Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 714

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Молхы машан овогт Хаватын Байдолдагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, Бүршал ХХК-ны захирал Шеруши санырау овогт Бергенбайн Хуаныш,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух, Санбастау ХХК-ны захирал Шыбарайгыр овогт Семейханы Өнерхан,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 6 дугаар багт оршин суух, Хүрээ хоршооны эзэн Ботахара сарик овогт Боранбайн Мереке нарт холбогдох иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Байдолда /онлайнаар/, харуицагч Б.Хуаныш, С.Өнерхан, Б.Мереке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхэд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцсоны хөлс 700000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Х.Байдолда шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр давж заалдах шатны шүүхэд, 2013 оны 11 дүгээр сарын 05-нд, 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд тус тус 13 иргэн, аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.

Эдгээр 13 иргэн, аж ахуйн нэгжийн маргааныг шат шатны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, үр дүнд хүрсэн бөгөөд бусад хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Тухайн үед 13 иргэн, аж ахуйн нэгж тус бүртэй шүүхэд, түүний шийдвэр гүйцэтгэлд төлөөлж оролцсоны хөлсөнд 300000 төгрөгөөр тохиролцсон. Эндээс 10 иргэн, аж ахуйн нэгж тохирсон үнэ, хөлсөө тэр даруйд өгсөн. Гэтэл өдгөө 3 жилийн хугацаа өнгөрсөн ч зарим нэг аж ахуйн нэгж, түүний захирал, эзэд тохиролцсон хөлсөө төлөхгүй итгэл алдаж, хүн чанаргүй загнаж, чирэгдүүлж байна.

Иймд шүүхэд, түүний шийдвэр гүйцэтгэлд төлөөлөн оролцсоны хөлснөөс дутуу болон бүрэн төлөөгүй зарим нэг аж ахуйн нэгжүүд болох Санбастау ХХК-ны захирал С.Өнерханаас 200000 төгрөг, Хүрээ хоршооны эзэн Б.Мерекегээс 200000 төгрөг, Бүршал ХХК-ны захирал Б.Хуанышаас 300000 төгрөг, бүгд 700000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Байдолда шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр давж заалдах шатны шүүхэд, 2013 оны 11 дүгээр сарын 05-нд, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд 2 удаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус албадан биелүүлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож ажилласан. Ингэхдээ 13 аж ахуйн нэгжийн маргааныг шат шатны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж үр дүнд хүрсэн бөгөөд бусад хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Шат шатны шүүхэд гэдэг нь анхан болон давж заалдах шатны шүүхийг хэлж байгаа. Бусад гэдэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэлд биелүүлсэн үүргээ хэлж байгаа. Тухайн 13 аж ахуйн нэгжийг шүүхэд, түүний шийдвэр гүйцэтгэлд төлөөлж оролцсоны хөлсөнд 300 000 төгрөгөөр тохиролцож орсон. Эндээс 10 аж ахуйн нь тохирсон хөлсөө өгсөн. Эндээс 3 аж ахуйн нэгжийн захирал нар 100000, 100000 төгрөгийг өгсөн. Үүнээс Санбастау ХХК-аас 200000 төгрөг, Хүрээ хоршооноос 200000 төгрөг, Бүршал ХХК-аас 300000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ хооронд 3 жил өнгөрсөн байна. Би удаа дараа мессеж бичиж шаардаж байсан. Гэтэл хариу өгөөгүй. Тийм учраас 700000 төгрөгийг гурван хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Санбастау ХХК-ны захирал С.Өнерхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний зүгээс Х.Байдолдад өгөх өр зээл байхгүй, ямар ч тооцоо байхгүй болно гэжээ.

Хариуцагч Санбастау ХХК-ны захирал С.Өнерхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх бид нар нэхэмжлэл гаргахдаа 100000 төгрөг өгсөн. Тэгээд дараа нь гуйгаад байхаар нь нэмж 100000 төгрөгийг дахиад өгсөн. Ингээд 200000 төгрөг өгсөн. Тэгээд ингээд боллоо. Бид нартай ямар ч тооцоо байхгүй гээд тохиролцоод явсан. Одоо 200000 төгрөгийг хаанаас гаргаж ирж байгааг мэдэхгүй байна. Анх 300000 төгрөгөөр тохиролцсон гэж яриагүй. Эхэндээ 300000 төгрөг гэж хэлсэн бол танаас татгалзаад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр авахгүй байсан. Тэр үед 300000 төгрөг өгнө гэж гэрээ хийгээгүй, ямар ч гарын үсэг зураагүй. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Хүрээ хоршооны эзэн Б.Мереке шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний зүгээс Х.Байдолдад ямар нэгэн амаар буюу гэрээгээр мөнгөөр тохирсон явдал байхгүй. Иймд Х.Байдолдад өгөх мөнгө үгүй тул тайлбар бичив гэжээ.

Хариуцагч Хүрээ хоршооны эзэн Б.Мереке шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анхандаа 2013 оны хавар аймгийн Засаг даргын 654 дугаартай захирамжаар дотуур байрыг түрээсэнд авсан. Тэр захирамжийг хүчингүй болгосон болохоор 13 аж ахуйн нэгж шүүхэд хандсан. Тэгэхэд 13 аж ахуйн нэгж тус бүрээр шүүхэд өгөхөөр ирж буцах зардал гээд их мөнгө гарах юм байна. Тэгэхээр нэг хүнээр нэхэмжлэл гаргаад шүүхэд өгье гээд Байдолдаг авч шүүхэд хандсан. 2013 онд шүүхэд хандахад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ хүнийг аваад тус тусдаа 100000 төгрөг, нийтдээ 1,3 сая төгрөгийг Серуен зочид буудалд байдаг өрөөнд нь очиж төлж өгсөн. Тэр үед 100000 төгрөг болно гээд өөр зүйл яриагүй байсан. Тэгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ороод шүүхээр захирамжийг хүчингүй болгоод ажлаа аваад явсан. 2015 онд надтай утсаар яриад би хотод байна, мөнгөний хэрэгцээ байна. Та бүгд 100000 төгрөг өгч тусална уу гэхээр нь 100000 төгрөг өгсөн. Тэрнээс биш 300000 төгрөгийн хөлс төлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр авъя гэж тохиролцоогүй. Би энэ хүнд анх 100000 төгрөгийг тоолж өгсөн, дараа нь 100000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Нэхэмжлэл дээр энэ 200000 төгрөгийн талаар дурдаагүй байна гэв.

Хариуцагч Бүршал ХХК-ны захирал Б.Хуаныш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 13 иргэн, аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолдад тухайн үед би 150000 төгрөгийг тоолж өгсөн. Өөр өгөхөөр тохиролцсон юм байхгүй тул нэмж төлөх төлбөр байхгүй юм. Бусад 13 иргэн, аж ахуйн эзэд ч 150000 төгрөгийг төлсөн бөгөөд илүү ямар ч төлж өгөх үндэслэл байхгүй юм гэжээ.

Хариуцагч Бүршал ХХК-ны захирал Б.Хуаныш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би түрээсийн гэрээгээр ажиллуулж байхад аймгийн Засаг даргын захирамж гарч түрээсийн гэрээ хүчингүй болсон. Энэхүү хүчингүй болсон эх үүсвэр нь Х.Байдолдагийн хариуцаж байсан Улаанхус сумын Бүргэд хайрхан ХХК-ны ажиллагаанд доголдол гарснаас гомдол ирж аймгийн бүх сумуудын түрээсийн гэрээг хүчингүй болгосон. Тухайн үед 13 аж ахуйн нэгж нийлж энэ хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр авсан бөгөөд бүгдээрээ Серуен зочид буудал дотор тус бүр нь 100000 төгрөг өгсөн. Тэрний дараа бас мөнгө нэхэмжилж байсан. Тухайн үед 100000 төгрөг өгөөд өөр тооцоо байхгүй гэж бодож байсан. Одоо надад өөр өгөх зүйл байхгүй. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Х.Байдолда нь Санбастау ХХК, Хүрээ хоршоо, Бүршал ХХК-г шүүхэд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлд төлөөлөн оролцсоны хөлс 700000 төгрөг гаргуулж өгөхийг хүсжээ.

Хариуцагч нараас Х.Байдолдад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэл олгосон бөгөөд ямар нэгэн хөлс төлөх талаар тохиролцоогүй болно гэж маргажээ.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 13/01 дугаартай итгэмжлэлээр 13 иргэн, аж ахуйн нэгж компаниудыг төлөөлөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Бүргэд хайрхан ХХК-ийн захирал Х.Байдолдаг төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэл олгосон байна. Уг итгэмжлэлийн агуулгаас үзэхэд төлөөлүүлэгч нь төлөөлөгчид хөлс төлөх талаар тохиролцож хүсэл зоригоо талууд илэрхийлсэн нь тогтоогдохгүй байх бөгөөд төлөөлүүлэгч болох зарим иргэн, аж ахуйн нэгж компаниудын нэр бичигдсэн хэсэгт гар бичмэлээр 300000 төгрөг гэж бичигдсэнийг хөлс төлөхөөр тохиролцсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Итгэмжлэл нь өөрөө нэг талын хэлцэл бөгөөд Бүргэд хайрхан ХХК-ийн захирал Х.Байдолдаг төлөөлөгчөөр оролцуулахаар олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 359, 399 дүгээр зүйлүүдэд заасан хөлсөөр ажиллах гэрээ, даалгаврын гэрээний хэлбэрийг бүрэн агуулж байгаа гэж үзэх боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Байдолдагийн Санбастау ХХК-иас 200000 төгрөг, Хүрээ хоршооноос 200000 төгрөг, Бүршал ХХК-иас 300000 төгрөг, нийт 700000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Байдолдагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн21350 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК