалдаа тодорхой заах ёстой. Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрмийн 3.10.1 дэх заалт, захирагчийн зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн тушаал гаргаснаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэсэн зарчим алдагдаж байна. Мөн захирагчийн дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзэхэд зөвлөлийн хурлын гишүүд дандаа загнасан, дарамталсан агуулгатай зүйл хэлсэн байдаг. Цэргийн хүн байж болно, гэхдээ заавал нэхэмжлэгчийг буруутгах, нэг талыг барьсан асуудал нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Еын хувьд гэр бүл, үр хүүхэдтэй, тухайн заставд очоод 2 жил амьдарч байна. Энэ хүн өөрөө сайн дурын үндсэн дээр өөр заставд очиж ажиллана гэсэн хүсэлт гаргаагүй. Дээрээс нь хариуцагч талын өмгөөлөгч шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж маргаж байна. Хилийн 0... дугаар ангийн захирагчийн тус шүүхэд ирүүлсэн тайлбарт “...Уг шийдвэрийн дагуу Ет 2017 оны 05 дугаар сарын 01-нээс ээлжийн амралт олгосон ба түүний ээлжийн амралтын хугацаа 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан. Үүний дараа ангийн захирагч нэхэмжлэгч Ет  2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цалингүй чөлөө олгосон” гэсэн байдаг. Энэ өдрөөс эхлэн нэхэмжлэгч ажилгүй болсон учраас тус аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх болон Хил хамгаалах ерөнхий газарт хандаж байсан. Дараа нь тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаад явж байсан учраас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж бодож байна. Хил хамгаалах ерөнхий газраас түүний гомдлын хариуг одоо хүртэл өгөөгүй байгаа. Ажлаас халах хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад нэхэмжлэгчийг ажлаас халсан нь буруу байна. Энэ хүнд ямар ч алдаа байхгүй гэж хэлэхгүй, ямар нэгэн алдаа дутагдал байж болно. Е нь үнэхээр сахилгын зөрчил гаргасан байвал хуульд заасан хугацаанд арга хэмжээ авах ёстой байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй тул түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох ёстой гэв.

Хариуцагч Хилийн 0... дугаар ангийн захирагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Ар тал хангалтын дарга, дэд хурандаа Х.Кадирбекээр ахлуулсан цэргийн сургалт, сахилга, албаны зохион байгуулалт хариуцсан ахлах офицер, ахмад Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй бүлэг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бие бүрэлдэхүүнд сахилга хариуцлага, албаны зохион байгуулалтын талаарх ажлаар ангийн салбаруудад ажиллахад хилийн дугаар салбарын /"Хөх эрэг"/ бие бүрэлдэхүүнээс Етай холбоотой санал гомдол гарсны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ангийн төвөөс Сэтгэлзүй, мэдээлэл ,соёл сурталчилгааны албаны дарга хошууч Х.Соёл-Эрдэнэ, социологич, сэтгэлзүйн бэлтгэлийн офицер , дэслэгч А.Сарнай, цэргийн сургалт, сахилга, албаны зохион байгуулалт хариуцсан  ахлах офицер ахмад Б.Ууганбаяр  нарын бүрэлдэхүүнтэй бүлэг очиж албаны шалгалт явуулахад Е нь заставын бие бүрэлдэхүүнтэй дүрмийн бус харьцдаг, дарамт шахалт үзүүлдэг, бие бүрэлдэхүүнээс авсан социологийн судалгаагаар  хамтран ажиллах боломжгүй гэсэн санал гарсан. Еын энэ үйлдэл нь  Хил хамгаалах байгууллагын “Ёс зүйн дүрэм”-ийн 4.2 дахь заалт “Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 4.4 дэх заалт “Харилцааны соёлыг эрхэмлэх”, 5.1 дэх заалт “Хил хамгаалах байгууллагын нэр хүндийг  өндөрт өргөн  албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах”, 5.5 дахь заалт “Бусдад хүндэтгэлтэй хандаж, захирагдагсдынхаа нэр хүнд,  хууль ёсны эрх ашгийг дээдэлнэ”, 5.7 дахь заалт “Нийгэм ,хамт олны харилцаанд эерэгээр оролцож, олон нийтийн дунд биеэ зөв авч явах ба зан төлөвийн доголдол, зөрчил гаргахгүй байна”, Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрмийн 4.3.1.1 дэх заалт “Албан тушаалтнууд өөрийн үүрэг, эрхийг хэрэгжүүлэхдээ албан тушаалын бүрэн  эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах” зэргийг зөрчиж байгаа тул ангийн дэргэдэх Ёс зүйн хорооны хурлаар  оруулахад өөрийн энэ үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй тул ангийн захирагчийн  зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар оруулж асуудлыг авч  хэлэлцэхэд өөрийн буруугаа хүлээж, энэ тухай зөвшөөрсөн тодорхойлолт гаргасан тул зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар ээлжийн амралтыг  олгож, энэ хугацаанд Еыг Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст өөр ангид шилжин ажиллах хүсэлт гаргаж, ажилла гэсэн шийдвэр гарсан.

Уг шийдвэрийн дагуу Ет 2017 оны 05 дугаар сарын 01-нээс ээлжийн амралтыг олгосон. Еын ээлжийн амралтын хугацаа 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусаж , энэ хугацаанд Е нь шилжих өргөдлөө гаргаагүй тул дахин  боломж олгож “Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрэм”-ийн 3.10.8-д “Алба хаагчид цалинтай буюу цалингүй чөлөөг 30 хүртэл хоногийн хугацаатай олгох” гэж заасны дагуу ангийн захирагч өөрийн бүрэн эрх мэдлийн хүрээнд 1 сарын цалингүй чөлөө олгосон. Энэ хугацаанд Е мөн  л өөр ангид шилжих хүсэлтээ шийдвэрлүүлж чадаагүй, Баян-Өлгий аймгийн Засаг даргаас ангийн захирагчийн нэр дээр 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус ангид ахмад Еыг  ажиллуулах  хүсэлт гаргасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн захирагчийн  зөвлөлийн хурлаар Еыг дахин оруулж асуудлыг авч хэлэлцэн  “Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрэм”-ийн 10.9.1.3 дэх заалт “Хил хамгаалах байгууллагын ёс зүйн дүрэм зөрчсөн”, 10.9.1.4 дэх заалт “Социологийн судалгаагаар бие бүрэлдэхүүний 60-аас дээш хувь нь хамтран ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан”  гэж заасныг үндэслэн ангийн захирагчийн  2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар хилийн дугаар салбарт сэтгэлзүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор зохицуулан томилсон. Уг шийдвэрийг Ет танилцуулахад сэтгэлзүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор томилсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хил хамгаалах ерөнхий газрын  даргын нэр дээр өргөдөл бичсэн байгаа тэр шийдвэрийг иртэл хүлээнэ гээд ажилдаа ирэлгүй, өнөөдрийг хүртэл томилогдсон газар явалгүй ажил тасалсаар байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Галмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Е нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр заставын дарга ээлжийн амралт аваад явсан хойгуур заставын даргыг орлон ажиллаж байсан үедээ бие бүрэлдэхүүнийг хуралд дуудаж, заставын даргыг солих талаар санал гарган та нар надад судалгаа өг гэж бие бүрэлдэхүүнийг тулган шаардсан нь Хил хамгаалах байгууллын хүний нөөцийн дүрмийн 4.3.1.1 “Албан тушаалтнууд өөрийн үүрэг, эрхийг хэрэгжүүлэхдээ албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”  гэсэн заалтыг зөрчсөн, мөн заставын бие бүрэлдэхүүнээс энэ хүний удирдлагад ажиллахад хэцүү, дарамт ихтэй гэж санал  ирсний дагуу албан шалгалт явуулахад Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрмийн 10.9.1.4-т “Социологийн судалгаагаар бие бүрэлдэхүүний 60-аас дээш хувь нь хамтарч ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан”  гэх заалтыг үндэслэн цаашид тус заставт ямар нэгэн  харьцааны зөрчил гарч болзошгүй гэж үзсэний дагуу хамт олны эрх ашгийг  хүндэтгэн ангийн захирагч өөрийн эрх мэдлийн хүрээнд Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрмийн 3.10.1-т “Захирагчийн орлогч, тасаг, албаны дарга, шифр, нууц, дотоод хяналт, хөдөлмөр хамгааллын  офицероос бусад албан тушаалын офицер, ахлагч нарыг отряд ангидаа зохицуулан томилох”  гэж заасныг үндэслэн хилийн 4 дүгээр заставт сэтгэлзүй мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор зохицуулан томилсон. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг зөвхөн ахмад Ет зориулсан  судалгаа явагдаагүй, Хилийн 6 застав, ангийн төвийн бие  бүрэлдэхүүнээс улирал бүр 6 төрлийн судалгаа авдаг юм. Хил хамгаалах ерөнхий газарт улирал бүр нэгдсэн судалгааны үр дүнг гаргаж  явуулдаг. Нийтдээ 200 гаруй албан хаагчдаас энэ судалгааг авсан юм. Энэ дээр Етай  хамтран ажиллах боломжгүй, хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг, албаны ажил явагдахгүй байна, харилцаа байхгүй гэсэн судалгааны дүгнэлт гарч ирсэн байгаа. Хошууч Х.Соёл-Эрдэнэ ганцаараа асуудлыг шийдэхгүй ,зөвлөлийн 10 гишүүдийн 60-аас дээш хувь нь ахмад Еыг хэвээр ажиллуулах боломжгүй гэж үзсэн болохоос ажлаас халаагүй болно.Байгууллагын энэ томилгоо нь  Еын эрх ашгийг хөндөөгүй, урьд авч байсан цалин, албан тушаалын зэрэглэлд  өөрчлөлт ороогүй бөгөөд харин ч отрядоос алслагдсан хилийн заставаас төв суурин газар ойр хилийн заставт томилсон. Ангийн захирагчийн тушаалын талаар ярихад, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Еыг зөвлөлийн хуралд оруулсан ба аймгийн Засаг даргаас энэ хүнийг ажилд томилж өгөх талаар албан бичиг ирүүлсэн. Харин анги энэ хүнийг ажлаас халаагүй, та бие бүрэлдэхүүнтэй таарамж муу байна, эхний ээлжинд амралтаа ав, өөр газар очоод ажиллаж үзээчээ гэсэн хүсэлт тавьсан болохоос ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй юм. Тэгээд ангийн захирагчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн б/83 дугаартай тушаалаар хилийн 04 дүгээр заставын сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор томилсон бөгөөд энэ нь өмнөх албан тушаалтай адилхан, цалин хөлс нь ч гэсэн адилхан, эдгээр албан тушаалтнууд цэргийн удирдах албан тушаалтны ангилалд ордог албан тушаал байгаа юм. Е нь захирагчийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэн ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  олон хоног ажил тасалсан нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.5.д ”Захирах захирагдах зарчмыг мөрдөх” гэж заасныг,  8 дугаар зүйлийн 8.1.3-т “Төрийн бодлого, хууль тогтоомж, даргын тушаалыг эсэргүүцэх, биелүүлэхээс татгалзах” гэж заасныг зөрчиж ажлын байраа эзэнгүй орхиж төрийн албыг үл хүндэтгэн ёс зүйн зөрчил гаргаж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсоод нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн санал гаргаж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуусан байгаа. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, шүүхийн шийдвэр гаргахад эргэлзээ бүхий байна гэж ойлгож байна. Нэхэмжлэгч анх 2017 оны 08 дугаар сард захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтан Еыг ажлаас халсан тушаал, шийдвэр гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байгаа бол тухайн хариуцагч байгууллагын ямар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах боломжтой гэж үздэг. Ангийн захирагчийн Б/83 дугаартай тушаал хэдийгээр 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гарсан боловч уг тушаалтай холбоотой болох үйл явцыг  нэхэмжлэгч мөн оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдсэн байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хил хамгаалах ерөнхий газарт гаргасан гомдол зэргээр нотлогдож байгаа юм. Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар  заавал тушаал, шийдвэрийг гардаж авснаар хөөн хэлэлцэх хугацааг тооцох биш харин шийдвэрийг мэдсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцох учиртай. Мөн мэдсэн гэдэг үйл баримтыг гардуулснаас гадна болсон үйл явдлаар тодорхойлж болохоор зохицуулсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх болсныг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зөвлөлийн хурлаар түүнийг асуудлыг хэлэлцэх үеэр мэдсэн. Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр захиргааны байгууллагад хандах, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн болох нь тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж хэлсэн байгаа. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үнэн зөвөөр тайлбарлах үүрэг хүлээдэг. Гэтэл Е нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөр өөр байдлаар тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл миний эрх ашиг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс зөрчигдсөн гэх боловч түүний өмгөөлөгч нь болохоор Е нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл захиргааны чөлөөтэй байсан учраас түүний эрх ашиг 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь энэхүү үйл баримт нь нэхэмжлэгч Еын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Хил хамгаалах ерөнхий газарт гаргасан гомдолд дурдагдсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ч гэсэн түүний шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байгаа. Дээрээс нь нэхэмжлэгч Хилийн 0... дугаар ангийн захирагчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн б/83 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгээгүй болно. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн захирагчийн дэргэдэх зөвлөлийн хуралд нэхэмжлэгч Е нь өөрөө биечлэн оролцож, тушаал, шийдвэр гарсныг мэдсэн байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч бие даасан шаардлага гаргасан эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тохиолдолд хуульд зааснаар заавал урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн байх ёстой. Өмнө нь нэхэмжлэгч Е нь Хил хамгаалах ерөнхий газарт өөрийгөө ажиллуулахгүй байгаа үйлдлийн талаар хандаж байсан ба дараа нь ангийн захирагчийн тушаалаар өөр байгууллагад шилжүүлсэн үйл баримтын талаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч Е нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд хандах, дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэх хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөөтээгүүр,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу өмгөөлөгчийн зүгээс тайлбар хийх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс Еыг хилийн байгууллага зөрчил гаргасан гэж үзээд өөр заставд шилжүүлсэн гэх агуулгаар нэхэмжлэл гаргаж маргаж байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч зөрчил гаргасан үндэслэлээр өөр ажилд шилжүүлсэн гэх агуулгатай зүйл тушаалд дурдагдаагүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа юм. Иймээс  Хилийн 0... дугаар ангийн захирагчийн Б/83 дугаартай тушаал нь ажилтанд хариуцлага тооцох шийдвэр биш, ангийн захирагч эрх мэдлийн хүрээнд нэхэмжлэгчийг нэг ангиас нөгөө ангид зохицуулан томилсон тушаал тул  Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн ажилтан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага тооцно гэх заалт энэ маргаанд хамааралгүй байна. Хилийн байгууллагын албан тушаалтнууд төрийн тусгай албан тушаалд хамаарах бөгөөд эдгээр албан тушаалтнуудын хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаас гадна тусгай хуулиар давхар зохицуулагддаг. Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл, заалтаас гадна Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Хил хамгаалах байгууллагын тухай хууль, Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрэм гэсэн хилийн байгууллагатай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмыг энэ маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй хэрэглэхээс өөр арга байхгүй. Ангийн захирагчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/83 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд төрийн албан хаагчийг өөртэй нь зөвшилцсөний дагуу өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулж болно гэсэн зохицуулалттай. Нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн би өөр заставд шилжин ажиллахад татгалзах зүйлгүй гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч хэдийгээр намайг дарамталж уг хүсэлтийг бичүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбарыг нотолж чадаагүй. Нөгөө талаар 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн захирагчийн зөвлөлийн хуралд нэхэмжлэгч Е нь би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна,надад цэргийн байгууллагад ажиллах сүүлчийн боломж олгосонд баярлалаа гэх агуулгатай зүйл ярьсан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа.  Гэтэл нэхэмжлэгч хурлын тэмдэглэлд тусгагдсан зүйлийг би хэлээгүй байсан боловч хэлсэн мэтээр бичсэн гэж маргахгүй байгаа. Тийм учраас хурлын тэмдэглэлд дурдагдсан зүйл нь нэхэмжлэгчийн бичсэн хүсэлтийн агуулгатай тохирч байгаа учраас нэхэмжлэгч тухайн хүсэлтийг өөрөө сайн дурын үндсэн дээр бичсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Цэргийн албан хаагч өөрөө зөвшөөрөөгүй ч гэсэн захиргааны байгууллага буюу ангийн захирагч түүнийг Цэргийн албаны тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 21.3-д зааснаар шууд шилжүүлэн томилох боломжтой байдаг. Еыг өөр заставд шилжүүлэхдээ түүний цалин хөлс, ажиллах нөхцөл, цол, албан тушаал нь буураагүй гэдгийг хэргийн оролцогч нар хүлээн зөвшөөрч байна. Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрмийн 3.10-д хил хамгаалах байгууллагын захирагчийн эрхийг зохицуулсан байх бөгөөд уг дүрмийн 3.10.1 дэх хэсэгт офицерыг  зохицуулан томилох эрхтэй гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр Хилийн 0... дугаар ангийн захирагчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн б/83 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан байгаа. Нөгөө талаар нэхэмжлэгч тал зөвхөн өөр заставд шилжүүлсэн гэж маргаж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжтой байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.     

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч тус шүүхэд анх  Хилийн  0... дугаар ангийн 0309 дүгээр салбарын  сургалт эрхэлсэн орлогчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан  хугацааны цалин хөлс гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хилийн 0... дугаар  ангийн захирагчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн б/83 дугаар тушаалын Ет холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, шүүх хуралдааны явцад 2017 оны 07 дугаар сарын 02-ноос эхлэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ныг хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. 

Нэхэмжлэгч  Е нь Хилийн 0... дугаар ангийн захирагчийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн б/51 дүгээр тушаалаар тус ангийн 0309 дүгээр салбарын /1 дүгээр застав/ сургалт эрхэлсэн орлогчоор томилогдон, ТТ-9-3 зэрэглэлээр цалин хөлс авч ажиллаж байсан, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус ангийн захирагчийн зөвлөлийн хурлаар Еын гаргасан зөрчлийн асуудлыг хэлэлцээд “Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст Е өөрөө өргөдөл гаргаж, өөр ангид шилжин ажиллах” гэсэн шийдвэр гаргаж  2017 оны 05 дугаар сарын 01-нээс 24 хоногийн ээлжийн амралт олгосноор Е нь 2017 оны 06 дугаар сарын 02-ныг хүртэл  ээлжийн амралтаа  эдэлсэн, 2017 оны 06 дугаар сарын 02-ноос ангийн захирагчийн аман шийдвэрээр түүнд  1 сарын цалингүй чөлөө олгосон байна.

Үүний дараа 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хилийн 0... дугаар ангийн захирагчийн б/83 дугаар тушаалаар Хил хамгаалах байгууллагын “Хүний нөөцийн дүрэм”-ийн 3.10.1 дэх заалт, даргын зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Хилийн 0309 дүгээр салбарын  сургалт эрхэлсэн орлогч, ахмад Еыг Хилийн 0289 дүгээр салбарт  сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор зохицуулан томилжээ. Өөрөөр хэлбэл энэхүү маргаан бүхий захиргааны актаар Еыг тухайн анги дотроо өөр салбарт буюу 0289 дүгээр салбарт сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор шилжүүлэн томилж, ингэхдээ урьд авч байсан зэрэглэлээр нь цалинжуулахаар шийдвэрлэсэн байх ба эдгээр үйл баримтууд нь Хилийн 0... дугаар ангийн захирагчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мн/04 дүгээр тушаал, хэрэгт авагдсан бусад  бичмэл нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар[1] тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс  уг тушаалыг  хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох тухай  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажиллах газраа өөрөө олж ир гээд ажлыг минь хүлээлцүүлсэн, ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор өгөөгүй, Хилийн 0289 дүгээр салбарт сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор ажиллах талаар өөрөө санаачлан хүсэлт гаргаагүй, урьд эрхэлж байсан ажилдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй” гэж тодорхойлсон, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Ажлаас халах хууль зүйн үндэслэл үүсээгүй байхад нэхэмжлэгчийг халсан нь буруу,  2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр илрүүлсэн зөрчилд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр арга хэмжээ тооцож  Төрийн албаны тухай  хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн,  Е нь төрийн тусгай албан хаагч тул энэхүү маргаан нь Төрийн албаны тухай хуулиар шийдвэрлэгдэх ёстой” гэж  маргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар хилийн цэргийн байгууллагын  офицерын албан тушаал нь төрийн тусгай албан тушаалд хамаарах ба хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 5.1.2,5.1.3-т /төрийн захиргааны, төрийн тусгай/ заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг  мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа  Монгол улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ”, 11.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж тус тус заажээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан боловч  Монгол улсын Хилийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар төрийн тусгай албан хаагч болох хилийн цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал болон цэргийн алба хаахтай холбоотой харилцааг Цэргийн албаны тухай хууль,Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол улсын Хилийн тухай хуулиар тус тус нарийвчлан зохицуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан “Монгол улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэх”  зохицуулалтын дагуу тухайн асуудлыг /цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг/ нарийвчлан зохицуулсан Цэргийн албаны тухай хууль,Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол улсын Хилийн тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Цэргийн жинхэнэ алба хаагч, үүний дотор офицерыг нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд шилжүүлэн томилох асуудлыг  Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачилгаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно”, мөн Хилийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.3 дахь заалтыг үндэслэн баталсан Хил хамгаалах байгууллагын “Хүний нөөцийн дүрэм”-ийн  10.8.1-д  “албан шаардлага, орон тоо,бүтцийн өөрчлөлт, эрүүл мэнд, ар гэрийн гачигдал болон хилийн отряд/анги/-ын дарга /захирагч/ нарын зөвшөөрснөөр офицер, ахлагчийг шилжүүлэн томилно” гэж   тус тус  зохицуулсан бөгөөд уг дүрмийн 3.10.1-д зааснаар офицер, ахлагчийг отряд,  ангидаа зохицуулан томилох нь  ангийн захирагчийн эрх хэмжээнд хамаарч байна.

Цэргийн алба хаагч нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д зааснаар цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих үүрэгтэй бөгөөд  Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/07 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар  баталсан хил хамгаалах байгууллагын алба хаагчдын “Ёс зүйн дүрэм”-ийн 4.1,4.2,4.4-т  тус тус зааснаар хил хамгаалах байгууллагын алба хаагч нь “Хууль ,дүрмийг дээдлэн чанд сахин биелүүлэх”, “Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”,“Харилцааны соёлыг эрхэмлэх” зарчмыг баримтлах үүрэгтэй, мөн 5.5,5.6,5.7-д тус тус зааснаар  бусдад хүндэтгэлтэй хандаж, захирагдагсдынхаа нэр хүнд, хууль ёсны эрх ашгийг дээдлэх, харилцааны соёлыг эрхэмлэх, нийгэм, хамт олны харилцаанд эерэгээр оролцож, олон нийтийн дунд биеэ зөв авч явах  ба зан төлөвийн доголдол, зөрчил гаргахгүй байх зэрэг ёс зүйн хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөхөөр зохицуулжээ. Түүнчлэн  хил хамгаалах байгууллагын “Хүний нөөцийн дүрэм”-ийн  4.3.1.1-д зааснаар албан тушаалтнууд өөрийн үүрэг, эрхийг хэрэгжүүлэхдээ албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах үйл ажиллагаа явуулахыг хил хамгаалах байгууллагын алба хаагчид хориглосон байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] нэхэмжлэгч Е нь  Хилийн 0... дугаар ангийн 0309 дүгээр салбарын алба хаагчдад хүндэтгэлгүй хандаж хэл амаар доромжилдог, дүрмийн бус харьцдаг, дарамт шахалт үзүүлдэг, зан  төлөвийн доголдолтой зэрэг  буюу дээрх хууль, дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээ,эрхийн хязгаарлалтыг зөрчсөн  зөрчил гаргасан нь нотлогдсон, мөн 0309 дүгээр салбарт хийгдсэн социологийн  судалгаагаар салбарын бие бүрэлдэхүүнээс  сургалт эрхэлсэн орлогч, ахмад Етай хамтран ажиллах боломжгүй  гэсэн дүн гарсан нь тогтоогдсон болно.

Дээрх  байдлаар цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан хууль, дүрэмд цэргийн жинхэнэ алба хааж байгаа офицерыг  захиргааны санаачилгаар шилжүүлэн томилохоор заасан, өөрөөр хэлбэл шилжүүлэн томилоход  тухайн алба хаагчийн өөртэй нь тохиролцох, зөвшөөрлийг нь авах тухай урьдчилсан нөхцөлийг заагаагүй, мөн нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд шилжүүлэн томилох нь ангийн захирагчийн бүрэн эрхэд хамаарч байх тул   Хилийн 0... дугаар ангийн захирагчийн 0309 дүгээр салбарт үүссэн дээрх нөхцөл байдлыг буюу ажлын шаардлагыг үндэслэн 0309 дүгээр салбарт сургалт эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан ахмад Е-ыг 0289 дүгээр салбарт  сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор зохицуулан томилсныг буруутгах үндэслэлгүй, уг  б/83 дугаар тушаал  нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн маргаан бүхий б/83  дугаар тушаалаар  нэхэмжлэгч Е ыг төрийн албанаас халаагүй, түүнд  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулаагүй тул  26.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн гэх  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, дээрх байдлаар цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан хуулийн дагуу Еыг тус 0... дугаар ангийн нэг салбарын орлогчоос нөгөө салбарын орлогчийн албан тушаалд буюу ижил түвшний албан тушаалд зохицуулан томилсон, ингэхдээ урьд авч байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр, өөрөөр хэлбэл ТТ-9-3  зэрэглэлээр цалинжуулахаар шийдвэрлэсэн байх тул уг тушаал нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй  байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс  захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй  эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/-оор заасан, маргаан бүхий захиргааны акт нь  хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй болох юм.

Энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцсэн,уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байх тул  уг б/83 дугаар тушаалын “Е-ыг Хилийн 0289 дүгээр салбарын сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор зохицуулан томилсон” хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил буюу Хилийн 0... дугаар ангийн 0309 дүгээр салбарын сургалт эрхэлсэн орлогчийн албан тушаалд эгүүлэн томилох мөн  ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үүнээс гадна нэхэмжлэгч “2017 оны 05 дугаар сарын 01-нээс ээлжийн амралтыг захиргааны санаачилгаар хүчээр олгосон, ээлжийн амралтын хугацаа 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусахад  1 сарын цалингүй чөлөө олгосныг  хариуцагчийн тайлбартай танилцаж мэдлээ” гэж маргаж байсан боловч шүүх хуралдааны явцад ээлжийн амралттай байх хугацааны цалин хөлсөө бүрэн авсан, 1 сарын цалингүй  чөлөөний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 02-нд дууссан тул энэ өдрөөс эхлэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулна гэж тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан  тул ээлжийн амралт олгосон болон 1 сарын цалингүй чөлөө олгосон шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгааг дурьдах нь зүйтэй. 

Хариуцагчийн өмгөөлөгчээс “нэхэмжлэгч Е нь 0... дугаар ангийн захирагчийн зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралд оролцсон тул тухайн өдөр өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг  мэдсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн”  гэх тайлбар гаргасан.

Гэтэл Хилийн 0... дугаар ангийн захирагчийн зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар Е-ын гаргасан зөрчлийн асуудлыг хэлэлцээд “Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст Е өөрөө өргөдөл гаргаж, өөр ангид шилжин ажиллах” гэж шийдвэрлэсэн боловч өмнөх албан тушаалаас чөлөөлсөн, эсхүл өөр  албан тушаалд шилжүүлсэн талаар бичгээр шийдвэр гаргаагүй, улмаар түүнд 2017 оны 05 дугаар сарын 01-нээс эхлэн 24 хоногийн ээлжийн амралт олгосон, ээлжийн амралтын хугацаа 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусахад  тус ангийн захирагчийн аман шийдвэрээр 1 сарын цалингүй чөлөө олгосон,2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр чөлөөний хугацаа дуусахад  түүнийг ажиллах боломжоор хангаагүй тул нэхэмжлэгч энэ үеэс эрх ,хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газарт гомдол гаргаж[3], тус газраас гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй тул 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2–т заасныг зөрчөөгүй байна. 

Мөн нэхэмжлэгч  2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр  тус захиргааны хэргийн шүүхэд  “хилХи

Хилийн 0... дугаар ангийн 0309 дүгээр салбарын сургалт эрхэлсэн орлогчийн буюу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай” шаардлагатай нэхэмжлэл гаргахдаа дээрх байдлаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзэж захиргааны хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  ихэсгэсэн “Хилийн 0... дугаар  ангийн захирагчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн б/83 дугаар тушаалын Ет холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага болон анхны Хилийн 0... дугаар ангийн 0309 дүгээр салбарын сургалт эрхэлсэн орлогчийн буюу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох   тухай  маргаан нь хоорондоо холбоотой тул  ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дахин гомдол гаргах шаардлагагүй, хэргийг  нэг мөр шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь  заалтад нийцнэ гэж үзсэн болно.

        Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Монгол улсын Хилийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Е-ын  “Хилийн 0... дугаар  ангийн захирагчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/83 дугаар тушаалын Ет холбогдох хэсгийг хүчингүй болгож, 0... дугаар ангийн 0309 дүгээр салбарын  сургалт эрхэлсэн орлогчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2017 оны 07 дугаар сарын 02-ноос хойш 2018 оны 01 дүгээр сарын 02-ныг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн                 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.ЕРКЕШ

 

 


[1]Хэргийн 48,59,65-69,70,71-76,78-79-р хуудас

[2]Хэргийн 61-64,65-69,71-76,94-112,117,119-124,125-134,143,146-147,150,153,156-р хуудас

[3]Хэргийн 9,13-14-р хуудас