Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1151

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д

улсын яллагч Х.А,

шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн рокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Т. Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0506 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Т. Н

, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч “Талх Чихэр” ХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Орбитын .. дугаар гудамжны .. тоотод байнга Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. тоотод түр оршин суух бүртгэлтэй гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УП0000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Т.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдарч байсан Ч.Г-г зодож эрүүл мэндэд тархи доргилт, зовхинд цус хуралт, хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Н гэх залуутай би 2018 онд анх танилцаад үерхдэг байсан юм. Тэгэхдээ Т.Н бид хоёр хамтран амьдарч байгаагүй. Хааяа нэг удаа уулздаг байсан. Тэгээд Т.Н бид хоёр 2019 оны 7 дугаар сард хоорондоо харьцахаа больсон. 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр оюутан ангийнхантайгаа уулзаж гадуур явж байгаад...шөнө 4 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутагт байх гэртээ орох гэсэн чинь Т.Н манай байрны үүдэн дээр байсан...Т.Н миний үснээс зулгаагаад газар унагаад толгой руу цохиод байхаар нь би Т.Начинбаярт чи яагаад намайг цохиж зодоод байгаа юм бэ гэсэн чинь чамайг ална чи ах Г дууд би та хоёрыг нийлүүлээд ална гээд миний цүнхийг аваад нуучхаад өгөхгүй байхаар нь би замын хажуу талаар явж байсан огт танихгүй нэг хүнээс гар утсыг нь гуйгаад ах Г руу залгасан чинь Т.Н тэр хүнийг бас ална гээд цааш хөөгөөд явсан. ...би Т.Н-т чи яагаад намайг ална гээд байгаа юм гэсэн чинь ах чинь хаана байна гээд миний нүүр толгой, дух хэсэгт цохиод байсан...Т.Н гараараа миний үснээс зулгаагаад толгой хэсэгт гараараа цохиод, нүүр болон дух хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Миний биед учирсан гэмтлийг Т.Н миний нүүр болон дух хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Мөн толгой руу 2 удаа гараараа цохиод үсдээд газар унагаасан...би зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардалдаа баримтаар нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07),

2. Гэрч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн ..дүгээр хорооны нутагт байх гэртээ унтаж байсан чинь манай дүү Ч.Г шөнө 4 цагийн орчим над руу залгаад Т.Н ирсэн намайг зодоод байна гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад ирсэн чинь манай дүүгийн хамраас цус гарсан байдалтай Т.Н манай дүү Ч.Г-н 2 гараас нь барьсан...Жавхлант гэсэн хаягтай байрны зүүн талд байж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

 3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгний дээд хэсэгт бага зэрэг хавдартай, зүүн нүдний доод зовхины гадна буланд бүдэг ягаан өнгийн цус хуралттай, биед өөр үл харагдах гэмтэлгүй.

2019.09.26-ны “Натур эмнэлэг”-н Толгойн компьютер томографын шинжилгээ: ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...гэжээ..ДҮГНЭЛТ

1. Ч.Г-н биед тархи доргилт, зовхинд цус хуралт, хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

...5 Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18),

4. Шүүгдэгч Т.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ч.Г гэх охинтой 2017 онд танилцаж байсан юм. Ч.Г бид хоёр танилцаад уулздаг үерхдэг болсон. Тэгээд би Ч.Г гэх охиноос 2019 оны 7 дугаар сараас хойш уулзахаа больсон. Би хөдөө ажлаар явж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 25-ны орой Улаанбаатар хотод ирсэн...Би Ч.Г-тэй уулзах санаатай Ч.Г-н байдаг байр болох Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутагт байрны гадаа нь очоод байж байсан чинь Ч.Г нэг танихгүй залуутай хамт байрны үүдэн дээр хүрээд ирсэн. Тэгсэн намайг хараад нөгөө залуу нь цааш яваад өгсөн. Ч.Г намайг харчхаад чи юу хийж явж байгаа юм зайлаач гэхээр нь миний уур хүрээд Ч.Г-г үсдээд газар унагаад нүүр хэсэгт нь цохисон...Би Ч.Г-н байрны үүдэн дээр ирсэн Ч.Г ах Г гэх залуутай хамт байрны үүдэн дээрээ байсан. Г намайг боож унагаагаад цохиод байсан. ...Би Ч.Г-н нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

6. Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 52), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 53-54),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 35, 34), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 33,), Нийгмийн Даатгалын шитгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 37),  “Талх Чихэр” хувьцаат компанийн цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 39), хохирлын мөнгө төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 52) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Н-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.Н нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хамтран амьдарч байсан Ч.Г-г зодож, тархи доргилт, зовхинд цус хуралт, хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Н гэх залуутай би 2018 онд анх танилцаад үерхдэг...хааяа нэг удаа уулздаг байсан. Тэгээд Т.Н бид хоёр 2019 оны 7 дугаар сард хоорондоо харьцахаа больсон. 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр...шөнө 4 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутагт байх гэртээ орох гэсэн чинь Т.Н манай байрны үүдэн дээр байсан...Т.Н миний үснээс зулгаагаад газар унагаад толгой руу цохиод байсан ....Т.Н-т... үснээс зулгаагаад толгой хэсэгт гараараа цохиод, нүүр болон дух хэсэгт гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07),

- Гэрч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гэрээсээ гараад ирсэн чинь манай дүүгийн хамраас цус гарсан байдалтай Т.Н манай дүү Ч.Г-н 2 гараас нь барьсан...Жавхлант гэсэн хаягтай байрны зүүн талд байж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт “...1. Ч.Г-н биед тархи доргилт, зовхинд цус хуралт, хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18),

- Шүүгдэгч Т.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ч.Г гэх охинтой 2017 онд танилцаж байсан юм. Ч.Г бид хоёр танилцаад уулздаг үерхдэг болсон. Тэгээд би Ч.Г гэх охиноос 2019 оны 7 дугаар сараас хойш уулзахаа больсон. ...2019 оны 9 дүгээр сарын 25-ны орой Улаанбаатар хотод ирсэн...Би Ч.Г-тэй уулзах санаатай Ч.Г-н байдаг байр болох Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутагт байрны гадаа нь очоод байж байсан чинь Ч.Г нэг танихгүй залуутай хамт байрны үүдэн дээр хүрээд ирсэн. ...Ч.Г намайг харчхаад чи юу хийж явж байгаа юм зайлаач гэхээр нь миний уур хүрээд Ч.Г-г үсдээд газар унагаад нүүр хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.Н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, эр эмийн хардалтын сэдэлтээр, хохирогч Ч.Г-г зодож гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Н нь хохирогч Ч.Г-н нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч,  гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “хамтран амьдарч байгаа этгээд...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна. Тодруулбал Т.Н, хохирогч Ч.Г нар нь хэрэг учрал болохоос өмнө тодорхой хугацаанд үерхдэг болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдний болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Т.Н-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Г нь эмчилгээний зардалд баримтаар 168.000 (хавтаст хэргийн 14-16) төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч Т.Н нь хохирогчид 200.000 төгрөгийг төлсөн болох нь (хавтаст хэргийн 52) нотлогдон тогтоож байх тул шүүгдэгч шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Н, хохирогч Ч.Г нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Т.Н-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Н-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0506 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Т. Н-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Н-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ