Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 011

 

 

 

              Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 2 дугаар багийн оршин суугч Х-ны Х-ы нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Б сумын Засаг даргад холбогдох;

             “Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Х, гуравдагч этгээд Х, түүний өмгөөлөгч Ө.Бахытбек, орчуулагч Б.Раушан, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х надад Б сумын Улаантолгой багийн нутагт “Дэрчиг” нэртэй газрын хамгийн эхэнд байдаг “Адууны хашаа” гэсэн тодотголтой өвөлжөөг 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 24 тоот захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмшүүлж, уг захирамжийг үндэслэж 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн 0068371 тоот гэрчилгээ олгогдсон юм. Уг газрыг 2006 оноос хойш одоо хүртэл тасралтгүй эзэмшиж, ашиглаж байгаа болно. Гэтэл миний эзэмшилд байгаа газарт олгогдсон 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн газар эзэмших эрхийн 0068371 тоот гэрчилгээг Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 тоот захирамжаар хүчингүй болгосон байсныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хгийн гаргасан “Албадан нүүлгэх тухай” нэхэмжлэлийн хувийг шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гардуулан өгсөн үед мэдээд хуулийн хугацаанд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын үед газар эзэмшүүлсэн захирамж хүчингүй болсон талаар одоогийн Б сумын Засаг дарга Х надад хэлсэн бөгөөд захирамжийг хүчингүй болсон талаар тухайн үед яагаад мэдэгдээгүй юм бэ гэж асуухад, ямар нэгэн хариу өгөөгүй. Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 тоот захирамж нь Х миний хууль ёсоор эзэмшиж, одоо өвөлжиж байгаа Б сумын 2 дугаар багийн нутаг “Дэрчиг” гэх газрын эхэнд байгаа “Адууны хашаа” тодотголтой газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон, миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, гадагшаа чиглэгдсэн эрхийн акт учраас дараах үндэслэлээр хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Б сумын Засаг дарга А/103 тоот захирамж гаргахдаа Х намайг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж хүчингүй болгосон байна. Гэтэл “газар эзэмших эрхийн гэрчилгээ” эзэмшигч Х миний бие газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг ямар нэгэн байдлаар удаа дараа болон ноцтой зөрчөөгүй байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Засаг дарга хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байгаа этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан. Гэтэл Б сумын Засаг дарга нь 2016.09.26-ны өдрийн А/103 тоот захирамжийг одоо хүртэл мэдэгдээгүй учир Х миний Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар шүүхэд гомдол гаргаж, эрхээ хамгаалуулах язгуур эрх ашиг маань зөрчигдөж байна. Б сумын Засаг дарга 2016.09.26-ны өдрийн А/103 тоот захирамжийг гаргахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2-т заасныг баримтлаагүй учир хууль ёсны эрхийн акт биш гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 тоот захирамж нь үндэслэлгүй гарсан байх тул шүүхээс хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х нь тус сумын Улаантолгой нэртэй 2 дугаар багийн нутаг “Дэрчиг”-ийн эхэн дэх “Адууны хашаа” нэртэй өвөлжөөг хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь Б сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 тоот захирамжийн хавсралтын 148 дахь хэсэг, мөн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгогдсон газар эзэмших эрхийн 0068371 тоот гэрчилгээ болон тухайн өдөр байгуулсан газар эзэмших гэрээ зэрэг эрхийн актуудаар батлагдаж байна. Мөн тухайн үед хүчингүй болгосон гэрчилгээг өөрөө бичиж өгснөө, гэрчилгээнд бичиг үсгийн засвар оруулснаа Х.Сембай гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн. Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 тоот захирамж нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн учраас хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон боловч Х нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг зөрчөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан аль нэг үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас түүний нэхэмжлэлийг хангаж Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 тоот захирамж хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/29 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь заалтыг үндэслэн өвөлжөө, хаваржааны бэлчээрийг хот айлаар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээжүүлэх ажлын хэсэг байгуулж,  уг захирамжийн үндсэн дээр Улаантолгой  багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16/02 тоот “Бэлчээр ашиглуулах тухай” тогтоол гаргасан нь холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Улаантолгой  багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16/02 тоот тогтоолд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “з”-д заасныг удирдлага болгосон бөгөөд энэ нь өөрөө багийн иргэдийн Нийтийн Хуралд олгогдоогүй эрх хэмжээ юм.

Хоёрдугаарт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг баримталсан ба энэ нь сумын Засаг даргын эрх хэмжээнд хамаарах асуудал юм. Хамгийн сүүлд Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасан багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр газар ашиглуулах гэсэн заалтыг тогтоолд баримталжээ. Ингэснээр багийн иргэдийн Нийтийн Хурал эрх хэмжээгээ хэтрүүлсэн, хууль тогтоомжийг бүхэлдээ зөрчиж тогтоол гаргасан бөгөөд үүгээрээ ард иргэдийг төөрөгдүүлэх хэлбэрээр гэрчилгээ олгож, гэрээ байгуулж байгаа нь өөрөө зүйд нийцэхгүй байх тул энэ асуудлыг шүүх шийдвэр гаргахад анхаарч үзэхийг хүсэж байна. Багийн иргэдийн Нийтийн Хурал хууль бус эрхийн акт гаргаж, түүний үндсэн дээр гуравдагч этгээд маргаан бүхий газрыг бүхэлдээ бэлчээрт авсан  гэж маргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Газрын даамал Х.Сембай нь 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хд гэрчилгээ олгосноо өөрөө хүлээн зөвшөөрсөн. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүргийг газрын даамал хүлээдэг. Энэ үүргээ хэрэгжүүлэх үүднээс газрын даамал тухайн үед гэрчилгээ олгосон гэж үзэж байна. Өнөөдөр үүнийг хүчингүй болгож болохгүй бөгөөд гэрчилгээг засварласан асуудалд нэхэмжлэгч Хы ямар нэгэн гэм буруу байхгүй байна. Дээрээс нь тухайн гэрчилгээнд “Дэрчиг”-ийн эхэн дэх “Адууны хашаа”-г Хд эзэмшүүлсэн гэж газрын байршлыг тодорхой нэр зааж, гэрчилгээ олгосон учраас “Онгоцоо” гэх газраас Хд газар олгосон гэж өнөөдрийн шүүх хуралдаанаар дүгнэх боломжгүй байна. Шүүх хуралдааны явцад маргааны гол агуулга нь бэлчээрийн маргаанаас үүдэлтэй гэж талууд тайлбарлаж байна. Ер нь бэлчээрийн газрыг хот, айлаар хуваарилан ашиглах хуулийн зохицуулалттай болохоос айл бүрт эзэмшүүлж, ашиглуулах гэрээ байгуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй тул 3015 га газар таных гэж тодорхой нэр зааж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Х нь “Адууны хашаа”-нд байшин барьснаас болж гуравдагч этгээд Х болон бусад  иргэдийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар тухайн газар нь хэн нэгний газартай давхцаагүй, мөн гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газраас 1350 м хол  байрлалтай болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон байна. Иймээс Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 тоот захирамж нь өөрөө хууль зөрчиж гарсан бөгөөд Газрын тухай хуулийг Х нь хэрхэн зөрчснийг тогтоож чадаагүй байж хүчингүй болгосон байх тул Хы нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б сумын Засаг дарга Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Хы маргаж байгаа “Дэрчиг”-ийн эхний “Адууны хашаа” нь социализмын үед Б сумын бригадын адуучид ашиглах зорилгоор баригдсан  бөгөөд  нэгдэл тарснаас хойш  суурьшсан хүнгүй  сул байсан. Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 52 дугаар зүйлийн 52.10-т тус тус зааснаар багийн нутаг дэвсгэрийн нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах, бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг хэлэлцэх эрх бүхий этгээд нь  багийн иргэдийн Нийтийн Хурал ба мөн хуулийн 52.2-т зааснаар өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулахыг зөвшөөрсөн. Хы маргаж байгаа “Дэрчиг”-ийн эхний “Адууны хашаа” нь тус сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт оршдог ба тухайн багт амьдардаг малчдын дунд бэлчээрийн маргаан маш ихээр гардаг байсан тул Б сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын  2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16/02 тогтоолоор “Дэрчиг”-ийн эхний “Адууны хашаа”-ны ойр хавийн 87 малчин “Онгоцоо” нэртэй малчдын бүлэг байгуулж, бэлчээрийн зааг тогтоох асуудлыг сумын Засаг даргад уламжилснаар 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн сумын Засаг даргын А/29 дугаартай захирамжаар сумын малчдад өвөлжөө, хаваржааны бэлчээрийг хуваарилан эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, малчдын бэлчээрийн заагийг тогтоож, хэмжилт хийж, зурагжуулах ажлыг төрийн бус байгууллагаар хийлгүүлсэн байдаг. Улмаар өвөлжөөний бэлчээрийн заагийг малчид бүрээр нь тогтоож шийдвэрлэсэн учраас сумын захиргаанаас 2016 оны  05 дугаар сарын 21-ний өдөр  малчидтай бэлчээр ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Тухайн үед сумын Засаг даргын захирамжийн дагуу Улаантолгой багийн малчдын бэлчээрийн заагийг тогтоохдоо ажлын хэсэг өвөлжөө, хаваржаа бүрт очиж малчидтай биечлэн уулзан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн гэрчилгээг үндэслэн бэлчээр ашиглах хэмжээг га-гаар тогтоож, зурагжуулсан байдаг. “Дэрчиг”-ийн эхний “Адууны хашаа” нь Хгийн өвөлжөөнөөс 1 км газарт байрладаг бас тухайн үед эзэмшсэн хүнгүй байсан тул багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн дагуу ажлын хэсэг Хд 3015 га бэлчээрийн талбайг эзэмшүүлэхдээ түүний бэлчээрийг хамруулсан байна.

2. Малчдын бэлчээрийн заагийг тогтоосны дараа Х нь 2016 оны 9 дүгээр сард “Дэрчиг”-ийн эхний “Адууны хашаа”-нд нүүж очих үед малчин Х нь надад олгосон бэлчээрт зөвшөөрөлгүй нүүж ирлээ хэмээн сумын Засаг даргад гомдол гаргаснаар сумын газрын даамал болон холбогдох албан тушаалтнууд газар дээр нь очиж шалгах явцад Хы 2006 оны газар эзэмших гэрчилгээ нь засвартай, хуучны үнэт цаасанд хэвлэгдсэн, гэрчилгээний дугаар нь бусад хүний дугаартай давхцсан, өөрөөр хэлбэл гэрчилгээний дугаар нь бусад хүний нэр дээр бүртгэлтэй, багийн иргэдийн Нийтийн Хурлаас түүнд суурьших асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй зэрэг байдал тогтоогджээ. Мөн ганцхан захирамжаар газрын даамал 3 гэрчилгээ бичиж өгсөн нь буруу юм. Нэхэмжлэгч Х нь маргаан бүхий газарт насаараа амьдарч байгаа гэх боловч уг газарт тийм удаан хугацаанд амьдарч байгаагүй, “Хэлэнцэг” гэдэг газарт хашаа, байшинтай юм. Дараа нь хашаа, байшингаа зарж, “Адууны хашаа” гэх газарт дураараа байшин барьж авсан болно. Иймээс дээрх зөрчлүүд буюу Х нь Газрын тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдож байгаа тул Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.1, 31.1.3-д заасан эрхийнхээ дагуу Засаг дарга Х.Ержанат нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 дугаартай захирамжаар Хы /Шамбай/ нэр дээр олгогдсон 0068371 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, маргалдагч талууд Х, Х нарт тус тус мэдэгджээ. Нэгэнт Засаг даргад газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрхийг Газрын тухай хуулиар олгосон учраас бүрэн эрхийнхээ дагуу хууль бус үйлдлийг таслан зогсоож захирамж гаргасныг буруутгах үндэслэлгүй бөгөөд Засаг даргын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “шуурхай байх, бодит нөхцөл байдалд нийцсэн байх” зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймээс Хы захирамжийн талаар мэдэгдээгүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд эхнээсээ гэрчилгээг нь хүчингүй болгосныг тэрээр мэдэж байгаа мөртлөө дур мэдэн бусдад ашиглуулахаар эзэмшүүлсэн бэлчээрт нүүж очиж байшин барьж байгаа нь хууль бус юм. Энэ талаар Хд мэдэгдэж та ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр байшин барьж болохгүй, хэрэв хашаа, байшин барих гэж байгаа тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээд зөвшөөрөл авч өвөлжөө барих ёстой гэж хэлсэн боловч энэ хүн өөрөө зөвшөөрөөгүй байгаа.Энэ талаар Хд Засаг дарга миний бие 2017 оны 9 дүгээр сард мэдэгдэх хуудсаар мэдэгдэж байсан. Нөгөө талаар 1 захирамжаар 3 гэрчилгээ олгосон байдаг юм. Үүний улмаас ийм маргаан гарч байгаа бөгөөд өмнөх Засаг даргын Хд газар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

            Гуравдагч этгээд Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х би Б сумын 2 дугаар багт оршин суудаг. 2011 онд хадам дүү М.Бекзат Өлгийн төв руу нүүхээр болсон учраас Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаантолгой Шартолгойн улаан завсарын өвөлжөө, Улаантолгойн Дэрчиг хэмээх газар дахь хаваржааг тус тус худалдаж авсан. Улмаар сумын захиргаанд өргөдөл гаргаж Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар захирамжаар Улаантолгойн Дэрчиг хаваржааг, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаартай захирамжаар Улаантолгой Шартолгойн улаан завсарын өвөлжөөний газрыг тус тус миний эзэмшилд 30 жилийн хугацаагаар олгож, улмаар сумын газрын даамал Х.Сембай 000569191, 0367806 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон юм. Малчин бид өвөлжөө, хаваржааны орчмын бэлчээрт амьжиргаа залгуулах хэдэн малаа бэлчээж амьдардаг. 2016 оны 9 дүгээр сард Б сумын газрын даамал Х.Сембай гэдэг хүн одоогийн Хы байшин барьсан газарт та хоёр хоёулаа хашаа,  байшин барихгүй, энэ талаар ямар нэгэн эрхийн акт гараагүй, энэ газрыг зөвхөн бэлчээрийн зориулалтаар та ашиглана гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч Х нь өнгөрсөн жил ч гэсэн, энэ жил ч гэсэн бусад багийн ард иргэдээс түрүүлж ирээд намар тухайн газарт малаа бэлчээж, хашаа, байшин барьсан тул аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Газрын гарц муутай энэ үед хооронд км хүрэхгүй миний эзэмшлийн өвөлжөө болон хаваржааны бэлчээрт 800 м-ийн зайтай буюу “Дэрчиг”-ийн эхэнд байрлах “Адууны хашаа” хэмээх газарт 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр Х /хоч нь Шамбай/ нүүж ирээд хаваржаа барьж эхэлсэн тул би сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх хэрийг шалгаж байгаа юм. “Дэрчиг”-ийн эхний “Адууны хашаа” бол миний хаваржааны бэлчээр юм. Социализмын үед бригадын адуучид ашиглах зорилгоор барьсан хашаа бөгөөд Хд ямар ч хамаагүй. Энэ нь Б сумын Засаг дарга болон багийн Засаг дарга, манай багийн “Онгоцоо” Бэлчээр ашиглагчдын холбооны ахлагч Ш.Бердимурат нарын хооронд байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16/03 дугаартай “Бэлчээр ашиглах гэрээ”, уг гэрээг үндэслэн надад 3015 га газрыг бэлчээрийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар ашиглуулахаар эзэмшүүлсэн “Бэлчээр ашиглах гэрчилгээ”-ээр тус тус нотлогдоно. Хэрэв Х нь 2006 онд тухайн хашааг эзэмших зөвшөөрөл авсан бол 2016 он хүртэл бүтэн 10 жил зөвшөөрөл авсан газарт суухгүй хаана байсан вэ. 2016 он хүртэл Х нь “Дэрчиг”-ийн эхний “Адууны хашаа”-нд нүүж ирсэн удаагүй. Нэг ч удаа нүүж ирж ашиглаагүй байж “Хэлэнцэг” хэмээх газарт байрлах хаваржаагаа Н.Хурманбек гэгчид 2016 оны зун худалдчихаад хаваржаагүй болоод ирэхээр засвартай бичиг баримт ашиглан зөвшөөрөлгүй газарт нүүж ирээд маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Х нь 2016 онд  “Дэрчиг”-ийн эхэнд байрлах хашаанд нүүж ирэнгүүт би сумын Засаг даргад гомдол гаргаснаар сумын захиргаанаас шалгалтын хэсэг явуулж газар дээр нь шалган тогтоож, Хы газар эзэмших гэрчилгээ нь засвартай, өөр хүний нэр дээр бүртгэлтэй гэх мэт зөрчил гарсан тул түүнийг зөвшөөрөлгүй газарт буусан гэж үзэж нүүж явахыг анхааруулж, улмаар сумын Засаг дарга Х.Ержанат нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 дугаартай захирамжаар Хы нэр дээр олгогдсон 0068371 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед Засаг дарга захирамжийн хувийг Х надад болон Хд гардуулсан. Үүнийг Б сумын газрын даамал Х.Сембай, тухайн үеийн Засаг дарга Х.Ержанат, багийн Засаг дарга нар сайн мэдэж байгаа.

Иймээс бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед бизнес хийж өөрийнхөө хаваржааг бусдад худалдчихаад, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бусдын бэлчээрт нүүж очсон Хы үйлдлийг хууль бус гэж үзэж түүний газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын захирамж нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Бахытбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус сумын иргэдээс хадлан бэлчээр ашиглах, эзэмших талаар нийтээр дагаж мөрдөх журмыг баталсан. Уг журмын дагуу тус сумын Улаантолгой буюу 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол гаргаад бэлчээрийг хуваарилах асуудлыг сумын Засаг даргад уламжилсан ба үүний дагуу Засаг дарга захирамж гаргаад 2016 оны 5 дугаар сард бэлчээр ашиглагчидтай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд Улаантолгой багийн бүх малчид гарын үсэг зурж, бэлчээрийг хуваарилж ашиглана гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг нь гуравдагч этгээд Х юм. Тийм учраас Х нь нэгэнт гэрээ байгуулаад ойр орчмын 3015 га газрыг зөвхөн бэлчээрийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшсэн тул тухайн газарт бусад хүн байшин барьсан нь уг гэрээнд заасан Хгийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцож байгаа. Тухайн бэлчээр ашиглах гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан захиргааны гэрээ мөн бөгөөд хуулийн 52.2.5 дахь хэсэгт “хуульд өөрөөр заасан бол бусад харилцаанд захиргааны гэрээ байгуулж болно” гэж заасан. Засаг даргын хувьд захиргааны байгууллага, албан тушаалтанд хамаарах бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд энэхүү гэрээг байгуулсан гэж үзэж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын 4.1-д өвөлжөө, хаваржаанд шинээр хашаа, байшин барих тохиолдолд бэлчээр ашиглагчдын бүлгийн зөвшөөрлийн үндсэн дээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас тодорхой саналыг авч байж, Засаг дарга шийдвэр гаргана гэж тодорхой заасан байдаг. Мөн тухайн малчин хашаа, хороогоо бусдад зарсан тохиолдолд энэхүү бэлчээр ашиглах гэрээ цуцлагдсан гэж үзээд түүнийг худалдаж авсан малчинтай шинээр бэлчээр ашиглах гэрээ байгуулна гэж тодорхой заасан байдаг. Гэтэл Х нь “Хэлэнцэг”-т байдаг газраа 2017 оны 08 дугаар сард бусдад зарсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа учраас 3015 га газрыг ашиглах эрх нь тухайн үед дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Маргаан бүхий газар нь 2017 оны 01 дүгээр сард олгосон гэрчилгээний дагуу Х болон түүний ойр орчмын 4 малчны зөвхөн бэлчээрийн зориулалтаар ашиглах 3015 га газарт хамаарна. Тийм учраас ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр бусдын газарт байшин барьж байгаа асуудал нь гуравдагч этгээдийн бэлчээр ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэхээс өөр аргагүй байна. Нэхэмжлэгч тал маргаан бүхий газрыг Б сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 тоот захирамжаар Хд олгосон гэж маргаж байгаа боловч тухайн захирамжийг үндэслэн гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна. Яагаад гэвэл нэгж талбар бүр нэг л дугаартай байна гэж заасан бөгөөд Хд олгогдсон гэрчилгээнд бичигдсэн дугаар нь Б сумын газрын сангийн мэдээлэлд байгаа Хд “Хэлэнцэг” гэх газрыг олгосон дугаар байна. Дээрээс нь Хд гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 тоот захирамж өөрөө хууль ёсны эрхийн акт мөн эсэх нь маргаантай байгаа. Тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга гарын үсэг зураагүй, дараа нь томилогдсон Засаг дарга Ш.Көнбай гарын үсэг зурсан, мөн гэрч Х.Сембай гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн захирамжийг нөхөж гаргасан гэж тодорхой хэлсэн байгаа. Харин 2005 онд гарсан захирамжийн дагуу 2006 онд гэрчилгээ бичиж олгосон гэж үзэхэд 12 жилийн дотор тухайн газрыг яагаад эзэмшихгүй байгаа, тухайн газарт  өмнө нь яагаад хашаа, байшин бариагүй юм гэсэн асуудал хөндөгдөж байгаа. Хэрэв иргэн аливаа газрыг хууль ёсоор эзэмшсэн тохиолдолд 2 жилийн дотор тухайн газарт хашаа татах, байшин барих зэрэг тодорхой үйлдэл хийх ёстой боловч 12 жилийн дотор ямар нэгэн тодорхой үйлдэл хийхгүйгээр 2016 онд гэрчилгээг хүчингүй болгосны дараа маргаан бүхий газарт хашаа, байшин барьсан нь хуульд нийцээгүй байна. Тухайн газар нь малчдын малаа усалдаг газар байсан нь олон жил 2 дугаар багийн Засаг даргаар ажилласан гэрч А.Хадысын мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. А.Хадыс нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн газарт Х нь суурьшиж байгаагүй, зөвхөн 2016 онд ганцхан удаа намаржсан, 2017 онд гэнэт байшин барьж эхэлсэн гэжээ. Тийм учраас маргаан бүхий гэрчилгээ анхнаасаа хуулийн дагуу олгогдоогүй, уг гэрчилгээний үндэс болсон захирамжийг хуульд нийцүүлэн гаргаагүй, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй байх тул Хд газар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээг хууль ёсны эрхийн акт гэж үзэх боломжгүй юм. Тиймээс уг гэрчилгээг хүчингүй болгосон Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 тоот захирамж хуульд бүрэн нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Маргаан бүхий захиргааны акт болох Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар[1] Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх хэсгийг үндэслэн  2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  0068371 дугаартай  газар эзэмших эрхийн  гэрчилгээг  хүчингүй болсонд тооцсон байна.

Нэхэмжлэгч Х нь дээрх захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б сумын Улаантолгой багийн нутаг “Дэрчиг”-ийн эхэнд байдаг “Адууны хашаа” гэх газраас  700 м2  газрыг сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 тоот шийдвэрээр эзэмшүүлж, 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 0068371 дугаартай  газар эзэмших эрхийн  гэрчилгээ олгосон, уг газрыг 2006 оноос хойш тасралтгүй эзэмшиж, ашиглаж  байгаа ба газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй байхад  газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгосон нь хууль бус, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэж тодорхойлжээ.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.2, 32.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэн нь газар эзэмших  тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ба уг хүсэлтдээ газар эзэмших зориулалт, хугацаа болон эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг тусгахаар, хүсэлтийг хянан үзэж тухайн шатны Засаг даргаас гаргасан  газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тухайн иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхээр  тус тус зохицуулсан.

Маргаан бүхий А/103 дугаар захирамжаар хүчингүй болгосон 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  0068371  дугаартай  газар эзэмших эрхийн  гэрчилгээнд[2] Хатран овогтой Хауанд /Шамбай/ Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 030400054 дугаар бүхий 700 м2 газрыг эзэмшүүлсэн талаар тусгагдсан, ингэхдээ  гэрчилгээний  иргэний овог, нэр гэсэн хэсэгт  “Улаантолгой багийн Дэрчигийн эхэн дэх Адууны хашаа” гэж  тусгасан байна.

            Энэхүү Б сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжид[3] зааснаар нэхэмжлэгч Х /Шамбай/ болон түүний хүү Х.Халидолдад хамтран эзэмшихээр тус сумын нутаг дэвсгэрээс нэг газар эзэмшүүлсэн боловч уг захирамжид тухайн эзэмшүүлсэн газрын байршил, хэмжээ, зориулалт зэргийг тодорхой тусгаагүй байх ба гэрч тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Х.Сембай нь  уг захирамжаар тус сумын иргэдэд суурьшин амьдарч  байгаа байшин, хашааны газрыг нь эзэмшүүлсэн  гэж мэдүүлэг[4] өгсөн болно.

Хэрэгт авагдсан 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  9261307 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнд[5] тусгаснаар Хд Б сумын нутаг дэвсгэрт Улаантолгой “Хэлэнцэг” гэх газарт  Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 тоот шийдвэрийг үндэслэн  500 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар,  2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0261308 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнд[6] тусгаснаар Хауаны Халидолдад Б сумын нутаг дэвсгэрт Улаантолгой “Онгоцоо” гэх газарт  Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 тоот шийдвэрийг үндэслэн 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус эзэмшүүлсэн байх ба уг 0261308 дугаартай гэрчилгээний хамтран эзэмшигчийн бүртгэл гэсэн хэсэгт Х гэж тэмдэглэгджээ.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Х нь  хүү Х.Халидолдагийн хамт Б сумын 2 дугаар /Улаантолгой/ багийн нутаг дэвсгэрт 2 газар эзэмшдэг,  тодруулбал “Онгоцоо” гэх газарт 1976 оноос өвөлжиж байгаа бөгөөд байшин, малын хашаатай, “Хэлэнцэг” гэх газарт 1997 оноос эхлэн хаваржиж байгаад 2017 оны 9 дүгээр сарын үед тухайн газарт байгаа байшингаа нурааж, малын хашаа, газраа иргэн Н.Хурманбект худалдсан /газар эзэмших эрхээ шилжүүлсэн/,  харин тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэрчиг”-ийн  эхэн дэх  “Адууны хашаа” гэх маргаан бүхий газарт 2016 оны 09 дүгээр сар хүртлэх хугацаанд суурьшин амьдраагүй, 2016 оны 09 дүгээр сард анх  намаржиж, 2017 оны 09 дүгээр сард тухайн газарт байшин барьсан болох нь  нэхэмжлэгчийн тайлбар[7],  гэрч нарын мэдүүлэг[8],  бусад бичмэл нотлох баримтуудаар[9] тогтоогдсон.

 Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х нь Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт  “Дэрчиг”-ийн эхэнд байрлах “Адууны хашаа” гэх газраас 700 м2  газрыг эзэмших талаар холбогдох баримт бичгийг хавсарган хүсэлт гаргасан болон  уг газрыг эзэмших тухай гэрээ байгуулсан нь тус тус тогтоогдоогүй болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс газар эзэмших гэрээ байгаа  гэж маргасан хэдий ч нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг эзэмших гэрээг  гаргаж өгөөгүйгээс гадна  Б сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн Хы эзэмшлийн газрын хувийн хэрэг дэх  баримт бичгүүд нь хуулбар  буюу  нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн хэрэгт авагдсан газар эзэмшигчийн улсын бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч Хд Б сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр захирамжаар тус сумын 2 дугаар  багийн нутаг дэвсгэрт  “Дэрчиг”-ийн эхэнд байрлах “Адууны хашаа” гэх газраас  700 м2  газар эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосон талаар бүртгэл байхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын эзэмшигчээр  улсын бүртгэлд бүртгэгдээгүй[10] байна.

Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдал буюу нэхэмжлэгч Х нь маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлт гаргаагүй, уг газрыг эзэмших тухай гэрээ байхгүй, 2006 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан гэх боловч  2016 он хүртэлх хугацаанд тухайн газарт суурьшин амьдраагүй, 0068371 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд тусгасан Б сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Х болон түүний хүү Х.Халидолдад хамтран эзэмшихээр нэг  газар эзэмшүүлсэн боловч уг захирамжид эзэмшүүлсэн газрын байршлыг тодорхой тусгаагүй. Мөн уг захирамжаар иргэдэд өмнө нь суурьшин амьдарч байсан газрыг эзэмшүүлсэн, 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0261308 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд зааснаар нэхэмжлэгч Х, түүний хүү Х.Халидолда нарт  1976 оноос эхлэн амьдарч байгаа Б сумын 2 дугаар багийн  нутаг “Онгоцоо” гэх газарт  байрлах  700 м2  газрыг дээрх сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 тоот шийдвэрийг үндэслэн эзэмшүүлсэн зэрэг үйл баримтуудаас үзэхэд тус сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр захирамжаар сумын 2 дугаар багийн  нутаг дэвсгэрт “Дэрчиг”-ийн эхэнд байрлах “Адууны хашаа” гэх газраас 700 м2 газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. 

Иймд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1,33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж, нэхэмжлэгч Х нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаагүй, түүнд уг газрыг эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад газар эзэмших  эрхийн гэрчилгээ олгосон сумын газрын даамлын үйлдэл нь хууль бус  тул хуульд заасан журмыг зөрчиж олгосон 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0068371  дугаартай  газар эзэмших эрхийн  гэрчилгээг хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл  газар эзэмших эрхийн гэрчилгээ нь газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг бөгөөд нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй  байхад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг  нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан хүчин төгөлдөр баримт бичиг  гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс сумын газрын даамал 0068371  дугаартай  газар эзэмших эрхийн  гэрчилгээг бичиж өгснөө хүлээн зөвшөөрч байгаа гэж маргасан боловч сумын газрын даамлаас  хуульд заасан журмыг зөрчиж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь  нэхэмжлэгчийг тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй, энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,  27.4, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, мөн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимтай тус тус нийцэхгүй юм.   

Дээрх үндэслэл, нотлох баримтуудаар  2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0068371 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ  хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тул  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т  “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж  зааснаар нэхэмжлэгч  маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй этгээд байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс  захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй  эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан, маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй болох юм.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, түүний 0068371  дугаартай  газар эзэмших эрхийн  гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус эрхийн гэрчилгээ байх тул  уг гэрчилгээг хүчингүй болгосон Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх заалт  нь хүчин төгөлдөр  эрхийн гэрчилгээгүй этгээд болох  нэхэмжлэгч Хд хамааралгүй боловч хариуцагч сумын Засаг даргаас “алдаатай бичигдсэн буюу хууль бус гэрчилгээний улмаас газрын маргаан гарч байгаа” гэдэг үндэслэлээр хууль бусаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, сумын газрын даамлын хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосныг буруутгах үндэслэлгүй, энэ нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгтэй нийцсэн байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн ”Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1]Хэргийн 34-р хуудас

[2]Хэргийн 4-р хуудас

[3]Хэргийн 112-118-р хуудас

[4]Хэргийн 143-145-р хуудас

[5]Хэргийн 237-р хуудас

[6]Хэргийн 2 дугаар хавтасын 2-р хуудас

[7]Хэргийн 153-р хуудас

[8]Хэргийн 104-105,143-145,152,192, 2 дугаар хавтасны 8-р хуудас

[9]Хэргийн 35,177-190, 237, 2 дугаар хавтасын 2-р хуудас

 

[10]Хэргийн 196-200,201-225-р хуудас