Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 6945

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-46, 6 дугаар байр, 402 тоотод байрлах “Праймлөүн ББСБ” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9015002081, регистрийн дугаар 5633443/-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Галдангийн Алтанзул /Регистрийн дугаар ШВ72071901/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч “Праймлөүн ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:  “Праймлөүн” банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгч Галдан овогтой Алтанзул, түүний хамтран зээлдэгч болох С.Оюунбилэг, Г.Алтантөгс нартай 2014 оны 04 дүгээр сарны 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй,  24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Г.Алтанзул, түүний хамтран зээлдэгч болох С.Оюунбилэг, Г.Алтантөгс нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээл авсан үеэс хойш үндсэн зээлийн төлөлтөөс 678,557 төгрөг, хүүгийн төлбөрөөс 10,102,910 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,068,532 төгрөг төлж, үлдэгдэл зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлэн, шаардлага мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ төлөх арга хэмжээ аваагүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2016.04.16-ны өдөр дуусгавар болсон тул үндсэн зээлийн үлдэгдэл 19,321,442 төгрөг, хүү 11,735,144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,004,648 төгрөг, нийт 32,061,235 төгрөгийг зээлдэгч Галдан овогтой Алтанзул, түүний хамтран зээлдэгч болох С.Оюунбилэг, Г.Алтантөгс нараас гаргуулан, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй. “Праймлөүн Банк бус санхүүгийн байгууллага уг уг мөнгийг гаргуулах гэтэл Г.Алтанзул нь хаана байгаа нь тодорхойгүй, оршин суугаа хаяг нь олдохгүй байгаа учир хариуцагчийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг олж тогтоож өгнө үү” гэжээ.

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч “Праймлөүн ББСБ” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Галдангийн Алтанзул /Регистрийн дугаар ШВ72071901/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.

          Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

          “Праймлөүн ББСБ” ХХК нь “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 32,061,235 төгрөгийг Г.Алтанзул, С.Оюунбилэг, Г.Алтантөгс нараас гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШЗ2016/03327 дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

          Иймд, “Праймлөүн ББСБ” ХХК нь үндсэн зээлдэгч Г.Алтанзулыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

Хүсэлт гаргагч “Праймлөүн ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Зүүн салаа, 3 дугаар гудамж, 2 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Галдангийн Алтанзул /Регистрийн дугаар ШВ72071901/-ыг эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР