| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/1139/Э |
| Дугаар | 1138 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Т |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 1138
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д,
улсын яллагч Д.Т (томилолтоор),
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч А.Э (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар ..) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У овогт Т. Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0453 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
У овогт Т. Б, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1989 оны 3 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, гагнуурчин мэргэжилтэй, “Тоонот Цамхаг Констракшн” ХХК-д механик инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Яармаг, Наадамчдын зам гудамжны .. дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар НЙ0000039.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Т.Б нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах дугуй засварын гадна З.П-тэй “дугуйн боолтын толгой эвдлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож, түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нэг шүдний сулрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч З.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт дугуй засвар ажиллуулдаг. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим манай дугуй засвар дээр Солонгос улсад үйлдвэрлэсэн ачааны том автомашинтай 2 залуу дугуй янзлуулах гээд ирсэн. Би тухайн автомашины дугуйг тайлж байх үед цаанаас нэг залуу “чи дугуйны боолтын толгой эвдээд хаялаа” гэхээр нь би тэр хүнд “энэ чинь хуучин эвдэрсэн байсан байна, намайг эвдсэн гээд байгаа бол би шинэ боолт аваа өгий” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу “чи эвдсэн” гээд цааш түлхсэн. Тэгтэл цаана нь байсан нэг залуу нь намайг “чи яагаад шазайгаад байгаа юм гээд миний мөрнөөс бариад доош татаад хөлөөрөө өвдөглөсөн. Тэгсэн миний хамраас цус гараад байсан чинь цаанаас манай аав, ээж, дүү 3 гарч ирээд салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),
2. Гэрч Ц.Х-н (хохирогчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З.П-г хэн хаана нь юугаар хэдэн удаа цохисон талаар би мэдэхгүй байна. Намайг дотор ажлаа хийж байхад манай хүү З.П орилоод байсан. Тэгэхээр нь би гарсан чинь нэг танихгүй залуутай маргалдаад байсан би очоод салгасан чинь П-н хамар, амнаас цус гарсан байдалт байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),
3. Гэрч П.З-н (хохирогчийн эцэг) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү З.П нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр надад туслаад дугуй засвар дээр ажиллаж байсан. Би дугуй засварынхаа баруун талд машины дугуй засаж байсан. Тэгсэн нэг ачааны автомашин ирээд дугуй нөхүүлэх гэсэн гэхээр нь манай хүү З.П дугуйг нь нөхөхөөр болсон юм. Би дугуйгаа засаад байж байсан чинь манай хүү дугуй нөхүүлэх гэж ирсэн нэг танихгүй залуутай маргалдаад нэг нэгнийгээ бариад заамдсан манай хүү П-н хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан...дугуй нөхүүлэх гээд ирсэн залуу танай хүүхэд чинь дугуйны боолт эвдэлчихлээ гэсэн тэрнээс болж маргалдсан гэж надаа хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37)
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт
“...Хамрын нуруу хавдсан, эмзэглэлтэй, хамрын амьсгал зүүн талд саадтай. Дээд уруул овойж хавдсан, дотор салстад 2х1см улаан хүрэн өнгийн цус хуралттай, дээд буруул 2-р шүд хөдөлсөн, буйлнаас цус гарсан байв.
2019.08.28-ны өдрийн толгойн КТГ-д: ...Хамар ясны баруун хажуу хана бага зэргийн зөрүүтэй хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан, хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш мурийсан гэжээ.
2019.08.29-ний өдрийн Би Си Медикал шүдний эмнэлгийн эмчийн үзлэгт: 12-р шүдний хөдөлгөөн 1-р зэрэг, эргэн тойрны буйл зөөлөн эд хөндүүртэй, тогшилтод сурвалжийн оройдоо хүчтэй өвдөлттэй, хазуулахад хөндүүлнэ. Дэлгэмэл рентген зурагт: хоншоорын 12-р шүдний сурвалжийн оройгоор сүүдэртсэн. Онош: Хоншоорын 12-р шүд хагас мултралтай...гэжээ...ДҮГНЭЛТ
1. З.П-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нэг шүдний сулрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Нэг шүдний сулрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэн нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12),
5. Шүүгдэгч Т.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт байх дугуй засвар гэсэн хаягтай газар очиж ачааны автомашины дугуйг солиулах гээд очсон юм...тэр залуу миний автомашины дугуйг солих гэж байгаад нэг боолтын толгойг алаад хаяхаар нь би тэр залууд “наад түлхүүр чинь таарахгүй байна” гэж хэлсэн чинь тэр залуу “манайд өөр түлхүүр байхгүй, янзлах албатай юм уу” гээд миний урдаас хэл амаар доромжлоод цохих гээд гараараа далайгаад байхаар нь би тэр залууг цохисон. ...З.П гэх залуу миний автомашины дугуйг солих гэж байгаад боолтын толгойг алаад хаяхаар нь би “чи боолтын толгой алаад хаячихлаа” гэж хэлсэн чинь тэр залуу урдаас хэл амаар доромжлоод бид хоёр хоорондоо маргалдсан...би З.П гэх залууг 2 гараараа мөрнөөс нь барьж аваад татаад өвдөглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32),
6. Хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 55-60),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41, 42), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 46, 47), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 45), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 77-78), Тоонот цамхаг констракшн ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 48), “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 49-54), хохирогчид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 65) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.Б нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах дугуй засварын гадна 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, иргэн З.П-тэй “дугуйн боолтын толгойг эвдлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч З.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт дугуй засвар ажиллуулдаг. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим манай дугуй засвар дээр Солонгос улсад үйлдвэрлэсэн ачааны том автомашинтай 2 залуу дугуй янзлуулах гээд ирсэн. Би тухайн автомашины дугуйг тайлж байх үед цаанаас нэг залуу “чи дугуйны боолтын толгой эвдээд хаялаа” ...гээд түлхсэн. Тэгтэл цаана нь байсан нэг залуу нь намайг “чи яагаад шазайгаад байгаа юм гээд миний мөрнөөс бариад доош татаад хөлөөрөө өвдөглөсөн. Тэгсэн миний хамраас цус гараад байсан чинь цаанаас манай аав, ээж, дүү 3 гарч ирээд салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),
- Гэрч Ц.Х-н (хохирогчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг дотор ажлаа хийж байхад манай хүү З.П орилоод байсан. Тэгэхээр нь би гарсан чинь нэг танихгүй залуутай маргалдаад байсан би очоод салгасан чинь П-н хамар, амнаас цус гарсан байдалт байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),
- Гэрч П.З-н (хохирогчийн эцэг) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү З.П нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр надад туслаад дугуй засвар дээр ажиллаж байсан. ...Би дугуйгаа засаад байж байсан чинь манай хүү дугуй нөхүүлэх гэж ирсэн нэг танихгүй залуутай маргалдаад нэг нэгнийгээ бариад заамдсан манай хүү П-н хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан...дугуй нөхүүлэх гээд ирсэн залуу танай хүүхэд чинь дугуйны боолт эвдэлчихлээ гэсэн тэрнээс болж маргалдсан гэж надаа хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт “...1. З.П-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нэг шүдний сулрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12),
- Шүүгдэгч Т.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...дугуй засвар ...дээр ачааны автомашины дугуйг солиулах гээд очсон...тэр залуу миний автомашины дугуйг солих гэж байгаад нэг боолтын толгойг алаад хаяхаар нь би тэр залууд “наад түлхүүр чинь таарахгүй байна” гэж хэлсэн чинь тэр залуу “манайд өөр түлхүүр байхгүй, янзлах албатай юм уу” гээд миний урдаас хэл амаар доромжлоод цохих гээд гараараа далайгаад байхаар нь би тэр залууг цохисон. ...би З.П гэх залууг 2 гараараа мөрнөөс нь барьж аваад татаад өвдөглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “дугуйны боолт аллаа” гэх сэдэлтээр, хохирогч З.П-г цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Б нь хохирогч З.П-н нүүрэн тус газар өвдөглөж цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Тиймээс шүүгдэгч Т.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.П нь эмчилгээний зардалд баримтаар 1.042.613 төгрөг (хавтаст хэргийн 55-60) нэхэмжилснээс шүүгдэгч Т.Б нь хохирогчид 1.045.000 төгрөгийг төлсөн болох нь (хавтаст хэргийн 65) нотлогдон тогтоож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн”, мөн зүйлийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Б, хохирогч З.П нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.Б торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0453 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Т. Б Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ