Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0824/З |
Дугаар | 221/МА2021/0252 |
Огноо | 2021-05-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2021/0252
“О т о” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дүгээр шийдвэртэй, “О т о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр: “... Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2-т заасныг баримтлан “О т о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчаас тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийн “О т о” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “... Гэвч хариуцагч байгууллага нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдахаас өмнө Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах чиг үүргийг хэрэгжүүлж байсан, түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/127 дугаар тушаалаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг орон нутагт шилжүүлэх ажлыг Кадастрын хэлтэст даалгасан боловч “О т о” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн материал Орхон аймагт шилжээгүй...” гэж дүгнэсэн.
Ашигт маллтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг шилжүүлэх” А/127 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж орон нутагт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг шилжүүлэх ажиллагаа хийгдэж эхэлсэн.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” 01/2615 тоот албан бичгээр “... танай байгууллагаас шилжүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувийн хэргүүдийг орон нутгаас буцаан авч, өмнө Ашигт малтмалын тухайн хуулийн дагуу олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хуульд заасан мэдээ, төлөвлөгөө, тайланг тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт хүндрэл, бэрхшээл учруулахгүйн үүднээс холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хүлээн авч шийдвэрлэх”-ийг чиглэл болгосон учир 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг шилжүүлэн авах тухай” А/2 дугаар тушаал гарч шилжүүлсэн хувийн хэргийг буцаан татаж, Ашигт малтмал, газрын тосны газраас хуулийн дагуу олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хяналт хийгдэж байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Агентлагийн дарга агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний үр дүнг сайдын өмнө хариуцан тайлагнана.” 11 дүгээр зүйлийн 11.2-т “Агентлаг нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, шүүх, прокурор болон Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллага, тэдгээрийн ажлын алба, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнтэй сайдаар дамжуулан харилцах ба эдгээр байгууллага, албан тушаалтан нь агентлагтай мөн сайдаар дамжуулан харилцана” гэж заасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас ирүүлсэн чиглэлийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдан гарсан цагаас хойш өнөөдрийг хүртэл “О т о” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн төлбөртөө төлж, төлөвлөгөө, тайлан /өөрийн хүсэлтээр/ ирүүлсээр байдаг. “О т о” ХХК нь эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-001707 дугаартай тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг орон нутагт шилжүүлэх талаар Ашигт малтмал газрын тосны газарт огт хандаж байгаагүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0059 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “О т о” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийн 18 дугаарт “О т о” ХХК-ийн Орхон аймаг Жаргалант сумын Чингэлийн голын хөндлөн намаг гэдэг газар байрлах МV-001701 төрөлтэй, 1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр анх олгогдсон 54 гектар талбай бүхий уурхайд элсэн хайрга олборлох зориулалттай Ашигт малтмалын ашиглалтын 1701А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг анх гаргажээ.
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны шүүх хуралдааны явцад[1] “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, түүнийг цуцлах эрх нь тухайн орон нутгийн аймгийн Засаг даргад эрх олгосон...тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхгүй этгээд хүчингүй болгосон, эрх хэмжээ нь хуулиар өөрт байхгүй байхад цуцлах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөн маргадаг.
Ашигт малтмал, газрын тосны газраас “О т о” ХХК-д “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэлийн голын хөндлөн намаг гэх газарт орших 54 гектар талбайд 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1701А түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг[2] 30 жилийн хугацаатай олгосон.
Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр[3] Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг, алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “О т о” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Ашигт малтмалын тухай (2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өөрчлөлтөөс өмнөх) хуулийн 3 дугаар сарын 3.1-д “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хийгээс бусад бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан байсан.
Харин Ашигт малтмалын тухай (2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрчлөлт орсон) хуулийн 3 дугаар сарын 3.1-д “Энэ хуулиар ... түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, 3.3-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.” гэжээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай (2014 оны) шинэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6-д заасны дагуу жил бүр төлнө.”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 14.5, 19.3.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө.”, 24.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”, 37 дугаар зүйлийн 37.1.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална: тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.
Үүнээс дүгнэхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд шинээр батлагдсанаар Ашигт малтмалын тухай хуулиар өмнө нь зохицуулагдаж байсан “түгээмэл тархацтай ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг” тусгай хуулиар зохицуулахаар болсон бөгөөд өмнө нь ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байсан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах” бүрэн эрхийг шинэ хуулиар Аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр болжээ.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас Улсын Их Хурлаас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс шинэ хууль батлагдан, мөрдөгдөж эхэлснээс хойш дөрвөн жил гаруйн дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй” үндэслэлээр цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай (2014 оны) хууль батлагдсантай холбоотойгоор хууль тогтоогчоос шинэ хуулийн хэрэгжилтийн асуудлыг түр журмаар зохицуулаагүй байна. Тодруулбал, хууль өөрчлөгдсөний үндсэн дээр Ашигт малтмал, газрын тосны газар өмнөх хуулийн дагуу олгогдсон бүрэн эрх болох түгээмэл тархацтай тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргах эрхгүй болсон бөгөөд шинэ хуулиар уг шийдвэрийг гаргах бүрэн эрх олгогдсон Аймаг, Нийслэлийн Засаг дарга нь уг бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээгүй тохиолдолд юу хамаарах, хууль хэрэгжүүлж эхлэхээс өмнө тодорхой хугацааг тогтоосон зохицуулалт бүхий дагаж мөрдөх журмын тухай хууль болон Улсын Их Хурлын тогтоол батлан гаргаагүй байна.
Энэ тохиолдолд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, түүний нэгж уг хуулийг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх үүрэгтэй.
Иймд хариуцагч захиргааны байгууллагаас “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/2615 албан бичгээр чиглэл болгосны дагуу Ашигт, малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны А/2 дугаар тушаал гарч орон нутагт шилжүүлсэн хувийн хэргийг буцаан татаж, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хяналт хийгдэж байна. Сайдаас ирүүлсэн чиглэлийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдан гарсан цагаас хойш өнөөдрийг хүртэл “О т о” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж, төлөвлөгөө, тайлан /өөрийн хүсэлтээр/ ирүүлсээр байдаг. “О т о” ХХК нь эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг орон нутагт шилжүүлэх талаар Ашигт малтмал, газрын тосны газарт огт хандаж байгаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газрын үйл ажиллагааны ашигт малтмалын салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны агентлаг бөгөөд тус агентлагийн үйл ажиллагаа нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна ..., хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана.”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “.Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” тусгай зарчим баримтална, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж тус тус заасантай нийцсэн байх учиртай.
Үүний учир хариуцагчийн “Уул уурхайн сайдаас өгсөн чиглэлийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал эзэмшигчийн хяналтыг манайх тавьж байгаа, нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж, төлөвлөгөө, тайлан /өөрийн хүсэлтээр/ ирүүлсээр байгаа, нэхэмжлэгч нь эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг орон нутагт шилжүүлэх талаар Ашигт малтмал, газрын тосны газарт огт хандаж байгаагүй” зэрэг үндэслэл нь хариуцагч захиргааны байгууллагыг шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөх үүргээс чөлөөлөх, түүнд хуулиар зөвшөөрөөгүй бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгосон үндэслэл биш гэдгийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчлөх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “О т о” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхгүй этгээд хүчингүй болгосон, эрх хэмжээ нь хуулиар өөрт байхгүй байхад цуцлах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэж маргасан тул нэхэмжлэлийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт маргаан бүхий актыг илт хууль болохыг тогтоосонтой холбоотой хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2-т заасныг баримтлан “О т о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “Отгонтэнгэр оргил” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ