Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2016/00719

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Ш овогт Кн Тн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хилийн 0*** дугаар анги /захирагч Б.М/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч Хилийн 0*** дугаар ангийн захирагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хилийн 0*** дугаар ангийн захирагчийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/*** дугаартай тушаалын К.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан барилгын орон сууцны албаны ээлжийн слесарийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч К.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн К.Т би Баян-Өлгий аймгийн Хилийн 0***-р ангид Барилга орон сууцны албаны ээлжийн слесарийн ажилд тус ангийн захирагчийн 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дүгээр тушаалаар томилогдсон юм. Ажилд томилогдсон цагаас хойш ажилдаа эзний ёсоор хандаж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн юм. Гэтэл Хилийн 0*** дугаар ангийн захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/*** дүгээр тушаалаар намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн байна. К.Т нь би 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Х.Быг "А" рашаан сувиллын газарт сувилуулахаар цалингүй чөлөө хүсэж хүсэлт гаргасан юм. Ингээд тус ангийн захирагч Б.М нь чөлөө өгөөгүй юм. Ингээд би өвчтэй эхнэр Быг улирлын чанартай зуны цагт ажилладаг "А" рашаан сувиллын газарт 2016 оны 07 дугаар сарын сүүлчээр эмчилгээ хийлгэхээр аваачиж, шууд эргэн Өлгий суманд буцаж ирсэн юм. Би "А" рашаан сувиллын газраас ирэнгүүт ажлаа хийхээр ангид очиход тус ангийн ар талын хяналтын албаны дарга С, хүний нөөцийн албаны дарга Б нар "Та ажил тасалсан байна. Таныг ажилд авахгүй" гэж ажлын газраас хөөгөөд явуулсан юм. Ингээд би хэд хэдэн өдөр ажилдаа орохоор очсон боловч ажиллуулаагүй. Түүнчлэн ажлаас чөлөөлөгдсөн тушаал ч өгөөгүй юм. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус ангид механик ажилтай Т.А  дуудаж "Таныг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байна, Тушаалаа ирж аваарай" гэсэн юм. Би тэр өдөр очиж чадаагүй ба маргааш буюу 2016 оны 09 дүгээр сарын 14-нд очиж тушаалаа авсан юм. Иймд Хилийн 0*** дугаар ангийн захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн № Б/*** дүгээр тушаалын хууль зүйн үндсийг хянан үзээд би ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн учраас Хилийн 0*** дугаар ангийн захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/*** дүгээр тушаалын К.Тд холбогдох хэсгийг хүчингүйд тооцон өмнө эрхэлж байсан Барилгын орон сууцны албаны ээлжийн слесарийн ажилд эгүүлэн томилох талаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хилийн 0*** дугаар ангийн захирагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар багын иргэн К овогтой Т нь 2005 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Б/151 дугаар тушаалаар тус ангийн барилга орон сууцны албаны уурын зуухны слесариар анх ажилд орж, хил хамгаалах байгууллага болон тус хилийн 0*** дугаар ангид нийт 11 жил тасралтгүй ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралт эдэлж, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа ирж цалинтай 3 хоногийн чөлөө нэмж авсан. Чөлөөний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 26-нд дуусаж ажилдаа орох байсан боловч К.Т нь чөлөөний хугацаа хэтрүүлж 4 хоног шалтгаангүй ажил тасалж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилд орохоор ирэхэд захирагчийн орлогч, ар тал хангалтын дарга хошууч Д.С, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга хошууч Б.Б нар олон хоног шалтгаангүй ажил тасалсан талаар К.Тд шаардлага тавихад үг хүлээж авахгүйгээр би ажлаас гарна гэж хэлээд ажлаа хаяад явсан. Энэ талаар надад танилцуулахад түр зуур уурлаж байгаа биз маргааш нөгөөдрөөс дуудаж ажилд нь оруулж хилийн застав руу засварын бүлэг гарах гэж байгаа тул хамтад нь явуул гэсэн үүрэг өгсний дагуу 2016 оны 08 дугаар сарын 03-нд захирагчийн орлогч, ар тал хангалтын дарга хошууч Д.С нь барилга орон сууцны албаны уурын зуухны слесариар К.Тг дуудаж ажилдаа орж, Хилийн застав руу засварын бүлгээр явах үүрэг өгөхөд хилийн застав явахгүй би ажлаас гарна гэж хэлээд дахиж ажлаа хаяад явсан. Захиргаа, хүний нөөцийн албаны дарга хошууч Б.Б нь барилга орон сууцны албаны уурын зуухны слесарь К.Тн гэрлүү нь хүн явуулж ажилдаа орох, үгүй бол өргөдлөө өгөөд ажлаасаа гарах талаар хэл, надтай ирж уулзах шаардлагатай байгаа талаар хэлүүлэхэд 2016 оны 08 дугаар сарын 10-нд мөн албаны слесарь Т.Аыг явуулахад гэртээ алга байна хүүхдүүд нь байна. Аав хөдөө явсан, ээж ажилдаа явсан гэж хэлж байна гэж надад танилцуулсан. Мөн 2016 оны 08 дугаар сарын 15,18-нд 2 удаа захиргаа, хүний нөөцийн албаны ажилтан д/ч Кг 2 удаа гэрт нь очуулахад 1 удаад нь гэртээ байгаагүй хүүхдүүд нь байсан, 1 удаад нь өөрөө гэртээ байхад нь таарч ажилдаа орох, өргөдлөө өгөх, боловсон хүчинтэй очиж уулзах талаар хэлэхэд би ажлаас гарах өргөдөл өгөхгүй ангийн захирагчтай уулзана гэж хэлүүлсэн. Захиргаа, хүний нөөцийн албаны дарга хошууч Б.Б нь 2016 оны 08 дугаар сарын 01-ээс 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл барилга орон сууцны албаны уурын зуухны слесарь К.Ттай гар утсаар холбогдохыг оролдсон боловч утас нь байнгын унтраастай байсан болно. Барилга орон сууцны албаны уурын зуухны слесарь К.Т яагаад гэнэт ажлаас гарах талаар хүмүүсээс асууж судалж үзэхэд, мөн гаргаж байгаа зан ааш, албан байгууллага, үүрэгт ажлаа үл хүндэтгэсэн үйлдэл зэргийг судалж, хариуцуулж дүгнэлт хийхэд зуны 3 сарын хугацаанд "А"s peaks LLC" ХХК-ийн шугамаар Монгол улсад жуулчилсан гадаадын иргэдэд Алтай таван богдын чиглэлд фургон автомашинаар жуулчилж, үйлчлэн хилийн бүс, зурваст нэвтэрч байсан нь хилийн харуулын бүртгэл судалгаагаар нотлогдсон. Иймд ажлын хариуцлага алдаж, хувь хүний ёс зүйн зөрчил гаргаж, Шалтгаангүй 40 хоног ажил тасалж, алба үйл ажиллагаанд хүндрэл учруулсан, алба нь ажил цалгардуулан, хөдөлмөрийн сахилга зөрчсөн барилга орон сууцны албаны уурын зуухны слесарь К.Тг Монгол Улсын "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 38.1.2, 40.1.4, 131.1.3 дугаар заалт, анги байгууллагын дагаж мөрдөх "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 5.5 дугаар заалтуудыг тус тус үндэслэн захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс тасалбар болгон 2616 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно гэжээ.

Нэхэмжлэгч К.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Кн Т Хилийн 0*** дугаар ангид анх 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажилд орж, үүнээс хойш 11 жил тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Би 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс ээлжийн амралтаа авч мөн оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажилд орсон. Ажилд ороод 3 хоногийн цалинтай чөлөө авсан бөгөөд цалинтай чөлөөний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан. Эхнэр маань өвчтэй байсан тул 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр очиж 1 сарын цалингүй чөлөө авахаар өргөдөл өгсөн. Улмаар эхнэрээ Цагаан ус рашаанд хүргэж өгөөд ажилдаа 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ирсэн. Ирэхдээ 3 хоногийн ажил тасалсан маань үнэн. Эхлээд хошууч Стай уулзахад чи ажилдаа орохгүй ахмад Бтой очиж уулз гэж хэлсэн. Тэгээд ахмад Бтой уулзахад чамайг би ажилдаа оруулахгүй, ажлаас гар, яв гээд өрөөнөөсөө гараад явахаар нь би бас гараад явсан. Тэгээд 08 дугаар сарын 04-ний өдөр дахиж очиход бас л тэгж хэлсэн. 08 дугаар сарын 25-ны өдөр тушаал гарсан байна. Би үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр очиж авсан. Ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Хилийн 0*** дугаар ангийн барилга, орон сууцны слесарийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Хилийн 0*** дугаар ангийн захирагч Б.М шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар багийн иргэн К.Т нь 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай ангийн захирагчийн тушаалаар тус ангийн Барилга, орон сууцны албаны уурын зуухны слесарь-ийн ажилд орж, хил хамгаалах байгууллагад болон тус ангид нийт 11 жил тасралтгүй ажиллаж байсан. Улмаар 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралт олгосон. Энэ хугацаанд ээлжийн амралтаа бүрэн эдэлсэн. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ирж 3 хоногийн цалинтай чөлөө нэмж авсан. Байгууллагын дотоод журмын дагуу цалинтай чөлөө олгосон. Цалинтай чөлөөний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дуусч ажилдаа орох байсан боловч 4 хоног шалтгаангүй ажил тасалж 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилд орохоор ирэхэд захирагчийн орлогч, ар талын хангалтын дарга хошууч Д.С, Захиргаа хүний нөөцийн албаны дарга хошууч Б.Б нар олон хоног шалтгаангүй ажил тасалсан талаар К.Тд шаардлага тавихад үг хүлээж авахгүйгээр би ажлаас гаргана гэж хэлээд ажлаа хаяад явсан. Энэ талаар надад танилцуулахад түр зуур уурлаж байгаад ирнэ биз маргааш нөгөө өдрөөс дуудаж ажилдаа оруулж хилийн застав руу засварын бүлэг гарах гэж байгаа тул хамтад нь явуул гэсэн үүрэг өгсний дагуу 2016 оны 08 дугаар сарын 03-нд захирагчийн орлогч, ар тал хангалтын дарга хошууч Д.С нь барилга орон сууцны албаны уурын зуухны слесариар К.Тг дуудаж ажилдаа орж, хилийн застав руу засварын бүлгээр явах үүрэг өгөхөд хилийн застав явахгүй би ажлаа гарна гэж хэлээд дахиж ажлаа хаяад явсан. Захиргаа, хүний нөөцийн албаны дарга хошууч Б.Б нь барилга орон сууцны албаны уурын зуухын слесарь К.Тн гэр лүү хүн явуулж ажилдаа орох, үгүй бол өргөдлөө өгөөд ажлаасаа гарах талаар хэл, надтай ирж уулзах шаардлагатай байгаа талаар хэлүүлэхэд 2016 оны 08 дугаар сарын 10-нд мөн албаны слесарь Т.Аыг явуулахад гэртээ алга байна, хүүхдүүд нь байна. Аав хөдөө явсан, ээж ажилдаа явсан гэж хэлсэн. Үүгээр К.Тгийн ямар ажил хийснийг тодорхой нотлох байх гэж бодож байна. 2016 оны 08 дугаар сарын 15, 18-нд 2 удаа захиргаа, хүний нөөцийн албаны ажилтан д/ч Кг 2 удаа гэрт нь очуулахад нэг удаад нь гэртээ байгаагүй хүүхдүүд нь байсан, нэг удаад нь өөрөө гэрээт байхад нь таарч ажилдаа орох, өргөдлөө өгөх, боловсон хүчинтэй очиж уулзах талаар хэлэхэд би ажлаас гарах өргөдлөө өгөхгүй, ангийн захирагчтай өөрийн биеэр уулзана гэж хэлүүлсэн. Захиргаа, хүний нөөцийн албаны дарга хошууч Б.Б нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл барилга орон сууцны албаны уурын зуухны слесарь К.Ттай гар утсаар холбогдохыг оролдсон боловч утас нь байнгын унтраастай байсан болно. Барилга орон сууцны албаны уурын зуухны слесарь К.Т яагаад гэнэт ажлаас гарах талаар хүмүүсээс асууж судалж үзэхэд энэ талаа олон баримтууд гарсан. Өөрөөр хэлбэл К.Т нь жуулчны компаниудад автомашинаар үйлчилсэн бөгөөд энэ нь 1. төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд таарахгүй байгаа, 2. Хил хамгаалах байгууллагын ёс зүйн дүрэмд таарахгүй, 3. Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажил тасалсан гэх үндэслэл бүрэн болох байх гэж үзэж байна. Иймд ажлын хариуцлага алдаж, хувь хүний ёс зүйн зөрчил гаргаж, шалтгаангүй 40 хоног ажил тасалж, алба үйл ажиллагаанд хүндрэл учруулсан, албан ажил цалгардуулан хөдөлмөрийн сахилга зөрчсөн барилга орон сууцны албаны уурын зуухны слесарь К.Тг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3 дугаар заалт, анги байгууллагын дагаж мөрдөх Хөдөлмөрийн дотоод журмын 5.5 дугаар заалтуудыг тус тус үндэслэн захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. К.Тн дээрх хэрэгтэй холбоотой ангийн зөвлөлийн хурлын хуралдуулсан. Зөвлөлийн хурлын тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа. К.Тд ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаж чөлөө өгсөн бөгөөд чөлөөний хугацаа дуусахад ажил тасалж ирээд бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүйгээр би ажлаас гарна гээд шууд яваад өгсөн. Үүнийг Ар тал хангалтын дарга хошууч С нотолно. 2 дахь удаа Дэлүүн сум руу явж блок цохих бүлгийн бүрэлдэхүүнтэй хамт явж ажил хийхийг бас л хүлээж авалгүйгээр ажлаас гарлаа гэж хэлээд явсан. К.Т өөрөө ажиллах сонирхолгүй, хувийн ашиг сонирхолтой байгаа нь үүнийг эгүүлэн ажилд авах шаардлагагүй гэдгийг зөвлөлийн хуралд хошууч С хэлсэн байна. Ажилтай ирэх ёстой, ажил үүргээ биелүүлэх ёстой хүн ажилдаа ирээгүй, ажлаа тасалсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч К.Т нь Хилийн 0*** дугаар ангийн барилга орон сууцны албаны ээлжийн слесарийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч К.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна.

Хилийн 0*** дугаар ангийн захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/*** Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, ангийн дотоод журмын 5.5 дугаар заалтуудыг үндэслэн ангийн захирагчийн зөвлөлийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд барилга орон сууцны албаны ээлжийн слесарь Кн Т нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүй 30 хоног ажил тасалсан тул захиргааны санаачилгаар 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хилийн 0*** дугаар ангийн захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/*** Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажилтан К.Тг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хариуцагчид хуулинд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй болно.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан байна.

Хилийн 0*** дугаар ангийн захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/*** Ажлаас чөлөөлөх тухай тушаалд...К.Ттай хийсэн хөдөлмөрийн гэрээг цуцалж гэж дурдсан мөртлөө ажил олгогч ажилтан К.Ттай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болох байжээ. Гэтэл ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар хугацаанаас нь өмнө ажил олгогчийн санаачилгаар уг хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй ба байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байхад ажилтан К.Ттай ажил олгогч Сахилга хариуцлагын гэрээ байгуулжээ.

Хариуцагч Хилийн 0*** дугаар ангийн захирагч шүүхэд гаргасан тайлбартаа ...ажлын хариуцлага алдаж, хувь хүний ёс зүйн зөрчил гаргаж, шалтгаангүй 40 хоног ажил тасалж, алба үйл ажиллагаанд хүндрэл учруулсан, алба нь ажил цалгардуулан, хөдөлмөрийн сахилга зөрчсөн барилга орон сууцны албаны уурын зуухны слесарь К.Тг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дугаар заалт, анги байгууллагын дагаж мөрдөх Хөдөлмөрийн дотоод журмын 5.5 дугаар заалтуудыг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн гэх боловч Хилийн 0*** дугаар ангийн захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/*** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа дурдсан үндэслэлүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байна.

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дугаар заалтуудыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа мөртлөө нэхэмжлэгч К.Тг ажлаас чөлөөлсөн тушаалдаа дээрх зүйл заалтыг баримтлаагүй байна.

Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон мөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай юм.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг ойлгоно. Мөн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх учиртай ба энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заагаагүй байна.

Ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, мөн ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь дээр дурдсан ноцтой зөрчлийн хэмжээнд байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй болно.

Ажил олгогч ...ангийн дотоод журмын 5.5 дугаар заалтыг зөрчсөн учир К.Тг ажлаас нь чөлөөлсөн гэх боловч ажил олгогч өөрийн байгууллагын дотоод журмыг шүүхэд ирүүлээгүй учир ажилтан К.Тг ангийн дотоод журмыг зөрчсөн байна гэж дүгнэх боломжгүй байна.

Хариуцагч мөн тайлбартаа ...К.Тн гаргасан зөрчлийг тогтоосон, зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн энэ нь хурлын тэмдэглэлээр нотлогдоно гэх боловч хуралд зөрчил гаргагчийг оролцуулаагүй, түүнээс тайлбар аваагүй хуулийг зөрчсөн байна.

Тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтыг ажил олгогч хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай Хилийн 0*** дугаар ангийн захирагчийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгаснаар уг хуралд зөрчил гаргагч К.Тг оролцуулаагүй, зөрчил гаргагчийн тайлбарыг авч хэлэлцээгүй, уг зөвлөлийн хурлаар ажлаас шууд чөлөөлөх шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх тул тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотолж чадахгүй байна гэж үзлээ.

Иргэн Б.Кгийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод ...ажилтан К.Тн гэрт очсон, өөрт нь албаны дарга ирж уулзаарай, өргөдөл бичиж өгөөрэй гэж байна гэж явуулсан гэснийг хэлсэн гэж дурдсан нь ямар нэгэн хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх ба хариуцагч хуульд заасан шаардлагын дагуу нэхэмжлэгч К.Тд албан ёсны мэдэгдэж, дуудсан гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч Хилийн 0*** дугаар ангийн захирагч нь ...ажилтан К.Т нь Монгол Улсад жуулчилсан гадаадын иргэдийн хамт хариуцсан хэсгийн хилийн бүс, зурваст нэвтэрч байсан нь хилийн харуулд бүртгэгдсэн тодорхойлолтоор нотлогдож байна гэх боловч нэхэмжлэгч К.Т нь энэ талаар үгүйсгээгүй, ...гадаадын жуулчдад зуучилж, цалингийн зээлээ төлөхболон гэр бүлээ тэжээх зорилгоор хэдэн төгрөг олохоор  ажилласан гэж хүлээн зөвшөөрсөн ба ...хэд хэдэн удаа Захиргаан хүний нөөцийн албаны дарга Б.Б, Захирагчийн орлогч, ар тал, хангалтын дарга Д.С нартай очиж уулзахад ажилд гаргахгүй чамайг ажлаас чөлөөлсөн гэхээр тушаалаа хүлээгээд ажил хийсэн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэсэн мөртлөө энэ талаар нотлох баримтаа шүүхэд гарган өгч нотолж чадаагүй болно.

Иймд Хилийн 0*** дугаар ангийн захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/*** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд үндэслэлгүй гаргасан эрхийн акт байх тул нэхэмжлэгч К.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч К.Тг Хилийн 0*** дугаар ангийн барилга орон сууцны албаны ээлжийн слесарийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч К.Тн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Хилийн 0*** дугаар ангийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хилийн 0*** дугаар ангийн захирагчийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/*** дугаартай тушаалын Кн Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Кн Тг Хилийн 0*** дугаар ангийн барилга орон сууцны албаны ээлжийн слесарийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.Т нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Хилийн 0*** дугаар ангийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН