Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 32

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Т.Э  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Т  ын Э т холбогдох эрүүгийн 2015000090011 дугаартай, 163/2020/0032/Э индэкстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Т  ын Э.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Э  нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой Булган аймгийн Булган сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.А ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүн рүү халуун тогоо шидэн толгойн тус газарт нь цохиж , эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000090011 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч Т.Э  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр А т “бантан хийгээд өг” гэж хэлэхэд А  “чадахгүй өөрөө хий” гэж хэлэхээр нь миний уур хүрээд угааж байсан тогоогоо аваад арагшаа шидтэл ард эхнэр байсныг мэдээгүй. Миний шидсэн тогоо эхнэрийн толгойг цохьсон байсан. Б.А т учирсан гэмтлийг би учруулсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна миний буруу. ...” гэх мэдүүлэг /хх 39 тал/,

Хохирогч Б.А ын өгсөн: “…2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр “бантан хийгээдэх” гэж хэлэхэд нь би “чадахгүй, өөрөө хий” гэж хэлсэн чинь тогоонд байсан шөлийг аяганд хийгээд над руу шидэхэд миний баруун гарыг оноод шөл нь асгарч аяга нь доошоо унасан. Тэгээд би асгарсан шөлийг цэвэрлээд босох гэтэл толгой хэсэгт юм ирээд цохихоор нь эргээд хартал халуун тогоо байсан. Тэгээд толгойны ар хэсгээр нойтон юм мэдрэгдэхээр нь гараараа тэмтрээд үзтэл цус гарч байхаар нь хувцасаа өмсөөд эмнэлэг явсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 тал/,

Гэрч О.Ө-ын өгсөн: “...Манай хүү над руу залгаад “та цагдаа дээр ирээд миний талаар мэдүүлэг өгөөч гэж утсаар ярихаар нь би юу болсон талаар асуухад “2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.А  бид хоёр хоорондоо маргалдсан тэгээд би А ыг цохисон юм” гэж хэлэхээр нь би яараад цагдаа дээр ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 тал/,

Гэрч Г.В-ийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн 20-23 насны эмэгтэй хүн бусдад зодуулсан гэж нэг эмэгтэй хүний хамт орж ирсэн. Тухайн үед хамт ирсэн эмэгтэйг хэн болохыг асуухад толгой нь хагарсан эмэгтэйн хадам эгч нь гэж хэлсэн. Тэгээд толгой нь хагарсан эмэгтэйд үзлэг хийхэд толгойны зүүн талын дагз хэсгийн 3 см орчим гүн зүсэгдсэн шархтай байсан. шарханд 3 ширхэг оёдол тавьж толгойн рентген зураг авч шалган зөвлөгөө өгч буцаасан. ...” гэх мэдүүлэг /хх 23 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай

1. Магадлуулагч Б.А ын биед дагзны төвгөр хэсэгт оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 26 тал/,  

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 04-07/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 10/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 11-13/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх 27-28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг ял шалгах хуудас /хх 28/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 30/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 36-37 /, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 42-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.     

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э  нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой Б  аймгийн Б  сумын нутагт гар бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.А ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүн рүү халуун тогоо шидэн толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.      

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.А, О.Ө, Г.С нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг хөнгөн болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.       

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан бодит байдалтай нийцсэн байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.     

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн шүүгдэгч Т.Э т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.     

Иймд шүүгдэгч Т.Э  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Т.Э т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч Т.Э ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд мэдэгдсэн байна.

           Шүүгдэгч Т.Э  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг  харгалзан улсын яллагчтай тохирсон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Т. Э ын хөрөнгө, цалин хөлс , бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх ба  торгууль биелүүлэх хугацааг 6 сараар тогтоож шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ёроол хэсэг нь харалсан, хуванцар бариултай, төмөр тогоо нь ахуйн хэрэглээий эд зүйл байх тул түүний хүсэлтээр тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б  овогт Т  ын Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шйитгэж, торгуулийг сар бүр 75000 /далан таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Э  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ёроол хэсэг нь харалсан, хуванцар бариултай, төмөр тогоо 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид  буцаан олгохыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

6. Шүүгдэгч Т.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЦЭРЭНДУЛАМ