Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00278

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02674 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2218 дугаар магадлалтай,

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Е” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 643.020.729 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очирын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Ч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус банк нь “Е” ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1844/01/СС-013 тоот Зээлийн гэрээ байгуулан 649.000.000 төгрөгийг 5 жилийн хугацаатай,  жилийн  8 хувийн  хүүтэй олгосон  ба 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хүүг жилийн 7 хувь болгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 393/01/PA/02-2012 тоот, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1844/01/РА/02-2013 тоот барьцааны гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 15/01 байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газар, хаяг, шошгоны үйлдвэрийн нийт 18 төрлийн тоног төхөөрөмжийг барьцаалсан. Иймд зээлийн гэрээний дагуу 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 600.565.517 төгрөгийн үндсэн зээл, 37.202.686 төгрөгийн хүү, 107.169 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 643.020.729 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Е” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 03 сарын 22-ны өдөр 1844/01/CC-2013 тоот Зээлийн гэрээ байгуулан 649.000.000 төгрөгийг  5 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр олгосон ба тухайн үед банк жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай байгуулсан гэрээнд зааснаас илүү хүү авч байсан нь шалгалтаар илэрч хүүгийн нөхцөлд өөрчлөлт орж 2014 оны 07 сарын 23-ны Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр  хүүг 7 хувь болгож, тухайн үед илүү авсан хүүг суутган тооцож компанийг хохиролгүй болгож байсан. 2013 оны хагас жилээс манай улсын эдийн засгийн байдал хүндэрч, валютын ханш огцом нэмэгдэж, гадаадаас импортоор авдаг түүхий эдийн үнэ нэмэгдэн, өртөг зардал өсч эцэстээ хаалгаа барих хэмжээнд хүрсэн. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа дуусах болоогүй, бид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан зээлийн тодорхой хувь болон зээлийн хүүгээ эргэн төлж байгаа тул зээлийн хугацааг сунгуулах талаар хүсэлтийг холбогдох газарт гаргасан боловч хугацааг сунгах талаар ярих нь эрт байгаа тухай холбогдох газрууд хариу мэдэгдсэн. Зориулалтын дагуу зээл бүрэн хэрэгжсэн бөгөөд 600.000.000 орчим төгрөгийн 18 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж суурилуулж, дотоодын үйлдвэрлэгч нарт захиалгын дагуу бүтээгдэхүүн нийлүүлсэн. Графикт өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн хүсэлтээ удаа дараа холбогдох газарт хүргүүлж зохих зөвшөөрлийг нь авсан боловч банк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан руу графикт өөрчлөлт хийсэн мэдээллээ явуулсан боловч бидэнд мэдэгдэхгүй өөрчлөлт оруулаагүй гэсэн. Мөн банк сантай аж ахуй нэгжид ямар нэг нэмэгдэл хүү, торгууль нэмж авахгүй байх тухай гэрээний заалт байгаа атал биднээс нэмэгдэл хүү, торгуулийн хүү зэргийг авахын зэрэгцээ янз бүрээр дарамталж сэтгэл санааны хүнд дарамтад оруулж ирсэн гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02674 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Е ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 643,020,729.19 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Ч ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,443,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2218 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02674 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Е" ХХК-иас зээлийн гэрээний төлбөрт 643.020.729 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2201024199 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошууны гудамж, 15/01 байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 000303797 дугаарын гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах, худалдаа уйлчилгээний зориулалттай газрыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай" гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.443.254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Е" ХХК-иас 3.443.254 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Ч" ХХК-д олгосугай" гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 3.443.254 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10-р сарын 18 өдрийн 2218 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Чиигис хаан банкны нэхэмжлэлийн шаардлага түүний гол үндэслэл нь Е ХХК нь олгосон зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, мөн зээл авсан төсөл хэрэгжээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нотолгоогүй, хариуцагч төслийг хэрэгжүүлж зээлийг зориулалтын дагуу ашигласан, зээлийн график алдагдсан ч эргэн төлөлтийг төлж байсан зэргийг харгалзан үзээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд тус хэргийн зээлийн гэрээний барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Жинст чачирт ХХК-ийг оролцуулаагүй нь 3 дагч этгээдийн хууль ёсны өмчлөх эрхээ хамгаалах нөхцөлөөр хангаагүй алдаа гаргасан байхад анхан шатны шүүхэд ахин хэлэлцээрээр үндэслээгүй байна. Дээрх үндэслэлээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, з дагч этгээдийн өмчлөх эрхээ хамгаалах нөхцлөөр хангаж анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч “Е” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 643.020.729 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...гэрээний хугацаа дуусаагүй, зээлийг зориулалтын дагуу ашигласан” гэсэн тайлбар гаргаж  маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл  хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошууны гудамж, 15/01тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн дүүргийн 27 дугаар хороонд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 300 м.кв талбай бүхий газрыг барьцаалан 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчээс 649.000.000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлжээ.

Талууд харилцан тохиролцож 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, жилийн хүүг 7 хувь болгож багасгасан байна /хэргийн 14-27 дугаар тал/.

Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн  барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр  зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, үндсэн зээл, хүү төлөх хугацааг хэтрүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн үнийн дүнг буруу тодорхойлсон, мөн нэхэмжлэгч төслийн нэмэлт хүүд нэхэмжилсэн  2.650.511 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг анхаараагүй байна.

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 600.565.517 төгрөг, хүү 37.202.686 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107.169 төгрөг нийт 637.875.372 төгрөг нэхэмжилснээс төслийн нэмэлт хүүд нэхэмжилсэн 2.650.511 төгрөгийн шаардлагаас татгалзсан тул үлдэх 635.224.861 төгрөгийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2.-т заасантай нийцнэ.  

Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1.-д заасан, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Зохигчид “Жинст Чачирт” ХХК-г гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй байх тул  энэ талаарх гомдол үндэслэлгүй.  

 Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2218 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...643.020.729 төгрөг...” гэснийг “...635.224.861...” гэж, “...3.443.254...” гэснийг “...3.334.074...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очирын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 3.374.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ