Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 15

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын 4 дүгээр баг, Тохойд оршин  суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОД67011506, Шарнууд овогт Цэдэвийн Энхмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч , 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Норжмоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1967 онд төрсөн. Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд хонь, ямаа маллаж нэгдэл тарах хүртэл ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Норжмоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Энхмаа нь 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд хонь, ямаа маллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандсан. Иймд Ц.Энхмаагийн 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Энхмаа нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Цэдэвийн Энхмаагийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Увс аймгийн Зүүнговь сумын 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн төрөлтийн түүхэд Цэдэвийн Энхмаа, Зүүнговь сумын Тохой бригадад хоньчин гэж бичигджээ,

3. Итгэмжлэл,

4. Гэрч Х.Нарандэлэгийн шүүхэд өгсөн: “Би 1974 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Тохой малчнаар ажиллаж байсан. Ц.Энхмаа нь 1982 оноос эхлэн манай Тохой бригадад малчнаар ажиллаж эхлээд тус нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1990 оныг дуустал ажилласан юм. Тухайн үед манайх Ц.Энхмаагийнхтай айл хоршоо амьдарч байсан учраас түүнийг болон гэр бүлийнхэн аав, ээж нөхрийг нь сайн таньж мэддэг, бүгд насаараа мал малласан хүмүүс байдаг юм. Ц.Энхмаа нөхрийн хамтаар олон жил малаа маллан Аймгийн “Энх сүрэгтэн” болж байсан удаатай бөгөөд тухайн үед шагнал урамшуулалыг гэр бүлд нь буюу нөхрийнх нь нэрээр олгодог байсан. Тэднийх ер нь тэмээнээс бусад малыг малласан айл байгаа юм. Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргаар Т.Хүрэлхүү, С.Намсрайжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

5. Гэрч Д.Койдойгийн шүүхэд өгсөн: “Би 1962 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Тохой малчнаар ажиллаж байсан. Ц.Энхмаа нь намайг 16 настайгаасаа эхлэн манай Тохой бригадад малчнаар ажиллаж эхлээд тус нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1990 оныг дуустал ажилласан юм. Тухайн үед манайх Ц.Энхмаагийнхтай айл хоршоо амьдарч байсан учраас түүнийг болон гэр бүлийнхэн аав, ээж нөхрийг нь сайн таньж мэддэг, бүгд насаараа мал малласан хүмүүс байдаг юм. Ц.Энхмаа одоо ч малаа маллан Зүүнговь сумын Тохой бригадад амьдарч байна” гэх мэдүүлэг,

6. Гэрч Х.Нарандэлэг, Д.Койдой нарын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.   

       Нэхэмжлэгч Ц.Энхмаа нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн архивын тасгаас гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Зүүнговь сумын 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн төрөлтийн түүхэд Цэдэвийн Энхмаа, Зүүнговь сумын Тохой бригадад хоньчин гэж бичигдсэн байдал, гэрч Х.Нарандэлэг, Д.Койдой нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Ц.Энхмаагийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил, 9 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Энхмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Цэдэвийн Энхмаагийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил, 9 /ес/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Энхмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР