| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00884/И |
| Дугаар | 16 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 16
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 59 дүгээр байрны 54 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ЦВ66120421, Мөөнийхөн овогт Цэвээндуламын Алтанцэцэгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1982 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд будагчнаар 1993 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон учир ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Гэтэл тухайн үед ажлаас чөлөөлөгдөхөд хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй, одоо олдохгүй байгаа тул аймгийн архивт хандаж зарим тушаал, цалингийн тодорхойлолтоо шүүлгэж авсан юм. Иймд миний 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд будагчин, шаварчнаар, 1992 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Барилгын биржид будагчин, шаварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Алтанцэцэг нь 1982 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд будагчин, шаварчнаар 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад Барилгын бирж болоход нь үргэжлүүлэн 1993 оны 12 дугаар сарыг дуустал мөн шаварчин, будагчнаар ажилласан. Гэтэл тухайн үед ажлаас чөлөөлөгдөхөд хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй, одоо олдохгүй байгаа тул аймгийн архивт хандаж зарим тушаал, цалингийн тодорхойлолтоо шүүлгэж авсан юм. Иймд Ц.Алтанцэцэгийн 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд будагчин, шаварчнаар, 1992 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал Барилгын биржид будагчин, шаварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал будагчин, шаварчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал будагчин, шаварчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Цэвээндуламын Алтанцэцэгийн Увс аймгийн Барилга угсралтын трест, Барилгын биржид 1982 оны 7 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал шаварчин, будагчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1986 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 50 тоот “Аж ахуйн тооцоотой бригадад шагнал олгох тухай” тушаалын хавсралтын 7-рт Ц.Алтанцэцэг, жинхэнэ ажилласан цаг 2062, олгох шагнал 126 гэж бичигджээ,
3. Увс аймгийн Барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот “Барилгын биржийг зохион байгуулан тухай” тушаал, Увс аймгийн Барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 2 тоот “Биржийн зөвлөлийн гишүүдийг батлах тухай” тушаал,
4. Итгэмжлэл,
5. Гэрч Д.Дариймаагийн шүүхэд өгсөн: “Би 1986 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестийн заслын бригадад будагчин, засалчнаар ажилд орж 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос эхлэн Барилгын бирж нэртэй болоход үргэлжлүүлэн 1994 оны 12 дугаар сарыг дуустал засалчнаар ажилласан юм. Ц.Алтанцэцэг нь 1986 онд намайг ажилд ороход манай заслын бригадад будагчин, шаварчнаар ажиллаж байсан бөгөөд бид 1995 он хүртэл хамт ажилласан. Намайг анх ажилд ороход манай байгууллага нь Халдвартын тасгийн барилга дээр ажиллаж байсан санагдаж байна. Бид нэг нэгнээ ажилд орсон цагаас таньж мэдэх бөгөөд ажиллах хугацаандаа одоогийн Хилийн цэргийн 0245 дугаар анги буюу Батлан хамгаалах нэртэй байхад түүний барилга, заалны барилга, Нэгдсэн эмнэлгийн Халдвартын барилга, Барилгын 60, 48 айлын орон сууцны барилгууд дээр хамтарч ажиллаж байлаа. Тухайн үед байгууллагын даргаар Т.Батзул, С.Ургамал, н.Цээпэл, заслын бригадын даргаар Ш.Цэцээ гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
6. Гэрч Т.Цэцэгмаагийн шүүхэд өгсөн: “Би 1980 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестэд сантехникчээр ажилд орж улмаар наръядчикаар 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос эхлэн “Өрнөл” ББХК-д наръядчикаар 2000 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Ц.Алтанцэцэг нь 1986 онд манай трестийн заслын бригадад будагчин, шаварчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд би байгууллагынхаа ажилчдын цалин хөлсийг боддог байсан учраас түүнийг сайн таньж мэдэх юм. Бид тус трестийн харьяанд 1991 оны 12 дугаар сарыг дуустал хамт ажиллаад хувьчлалаар хоёр өөр байгууллага руу шилжин ажилласан хүмүүс юм. Ажиллах хугацаандаа манай байгууллага “Алтан гадас” одон хүртэл авч байсан, одоогийн Увс аймгийн хэмжээний томоохон барилгуудыг барьж байсан 1000 гаруй ажилтантай том байгууллага байлаа” гэх мэдүүлэг,
7. Гэрч Д.Дариймаа, Т.Цэцэгмаа нарын Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал будагчин, шаварчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал будагчин, шаварчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Цэвээндуламын Алтанцэцэгийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1986 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 50 тоот “Аж ахуйн тооцоотой бригадад шагнал олгох тухай” тушаал, Увс аймгийн Барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот “Барилгын биржийг зохион байгуулан тухай” тушаал, гэрч Д.Дариймаа, Т.Цэцэгмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил, 6 сар будагчин, шаварчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал 2 жил будагчин, шаварчнаар, нийт 11 жил, 6 сар будагчин, шаварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мөөнийхөн овогт Цэвээндуламын Алтанцэцэгийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил, 6 /зургаа/ сар будагчин, шаварчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил будагчин, шаварчнаар, нийт 11 /арван нэг/ жил, 6 /зургаа/ сар будагчин, шаварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР