Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2016/00708

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, шүүгч А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух,  И  овогт Сы Ды нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.А, иргэдийн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Битүүмжилсэн хөрөнгө чөлөөлөх, буцаах шийдвэр гаргуулах, эд хөрөнгийн хохирлын үнэ 10952840 төгрөг гаргуулахыг шаарджээ.

     Нэхэмжлэгч С.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр битүүмжилсэн хөрөнгө чөлөөлөх, буцаах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2016 оны 3 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж эд хөрөнгийн хохирол гаргуулах тухай 3 дахь шаардлагаа гаргасан. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр анхны шүүх хуралдаан болсон. Уг хурлаар дуудлагын худалдааг хүчингүй болгуулах тухай өөр нэхэмжлэл явж байгаа бөгөөд уг хэрэг шийдэгдэх хүртэл хойшлуулсан. Дараа нь 2016 оны 8 дугаар сард улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна гээд дахиад хойшлуулсан. Дараа нь 3 дахь удаад хариуцагч тал нотлох баримттай танилцаагүй гээд хойшлогдоод одоо 4 дэх удаагийн шүүх хуралдаан явагдаж байна гэв. 

     Би шүүхэд битүүмжилсэн хөрөнгө чөлөөлөх, буцаах шийдвэр гаргуулах, эд хөрөнгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг 4 дэх удаад хэлэлцүүлж байна. Ингээд тамгын газраас үзлэг хийхэд би бүх нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Хашаа нурсан, талбай бохирдсон, 6 ширхэг мотор алдагдсан, 25 ширхэг цонх бүгд хагарсан. Ийм ажиллагаа явагдсанаас болж 2012 оны 03 дугаар сард битүүмжилсэн хөрөнгө 2016 оны 11 дүгээр  сар хүртэл 56 сар битүүмжлэгдсэн хэвээр байгаа нь хууль зүй үндэслэлтэй юу, үгүй юм уу. 

     Хоёрдугаарт миний эрх зөрчигдөж байна. Би тэр хөрөнгийг яагаад ашигла болдоггүй юм вэ. Тэрхүү дуудлага худалдаа хуулийн дагуу 2 сарын хугацаанд явагдах ёстой. 5 удаа хууль бус дуудлага худалдаа явагдсаныг 12 удаагийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Хамгийн сүүлд шүүх шийдэж өгөхгүй болохоор Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдад өргөдөл бичээд Ерөнхий газраас албан тоотоор энэ хүмүүст үүрэг өгсөн байдаг. Та нар дуудлага худалдааг журмын дагуу явуулж чадсан бол төлбөр авагчид юмыг санал болгоод, төлбөр авагч авахгүй бол юмыг буцаа гэсэн. 10 дугаар сарын 06-ны өдөр хөрөнгийг надад хүлээлгэж өгөөд түлхүүрийг өгсөн. Гэхдээ би хууль ёсны дагуу хүлээж аваагүй. Яагаад гэвэл би агуулахын түлхүүр, уран зуухны түлхүүрийг хүлээж аваагүй. Дээр нь хуульд заасны дагуу битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлсөн акт гаргаж надад гаргуулаагүй. Мөн миний хөрөнгийг буцаасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага маань хэвээр байгаа. Эд хөрөнгийн хохиролд үнэлүүлэх ёстой зүйлийг үнэлүүлсэн. Тэр үнэлгээний дагуу төлүүлж өгөхийг хүсэж байна. Миний гаргаж өгсөн зураг, дүрс бичлэг, таны өөрийн үзлэг хийсэн материалууд байгаа. Тухайн үед хариуцаж байсан А, З болон харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Тн нарын гаргаж өгсөн энэ бүх нотлох баримтуудыг үндэслээд гаргаж өгөх ёстой. Хуульд төрийн албан хаагч хүний эрх, эд хөрөнгөнд хууль бусаар үйлдлээр хохирол учруулсан байвал арилгах ёстой гэж заасан байдаг. Дээр нь хуульд дуудлага худалдааг зохих ёсоор зохион байгуулаагүйн улмаас учирсан хохирлыг энэ үйл ажиллагааг явуулах үүрэг бүхий этгээд төлнө гэж заасан. Мөн актаар хүлээлгэж өгсөн хөрөнгийг хадгалах ёстой. Түүнээс учирсан хохирлыг эд нар төлөх ёстой. Энэ бүхнийг хуулийн холбогдох заалтын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслээд төлүүлж өгөхийг хүсэж байна.

Дээр нь би нэхэмжлэлдээ холбоотой 9 дүгээр сарын 22-ны өдөр тайлбар гаргаж байсан. Энэ тайлбартаа Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 16.1-т хүн амьд явах эрхтэй, 16 дугаар зүйлийн 16.2-т амьдрах эрхтэй, 16 дугаар зүйлийн 16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх хувийн эрхтэй, хүний хөрөнгийг хууль бусаар хурааж авахыг хориглоно гэж заасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтын гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй  гэж заасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т Монгол улсын иргэн эрх, чөлөө зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй гэж заасан. Энэ бол үндсэн эрх юм. 

     Миний үндсэн эрх маань зөрчигдөж байна. Үүнийг юугаар нотолж байгаа юм вэ гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 36.2, 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар тухайн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үндэслэлээр хурааж авахдаа хөрөнгийн ашиглах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргасан байх ёстой. Тийм шийдвэр аваагүй, эд нар тийм шийдвэр гаргаагүй байна. Тэгээд хөрөнгийг хурааж авах хугацааг шийдвэр гүйцэтгэгч тогтоох ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43, 45, 48 дугаар заалтуудад заасан хуулийн хугацаанд дуудлага худалдааг явуулж, 2012 оны 3 дугаар сард битүүмжилсэн хөрөнгийг 2012 оны 12 дугаар сард надад буцаасан бол ийм хохирол гарах ёстой байсан юм уу гэвэл үгүй. Тэр үйлдвэр ажиллах байх ёстой. Би яагаад ашиглах эрхээ хязгаарлуулж байх ёстой юм вэ. Энэхүү хариуцлагагүй байдлын улмаас бүх цонхнууд хагарч эд хөрөнгийн хохирол учирсан. Би нэхэмжлэл гаргаад бүтэн нэг жил болсон. Хангалттай нотлох баримт бүрдүүлж өгсөн. Та бүхэн ч танилцсан гэж бодож байна. Ийм учраас илүү дутуу зүйл яриад та нарын ажлыг хүндрүүлээд хэрэггүй гэж бодож байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 9 дүгээр сарын 07-ны өдөр таны гомдлын дагуу албан шалгалт хийж гомдолд дурдсан буруутай ажиллагаа тогтоогдвол буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар албан бичгээр Ерөнхий газрын даргад үүрэг өгсөн гэсэн бичиг ирсэн. Дараа нь Ерөнхий газрын даргаас Таны хүсэлтийн дагуу бид нар албаны шалгалт хийж, дүнг танилцуулж  байна. Хууль заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийг Х банканд санал болгож, төлбөр авагч татгалзвал хөрөнгийг буцааж өг гэсэн шийдвэр ирсэн. Ерөнхийдөө обьектийн түлхүүрийг өгсөн боловч журмынхаа дагуу битүүмжилснийг чөлөөлсөн акт гардуулж, гарын үсэг зуруулаагүй. Мөн хураасан эд хөрөнгийг буцаасан тогтоол гаргаагүй учраас нэхэмжлэлийн 3 шаардлага маань хэвээр байна. Дээрх хоёр актыг хүчингүй болгоод хөрөнгийг чөлөөлөх акт үйлдэж, хөрөнгийг буцааж өгөх тухай тогтоол гаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлмээр байна.

     Хоёр актыг хүчингүй болгоод хөрөнгийг чөлөөлөх акт үйлдэж, хөрөнгийг буцааж өгөх тухай тогтоол гаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгөхийг хүсэж байна. Тэгвэл энэ шаардлагаа больё. Би хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байж болно. Гэхдээ эд нар зүгээр хүчингүй болгох биш хүчингүй болгосны дараа битүүмжилсэн хөрөнгийг буцааж өгөх тухай тогтоол гаргах ёстой. Гэтэл тийм акт гаргаагүй.

     Битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлсөн акт, хураасан хөрөнгийг буцаасан тухай тогтоол гаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгөөч гээд та бүхнээс хүсэж байгаа юм.

     2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө хураасан актын доод талд  зөвхөн миний гарын үсэг байгаа.  Энд Т гэдэг хүний гарын үсэг алга байна. Гэтэл эдний хуулбар өгсөн дээр Тгийн гарын үсэг ороод ирсэн. Энэ хүмүүс хуурамчаар нотлох баримт бүрдүүлж байна. Миний хөрөнгийг хураасан нь Тд холбоогүй юм. Тийм хүн байгаагүй. Юу гэж миний хөрөнгийг хураасан актанд Т гарын үсэг зурж байх юм. 

     Энэ  хүмүүс өөрсдөө хадгалуулж байгаад хөлсийг өгсөн биз. Тэгээд миний хөрөнгийг хураахдаа Тгийн гарын үсэгтэй баахан хуулбар баримт орж ирсэн. Одоо миний эх хувь дээр Тгийн гарын үсэг байхгүй байна. Үүнийг та бүхэн анхаарахыг хүсэж байна. Мөн энэ баримтанд хураасан эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх байгууллага хадгална гэсэн байна. Өөрөөр хэлбэл хадгалах үүргийг эд нар хариуцсан. Ийм учраас үүргийнхээ дагуу нэгэнт төрийн байгууллага миний хөрөнгийг хурааж авсан учраас эд хөрөнгийн хохирлыг төлөх ёстой гэж хуулийн үндэслэлтэй хүсэлт гаргаж байна. Миний хөрөнгө 5 жил эзэнгүй болоод хашаа нь хогонд дүүрсэн байна. Би энд гомдолтой байна. Яагаад үүнийг шийдвэрлэж болдоггүй юм вэ?. Надад зүгээр л түлхүүрийг өгсөн. Агуулах, уурын зуухны түлхүүр Ха байгаа нь мэддэггүй. Дараа нь би үйл ажиллагаагаа явуулах гэхэд хаалгыг нь эвдэж орох юм уу?. дараа нь энэ хүмүүс битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлсөн акт, хураасан хөрөнгийг хүлээлгэж өгсөн акт гаргаагүй байхад өөрийн дураар очиж хөрөнгийг эвдсэн гэж ярина шүү дээ. Өнөөдрийн байдлаар обьектийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага маань хэвээр байна. 

     Миний өмчлөлийн гурилын үйлдвэрийн хөрөнгийг битүүмжилсэн тухай 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай акт, эд хөрөнгийг хураасан тухай 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай актыг тус тус хүчингүй болгуулах ёстой. Энэ хоёр актыг хүчингүй болгохгүй бол яаж хөрөнгөө авах юм вэ. Дараа нь хоёр дахь дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг надад буцаах тухай тогтоол гаргуулах, мөн дараа нь 10843200 төгрөг нэхэмжилсэн. Үүний задаргааг нэхэмжлэлдээ бичсэн. Энэ хүмүүс 4 жилийн дотор дуудлага худалдааг хуульд заасан журмаар явуулаад миний хөрөнгийг буцаасан бол ийм хохирол гарах ёстой байсан ч юм уу. Өөрөөр хэлбэл энэ  хүмүүс хоёр зүйл дээр алдсан. 5 удаа хууль зөрчиж 12 удаа шүүхийн шийдвэр гарсан. 

     Хоёрдугаарт өөрсдийн хадгалахаар авсан хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадаагүй. Тэр Тг гэдэг хүнд 40 000 төгрөг өгч гэрээгээр ажиллуулсан. Чи Ды эсрэг гомдол гаргаад мэдэхгүй гэж хэлээрэй. Тэгвэл таны хөлсийг чинь өгнө. Тэгэхгүй бол чамд хөлс ч өгөхгүй гэж хэлсэн байна. Би гэрээг Ттай байгуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай байгуулаагүй. Банктай яриад өөрсдөө хадгалахаар гэрээ хийчхээд 2013 онд А байхдаа ганц өдрийн дотор бүх цонхыг хагалсан. Дараа нь З байхад бүрэн бүтэн байсан. А авсны дараа 6 мотор будаа болсон.  Одоо А болон ахлах  шийдвэр гүйцэтгэгч нар төлнө. Хамаг бүх зүйлийг хийж байгаа хүн бол ахлах шийдвэр гүйцэтгэгч Айнагүл гэдэг  хүн байгаа. Хамгийн сүүлд Наранбаяра гэдэг хүн албан бичгээр үүрэг өгөөд 10 дугаар сарын 26-нд ажлаас халагдсан. Ер нь том дарга нар энэ обьектийг аваад бизнес хийх гээд наймаа хийгээд байгаа. Дунд нь хэдэн шийдвэр гүйцэтгэгч нар золиосонд явж байгаа. Гэхдээ энэ хүн тухайн этгээдийн хувьд төлөх ёстой. Би энэ хүмүүсийн мууг үзэх гээд байгаа ч юм биш.

Хүний хөрөнгийг хууль бусаар хурааж авахыг хориглоно гэж заасан байхад хуульд заасан хугацаанд дуудлага худалдааг явуулахгүйгээр 58 сараар битүүмжилчхээд будаа болгочхоод байна. Яг үнэнийг хэлэхэд 50 сард ажиллуулсан байвал 1 тн буудайгаас 200 000 төгрөг, сард 60 сая төгрөг олох байсан. Бүр байхгүй гэхэд 30 сая төгрөг олох байсан. 5 жилд 1,5 тэрбум төгрөгийн ашгаа алдчихаад байна. Том дарга нар үүрэг өгөөд Айнагүл гэдэг нөхөр 4 жил зовоосон. Уг нь хууль ёсоор 650 сая төгрөгөөр банканд аваарай гээд санал болгосон чинь Наранбаяр ажлаас халагдаад шинэ дарга ирээд Ды хөрөнгө нь барьцаанд байгаа учраас буцааж өгөх үндэслэлгүй гээд тогтоол гаргаад одоо 4 дүгээр сарын 15-наас хойш 1 жил 6 сар болж байна. Би яагаад хохирч байх ёстой юм вэ. Энэ хүмүүсийн хууль зөрчсөн үйл ажиллагаанаас би яагаад хохирч байх ёстой юм вэ. Миний зөрчигдсөн эрх болон 5 жилд надад учирсан эд хөрөнгийг хууль зөрчсөн этгээдээр төлүүлж өгөхийг хүсэж байна. Битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, буцаах шийдвэр гаргуулахыг хүсэж байна гэв.

     Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.2-т зааснаар Ды үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг битүүмжилсэн байгаа. Битүүмжлэхдээ энэ хүнийг ашиглах, үйлдвэр эрхлэх эрхийг хязгаарлаагүй. Зөвхөн захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг эд хөрөнгийн жагсаалт гаргана данслах, шийдвэр гүйцэтгэгч хувийн дугаартай тэмдэг дарж хамгаалалтад авах, эсхүл авахгүйгээр тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох, шаардлагатай бол эд хөрөнгийн ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэнэ гэж заасан. Эд хөрөнгө битүүмжлэх заалтыг үл хөдлөх, хөдлөх хөрөнгөн дээр ялгаатай ойлгох хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгийг бид нар өөрсдийн хамгаалалтад авах ямар ч боломж байхгүй. Хөдлөх хөрөнгө байсан бол хурааж аваад өөрсдийн хамгаалалтад аваад цааш нь үйл ажиллагаа явуулах боломжтой.

     Үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамгаалалтад авсан ганц ч тохиолдол байхгүй. Хоёрдугаарт бид нар тухайн эд хөрөнгийг төлбөрт төлөгч Д, түүний ажилтан Т гэдэг хоёр хүнд гарын үсэг зуруулаад хариуцуулсан. Дуудлага худалдаанд оруулахын тулд зайлшгүй хураасан акт байх ёстой. Тийм учраас газар дээр нь очиж актан дээр тусгаж цааш нь ажиллагаа явуулах боломжтой учраас хураах акт үйлдээд явсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч Х банканд буцаасан.Үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч Дд буцаан олгосон. Буцаах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Дд хүргүүлсэн. Тухайн эд хөрөнгийг өөрт нь хүлээлгэж өгөөд шилжүүлсэн акт үйлдээд давхар гүйцэтгэх баримт бичгийг буцаах, барьцааны үл хөдлөх хөрөнгийг буцаан олгох тухай тогтоол гараад жин тан болсон байгаа гэв.

     Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 3 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэг нь битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлөх тухай  байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-т зааснаар гүйцэтгэх баримт бичгийг Х банканд буцааж, үл хөдлөх хөрөнгийг Дд буцааж өгсөн байгаа. Хавтаст хэрэгт нотлох баримтыг гаргаж өгсөн.  Гал зуухны түлхүүр нь тухайн үед өөрт нь байсан. Тухайн үед өөрөө зөвшөөрсөн.

Анх 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 03 дугаартай актаар битүүмжлэхэд шийдвэр гүйцэтгэгч А хадгалалт, хамгаалалт нь  Д  болон  түүний эхнэр Х нар авсан. Т гэдэг хүн урьд нь гурилын үйлдвэрийг ажиллуулж байхад манаач байсан. Тэр хүн Дтай тохироод үүнийг давхар хариуцаж авъя гээд битүүмжлэх актан  дээр  Д, Х, Т нар гарын үсэг зурсан. Мөн эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөд шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд гарын үсэг зуруулсан. Өнөөдөр юу ч мэдэхгүй гээд хэлж байгаа нь ёс зүйгүй л байна. Хоёрдугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т хадгалагч эп хөрөнгийг хадгалж түүний бүрэн бүтэн байдлыг бүрэн хангах үүрэгтэй гэж тодорхой заасан. Энэ бол битүүмжлэх актан дээр хариуцлагыг тодорхой заасан байгаа.

Гуравдугаарт урьд нь манай шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан А, З нар тодорхойлолт гаргаж өгсөн. Тэд бол өөрсдийн буруугаас болж халагдсан. Тийм учраас шийдвэр гүйцэтгэх албанд өш хонзон санаад зориуд буруу тайлбар гаргаж өгсөн байна. З нь Ды төрсөн хүргэн хүү нь юм. 2015 оны 9 дүгээр сард бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн гэсэн. Згээс бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн нэг ч зүйл байхгүй. З бол надад зүгээр л түлхүүрийг өгсөн. Яагаад чи энэ түлхүүрийг авсан юм вэ гэхэд Д нь миний хадам аав болохоор өөрөө харж хандая гээд авсан гэсэн. Түлхүүрийг тухайн шийдвэр гүйцэтгэгч авсан эсэхийг мэдээгүй. Тухайн үед мэдсэн. Тэгэхээр хадгалалт хамгаалалтыг Д өөрөө хариуцах ёстой. Бид нарт хурааж авсан хөрөнгийг хариуцна гэсэн ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Одоо бол хөрөнгийг Дд буцааж өгсөн. Тэрэн дээр ямар нэгэн маргаан гарахгүй байх гэж бодож байгаа.

Тийм учраас шийдвэр гүйцэтгэгч А, З нарын тодорхойлолтыг нотлох баримтын хүрээнд авч үзэхэд эргэлзээтэй байна. Энэ дээр анхаарч үзнэ үү хэмээн хүсэж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

     Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч С.Д нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу буцаах шийдвэр гаргах, битүүмжилсэн эд хөрөнгөнд учирсан хохирол 10952840 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж өгөхийг хүсжээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаартай захирамжаар төлбөр төлөгч С.Даас 443690224 төгрөг гаргуулан Х банкинд олгохоор шийдвэрлэсэн байх ба 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас хүргүүлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Х банкны барьцаат хөрөнгө болох  Ө сумын 6 дугаар багт байрлах 123.5 м.кв талбай бүхий 2 давхар амины сууц, 3840 м.кв талбайтай газар, 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга 1948 м.кв талбайтай газрын хамт, Ө сумын 4 дүгээр байрлах гурилын үйлдвэрийн зориулалттай, иж бүрэн тоног төхөөрөмж, 7470 м.кв газрын хамт 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот актаар битүүмжилж, 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн актаар хураасан байна.

Дээрх хураагдсан хөрөнгүүдээс Ө сумын 6 дугаар багт байрлах 123.5 м.кв талбай бүхий 2 давхар амины сууц, 3840 м.кв талбайтай газар, 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдож нийт төлбөрөөс 150400000 төгрөг төлөгдөж 294478152 төгрөгийн үлдэгдэлтэй байна.  

Нэхэмжлэгч С.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу буцаах шийдвэр гаргах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад буюу 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай актаар гурилын үйлдвэр, тоног төхөөрөмжийн хамт төлбөр төлөгч С.Дд хүлээлгэн өгсөн, мөн Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Бын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаартай захирамжийн дагуу төлбөр төлөгч С.Даар төлбөр төлүүлэх тухай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах явцад төлбөр авагч Баян-Өлгий аймаг дахь Х банкны салбар нь албадан дуудлага худалдаа зарласан боловч худалдан борлогдоогүй  эд хөрөнгийг төлбөрт тооцож авахаас татгалзсан гэсэн үндэслэлээр С.Дд холбогдох гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч Баян-Өлгий аймаг дахь Х банкны салбарт буцаасан бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Битүүмжилсэн, хураасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх актаар С.Ды төлбөрт 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот битүүмжлэх актаар Ө сумын  4 дүгээр багт байрлах 2592 м.кв гурилын үйлдвэрийг 7470 м.кв талбай бүхий газрын хамт битүүмжлэлээс болон хурааснаас чөлөөлсөн болохыг дурдаж,  Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1303 дугаартай битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгө болох  Ө сумын  4 дүгээр багт байрлах 2592 м.кв гурилын үйлдвэрийг 7470 м.кв талбай бүхий газрын хамт төлбөр төлөгч С.Дд буцаан олгосон талаарх албан бичиг хүргүүлсэн байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Ды битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу буцаах шийдвэр гаргах тухай нэхэмжлэлийн шаардлага нь биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч С.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гурилын үйлдвэрийг 2012 оны 3-р сард битүүмжилснээс хойш ямар ч хамгаалалтгүй байсны улмаас гурилын үйлдвэрийн барилга, агуулахын бүх цонх, үйлдвэрийн хашааны 40 м газрын хашаа нурсан, барилгын орчим хогоор дүүрсэн, цахилгаан хөдөлгүүрүүд хулгайд алдагдсан байх тул 2.16 м.кв хэмжээтэй 8 ширхэг вакуум цонхны үнэ 1468800 төгрөг, 1.92 м.кв хэмжээтэй 17 ширхэг цонхны үнэ 2774400 төгрөг, 40 м хашааны өрлөгийн  800 ширхэг блокийн үнэ 800000 төгрөг, 2 машин элсний үнэ 80000 төгрөг,  200 кг шохойн үнэ 200000 төгрөг, 10 удаагийн таксиний үнэ 100000 төгрөг, цалин 320000 төгрөг, хог зайлуулах зардал 100000 төгрөг, харуулын байрны хаалганы үнэ 80000 төгрөг, харуулын байрны цонхны шил 40000 төгрөг, уурын зуухны цонхны шил 40000 төгрөг, 6.5 квт-ийн 4 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 2600000 төгрөг, 8.0 квт-ийн 2 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 1700000 төгрөг, нийт 10849200 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж өгөхийг хүсжээ. 

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай актаар гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, гурилын үйлдвэрийн барилга, Ө сумын 6 дугаар багт байрлалтай 12 өрөө бүхий 2 давхар орон сууц, А хоршооны байр зэргийг шийдвэр гүйцэтгэгч А.А битүүмжилсэн ба хадгалж хамгаалахаар авсан гэх хэсэгт М.Т, С.Д нар гарын үсэг зуржээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн  2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн  2 удаагийн тэмдэглэлээс үзэхэд Ө сумын барилга, тоног төхөөрөмж, үйлдвэрийн барилгын хашаа, хашааны доторх хавтан зэрэг зүйлүүдийг хадгалж, хамгаалахыг Ө сумын 4 дүгээр багийн иргэн М.Т, 2 давхар орон сууцанд төлбөр төлөгч өөрөө сууж байсан тул төлбөр төлөгчид хадгалж хамгаалж байхаар тусгасан байхаас үзэхэд гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, гурилын үйлдвэрийн барилга  зэргийг хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг М.Тд, Ө сумын 6 дугаар багт байрлалтай, 12 өрөө бүхий 2 давхар орон сууц хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг төлбөр төлөгчид үүссэн байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг төлбөр төлөгч болон бусад этгээдэд хадгалуулж болно, мөн зүйлийн 38.5-д Хадгалагч хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр хадгалуулсан эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, сольсон, үрэгдүүлсэн, нуусан, эд хөрөнгийн хэвийн байдлыг өөрчилсөн бол учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж тус тус заасан тул шийдвэр гүйцэтгэгч болон хадгалагч М.Т нарын хооронд үүрэг үүссэн байна.

Иймээс нэхэмжлэгч С.Д болон битүүмжилсэн хөрөнгийг хадгалагч М.Т нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчийн битүүмжилсэн  хөрөнгөнд  учирсан хохирлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгө болох  Ө сумын  4 дүгээр багт байрлах 2592 м.кв гурилын үйлдвэрийн бүх вакуум  цонхнууд, харуулын байрны хаалга, цонхны шилнүүд хагарч гэмтэж ашиглах боломжгүй болсон нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үед бэхжүүлж авсан фото зургуудаар тогтоогдож байх ба эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар 1.92 м.кв хэмжээтэй вакуум цонхны үнэ 163200 төгрөг, 2.16 м.кв хэмжээтэй вакуум цонхны үнэ 183600 төгрөг, 1.2 м.кв хэмжээтэй цонхны шил 10000 төгрөгийн үнэтэй болох талаар тогтоосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10843200 төгрөгийн эд зүйлээс 2.16 м.кв хэмжээтэй 8 ширхэг вакуум цонхны үнэ 1468800 төгрөг, 1.92 м.кв хэмжээтэй 17 ширхэг цонхны үнэ 2774400 төгрөг, харуулын байрны хаалганы үнэ 80000 төгрөг,  харуулын байрны цонхны шил 40000 төгрөг, уурын зуухны цонхны шил 40000 төгрөг, нийт 4403200 төгрөгийг гаргуулах  нь зүйтэй байна. Харин нурсан хашааг дахиж засварлахад 40 м хашааны өрлөгийн  800 ширхэг блокийн үнэ 800000 төгрөг, 2 машин элсний үнэ 80000 төгрөг,  200 кг шохойн үнэ 200000 төгрөг, 10 удаагийн таксиний үнэ 100000 төгрөг, цалин 320000 төгрөг, хог зайлуулах зардал 100000 төгрөгийн зардал гарах талаар нэхэмжлэгч тайлбарлаж байгаа болохоос тухайн зардлыг бодитой гаргах талаар тооцож гаргасан дүгнэлт байхгүй байгаа, тийм хэмжээний зардал гаргах эсэхийг нотлох шууд нотлох баримт байхгүй байгаа тул гаргуулах боломжгүй байна.

Мөн 6.5 квт-ийн 4 ширхэг цахилгаан хөдөлгүүр,  8.0 квт-ийн 2 ширхэг цахилгаан хөдөлгүүр хулгайд алдагдсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж, хохирлоо жич нэхэмжлэх нь зүйтэй байна. 

Иймд  Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 4403200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, илүү нэхэмжилсэн 6440000 төгрөг болон нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 4403200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, илүү нэхэмжилсэн 6440000 төгрөг болон нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар С.Ды улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санхүүгээс 85401 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

     5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Х.МЕЙРАМБЕК

 

                                          ШҮҮГЧИД                                          Б.МАНГИЛИК

                                                                                                     А.ЖАРХЫНГҮЛ