Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч:  Иргэн Л.Б-ийн  нэхэмжлэлтэй, 

      Хариуцагч: тус аймгийн Засаг дарга С.Г-д холбогдох аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх  шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын  30-ны   өдөр хүлээн авч, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.                                                          

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын шийдвэрээр Бугат сумын бага сургуульд захирлаар томилсон. Түүнээс өмнө тус сургуульд туслах ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд 2017 оны 10 сарны 20-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн халагдсан шалтгаан нь 2016 оноос хойш Батбаяр гэдэг Бугат сумын иргэн Аймгийн иргэдийн хурлын даргатай ирэхдээ надруу чамайг ажлаас чинь халуулна цагдаа явуулна гэж байсан. Тэгээд би тэг тэг гэсэн. Тэр хүн намайг хувийн өш хонзонгоор халуулсан гэж бодож байгаа. Би хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж бодож байгаа болохоор үүрэгт ажилдаа эргэж орох нэхэмжлэл гаргасан байгаа. Тухайн үед би Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Б уулзсан. Батмөнх дарга надад хэлэхдээ. Аймгийн Засаг даргаас чамайг ажлаас гарга гэсэн зүйл надад хэлээгүй тэр үед би өвчтэй байсан гэж хэлсэн. Одоо Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал багийн бага сургуулийн захирлын ажлын байран дээр ажиллаж байгаа хүн нь манай сургуульд өмнө нь ажиллаж байгаад ажлаа өгөөд СӨХ-д ажиллаж байсан хүн байгаа. Багшлах эрхийг би 2017 оны 12 сард авсан. Одоо 2018 оны 3 сард багшлах эрхийн шалгалтад ороод багшлах эрхээ авна. Тухайн үед Засаг дарга намайг шалгуур тавьж байж авсан гэж бодож байгаа. Аймгийн Засаг дарга, Боловсрол Соёл Урлагийн газрын дарга нарын шаардлагад нийцсэн болохоор уг тушаал гаргаж томилогдсон гэж бодож байгаа. Аймгийн болон Боловсрол Соёл Урлагийн газрын дарга ажлын байрны тодорхойлолт боловсруулдаг. 10 жилийн хугацаанд энэ ажлын байрны тодорхойлолтыг нэг ч удаа боловсруулаагүй. Би мөн өөрөө гараараа тухайн ажлын байрын тодорхойлолтыг боловсруулаагүй. Говь-Алтай аймгийн хэмжээнд гурван бага сургууль байдаг. Олонбулаг, Алтансоёмбо, Тахийн тал гээд. Гурван бага сургуулийг миний сонссоноор бага дунд сургуулийн захирлуудад том том сургуулийн захирлуудын үүргийг өгч байгаа гэж. Манай сургууль өмнө 5 жилтэй байсан. Одоо гурван ангитай 15 хүүхэдтэй буурай сургууль. Том том сургуультай дүйцүүлээд ажлын байрны тодорхойлолт гаргаад өгвөл энэ сургуулиуд чирэгдэнэ гээд ийм ажлын байрны тодорхойлолт гаргаж өгсөн. Намайг ажилд орсноос хойш 179-р тогтоолоор ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Тухайн ажлын байрны тодорхойлолтыг Боловсрол Соёл Урлагийн газрын даргатай сургуулийн захирлууд гэрээ хийгээд Боловсрол Соёл Урлагийн газрын дарга, Аймгийн Засаг даргатай гэрээ хийдэг ийм шат дарааллаар явдаг. Тухайн үед ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотод 23 дугаар сургууль болон 21-р сургууль дээр очиж сургалт хийж байсан. Тус аймгийн Тонхил, Олонбулаг, Цээл, Алтансоёмбо багт цөм хөтөлбөрийн үеэр сургалтад сууж байсан.  Бүх сургуулийн захирлууд Улаанбаатар хотод очиж сургалтанд хамрагдаж байсан. Намайг ажилд авахад тухайн сургуулийн сургалтын чанар Говь-Алтай аймгийн 28 сургуулийн 28-рт орж байсан. Өнгөрсөн жил бид нар сургалтын чанараараа Аймгийн хэмжээнд 5-рт орсон. Хэдий хожуу төгссөн ч багш мэргэжилтэй. Багш нартайгаа хамтарч ажилласны үндсэн дээр сургалтын  чанар дээшилсэн. Боловсрол соёл урлагийн газрын даргатай уулзахад би бол чамайг ажлаас чөлөөлөх  эрх мэдэл байхгүй. Надад битгий хар буруу санаарай. Хууль зүйн хэлтсийн дарга, Засаг дарга чамайг ажлаас чөлөөлсөн шүү. Би энэ талаар бичиг тоотоо өгнө гэж хэлсэн. 2014 оноос хойш Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал багийн сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт огт зарлагдаж байгаагүй. Манайд багшаар ажиллаж байсан М, М хоёр багш ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаад өгөөч гэж хүсэлт өгч байсан Намайг тракторын жолооч хийж байсан гэж хэлж байгаа нь үнэн. Хүн төрөхдөө мэргэжил эзэмшдэггүй. Би саяхан Зохиомж дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн. 2018 оны 03 дугаар сард багшлах эрхийн шалгалтаар өгч багшлах эрхээ авна гэв.  

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тахийн тал бага сургуулийн захирлаар ажиллаж байсан Л.Б нь ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг хангахгүй байгаа. Яагаад хангахгүй байгаа вэ? гэхээр. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.27 заалтад заасны дагуу Боловсрол Соёл Урлагийн газрын даргын баталсан тодорхойлолт байгаа. Энэ тодорхойлолтыг үндэслээд Боловсрол Соёл Урлагийн газрын дарга, Аймгийн Засаг дарга  нар баталгаажуулдаг. Тэгээд шалгуур шаардлага хангасан хүнийг томилох хуулийн зохицуулалттай байдаг. Нэхэмжлэгч нь мэргэжлийн бус хүн. Эдийн Засагч мэргэжилтэй. Багш хийх боломжгүй юм. Менежментийн сургалтад суусан зүйл байхгүй. Мөн ажлын туршлагатай байх шаардлага хангахгүй байгаа тул тухайн ажлаас нь чөлөөлсөн. Тухайн ажлын байран дээр нь уг сургуульд ажиллаж байгаа, ажлын байрны тодорхойлолтоор тэнцэж байгаа хүнийг томилсон. Тухайн үед таныг томилохдоо хууль зөрчиж томилсон байдаг. Таныг мэргэжлийн бус гэдгийг мэдсээр байж энэ ажлын байран дээр томилсон. Та сая 2017 оны 12 сард багшийн сургууль төгссөн гэж хэлж байна. Мөн 2014 онд сургуулийн захирлаар томилоод 2017 оны 10 сарын 19-ны хугацаанд та төрийн үйлчилгээний сонгон шалгаруулалтад орж байгаагүй. Таны ажлын байр зарлагдаагүй байгаа. Тийм учраас сонгон шалгаруулалтад ороогүй та оны өмнө Зохиомж дээд сургуулийг багшийн мэргэжлээр төгссөн. Хэрвээ цаашид таны ажиллаж байсан ажлын байр зарлагдсан нөхцөлд тухайн ажлын байранд дээр өрсөлдөх боломж нээлттэй байгаа. Миний гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт нь 2007 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн тодорхойлолтын 2 дугаар хавсралт байгаа. Нэгдүгээр хавсралт нь цэцэрлэгийн багш ажилтнуудын тодорхойлолт байгаа. Энэ тодорхойлолтын эрх зүйн үндэс нь боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.27 дахь заалтад зааснаар Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын тушаалыг баталсан. Уг тушаалыг ажил олгогч баталгаажуулсан байх ёстой гэж байдаг. Ерөнхий боловсролын захирлыг аймгийн Засаг дарга томилдог. Тийм учраас аймгийн Засаг дарга баталсан байх ёстой. Мөн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга баталгаажуулдаг. Мэргэжлийн бус хүн боловсролын салбарыг удирдана гэдэг нь байж боломгүй зүйл. Мөн ажлын байрны тодорхойлолтод зааснаар мэргэжилтэй, дадлага туршлагатай байх ёстой. Ажилтан нь өөрөө ажлын байрны тодорхойлолтоо боловсруулаад өмнө нь Боловсрол Соёл Урлагийн газрын даргаар ажиллаж байсан Сурахбаяр гарын үсэг зураад тамга дарсан. Чухал шаардлагатай гэсэн зүйл заалтыг Н.Б-ийн боловсруулсан тодорхойлолтод дээр байхгүй байгаа. Уг ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа. Н.Б-тэй утсаар хоёр гурван удаа ярьсан. Мөн нэг удаа биечлэн уулзсан. Ийм захирамж гарч байна. Та ямар мэргэжилтэй хүн бэ, таны энэ захирлын ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй байна. Боловсрол Соёл Урлагийн газраас ийм захирамжийн төсөл байна гэж хэлсэн. Уг захирамжийн төсөл нь Хууль Эрх Зүйн хэлтсийн даргаар дамжиж орж ирдэг. Уг захирамжийн төслийг би хуульд нийцсэн эсэхийг нь хянадаг. Тухайн захирамжийн төсөлтэй танилцаж байхад энэ хүн нь мэргэжлийн бус, ажлын байрны тодорхойлолт хангахгүй, Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал багт тракторын жолооч хийж байсан ийм хүн ажиллаж байна гэж Боловсрол Соёл Урлагийн газрын дарга, аймгийн Засаг дарга нар ярьж байсан. Тэгээд Засаг дарга тушаал гаргасан. Мэргэжлийн бус хүн боловсролын байгууллагад ажиллахаар боловсролын стандарт ямар хэрэгжилттэй байх вэ? гэсэн. Энэ захирамжийн төсөл гарч байгаа талаар хэлэхэд хичээлийн шинэ жил дуусаж байгаа. Би намар өөрөө ажлаа өгнө гэсэн болохоор аймгийн Засаг дарга 2017 оны 06 дугаар сард гаргаж байсан шийдвэрээ хойшлуулсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр би утсаар ярьсан. Тэгээд 2017 оны 10 сард аймгийн Засаг дарга захирамж гарсан. Тэгэхээр Н.Б-ийн бага дунд боловсролын хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлэсэн. Хуулиараа засаж залруул гэж аймгийн Засаг даргыг ард иргэд сонгосон. Н.Б нь Зохиомж дээд сургуулийг багшаа мэргэжлээр төгссөн тул төрийн албаны сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй байгаа гэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

          Гуравдагч этгээд П.Л нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохгүй гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Л.Б нь аймгийн Засаг дарга нь намайг сургуулийн захирлын ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй гэж үндэслэлгүйгээр    ажлаас чөлөөлсөн гэж үзэн маргаан үүсгэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас гаргасан тайлбар зэргийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн  аймгийн засаг даргын Б/70 дугаар бүхий Л.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг  хүчингүй болгох  шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

        Ажлаас чөлөөлөгдсөн талаараа аймгийн төрийн албаны зөвлөлд хандсан боловч хариуг өгөөгүй гэдгээ нэхэмжлэлдээ дурджээ.

          Нэхэмжлэгч Л.Б нь  2011 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн тус аймгийн Бугат сумын Тахийн тал бага сургуулийн Б/09 дугаартай захирлын тушаалаар тус сургуулийн туслах ажилтнаар ажиллаж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/13 дугаартай захирлын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/138 дугаартай Говь-Алтай аймгийн засаг даргын захирамжаар тухайн сургуулийн захирлын сонгон шалгаруулалт зарлах хүртэл Л.Б-ийг сургуулийн захирлаар томилсон байна.  Л.Б нь  Монгол Улсын эдийн засгийн үндэсний дээд сургуулийг Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр 2014 онд Дугаар D/201412659 Дугаартай  дипломоор “Төрийн захиргааны удирдлагын бакалавр” зэрэгтэйгээр төгссөн мөн Зохиомж  дээд сургуулийг “Бага ангийн багш” мэргэжлээр 2017 онд Дугаар D/201715043 Дугаартай  дипломоор “ Боловсролын бакалавр” зэрэгтэйгээр төгссөн нь хэрэгт авагдсан  нотлох баримтаар нотлогдож байна. 

         2015 онд Боловсрол соёлын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж, үр дүнгийн гэрээний биелэлтээ 91 оноотойгоор “А” буюу маш сайн үнэлгээтэйгээр дүгнэгдэж байсан ба 2016 онд Боловсролын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж 2016 оны  02 дугаар сарын 15-ны өдрийн   аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын А/158 дугаартай тушаалаар 2016 оны 4 дүгээр улирлын ажлын үнэлгээг харгалзан мөнгөн урамшлын хэмжээг тогтоож тус аймгийн Бугат сумын Тахийн тал бага сургуулийн захирал Л.Б-ийн үр дүнгийн гэрээний үнэлгээг 90% -иар үнэлж, 39%-ийн мөнгөн урамшуулал олгож байсан нь нотлох баримт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байгаа ба үр дүнгийн гэрээгээр хүлээгдсэн ажил үүргээ хангалттай дүгнүүлж байсан байна  гэж үзэхээр  байна.

         Говь-Алтай аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн  аймгийн засаг даргын Б/70 дугаар бүхий Бугат сумын Тахийн тал бага сургуулийн захирал Л.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжиндаа  сургуулийн захирлын ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй  байна гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  Төрийн үйлчилгээний албан тушаалын  9.1.2-т  “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж зааснаар Л.Б-ийн  2011 сарын 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2014 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл тус сургуульд  туслах ажилтнаар ажиллаж байсан нь төрийн байгууллагад 3 жил ажилласан гэж үзэхээр байна. Мөн уг тушаалдаа Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг үндэслэсэн байх ба ”.аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”  гэсэн заалтын уг албан тушаалд сонгон шалгаруулалт одоог хүртэл зарлагдаагүй, тухайн захирлын үр дүнгийн гэрээ харгалзан үзээгүй мөн засаг дарга захирамж гаргаж ажлаас чөлөөлөхдөө боловсролын газрын саналыг авсан нь тогтоогдоогүй байна. Иймд энэ байдлуудыг судлаагүй байж үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь үндэслэлгүй юм.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Б нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд мөн дээрх засаг даргын ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тайлбарлаж  Сургуулийн захирлын ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч  нь сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж “Зохиомж” дээд сургуулийг бага ангийн багшаар суралцаж төгссөн, үр дүнгийн гэрээгээ хангалттай дүгнүүлж байсан,төрийн албанд ажиллаж байсан зэрэг нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Дээрх нөхцлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэг болон сургуулийн захирлын ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байна гэж үзэхээргүй байна гэж шүүх дүгнэлээ.

    Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Л.Б нь Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын хуучин  2007 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 179 тоот тушаалын хавсралтаар ажлын байрны тодорхойлолтоо батлуулсан.  Уг нь 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 тоот тушаалын хавсралтаар батлагдах ёстой гэж тайлбарлаж байна. Ажил олгогч өөрөө санаачлан ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх ёстой дан ганц Л.Б-ийн буруутай үйл ажиллагаа биш юм. 

       Л.Б-ийг Тахийн тал бага сургуулийн захирлын ажлаас чөлөөлсний дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ны Б/71 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар П.Л-г  сонгон шалгаруулалт зарлах хүртэл  сургуулийн захирлаар томилсон ба гуравдагч этгээд П.Л нь “Мөнх Тэнгэр коллеж”-ийг Түүх нийгэм судлалын багшийг  D200517198 дугаартай Бакалаврын дипломоор, мөн уг мэргэжлээрээ мэргэжил дээшлүүлэх сургалтад 2011 онд хамрагдсан,2013 онд Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр D201330447 дугаартай Боловсрол судлалын ухааны Бакалаврын дипломоор тус тус төгссөн байна.

         Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохгүй гэж шүүхэд гаргасан тайлбар нь  хэрэгт нотлох баримтаар хавсрагдсан байна. 

         Иймд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Л.Б-ийг Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 19-ны  өдрөөс  2018 оны 02 дугаар сарын 01 буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 75 хоногийн олговор 3.511.612 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

         Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтас хэргийн мартериалд авагдсан Л.Б-ийн сарын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 7-9 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг  ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1.11 мөн хуулийн  27.2.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Л.Б-ийг Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 75 хоногийн олговор 3.511.612  /гурван сая таван зуун арван нэгэн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг Бугат сумын Тахийн тал бага сургуулиас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНЧИМЭГ