Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1140

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С

улсын яллагч Б.М,

шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903 0119 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт С.А, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Хайрхан .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар НГ0000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч С.А нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны 12 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, “Энхжин” худалдааны төвийн урд замд “Toyota Prius 20” маркийн 00-00 УБА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан “гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас уг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 9 настай Ө.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “....Зам тээврийн осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо “Энхжин” худалдааны төвийн урд замд үйлдэгдсэн байв...” гэх баримт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9), 

2. Насанд хүрээгүй хохирогч Ө.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ...19 дүгээр сургуулиасаа ...дэлгүүр орох гээд сургуулийн ар талд байх явган хүний гарц дээр очиход явган хүний ногоон гэрэл асаад тэр хэсгээр нь хүмүүс гарч байхаар нь би гэрэлд амжаад гарах гэтэл замаар явж байсан 2 дугаар эгнээний машин намайг мөргөсөн. ...1 дүгээр эгнээний машин надад зам тавьж өгөхөөр нь би яараад цаашаа гүйж байхад тэр машин 2 дугаар эгнээгээр явж байгаад гарч ирээд мөргөсөн. Замын цагдаа ах гарцын голд зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

3. Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ...Нийслэлийн 19 дүгээр сургуулийн ар талын явган хүний гарц дээр сургуулийн зохицуулагчаар 07:30-аас 13 цаг хүртэл ажилласан. Ингээд 12 цаг 20 минутын үед сургууль тараад зарим хүүхдүүд үдээс хойш хичээл нь ордог учир ирээд их ачаалалтай байсан. ...Зохицуулагч ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байгаа машинуудыг зохицуулаад хойшоо хараад зогсож байхад ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чигтэй явж байсан эгнээний машинууд эхлээд зогсож байсан.  Явган зорчигч нар яваад сүүлийн хүн нь дуусаагүй явж байтал 1, 2, 3 дугаар эгнээнд явж байсан машинуудын дунд талын 2 дугаар эгнээний машин ганцаараа гэнэт хөдлөөд явсан чинь миний талаас урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан хүүхэд гүйгээд тэр машины баруун талын хэсэгт мөргүүлээд зам дээр унасан. ...Замын цагдаа хойшоо харсан зогсоод хойноос урагшаа чиглэлтэй хүүхдүүдийг гаргаад явж дуусахаар нь хойд талын хөдөлгөөнийг нээгээд явуулж байсан. Түүнээс бол мөргөдөг машины жолооч зогсож байсан эгнээнүүдийг зохицуулаагүй байсан. Тэр жолооч ч гэсэн өөрөө хамт зогсож байсан машинуудтайгаа цуг хөдлөөгүй өөрөө ганцаараа түрүүлж хөдлөөд хүүхэд мөргөсөн. ...Тухайн гарц дээр  цагдаа зохицуулагч ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

4. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Энхжин” худалдааны төвийн урд явган хүний гарц дээр зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд 12 цаг 30 минутын үед замын ачаалал ихтэй байсан бөгөөд явган хүний гарцын ногоон гэрэл асаад явган зорчигч нар явж дууссаны дараа би ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслүүдийг явахыг зөвшөөрч дохио өгч зогсож байхад миний ар талд түс хийх чимээ гарахаар нь эргээд хартал “Toyota Prius” маркийн машин явган хүний гарцаар гарч байсан хүүхдийг мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн хөлийн гуяны дунд хэсгээс хөлийн тавхай хүртэл гөлтгөнөн боолттой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.10.17-ны зүүн хөлийн шилбэний 2 байрлалаар авсан рентген зурагт: Зүүн хөлийн шаант, тахилзуур яс дунд 1/3 хэсгээр зөрөөтэй, шаант яс гадна хэсэгтээ Вампер хугаралтай, тахилзуур яс ташуу хугаралтай харагдана.

2019.10.17-ны “Лазер Мед” эмнэлгийн КТГ-д: ...хоёр талын гайморын хөндий, духны хөндийн салст зузаарсан, ...тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. ...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай...ДҮГНЭЛТ

1. Ө.А-н биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35),

6. Түргэн тусламжийн дуудлагын МСКР19359313 дугаар дуудлагын хуудаст: “...Дуудлага өгсөн С.А ...дуудлага хүлээн авсан. 2019-10-17 12:04:16...” гэх баримт (хавтаст хэргийн 56),

7. Шүүгдэгч С.А мөрдөн байцаалтад;

- Гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... “Toyota Prius” маркийн 00-00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 12 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо “Энхжин” худалдааны төвийн урд замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад явган хүний гарцын зогс шугам дээр улаан гэрэл ассан байсан учир зогссон. Урдуур явган хүний гарцаар гарч байсан хүмүүсийг гаргаж дуусаад уг гарц дээр зогсож байсан цагдаагийн зохицуулалтаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд гэнэт нэг хүүхэд машины баруун талаас гарч ирээд машины баруун талын крыло руу мөргөөд унасан. ...Би өөрийн утаснаасаа 102 дугаарт дуудлага өгсөн. ...Уг зорчих хэсгийн зохицуулах зохицуулах гэрэл улаан ассан байхаар нь зогссон боловч зохицуулагч цагдаагийн дохиогоор хөдөлгөөнөө эхлүүлсэн. Тэр цагдаа ертөнцийн зүгээр тийш харж зогссон... чиглүүлэх модоо хоёр талдаа зүүнээс баруун чигтэй дохиж зохицуулж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

Яллагдагчаар өгсөн: “...Би хохирогчийн эмчилгээний зардалд баримтаар 400.000 төгрөгийг баримтгүй 60.000 төгрөгөөр эм авч өгсөн, дараа нь 300.000 төгрөгөөр эм авч өгсөн, сүүлд таяг 60.000 төгрөгөөр авч өгсөн. Би уг хүүхдийг эмнэлэгт үзүүлэхэд машинаараа авч явж байнга үзүүлсэн байгаа. Цаашид гарах зардлыг төлөх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-63),

8. Жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10), тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 12), насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 19), Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн Төвийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 077151 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 40-45),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 64, 32, 33), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 50),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон яллагдагчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 75, 76), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 77), Эрүүгийн хариуцлага хүлээлгэх прокурорын санал (хавтаст хэргийн 79) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч С.А нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Энхжин” худалдааны төвийн урд, Баянгол дүүргийн .. дүгээр сургуулийн хойно зорчих хэсгийн өргөн нь 10.50см асфальт, зохицуулагддаг, явган хүний гарцтай, сургуулийн доторх, эсрэг хөдөлгөөнтэй, 6 эгнээтэй зам буюу Товчооны замд ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүгт чиглэлтэй зорчих 3 эгнээ замын 2 дугаар эгнээгээр 2019 оны 10 дугаар сарын 17-ны 12 цаг 04 минутын орчим, “Toyota” маркийн “Prius DAA-NHW20” загварын 00-00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зохицуулагчийн зөвшөөрсөн дохио өгөх үед замын хөдөлгөөнийг үргэлжлүүлэхдээ болгоомжгүйгээр явган хүний гарцаар гарч явсан насанд хүрээгүй явган зорчигч Ө.А-г мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь;

- Түргэн тусламжийн дуудлагын МСКР19359313 дугаар дуудлагын хуудас (хавтаст хэргийн 56),

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9), 

- Насанд хүрээгүй хохирогч Ө.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ...19 дүгээр сургуулиасаа ...дэлгүүр орох гээд сургуулийн ар талд байх явган хүний гарц дээр очиход явган хүний ногоон гэрэл асаад тэр хэсгээр нь хүмүүс гарч байхаар нь би гэрэлд амжаад гарах гэтэл замаар явж байсан 2 дугаар эгнээний машин намайг мөргөсөн. ...1 дүгээр эгнээний машин надад зам тавьж өгcөн..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

- Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зохицуулагч ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байгаа машинуудыг зохицуулаад хойшоо хараад зогсож байхад ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чигтэй явж байсан эгнээний машинууд эхлээд зогсож байсан.  Явган зорчигч нар яваад сүүлийн хүн нь дуусаагүй явж байтал 1, 2, 3 дугаар эгнээнд явж байсан машинуудын дунд талын 2 дугаар эгнээний машин ганцаараа гэнэт хөдлөөд явсан чинь миний талаас урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан хүүхэд гүйгээд тэр машины баруун талын хэсэгт мөргүүлээд зам дээр унасан. ...Замын цагдаа хойшоо харсан зогсоод хойноос урагшаа чиглэлтэй хүүхдүүдийг гаргаад явж дуусахаар нь хойд талын хөдөлгөөнийг нээгээд явуулж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

- Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Энхжин” худалдааны төвийн урд явган хүний гарц дээр зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд 12 цаг 30 минутын үед замын ачаалал ихтэй байсан бөгөөд явган хүний гарцын ногоон гэрэл асаад явган зорчигч нар явж дууссаны дараа би ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслүүдийг явахыг зөвшөөрч дохио өгч зогсож байхад миний ар талд түс хийх чимээ гарахаар нь эргээд хартал “Toyota Prius” маркийн машин явган хүний гарцаар гарч байсан хүүхдийг мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

- Шүүгдэгч С.А мөрдөн байцаалтад;

Гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр...“Энхжин” худалдааны төвийн урд замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад явган хүний гарцын зогс шугам дээр улаан гэрэл ассан байсан учир зогссон. Урдуур явган хүний гарцаар гарч байсан хүмүүсийг гаргаж дуусаад уг гарц дээр зогсож байсан цагдаагийн зохицуулалтаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд гэнэт нэг хүүхэд машины баруун талаас гарч ирээд машины баруун талын крыло руу мөргөөд унасан. ...зохицуулагч цагдаагийн дохиогоор хөдөлгөөнөө эхлүүлсэн. Тэр цагдаа ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон... чиглүүлэх модоо хоёр талдаа зүүнээс баруун чигтэй дохиж зохицуулж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт “...1. Ө.А-н биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35),

- Түргэн тусламжийн дуудлагын МСКР19359313 дугаар дуудлагын хуудаст: “...Дуудлага өгсөн С.А ...дуудлага хүлээн авсан. 2019-10-17 12:04:16...” гэх баримт (хавтаст хэргийн 56) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7  дахь заалтад “замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг;” гэж, 3.1.8.“замын хөдөлгөөний аюулгүй байдал” гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг;” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.1.дэх заалтад жолооч “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх;” гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгдэгч С.А нь хуульд заасан замын хөдөлгөөнд оролцогч байх бөгөөд замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн байна.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу батлан гаргасан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Замын хөдөлгөөнийг гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулна.” гэж заасны дагуу С.А нь хөдөлгөөнд оролцохдоо мөн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн болох нь шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Тодруулбал зохицуулагч нь явган зорчигч нарыг явган хүний гарцаар нэвтрүүлж дууссан гэж ойлгон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх зөвшөөрөл өгөх үед С.Алтангэрэл нь замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч явган хүний гарц нэвтрэх журам зөрчиж явган хүний гарцаар нэвтрэх хөдөлгөөнийг эхлүүлсэн байсан Ө.Амарбаясгаланг мөргөсөн нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Тухайн зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Харин улсын яллагчаас гэмт хэрэг үйлдсэн газрыг Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо гэж тодорхойлсон байх боловч гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар Баянгол дүүргийн хил нь “Энхтайваны гүүр, гүүрнээс баруун тийш Дундголын хойд эргээр уруудаж Туул гол хүрч, Туул голын хойд эргийг даган Сонсголонгийн гүүр хүрч хойшоо засмал замаар эргэн Энхтайваны өргөн чөлөөтэй нийлж зүүн тийш Энхтайваны өргөн чөлөөгөөр явж аюулгүйн тойргоор хойш эргэн Нэгдсэн 3-р эмнэлгийн баруун талын засмал замаар дээш Шон ¹1, ¹2, 1527.7 тоот хүрч зүүн тийш эргэн жалгаар Зурагтын эцсийн буудлын хойт талын гүүр хүрч засмал замын зүүн талаар урагш эргэн Их тойруугаар Тээвэрчдийн гудамж хүрч зүүн тийш эргэн Энхтайваны гүүр хүрнэ.” заасан, түүнчлэн Нийслэлийн засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хаяг болох “Ulaanbaatar.mn” вэб сайтын дэд цахим хаяг болох “Manaikhoroo.mn” хаяг зэргээс гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо байна.

Иймд улсын яллагчийн гэмт хэрэг үйлдсэн газрын зөвтгөн Баянгол дүүргийн .. дугаар хороо гэж тодорхойлсон бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн болно

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх боловч шүүгдэгч нь сайн дураараа 400.000 төгрөгөөр эмнэлгийн байгууллагын үйлчилгээний зардлыг төлсөн, тэрээр цаашид гарах хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч С.А-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Харин хохирогч нь зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтлийг авсан байх тул тухайн гэмтэлтэй нь холбогдуулан цаашид гарч болох хор уршгийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болон. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч С.А-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А-г торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

Эрүүгийн 1903 0119 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С.А-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчийн хүндэвтэр гэмтэлтэй холбоотой хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.МӨНХЗУЛ