Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2017/ДШМ/40

 

Ж.Батзаяад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                      Б.Эрхэмбаяр

Хохирогчийн өмгөөлөгч:                          Г.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                           Ц.Хүрэлбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                           Н.Ганбат

Нарийн бичгийн дарга                             А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201619000608 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын харьяат, 1976 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Зуунмод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үс засдаг, ам бүл 2, хүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр баг, 1-9 тоотод оршин суух, Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан, Монголын үйлдвэрлэлийн Хоршооллын тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнуулж байсан, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Харчин овогт Жамъянгийн Батзаяа /РД:НЮ76100316/ гэв.

Шүүгдэгч Ж.Батзаяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайваны 7 дугаар гудамжны 18 тоот хашааны гадна талд Г.Дарьхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хамрыг нь тас хазаж, нүүрийг нь засаршгүй эвдэж, дүрсийг нь алдагдуулан, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ны 45 дугаар шүүхийн тогтоолоор:

Шүүгдэгч Ж.Батзаяад холбогдох эрүүгийн 201619000608 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийг гүйцэт биш шалгасан байна.

Үүнд : Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр шүүхийн тогтоолоор Ж.Батзаяад холбогдох эрүүгийн 201619000608 тоот хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар магадлалаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Прокурорын газраас эрүүгийн 201619000608 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийж гүйцэтгэн 2017 оны 06 дугаар сарын ны өдөр шүүхэд шилжүүлсэн байх боловч Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаар шүүхийн тогтоол болон Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар магадлалын заалтыг биелүүлээгүй тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан нь байна.

Үүнд:Тус шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан тогтоол, магадлалд шүүгдэгч Ж.Батзаяагийн асрамжинд байгаа гэх бага насны хүүхэд нь өсөж хүмүүжиж байгаа эсэх, өөрөөр хэлбэл 3 хүртлэх насны хүүхэдтэй ганц бие эцэг мөн эсэх нь хуульд зааснаар яллагдагч шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөл байдал мөн бөгөөд түүнийг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол, магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Батзаяагийн асрамжинд байдаг гэх бага насны буюу 2015 оны 11 сарын 05-ны өдөр төрсөн Б.Сандаг-Очир нь хэрэг учрал гарах үед болон гарснаас хойш хугацаанд хэний асрамжинд байгаа болох, өрхийн эмчийн хяналтанд байдаг эсэх, түүнд хугацаатай вакцинд хамрагддаг эсэх, хамрагддаг бол хэн түүнийг хамруулдаг эсэхийг болон Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р баг, 1-р байрны 9 тоот хаягт хэрэг учрал гарах үед болон гарснаас хойш хэн хэн амьдардаг талаар Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р багийн Засаг дарга Б.Жигмэддорж болон 1-р баг хариуцсан өрхийн эмч, сувилагч нарыг гэрчээр хууль сануулж асууж тодруулах.

2. Шүүгдэгч Ж.Батзаяа нь хэрэг учрал гарах үед П.Балгармаа болон 0-13 насны 3 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р баг, 1-р байрны 9 тоотод амьдардаг байсан байх бөгөөд ямар учраас 2016 оны 11 сарын 08-ны өдөр эхнэр П.Балгармаагаас гэрлэлтээ цуцлуулах болсон эсэх, бага насны буюу 1 ой хүрч байсан хүү Б.Сандаг-Очирыг яагаад Ж.Батзаяа асрамжиндаа авч 9-13 насны 2 том хүүгээ эхнэр П.Балгармаа асрамжиндаа авсан талаар хүүхдүүдийн эх П.Балгармаагаас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй байна.

Иймд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар магадлал болон Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр шүүхийн тогтоолд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.3 дахь хэсэгт “Урьд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын, шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан захирамж тогтоолын заалтыг биелүүлээгүй нь гүйцэт биш гэж үзнэ” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.Батзаяад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй байна гэж дүгнэжээ.

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ:

Шүүхийн 45 дугаартай тогтоол нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй ба энэ заалт шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгахад хамаарахгүй” гэж заасныг тус тус зөрчиж, хэт нэг талыг баримтлан, өмгөөлөгчийн хэрэгт цугларсан нотлох баримтыг үгүйсгэж хэлсэн, хэрэгт ач холбогдолгүй зүйлийг үндэслэл болгон, нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг бодитоор дүгнэж үзэлгүйгээр дараах ажиллагааг хийлгүүлэхээр буцаасан тус шүүхийн тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь шүүхийн тогтоолд: Төв аймгийн Прокурорын газраас эрүүгийн 201619000608 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийж гүйцэтгэн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байх боловч Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр шүүхийн тогтоол болон Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар магадлалын заалтыг биелүүлээгүй тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан байна” гэжээ.

Дээр дурьдсан Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай магадлалын дагуу яллагдагч Ж.Батзаяагийн хүү болох Б.Сандаг-Очир нь хэний хамт амьдарч байгаа болохыг тогтоохоор яллагдагч Ж.Батзаяагийн хөршүүд болох Ц.Батчулууныг гэрчээр байцаасан “Ж.Батзаяа миний санаж байгаагаар 2004 оны орчим Зуунмод сумын 1 дүгээр баг 1-9 тоотод оршин сууж эхэлсэн ба би 2002 оноос хойш энд амьдарч байгаа юм. Ж.Батзаяа тус байрандаа эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байсан ба өнгөрсөн жилийн намар билүү өвөл эхнэрээсээ салсан гэж сонссон. Одоо эхнэр нь том 2 хүүхдийнхээ хамт байхгүй байгаа юм шиг байна лээ. Ж.Батзаяа тус байрандаа 1-2 насны хүүхэдтэйгээ амьдардаг ба хүүхдийг ээж нь хардаг юм шиг байна лээ” гэх мэдүүлэг, хөрш Д.Энхбаатарыг гэрчээр байцаасан “Ж.Батзаяа Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 1-9 тоотод оршин суудаг ба урьд өмнө нь эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Сүүлийн үед эхнэр нь харагдахгүй байгаа ба харин хүүхдүүд нь байгаа эсэх талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, хөрш Д.Гомбодоржийг гэрчээр байцаасан “Батзаяа бол хүүхэдтэйгээ байдаг юм шиг байна лээ. Эхнэрээсээ салаад одоо хүүхэдтэйгээ байгаад байдаг. Түүний эхнэр ойрд харагдаагүй” гэх мэдүүлэг, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Засаг дарга Б.Жигмэддоржийн 20 дугаартай “Жамъян овогтой Батзаяа тус багийн 1 дүгээр байр 9 тоотод өөрийн хүү Батзаяа овогтой Сандаг-Очирыг асран өсгөж байгаа өрх толгойлсон эцэг нь үнэн болно. Ам бүл 2” гэх тодорхойлолт хэрэгт хавсаргагдсан болно.

Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Ж.Батзаяагийн эд хөрөнгийн байдлыг шалгаж түүний нэр дээр байх Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 1-9 тоотод байршилтай 18.79 метр2 орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 10- ны өдөр мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, үнэлгээг гаргуулан хэрэг хавсаргасан байна. Гэрч Эрдэнэчимэг, Б.Өлзийт нарын мэдүүлгийн зөрүүг арилгахын тулд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нүүрэлдүүлэн байцаасан байна. Тус шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан тогтоол, магадлалд шүүгдэгч Ж.Батзаяагийн асрамжинд байгаа гэх бага насны хүүхэд нь өсөж хүмүүжиж байгаа эсэх, өөрөөр хэлбэр 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг мөн эсэх нь хуульд зааснаар яллагдагч шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөл байдал мөн бөгөөд түүнийг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол, магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Батзаяагийн асрамжинд байдаг гэх бага насны буюу 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн Б.Сандаг-Очир нь хэрэг учрал гарах үед болон гарснаас хойш хугацаанд хэний асрамжинд байгаа болох, өрхийн эмчийн хяналтанд байдаг эсэх, түүнд хугацаатай вакцинд хамрагддаг эсэх, хамрагддаг бол хэн түүнийг хамруулдаг эсэхийг болон Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 1-9 тоот хаягт хэрэг учрал гарах үед болон гарснаас хойш хэн хэн амьдардаг талаар Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Засаг дарга Б.Жигмэддорж болон 1 дүгээр баг хариуцсан өрхийн эмч, сувилагч нарыг гэрчээр хууль сануулж асууж тодруулах” гэжээ.

Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Засаг дарга Б.Жигмэддоржийн 20 дугаартай албан тоотоор “Жамъян овогтой Батзаяа тус багийн 1 дүгээр байр 9 тоотод өөрийн хүү Батзаяа овогтой Сандаг-Очирыг асран өсгөж байгаа өрх толгойлсон эцэг нь үнэн болно. Ам бүл 2” гэх тодорхойлолт гаргаж өгсөн байна. Иймд Б.Жигмэддоржийг гэрчээр байцаах шаардлаггүй юм. Мөн баг хариуцсан өрхийн эмч, сувилагч нарыг гэрчээр байцаах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй ба өрхийн эмч, сувилагч нар нь 1 ой гарантай хүүхдийг гэрээр нь байнга үзээд явдаггүй болохоор Сандаг-Очир нь хэн хэнтэйгээ амьдарч байгааг мэдэх боломжгүй юм. Харин шүүгдэгч Ж.Батзаяа нь бага насны хүүхэд болох Б.Сандаг-Очиртойгоо амьдарч байгаа эсэхийг түүний ойр орчимд амьдарч байгаа хөршүүд нь мэдэх боломжтой юм. Иймд хөршүүд болох Ц.Батчулуун, Д.Энхбаатар, Д.Гомбодорж нарыг гэрчээр байцаасан болно.

Шүүгдэгч Ж.Батзаяа нь хэрэг учрал гарах үед П.Балгармаа болон 0-13 насны 3 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 1 дүгээр байрны 9 тоотод амьдардаг байсан байх бөгөөд ямар учраас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр П.Балбармаагаас гэрлэлтээ цуцлуулах болсон эсэх, бага насны буюу 1 ой хүрч байсан хүү Б.Сандаг-Очирыг яагаад Ж.Батзаяа асрамжиндаа авч 9-13 насны 2 том хүүгээ эхнэр П.Балбармаа асрамжиндаа авсан талаар хүүхдүүдийн эх П.Балгармаагаас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авах” гэжээ.

-Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны'11 дүгээр сарын 08-ны өдрийн 151/ШШ2016/01131 дугаартай шийдвэр, мөн өдрийн шүүх хуралдааны 1131 дугаартай тэмдэглэл-д “Батзаяатай 2003 онд гэрэлсэн. 2004 онд том хүүхэд болох Б.Дүүрэнжаргал төрсөн. Бид хоёр 12 жил хамтран амьдрахдаа эхний хэдэн жил гайгүй маргаангүй сайхан амьдарч байсан. Сүүлийн 2 жил таарахаа больсон. Хоёр тийш гэртээ тогтохгүй, гэрт халуун дулаан уур амьсгалгүй болсон. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад салъя гэж шийдвэр гаргасан. Хоёр хүүхдээ би өөр дээрээ аваад бага хүүхдээ авна.Бага хүүхдээ төрөөгүй байхад нь эцэгт нь өгөхөөр тохирсон байсан. Бид хоёр гэр бүлийн  маргаантай байхад олдсон хүүхэд учир үр хөндүүлэх гэж байтал 3 сар өнгөрсөн байсан гээд авахуулаагүй юм. Энэ үед Батзаяа өөр эмэгтэйтэй амьдарч байсан. Тэр эмэгтэй нь хүүхэдгүй юм. Батзаяа ч гаргаад өгчих би авна гэдэг байсан. одоо бол хүүхэд надад дасаагүй. Намайг ээжээ гэж мэдэхгүй, төрөөд 3 сар болгоод хөхнөөсөө гаргаж эцэгт нь өгсөн” гэсэн тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 7-9 дүгээр талд авагдсан байна. Үүнээс яллагдагч Ж.Батзаяа нь эхнэр П.Балбармаагаас хэрхэн салах болсон, ямар шалтгааны улмаас бага насны хүү Б.Сандаг-Очирыг өөр дээрээ авах болсон зэрэг тодорхой дурьдагдсан байна. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн18-19 дүгээр талд П.Балбармаад хууль сануулан гэрчээр байцаасан байна. Хэрэв шүүх гэрч П.Балбармаагаас хэргийн талаар болон ямар шалтгааны улмаас Ж.Батзаяагаас салах болсон хүү Б.Сандаг-Очирыг яагаад Ж.Батзаяа асрамжиндаа зэргийг тодруулах шаардлагатай гэж үзвэл гэрч П.Балбармааг шүүх хуралдаанд оролцуулан асууж тодруулах боломжтой юм.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаартай тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Батзаяаг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд иргэн Г.Дарьхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хамрыг нь тас хазаж, нүүрийг нь засаршгүй эвдэж дүрсийг нь алдагдуулан бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

 

Шүүхийн тогтоолд дурьдсанаар П.Балгармаа болон багийн засаг дарга, өрхийн эмч сувилагч нарыг гэрчээр асууж, гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан, яагаад хүү Б.Сандаг-Очирыг Ж.Батзаяа асрамжиндаа авсан болох, одоо түүний асрамжинд байдаг эсэх, оршин суугаа хаягт хэн хэн амьдардаг болохыг нэмж шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй байна. Учир нь: Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 дугаар шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн 18 дугаар магадлалаар дээрх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааснаас хойш Ж.Батзаяагийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн, үнэлгээ гаргуулах, Ц.Батчулуун, Д.Энхбаатар, Д.Гомбодорж нарыг гэрчээр байцааж мэдүүлэг авах, гэрч О.Эрдэнэчимэг, Б.Өлзийт нарыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг хийснээс гадна Ж.Батзаяа П.Балбармаа нарын гэрлэлт цуцлуулсан Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргах зэргээр шүүхийн тогтоол, магадлалд дурьдсан нэмэлт ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийсэн байна.

Түүнчлэн хэрэгт Ж.Батзаяагийн оршин суугаа хаяг болон ам бүлийг тодорхойлсон Зуунмод сумын 1 багийн засаг даргын албан бичиг болон анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байх ба хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Энэ талаар гаргасан улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаар шүүхийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017
оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 45 дугаар шүүхийн тогтоолыг бүхэлд нь
хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

  1. "Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоолыг хүчингүй болох" тухай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.
  2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Батзаяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

                        ШҮҮГЧ                                               Г.БОЛОРМАА

                        ШҮҮГЧ                                               Ц.АМАРЖАРГАЛ