Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2016/00717

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ж овогт Оы Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК /захирал М.К/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч М ХХК-ийн захирал М.К, хариуцагчийн өмгөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Дулаан хар дэд станцын монтёрын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч О.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Т 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дэд станцын монтёрын курст суралцан дэд станцын монтёрын мэргэжлийн 3 зэргээр төгсөж, сертификат авсан юм. Би курс төгсөөд Э ХХК-ийн захирлын 2013 оны 08-р сарын 18-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Дулаан хар дэд станцын туслах монтёр албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Дулаан хар уурхайн 110/10 кв-ын Дулаан хар дэд станцын ашиглалтын засварын ажлыг М ХХК нь хариуцан ажиллах болсон тул 2015 оны 5 дугаар сарын 01-нд уг компанийн захирлын тушаалаар одоо хүртэл ажиллаж байна. Гэтэл би уг компанид ямар нэгэн алдаа дутагдалгүй ажиллаж байтал компанийн захирал 2016 оны 09-р сарын 19-ний өдөр 002 дугаартай тушаал гаргаж, намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2016 оны 09-р сарын 30-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан болно. Гэтэл би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь захирал 2016 оны 08-р сарын 31, 9-р сарын 19-нд тус тус ганцаараа сууж байгаад шалгалт авсан нэрийдлээр намайг тэнцэхгүй гэж шалгалтаас унагаж, улмаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасанд би гомдолтой байна. Хэрэв надаас тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны албан тушаалдаа тэнцэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан бол өөр хэрэг юм. Би ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Иймд намайг Дулаан хар дэд станцын монтёр ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч М ХХК-ийн захирал М.К шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "М" ХХК-ны захирал М.К би Ө сумын 09 дүгээр багт оршин суудаг Жастабан овгийн Оы Тийн "Ажилд эгүүлэн тогтоолгох тухай" тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаагаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна.Үндэслэл:

1. Би "Цахилгааны монтёрын" мэргэжилтэй гэж үнэмлэх үзүүлж ирэхэд О.Тийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус "М" ХХКомпанд цахилгааны монтёроор ажилд авсан юм. Гэхдээ хятадын "Ю" гэх "Д" гэдэг уурхайг цахилгаанаар хангаж ажиллуулж байсан компани нь ажлаа зогсоож ажилчидтай хийсэн гэрээг цуцлахад тус компанид өмнө нь цахилгааны монтёроор ажиллаж байсан О Т тэргүүтэй 4 ажилчныг би шалгалт авалгүй өөрийн "М" ХХКомпанид цахилгааны монтёроор ажилд авсан юм. Дээрх 4 ажилчид нь "Д"-ын уурхайг цахилгаан тэжээлээр хангах шуурхай ажиллагааны ажилчид байсан.

2. Манай компанийн цахилгааны монтёрын ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай /цаашид ХАБЭА/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д зааснаар жил бүр авах ёстой хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай мэдлэгийн шалгалтыг хуульд хүлээсэн үүргийнхээ дагуу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зохих тестийн дагуу шалгалтад хамруулж шалгалт авсан. Шалгалтад О.Т нь тэнцээгүй юм. Ингээд тэнцээгүй 2, хангалтгүй гэсэн 1 ажилчныг 20 гаруй хоног дахин шалгалтад бэлдүүлээд 2016 оны 9 дүгээр сарын 19-нд шалгалт дахин авахад /Д.Баттөмөр 9 дүгээр сарын 14-нд шалгалт өгөөд тэнцээгүй/ тул ХАБЭА тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан ажилд тэнцээгүй бол ажил, үүрэг гүйцэтгүүлэхгүй гэснийг үндэслэж тус хуулийн заалтыг өөрийн компанийн үүрэг гэж үзэж, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-д заасныг баримтлан О.Тийг ажлаас чөлөөлсөн юм. Харин Д.Баттөмөр нь ажлаас чөлөөлсөн тушаалаа аваад нэхэмжлэл гаргаагүй болно.

3. Ажилчин О.Ттэй ажил олгогчийн 2015 оны 05 дугаар сарын 01-нд хийсэн хөдөлмөрийн гэрээний дөрөв дүгээр хэсгийн 4,2.2 дахь заалтад "Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж дуусгавар болгоно." гэснийг баримталж О.Тийг ажлаас чөлөөлсөн юм.

4. Тус "М" ХХКомпани нь цахилгааны мэргэжлийн болон, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах мэргэжил олгох гэсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа 2007 оноос эхлэн одоо хүртэл хийж байна. Тус компанийн захирал М.К би 2003 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим Хүчний инженерийн сургуулийг "Цахилгааныинженер" мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлээр 14 дэх жилдээ ажиллаж байна.

5. Тус компанийн хамт олны ажилчдын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл болон хурлаас гарсан шийдвэрээр "М" ХХК-ны багш, ажилчдын цахилгааны мэргэжлийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн ёс зүй, мэргэжлийн шалгалтыг жилд нэг удаа энэ мэргэжлээр дээд боловсролтой мэргэшсэн, багшлах эрхтэй компанийн захирал М.К авч байх гэснийг үндэслэж дээрх 4 хүнээс шалгалт авсан болно. Дээрх үндэслэлээр ажил олгогч би О.Тээс шалгалтыг 2 ч удаа авч тэнцээгүй болохоор зохих хуулийн заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн бөгөөд О.Тийн ажилд нь эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд О.Тийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: О.Т нь 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дэд станцын монтёрын курст суралцаж дэд станцын монтёрын мэргэжлийн 3 дугаар сертификат авсан. Курс төгсөөд Эй, би, жи энерги ХХК-ний захирлын 2013 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 29 дугаартай тушаалаар Дулаан хар дэд станцын туслах монтёр албан тушаалд томилогдож ажиллаж байгаад Дулааны хар уурхайн 110/10 кв-ын Дулаан хар дэд станцын ашиглалт, засварын ажлыг М ХХК нь хариуцаж ажиллах болсон тул 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс компанийн захирлын тушаалаар одоо хүртэл ажиллаж байна. Гэтэл уг хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй ажиллаж байтал 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 002 дугаартай тушаал гаргаж О.Тийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байна. Гэтэл О.Т уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хууль бус тушаал гэж үзэж байгаа. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж Улсын Дээд шүүхийн тогтоолд тайлбарласан. Гэтэл байгууллагын дарга М.К өөрөө тушаал гаргаж шалгалт авсан байна. Тийм учраас хууль зөрчсөн гэж үзэж байна. О.Т 2013 онд шалгалт өгөөд 3-4 жил мэргэжлийн дагуу ажиллаж байхад захирал нь 08 дугаар сард нэг, 09 дүгээр сард нэг шалгалт авч мэргэжилдээ тэнцэхгүй гэж шийдвэр гаргасан байна. Энэ нь хууль бус болсон гэж үзэж байна. Мэргэжлийн курст суралцаж төгсөөд сертификат авсан тул үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Түүнчлэн мэргэжлийн lll-р зэргийн үнэмлэх бас байгаа. Өмнөх компани нь тэнцэнэ гээд ажилдаа авсан байхад яагаад тэнцэхгүй гэж байгаа вэ гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жишээлбэл шалгалт өгөөд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сайн гэсэн үнэлгээ аваад lll-р зэргийн үнэмлэх авсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажил олгогч ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгөх ёстой. Мэдэгдэх хуудсыг 1 сарын өмнө өгөх ёстой. Мэдэгдэх хуудсыг өгөөд ажилтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулах ёстой. Гэтэл ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй, тушаал гаргасан нь хууль зөрчсөн асуудал болсон гэж үзэж байна. Үүнийг Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолд тодорхой тайлбарласан байгаа. Нэхэмжлэгч ажил олгогчтойгоо 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан. Тийм учраас ажил олгогч дээрх 3 төрлийн зөрчил гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Ажил олгогчийн энэхүү тушаал үндэслэл муутай, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тушаал болсон байна. Иймд О.Тийг Дулаан хар дэд станцын монтёрын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч М ХХК-ийн захирал М.К шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар хотын Эй Би Жи энерги ХХК нь анх Дулаан хар дэд станцын шугамыг татаж өгсөн. Одоо ажиллаж байгаа тэдгээр 4 хүнийг тухайн үед шугам татах ажиллагаанд оролцсон гээд ажилд авсан байсан. Дараа нь 2015 оны 04 дүгээр сараар дуусгавар болгоод Эй Би Жи энерги ХХК нь Дулааны хар дэд станцын уурхайтай хийсэн гэрээг цуцалж ажилд авсан 4 хүнийг ажлаас чөлөөлсөн. Улсаар М ХХК нь Дулаан хар дэд станцын ашиглалтыг хариуцаж ажиллахаар гэрээ байгуулсан. Тухайн үед би тэр 4 хүний ажиллаж байсныг мэддэг байсан. Учир нь би бас 2014 оноос хойш ажилд нь тусалж ажиллаж байсан. Тэгээд тэр 4 хүнийг шалгалт авахгүйгээр авч ажиллуулъя. Гэхдээ дараа жил шалгалт авна, шалгалтад тэнцэхгүй бол ажиллуулахгүй шүү гэж анхааруулж хэлсэн. Нэг сарын өмнө шалгалт авна гээд анхааруулж хэлж байгаад 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шалгалт авсан. Шалгалтад олон жил ажилласан Бахыт гэх хүн тэнцсэн. Тэгэхээр нь дахиж 20 хоногийн хугацаа өгч дахин шалгалт авахад Баттөмөр Т гэх унаж, үлдсэн тэнцсэн тул 2 нь ажилдаа үлдээд, 2 нь ажлаас гарсан. Тийн цалин тухайн сард ажилласанд тооцож 9 дүгээр сарын цалинг олгосон. Би эхний шалгалт авахын албан ёсоор 1 сарын өмнө утсаар мэдэгдсэн байгаа гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.Т нь Баян-Өлгий аймгийн Н сумд байрлах Д уурхайн 110/10 кВ-ын Д дэд станцын монтёрын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч О.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна.

М ХХК-нийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 002 дугаартай тушаалдманай компанийн Баян-Өлгий аймгийн Н суманд байрлах Д уурхайн 110/10 кВ-ын Д дэд станцын монтёр ажилтай О овогтой Ттэй хийсэн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай: 1. Ээлжийн шалгалтын протокол №01, 2016-08-31, 2. Давтан шалгалтын протокол №02, 2016-09-19. Дээрх шалгалтын протоколуудыг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр үүрэгт ажлаас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэжээ.

М ХХК-ийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 002 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр монтёр О.Тийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагчид хуулинд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буйүндэслэлээ нотолж чадаагүй болно.

Хариуцагч М ХХК-ийн захирал нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 002 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Ээлжит шалгалтын протокол №01, 2016-08-31, давтан шалгалтын протокол №02, 2016-09-19-уудыг тус тус үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана гэж заасан байхад ажил олгогч М ХХК-ийн захирал 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 002 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулжээ.

Ажил олгогч ажилтан О.Ттэй 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хэлэлцэн тохирч, 1 /нэг/ жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Энэхүү хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т Гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, гэрээнд заасан хугацаанд үйлчилнэ гэж харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэж заасан байна.

Ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар харилцан тохиролцожхугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба энэ хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан бөгөөд ажил олгогч МХХК-ны захирал М.К нь ажилтан О.Ттэй 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар уг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан өдөр ажилтан О.Тийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тул ажилтан ажил олгогч нарын хооронд байгуулагдсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа мөн хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 буюу ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаарах бөгөөд орон тоо цөөрүүлэх-ийн тулд шалгалт явуулж улмаар дүгнэлт, шийдвэр гаргаж буй нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна. Энэ зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй бөгөөд Энэ тухай нотлох баримтыг ажил олгогч нь гарган өгч, нотолж чадаагүй болно.

Хариуцагч М ХХК-ийн захирал нь ...хөдөлмөрийн гэрээний 4 зүйлийн 4.2.2-т Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж дуусгавар болгоногэж тусгасны дагуу О.Тийг  ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа бөгөөд хариуцагчийн ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх бүрэн эрхийн дагуу ажилтан О.Тийг ажлаас нь чөлөөлсөн гэх тайлбар нь энэ хуулийн үндэслэлээр ажилтныг шууд ажлаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Хариуцагч М ХХК-ийн захирлын ажилтан О.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч О.Тийг Баян-Өлгий аймгийн Н сумд байрлах Д уурхайн 110/10 кВ-ын Д дэд станцын монтёрын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын протоколдХөдөлмөрийн хуулийн 40.1.2-т заасан үндэслэлийг талаар хэлэлцсэнийг тэмдэглэлд тусгасан мөртлөө энэ  тэмдэглэлээр М ХХК-ийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хамт олны ээлжит бус хурлаас гарсан 001 дугаартай шийдвэрийг ажилтан О.Тт танилцуулсан эсэх нь тодорхойгүй байна.

Хариуцагч М ХХК-ийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 56/661 дугаартай сертификат, Д 200301597 дугаартай Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын диплом түүний хавсралтууд нь энэхүү хөдөлмөрийн маргаанд хамааралгүй нотлох баримт гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М ХХК-ны санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Тийг Баян-Өлгий аймгийн Н сумд байрлах Д уурхайн 110/10 кВ-ын Д дэд станцын монтёрын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Т нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М ХХК-ийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН