Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2016/00707

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ж овогт Бын Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын Ц бага сургуульд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч Х.Т, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, орчуулагч А.Е, үүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын Ц бага сургуулийн бага ангийн багшийн ажилд томилохыг даалгаж өгөхийг шаарджээ.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2001-2004 оны хооронд Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг бага ангийн багшийн мэргэжлээр бакалаврын зэргээр, 2016 онд Ховд их сургуулийг багш, бага ангийн боловсрол мэргэжлээр боловсрол судлалын ухааны бакалаврын зэргээр төгссөн багш мэргэжилтэй билээ.

Мөн Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/48 тоот тушаалаар багшлах эрхийн 10000170 үнэмлэх авсан мэргэшлийн үндсэн багш юм.

2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б сумын Ц бага сургуульд багшаар ажилд орсноос хойш 2016 оны 4 дүгээр сарын 20-ны хүртэл 12 жил тасралтгүй багшаар ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/242 тоот захирамжаар Б сумын Ц бага сургуульд захирлаар томилогдсон юм.

 

 

Гэтэл Б сумын Ц бага сургуулийн захирлын орон тоонд шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх захирал Х.Т нь аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/431 тоот захирамжаар Б сумын Ц бага сургуулийн захирлын албан тушаалд томилогдож, тухайн албан тушаалаас миний бие чөлөөлөгдсөн болно.

Миний бие 2004 оноос эхэлж Б сумын Ц бага сургуульд тасралтгүй байнгын ажлын байранд бага ангийн багшаар ажиллаж байсан ба ажил олгогчийн санаачлагаар 2016 оны 4 дүгээр сарын 20-нд тус сургуульд захирлын орон тоонд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон ба өмнөх захирал ажилд эргэн томилогдсон нөхцөлд би урьдын адил багшаар хэвээр ажиллах ёстой гэж үзнэ.

Мөн миний бие 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүүхдээ төрүүлсэн, одоо хүүхэд маань дөнгөж 4 сартай учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Б сумын Ц бага сургуулийн захирал Х.Т нь намайг тус Ц бага сургуульд өмнөх албан тушаал болох бага ангийн багшийн албан тушаалд томилох үүрэгтэй билээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан байх тул Х.Т нь шүүхийн шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үндэслэлээр захирлын албан тушаалд томилогдсон нөхцөлд Б.А надад урьд ажиллаж байсан тус сургуулийн бага ангийн багшийн албан тушаалд томилох нь захирал Х.Тн үүрэг гэж үзэж байна.

Түүнчлэн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн Засаг даргын А/162 дугаар захирамжаар Б.А миний бие 2016 оны 7 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 15-ны хооронд ээлжийн амралттай байсан билээ.

Ээлжийн амралт эдэлж байхад намайг үүрэгт ажлаас ямар нэгэн ажил албан тушаал олгохгүйгээр чөлөөлсөн явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д заасныг давхар зөрчсөнийг нотолж байна.

Б.А миний бие Ц бага сургуулийн бага ангийн багшийн, байнгын ажлын байранд ажиллаж байхад Б сумын Ц бага сургуулийн захирлаар аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/292 тоот захирамжаар түр томилсон, мөн миний багшийн орон тоонд З.А гэх багшийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 01 тоот тушаалаар мөн түр хугацаагаар томилогдсон бөгөөд өмнөх захирал Х.Т нь шүүхийн шийдвэрээр захирлын орон тоонд эгүүлэн томилогдсон нөхцөлд Б.А миний бие мөн өмнөх эрхэлж байсан албан тушаал болох тус сургуульд бага ангийн багшаар томилогдох ёстой.

Иймд шүүхээс хүсэх нь: 1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.9-д заасныг үндэслэн Бын А намайг Б сумын Ц бага сургуульд бага ангийн багшийн үүрэгт ажилд томилон ажиллуулахыг сургуулийн захирал Х.Тд даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2004 онд сургуулиа төгсөж ирээд тухайн намар 9 дүгээр сард Б сумын Ц бага сургуулийн бага ангийн багшаар орж нийтдээ 12 жил ажилласан. Дараа нь аймгийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар Ц бага сургуулийн захирлаар томилогдсон. Гэхдээ энэ ажлыг 1 сар гаруй хугацаанд хийсэн. Тэр үеэс эхэлж энэ хүн шүүхэд хандсанаар ажилд эгүүлэн тогтоогдсон. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэж энэ хүнд ажлаа хүлээлгэж өгсөн. Тухайн үед би амралттай байсан. Ажлаа хүлээлгэж өгөх үед чиний багшийн орон тоо хэвээр байгаа гэсэн. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орох гээд очиход 22-ны өдөр ирээрэй, тэр үед таныг ажилд авна гэсэн. Тэгээд 22-ны өдөр очиход ажилд авахгүй гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн миний бие 2 настай, 5 сартай нялх хүүхдүүдтэй. Миний оронд өөр нэг хүнийг түр хугацаагаар ажилд авсан. Би захирлын ажлын албан тушаалд ажиллахдаа өөрийн хүслээр биш аймгийн Засаг даргын захирамжаар ажиллаж байсан. Иймд намайг урьдах ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ц бага сургуулийн захирал Х.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Б сумын Ц бага сургуулийн захирал би Б сумын 3 дугаар баг, Ц-д оршин суух Б.Аээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлд дурдсан Б сумын Ц бага сургуулийн бага ангийн багшийн ажилд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Нэхэмжлэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/242 дугаар захирамжаар Б сумын Ц бага сургуулийн захирлын ажилд томилогдсон юм. Харин Х.Т намайг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар Б сумын Ц багийн бага сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Х.Т би аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/171 дүгээр тушаалыг эс зөвшөөрч өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 414 дүгээр шийдвэрээр намайг Б сумын Ц бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон юм. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй учраас шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Х.Тг Ц бага сургуулийн захирлаар эгүүлэн томилж. Б.Аийг чөлөөлөх тухай Б/431 дүгээр захирамжаар Х.Т намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон юм.

Иймд тухайн үед Б.А нь өмнө эрхэлж байсан ажил буюу тус сургуулийн бага ангийн багшийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн тус сургуулийн захирлаар томилогдсон юм. Б.Аийг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг би гаргаагүй, энэ асуудлыг би мэдэхгүй юм.

 

2. Нэхэмжлэгч Б.А нь Ц бага сургуулийн захирлаар ажиллаж байгаа хугацаанд тус бага сургуулийн бага ангийн багшийн бүр орон тооны ажилд С.Аыг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 01 тоот тушаалаар томилжээ. Ажилтан С.А нь одоо хүртэл тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаа, тэрээр тухайн үед уг орон тоонд хууль ёсоор томилогдсон учраас түүнийг ажил олгогчийн санаачлагаар үүрэгт ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ дашрамд ажил олгогч нь ажилтан С.Атай байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж байгааг дурдах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлдээ өөрийгөө ээлжийн амралтаа эдэлж байгаа хугацаанд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байгаа асуудлыг би хариуцахгүй юм. Б.А нь үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа бол аймгийн Засаг даргатай маргах учиртай гэж үзэж байна. Учир иь Б.Аийг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Х.Т би биш тус аймгийн Засаг дарга гаргасан шүү дээ.

4. Одоогоор тус сургуульд бага ангийн багшийн илүү орон тоо байхгүй, бага ангийн багш нар батлагдсан орон тооны дагуу хөдөлмөрийн хугацаагүй гэрээний үндсэн дээр багшлах үйл ажиллагааг эрхэлж байна. Би Б.Аийг ажилтай болгохын тулд хууль ёсоор томилогдсон өөр багшийг ажлаас гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Б.Аийг заавал ажилтай болгох үүргийг би хүлээхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ц бага сургуулийн захирал Х.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцсан. Х.Аийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/242 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Б сумын Ц бага сургуулийн захирлын ажилд томилсон. Намайг мөн аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/171 дугаартай захирамжаар Ц бага сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 414 дугаартай шийдвэрээр намайг захирлын ажилд эгүүлэн томилох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг аймгийн Засаг дарга 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/431 дугаартай захирамжаар албажуулж намайг хуучин ажилд буцаан томилсон.

Намайг хуучин ажилд буцаан томилогдсон учраас захирлаар түр томилогдоод байсан А гэдэг хүн багшийн ажлаас чөлөөлөгдсөн. Түүнээс биш би Х.Аийг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Хоёрдугаарт Х.Аийг захирлаар томилсон аймгийн Засаг даргын шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг баримталж гарсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно гэж заалт байсан.

 

Гэхдээ энэ хүн ажлаа авангуутаа өөрийнхөө оронд А гэдэг багшийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаалаар томилсон. Тэр хүн одоо хүртэл ажиллаж байгаа. Энэ хүний талаар ямар нэгэн ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Би зөвхөн А биш 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр буцаан томилогдонгуутаа бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээг шинэчилж хийсэн. Энэ хүнтэй ч хөдөлмөрийн гэрээг хийгээд ажиллаж байгаа.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад энэ хүн түр ажлын байртай байсан гэсэн. Энэ хүн түр ажлын байртай байсан бол 2016 оны 5 дугаар сарын 02-нд ажилд авахдаа 2016 оны 6 дугаар сарын 10-ны буюу хичээлийн жил дуусангуут захиралд чөлөөлөх боломж байсан. Энэ талаар ямар нэгэн алхам хийгээгүй гэдгийг хэлье. Нөгөө талаар Х.А нь нэхэмжлэлдээ өөрийнхөө ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа гэсэн. Энэ асуудлыг би хариуцахгүй. Яагаад гэвэл энэ хүнийг ажлаас би чөлөөлөөгүй. Аймгийн Засаг дарга чөлөөлсөн учраас аймгийн Засаг даргатай маргах ёстой. Мөн одоо манай сургууль бол 6 үндсэн багштай. Ямар ч багшийн илүү орон тоо байхгүй. Бүгдээрээ батлагдсан орон тооны дагуу хөдөлмөрийн гэрээ хийгээд ажиллаж байгаа учраас энэ хүнийг өнөө маргааштай ажилтай болгох боломж байхгүй. Аймгийн Засаг даргын намайг томилсон захирамжид энэ хүнийг ажилтай болго гэсэн үүрэг өгөөгүй. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Б.А нь Б сумын Ц бага сургуулийн бага ангийн багшийн ажилд томилохыг тус сургуулийн захиралд даалгаж өгөхийг хүсжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч Б.А нь тус сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ажиллаж байсан бага ангийн багшийн орон тоонд хүн томилсон байх ба тухайн хүн нь одоо ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа тул Б.Аийг бага ангийн багшийн орон тоонд томилох боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.А нь 2004 оноос Б сумын Ц бага сургуулийн бага ангийн багшаар ажилласан байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/242 дугаартай захирамжаар тус Б сумын Ц бага сургуулийн захирлаар томилогдсон байна. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.Т нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/171 дугаартай захирамжийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 414 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ.

Аймгийн Засаг дарга нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/431 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийн дагуу Б сумын Ц бага сургуулийн захирлаар эгүүлэн томилж, тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Аийг чөлөөлсөн байна.

Б.А нь Баян-Өлгий аймгийн Б сумын Ц бага сургуулийн захирлаар ажиллаж байх үед 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 01 дугаартай тушаалаар С.Аыг бага ангийн багшийн ажилд түр томилсон байх ба 2016 оны 8 дугаар сарын 01-нээс эхлэн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна.

Б.А нь өмнөх захирал Х.Т нь шүүхийн шийдвэрээр захирлын орон тоонд эгүүлэн томилогдсон нөхцөлд миний бие мөн өмнөх эрхэлж байсан албан тушаал болох тус сургуульд бага ангийн багшаар томилогдох ёстой гэж тайлбарлаж байгаа боловч Б.А нь захирлын ажлыг сайн дурын үндсэн дээр гүйцэтгэж байсан, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн орон тоонд өөрөө захирлаар ажиллаж байхдаа хүн томилж ажиллуулсан байх тул уг тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан байх ба ажлаас чөлөөлөгдсөн ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох талаар хуулийн зохицуулалт байхгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс 2016 оны 8 дугаар сарын хурлын үед захирал ажилд авахаар болж тохиролцсон гэж байгаа боловч энэхүү хурлын тэмдэглэлээс үзэхэд ажилд авахыг дотоод асуудлаар шийдвэрлэх болно гэж дурдсан байх ба ажилтны авах, ажлаас чөлөөлөх нь сургуулийн захирлын бүрэн эрхийн асуудал байх тул шүүхийн зүгээс ажилд авахыг даалгах боломжгүй болно.

Иймд Б.Аийн Б сумын Ц бага сургуулийн бага ангийн багшийн ажилд томилохыг тус сургуулийн захиралд даалгаж өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Б.Аийн Баян-Өлгий аймгийн Б сумын Ц бага сургуулийн бага ангийн багшийн ажилд томилохыг тус сургуулийн захиралд даалгаж өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК