Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2016/00695

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Д сумын 09 дүгээр багт оршин суух, Ш овогт Сын Хын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн нь үнэн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч С.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Т сумын төрөх эмнэлэгт төрсөн. Тухайн үед ажиллаж байсан иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд миний төрөлтийг бүртгээгүй зөвхөн гэрчилгээ бичиж өгсөн байна. Үүний улмаас миний төрөлтийн бүртгэл архиваас гарахгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр нас тогтоолгох шаардлагатай байна. Иймд миний бие 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн нь үнэн болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Хүсэлт гаргагч С.Хын эцэг, эх болох С, Х.А нар нь гэр бүл болоод Х аймгийн Ө суманд амьдарч байгаад Баян-Өлгий аймгийн Т суманд ирсэн юм шиг байна. Хүсэлт гаргагчийн эцэг С гэх хүн хорвоогийн мөнхийг үзсэн хүн байгаа. С.Х нь одоо Д сумын Хөх толгой багт нэг тахир дутуу хүнтэй суугаад тэнд амьдарч байна. Түүний ах А гэх хүн хүсэлт гаргагчийн материалыг надад өгч итгэмжлэл өгсөн. Т сумын улсын бүртгэлийн газраас төрөлтийн талаар материал хайсан боловч гарч ирээгүй. Хавтаст хэрэгт Х аймагт төрсөн, иргэний бүртгэлийн лавлагаанд ороогүй гэх баримт байгаа. Т сумын иргэний бүртгэлийн мэргэжилтнүүдээс лавлагаа, ХААТР маягт авах гээд хүчингүй болсон байна. Төрөлт бүртгэлгүй болоод хүчингүй болсон байна. Мэдээллийн санд ороогүй гэсэн хариу өгсөн байна. Тийм учраас иргэний үнэмлэх олгоогүй байна. Иймд аргагүй байдалд ороод шүүхэд хандсан. С.Х нь 35 настай, Д суманд амьдарч байгаа. Т сумаас мэдээллийн санд ороогүй гээд иргэний үнэмлэх нь хүчингүй болсон байна. Хуучин иргэний үнэмлэхийн захаас нь хайчилж хүчингүй болгосон байна. 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Х аймгийн Ө суманд төрсөн нь үнэн. Хавтаст хэрэгт авагдсан С.Хын иргэний үнэмлэхэд мөн адил 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн гэж бичигдсэн байгаа. Т сумын иргэний бүртгэлийн ажилтан Хаатр маягт бичсэн, үүнд мөн адил 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн гэж бичсэн. С.Х нь Х аймгийн Ө сумын эмнэлэгт төрсөн нь үнэн болох талаар төрсний гэрчилгээ байгаа. Хүсэлт гаргагчийн эцэг эх нь 1977 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрлэсэн, 19 тоот гэрлэлтийн гэрчилгээ хавтаст хэрэг дотор авагдсан. Эцэст нь хэлэхэд С.Х нь 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн болохыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбар мөн хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талбүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Хн аймгийн Өт сумаас 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон №21 дугаар Төрсний гэрчилгээнд Сд Х нь 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн /регистрийн дугаар нь засвартай/ мөн 2004 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгосон иргэний үнэмлэхэд Ш овогт Сы Х 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн гэж тус тус бичигдсэн боловч Улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/212 дугаар албан бичигт: Сд овогтой Х /************/-ын төрөлтийн бүртгэлийг манай иргэний баримтын архивын 1981-1986 оны төрөлтийн бүртгэлийн дэвтрээс шүүж үзэхэд гараагүй гэсэн ба мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 337 дугаар албан бичигт: С.Х нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан боловч мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэснээр нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтаар С.Х нь төрөлтийн бүртгэлгүй, ХААТР маягтгүй, төрсний гэрчилгээгүй болох нь нотлогдож байгаа боловч доорх нотлох баримтуудыг үндэслэн С.Х нь 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:

-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 337 дугаар албан бичгээр ирүүлсэн С.Хын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны ИУБ-31, ХААТР-21 (Б) маягтад Ш овогт Сы Х 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн гэж бичигдсэн байдал,

Хүсэлт гаргагчийн ээж нь болох ************ регистрийн дугаартай Х.Агийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Хуанган овогтой А нь Т сумын 1 дүгээр багт оршин суудаг. Миний бие Баян-Өлгий аймгийн сум дундын анхан шатны иргэний хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Нөхөр маань болох М.С нь 2013 онд нас барсан. Нөхөр бид хоёр урьд нь Х аймгийн Өт суманд ажиллаж амьдарч байгаад 1995 онд Баян-Өлгий аймгийн Т суманд шилжин ирж суурьшсан юм. Би 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Х аймгийн Өт сумын хүн эмнэлгийн төрөх тасагт С овогтой Хыг төрүүлсэн билээ. Төрсний дараа тус төрөх тасгаас төрөлтийн лавлагаа авч чадаагүй. Би одоо ганц бие эмэгтэй. Баян-Өлгий аймгийн Т сумын 1 дүгээр багт амьдарч байна гэх,

-Баян-Өлгий аймгийн Д сумын 9 дүгээр багийн Засаг Дарга А.Зын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 498 дугаар албан бичигт: Тус багийн иргэн С овогтой Х нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.Тус багийн байнгын оршин суугч мөн ба хөхтолгой 2-34 тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов гэсэн ба хүсэлт гаргагч С.Х нь өөрөө Хн аймгийн Өт сумд төрж одоо Д суманд амьдарч байгаа юм байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн С.Х нь 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан Ш овогт Сын Х нь 1981 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч С.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ