| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06948/и |
| Дугаар | 6948 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 6948
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 21 дүгээр гудамж, 486 тоотод оршин суух Тугчин овогт Дэмчигийн Маамаа-Аюур /Регистрийн дугаар СА59061311/-ийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажилласан жил тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа, гэрч Д.Зоригтбаатар, гэрч Г.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Маамаа-Аюур шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Миний бие 1979 оны 05 дугаар сарын 15-нд Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд тракторын жолоочоор 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэгдэл тартал ажилласан. Гэтэл би өндөр насны тэтгэвэрт орох гэтэл нэг хөдөлмөрийн дэвтэр бүрэн бичээстэй, нэг хөдөлмөрийн дэвтэрт Маамаа гэж буруу бичиж, нэр зөрүүтэй дутуу бичсэнээс тэтгэвэрт орж чадахгүй болоод байна. Хэнтий аймгийн архив шүүж үзэхэд ажилд орсон, гарсан тушаал олдоогүй, 1991 оны өмч комисс томилох тушаал, 1979-1990 онуудын цалингийн баримт, 1982, 1987 онд шагнуулсан баярын бичиг олдсон. Дээрх баримтуудыг үндэслэн намайг 1979 оны 05 дугаар сарын 15-наас 1992 оны 06 дугаар сарын 30 хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд тракторын жолооч хийж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Маамаа-Аюур нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох, мөн Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд 1979 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл нэг хөдөлмөрийн дэвтэр дээр түүний нэр “Маамаа” гэж дутуу бичигдсэн, түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул уг баримт бичгийн зөрчлийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлээс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрт “Дэмчигийн Маамаа-Аюур” гэсэн нэрийг “Дэмчигийн Маамаа” гэж бичсэн байна./хэргийн 12 дахь тал/ Хүсэлт гаргагчийн нэр нь “Дэмчигийн Маамаа” бус “Дэмчигийн Маамаа-Аюур” болох нь түүний цахим үнэмлэх болон Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлээс 1979 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон “Хөдөлмөрийн дэвтэр”-ээр тогтоогдож байна. /хэргийн 4, 10 дахь тал/ Иргэний бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Дэмчигийн Маамаа-Аюур нь өөрийн нэрийг сольж байгаагүй болох нь хүсэлт гаргагч болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Дэмчигийн Маамаа-Аюур нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж, 1979-1990 оны хооронд цалин авч байсан нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Цалингийн тодорхойлолт, 1991 оноос нэгдэл тарах хүртэл цалин авч байсан нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 97 дугаартай тушаалаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 6, 8-9 дэх тал/
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ
Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлээс 1979 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар талд ”Социализмын зам нэгдлийн даргын 1979 оны 5-р сарын 15-ны 88-р тушаалаар 1979.05.15 Социализмын зам 2-р бригадад туслах тракторчнаар томилов”, 6-15 дугаар талд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 11 дүгээр сарыг дуустал авч байсан цалингийн бичилт бичигдсэн байна. /хэргийн 10-11 дэх тал/ Мөн Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлээс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан. Уг дэвтэрт 1991-1993 оны цалингийн бичилт бичигдсэн байна. /хэргийн 12 дахь тал/
Хүсэлт гаргагч Д.Маамаа-Аюурыг Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг гэрчлэхээр Д.Зоригтбаатар, Г.Нарангэрэл нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.
Шүүхэд дуудагдсан гэрч Д.Зоригтбаатар “...Дамдинсүрэн овогтой Зоригтбаатар би 1984 онд Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байхад Дэмчиг овогтой Маамаа-Аюур тракторын жолоочоор ажиллаж байсныг гэрчилж байна”, шүүхэд дуудагдсан гэрч Г.Нарангэрэл “Гомбосүрэн овогтой Нарангэрэл би 1984 онд Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд саальчин хийж байхад Дэмчиг овогтой Маамаа-Аюур Социализмын зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Бид нэгдэл тарах хүртэл хамт ажилласан” гэж тус тус мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн дүгнэхэд Д.Маамаа-Аюур нь нэрээ албан ёсоор өөрчилж байгаагүй, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрт “Дэмчигийн Маамаа-Аюур” нэрийг “Дэмчигийн Маамаа” гэж дутуу бичигдсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Дэмчигийн Маамаа-Аюурыг тогтоох нь зүйтэй байна. Мөн Д.Маамаа-Аюур нь 1979 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлээс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Тугчин овогт Дэмчигийн Маамаа-Аюур /Регистрийн дугаар СА59061311/ мөн болохыг, Тугчин овогт Дэмчигийн Маамаа-Аюур /Регистрийн дугаар СА59061311/ нь 1979 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР