Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2016/00718

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар багт оршин суух, М овогт Тн Ггийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, гуравдагч этгээд Я.А, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.

Нэхэмжлэгч Т.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-25.17-д заасан эрх эдэлж, 25 дугаар зүйлийн 25.2-25.5-д заасан үүрэг хүлээж Т.Ггийн нэрийн өмнөөс иргэний хэрэгт шүүхэд төлөөлж гомдол гаргаж байна.

Иргэн Т.Г Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 53 тоот тушаалаар тус сургуулийн дотуур байрны жижүүр-ээр томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Учир нь тус орон тоонд ажиллаж байсан Б.З өндөр насны тэтгэвэр тогтоолгосон юм. Мөн шинээр томилогдсон захирал Ж.А 53 тоот тушаал хууль бус хэмээн үзэж, Г.Гг ажиллуулахгүйгээр иргэн Гүлназыг тус орон тоонд дахин шинээр томилж ажил олгосон байна.

Т.Г нь жижүүрийн орон тооноос халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар тушаал өгөхийг удаа дараа шаардахад захирал А нь чиний хөдөлмөрийн гэрээ үүгээр цуцлагдсан 53 тоот тушаал хүчингүй болсныг энэхүү 42 дугаар албан тоотоор мэдэгдэж байгаа гэдгийг хатуу сануулж 42 тоот албан тоот гардуулсан байна.

53 тоот тушаал хууль бус болох нь тогтоогдсон талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон зохих байгууллагын дүгнэлт байхгүй юм.

Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл болон бусад заалтуудыг ноцтой зөрчиж Т.Ггийн хөдөлмөрлөх эрх ашгийг болон шүүхэд гомдол гаргах эрхийг нь зөрчөөд байна. Иймд шүүхээс хүсэхэд Ц сумын 3 дугаар багийн иргэн М овогт Тн Гг Ц сумын Бүрэн дунд сургуулийн дотуур байрныжижүүрийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа:Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Ц сумын 03 дугаар багийн иргэн Т.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Энэ хүн ам бүл 7, өрх толгойлсон ганц бие эмэгтэй юм. Т.Гг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаартай тушаалаар Ц сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрны жижүүрээр томилж ажиллуулсан. Энэхүү томилгооны дараа шинээр ирсэн захирал Ж.А нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж түүний оронд Я.А гэдэг хүнийг томилж ажиллуулсан.

Т.Ггийн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс эхэлж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.2, 43 дугаар зүйлүүдийг баримталж цуцалсан. Иймд Т.Ггийн эрх ашгийг зөрчиж тушаал гаргасан учраас ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа юм гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал Ж.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ж.А Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлаар 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Иргэн Т.Ггийн гомдолд хариуцагчийн хувьд тайлбар өгөхөд:

1.Аймгийн Засаг даргын орлогч Ш.Хын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2-01/1513 албан тоотоор ямар ч томилгоо хийхгүй байх үүрэг даалгаврыг үл тоож өмнөх захирал С.Ж дур мэдэн томилгоо хийж хууль зөрчсөн юм.

2. Аймгийн Засаг дарга А.Гны захирамжаар миний бие захирлаар томилогдож ирсэн өдөр өмнөх захирал байсан С.Ж нь зориуд олон хүнийг ажилд томилсон тушаал гаргасан байна.

3. Сургуулийн дотуур байрны хүүхдүүд огт ирээгүй, дотуур байранд үйл ажиллагаа эхлээгүй, тэр тусмаа дотуур байрны жижүүр ажиллах шаардлагагүй үе байсан.

4. Дотуур байранд хүүхэд хүлээж авсны дараа сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01/350 гоот албан бичгийн дагуу сургуулийн нөөцөд бүртгэгдсэн ажилчдын дотроос Я.Аыг ажилд авсан. Иргэн Т.Г нь сургуульд өмнө огт ажиллаагүй. Харин Я.А нь өмнө сургуульд 2-3 жил нөхөөсөөр ажиллаж байсан, нөөцөд бүртгэгдсэн хүн байлаа гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Тухайн үед захирлаар ажиллаж байсан Ж нь намайг томилогдсон өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн мөртлөө тэр өдөр сургуулийн хэмжээнд 11 тушаал гаргаж 14 хүнийг ажилд томилсон байсан. Тэрний урьд нь аймгийн Засаг даргын 11011514 тоот албан бичгээр томилгоо хийхгүй байхыг сануулсан мөртлөө тушаал гаргасан байдаг. Тэр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаалыг яагаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн юм вэ гэхээр Ж захирлын урьдах гаргасан 11 тушаалыг Авлигатай тэмцэх газраас шалгуулж өгөхийг хүсэж албан тоот явуулсан. Тэрний хариу 2016 оны 10 дугаар сарын 20-н хэдэнд ирсэн.

Тэгээд сумын Засаг дарга захирамж, Авлигатай тэмцэх газрын албан тоотуудыг үндэслээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөражлаас чөлөөлсөн. Я.А бол урьд нь манай сургуульд 2,3 жил нөхөөсөөр ажиллаж байсан нөөцөд байсан хүн байсан. Т.Г бол урьд нь манай сургуульд ямар ч ажиллаж байгаагүй. Ажилгүй хүний нөөцөд байгаа хүнийг ажилд авсан байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие одоо Ц сумын Бүрэн дунд сургуулийн дотуур байранд жижүүрээр ажилладаг.

Би 2015 оноос тус сургуульд нөхөөсөөр ажиллаж байсан ба тус байрны жижүүр Б.З өндөр насны тэтгэвэрт гарахад түүний оронд 2016 оны 9 дүгээр сарын 01-нд ажилд орсон. Өмнөх жилүүдэд ажиллах байхдаа ямар нэгэн ажлын алдаа гаргаагүй. Одоо гарсан орон тоонд эхний ээлжинд ажиллах болно гэдгийг өмнөх захирлууд ч хэлж байсан. Хамт олны хурлаар удаа дараа ажиллуулна гэж тэмдэглэсэн байгаа.

Т.Г огт сургуульд ажиллаж байгаагүй бөгөөд хаанаа яаж шууд ороод ирснийг огт мэдэхгүй. Ардчилсан, ил тод, шударга зарчмаар ч гэсэн энэ удаа гарсан сул орон тоонд ажиллах ээлж гарцаагүй минийх байсан.

Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаар тушаалаар намайг ажиллуулж байгаа тул Т.Ггийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, намайг цааш нь ажиллах эрхийг минь хангаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би урьд нь сургуульд нөхөөсөөр ажиллаж байсан. Ажилд томилогдоод 3 сар ажиллаж байна. Цаашид ажиллах хүсэлттэй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Т.Г нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг шаарджээ.

Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаартай тушаалаар дотуур байрны жижүүр өндөр насны тэтгэвэрт гарсан тул түүний оронд Т.Гг томилж хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Гэвч шинээр томилогдсон захирал Ж.А нь дээрх ажилд томилсон тушаалыг хууль бус гэж үзэж Т.Гг ажиллуулаагүйба энэ талаар 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр мэдэгджээ. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй байх тул ажлаас халсантай адилтган үзэж шүүх гомдлыг хүлээж авах нь үндэслэлтэй байна.

Шүүхэд гомдол гаргасны дараа ажил олгогч болох Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 80 дугаартай тушаалаар Т.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх талаар тушаал гаргасан байх ба энэхүү тушаалыг шүүх хуралдаан дээр гаргаж ирүүлжээ.

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2-01/1513 дугаартай албан бичгээр ямар ч томилгоо хийхгүй байхыг үүрэг болгосон байхад өмнөх захирал дур мэдэн томилгоо хийсэн, тус аймгийн Засаг даргын захирамжаар миний бие захирлаар томилогдож ирсэн өдөр зориуд олон хүнийг ажилд авсан, сургуулийн дотуур байрны ажиллагаа эхлээгүй байхад ажилд авсан гэж тайлбарлажээ.

Сургуулийн захирал нь ажил олгогчийн хувьд Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн этгээдтэй зөвшилцөх, зөвшөөрлөөр авах талаар хуулийн ямар нэгэн зохицуулалт байхгүй байгаа тул Т.Гг тэтгэвэрт гарсан хүний оронд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсныг буруутгах боломжгүй байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/464 дугаартай захирамжаар захирлаар ажиллаж байсан С.Жийг ажлаас нь чөлөөлсөн байх ба захирлын ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлэх, ажил хүлээлцэх хугацааг товлон тогтоохыг Ц сумын Засаг даргын тамгын газарт үүрэг болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана, мөн хуулийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж тус тус заасан байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/465 дугаартай захирамжаар Ж.Аг Ц сумын Ерөнхий боловсролын Бүрэн дунд сургуулийн захирлын ажилд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан, захирлын ажлыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авсан талаар хариуцагчаас тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд өмнөх захирал болох Ж нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан байх тул Т.Гг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан явдал хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй болно.

Хариуцагчаас ирүүлсэн нотлох баримт болох Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01/305 дугаартай албан бичигт сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар Бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Жийн 2016 оны 8 дугаар сарын 26, 29-ний өдрүүдэд гаргасан тушаалыг хүчингүй болгосон талаар дурдсан байгаа боловч Засаг даргын шийдвэрийг гаргаж өгөөгүй тул Т.Гг ажилд томилсон Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлын тушаал нь хүчин төгөлдөр байна гэж үзэх үндэслэлтэй болно. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг тусгай хуулиар зохицуулсан байх тул Засаг дарга нь сургуулийн хүний нөөцтэй холбоотой шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

Иймд Т.Гг Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Тн Гг Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулиас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК