Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2016/00698

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, утас **********, ***********, РД:************** М овогт Тийн Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, утас *********, РД:************ Ж овогт Оын Лд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Х, хариуцагч О.Л, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэмж гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Т.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие О.Лтай 1998 онд гэр бүл болсон. Гэтэл Лг 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Х гэгч залуу ирж миний эхнэр хэмээн дагуулж явснаас хойш өдий хүртэл гэртээ эргэж ирээгүй бид тусдаа амьдарч байна. Иймд Л бид хоёрын гэр бүлийн маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч бид цаашид эвлэрэн хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул эвлэрэлийн ажиллагаа амжилтгүй болсон ба Бид хоёр хэн хэн нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй байна. Лгаас гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Иймд Л бид хоёрын гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй, охин Х.А шүүхэд надтай үлдэнэ гэсэн санал гаргасан, хариуцагч О.Лгаас хүүхдийн тэтгэмж гаргуулахгүй гэв.

Хариуцагч О.Л шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Т.Хтай 1998 онд гэр бүл болсон. Гэрлэснээс хойш нөхөр болох Т.Х байнгын архи ууж ямар ч амьдралын төлөө биш амьдардаг байлаа. 1999 онд хүү Т.А төрж 2000 онд охин Т.А төрсөн. Хүү Т.Аийг хадам аав ээжийн гуйлтаар тэд нарт үрчлүүлсэн билээ. Гэр бүл болох хугацаанд Т.Х байнгын архи ууж, согтуурлын байдалтай байдаг байсан ба би бүх ажил амьдралыг зохицуулж хүүхдүүдээ асран хамгаалж амьдралаа залгуулж хар бор ажил хийж ирсэн. Т.Хын эх нь байнгын хүүгээ өмөөрдөг байсан. Бид анх гэр бүл болоод хадам аав ээжийн хамт амьдарч байлаа. Гэтэл Т.Х ямар ч ажил хийхгүй эцэх эхийн гарыг хардаг байсан тул хадам аав биднийг тусдаа айл болгон гаргасан. Тусдаа айл болж гарснаас хойш өдөр шөнөгүй ажиллаж 2 илд өөрийн гэсэн гэр орноо сайжруулж амьдралын төлөө зүтгэдэг байсан. Гэтэл Т.Х миний энэхүү зүтгэлийг минь үнэлсэнгүй. Т.Хтай гэр бүл болсноос хойш ямар ч аз жаргалтай байж үзээгүй ба хадам ээж Багила хүү нь болох Т.Х хоёрын дарамтад тэсэхгүй 2007 онд салж явсан. Салснаас хойш Т.Х нэг ч удаа араас минь эргэж ирээгүй, хадам аав ээж ч араас ирээгүй. Би хоёр хүүхдээ тухайн үед орхиж явсан. Хүү А хадам аав ээжийн нэр дээр байгаа. Харин охин Аг ахынхаа хамт байг гэж бодож орхин явсан. Хоёр хүүхдийг минь хадам аав ээж асран халамжлан хүмүүжүүлсэн. Харин хадам ээж нас барсан юм. Т.Хаас салаад 9 жил болж байхад би нөхөрт гараагүй, 2 хүүхдийнхээ ирээдүйн төлөө одоо хүртэл тусдаа амьдарч байгаа. Т.Хаас салахад миний хувьд татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн маргаангүй, охин Х.Аг миний асрамжид үлдээж өгнө үү, хүүхдийн тэтгэмж төл гэвэл төлнө гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Т.Х, хариуцагч О.Л нар нь 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хууль ёсны эхнэр нөхөр болж гэрлэсэн нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ***/********* 192 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Т.Х, хариуцагч О.Л нарын гэр бүлд РД:***************, 2000 оны 7 дугаар сарын 08-ны өдөр охин А төрсөн болох нь Баян-Өлгий аймгийн Ө сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтны 2000 оны 8 дугаар сарын 15-ны өдөр олгосон №********** Г-*** дугаартай Төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №58 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлд Уригдсан тал О.Л, өргөдөл гаргагч Т.Х нар нь 9 жил тусдаа амьдарсан бие биедээ хайр сэтгэлгүй болсон, цаашид хамтран амьдарч гэрлэлтээ үргэлжлүүлэх найдваргүй болсон ба үр дүн гарахгүй нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дах хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов гэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Т.Х, хариуцагч О.Л нар нь тусдаа амьдраад 9 жил болж байгаа байдал, хоорондоо эвлэрч чадаагүй, хамт амьдрах боломжгүй болсон нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №58 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэгчдийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Т.Х, хариуцагч О.Л нар эвлэрэх боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй гэснийг тус тус харгалзан үзээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Мөн РД:***************, 2000 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А нь төрсөн цагаас эцгийн асрамжид байсан, эцгийн ахуйн нөхцөл, бололцоо, мөн Агийн өөрийн санал зэргийг харгалзан үзээд охин Аг эцэг Т.Хын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Х нь хүүхдийн тэтгэмж гаргуулахгүй гэснийг, мөн нэхэмжлэгч Т.Х, хариуцагч О.Л нар нь хоорондоо хуваарьт болон дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдаж, нэхэмжлэгч Т.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Лгаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Хад олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар РД:************** М овогт Тийн Х, РД:************ Ж овогт Оын Л нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дэх хэсэгт зааснаар РД:***************, 2000 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Аг эцэг М овогт Тийн Хын асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч Т.Х нь хүүхдийн тэтгэмж гаргуулахгүй гэснийг, зохигчид хуваарьт болон дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Лгаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Хад олгосугай

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

8.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК