Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2016/00696

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 01 дүгээр багт оршин суух, ************** регистрийн дугаартай, Х овогт Хы Кын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.К, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Д сумын Ахуй үйлчилгээний цехэд 1978 оны 01 дүгээр сарын 03-наас 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.К шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаандаа хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие 1978 оны 01 дүгээр сарын 03-аас 1991 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл ажилласан. Тухайн үеийн ажилд орсон, гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ба тэр үед хамт ажиллаж байсан хүмүүсийн гарын баримтаар үндэслэн ажилласан жилийг тогтоож өгөхийг хүсье. Би анх Р гэх хүнд дагалдангаар оёдолд ажилласан. Улмаар нөхөрт гараад 1991 оноос эхэлж Баян-Өлгий аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суугаад хүүхдийн 8 дугаар цэцэрлэгт галч, туслах тогоочоор ажилласан. Нийт 21 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарах гэж байна. Иймд миний 1978 оны 01 дүгээр сарын 03-наас 1991 оны 12 дугаар сар хүртэл 13 жил Д сумын ахуйн үйлчилгээний цехэд оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгөхийг хүсье гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, -Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газрын архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 475 дугаар архивын лавлагаанд: Д сумын АҮТ-ийн архивын баримтыг манайд шилжүүлээгүй тул 1978-1991 оны хооронд ажилласан Х.Кд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэсэн боловч хүсэлт гаргагч Х.К нь Баян-Өлгий аймгийн Д сумын Ахуй үйлчилгээний цехэд 1978 оны 01 дүгээр сарын 03-наас 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

-1978 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Х К 1957 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Хөдөлмөрийн дэвтэр олгосон Д сумын Ахуйн үйлчилгээний төв гэж бичигдэж тамга дарсан байна. Уг дэвтрийн 2-3 дугаар хуудсанд Д сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 195 тоот тушаалаар 1978 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс тус үйлчилгээний цехэд оёдолчноор авч ажиллуулж, мөн даргын 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 187 тоот тушаалаар мөн өдөр өөр газарт шилжин ажиллах болсон тул оёдолчны үүрэгт ажлаас чөлөөлөв гэж бичиж тамга дарж баталгаажуулсан байдал,

-Хамт ажилласан гэх *********** регистрийн дугаартай Б.К, ************* регистрийн дугаартай Т.Р, ************* регистрийн дугаартай М.Азира нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Бид Д сумын Ахуйн үйлчилгээний цехэд 1978 оноос 1991 он хүртэл Х.Ктай хамт ажилласан нь үнэн болно гэх бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч Х.К нь Баян-Өлгий аймгийн Д сумын Ахуй үйлчилгээний цехэд 1978 оны 01 дүгээр сарын 03-наас 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************** регистрийн дугаартай, Х овогт Хы К нь Баян-Өлгий аймгийн Д сумын Ахуй үйлчилгээний цехэд 1978 оны 01 дүгээр сарын 03-наас 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Кын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ