| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06949/и |
| Дугаар | 6949 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 6949
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 4-193 тоотод оршин суух Жаниж гүн овогт Хорлоогийн Батбаяр /Регистрийн дугаар ИП66101161/-ын ажилласан жил тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Батбаяр, гэрч Х.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Хорлоо овогтой Батбаяр миний бие 1982 оны 09 дүгээр сараас 1991 оны 08 дугаар сарыг дуустал Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдлийн “Хивсний цех”-д хивсчинээр ажиллаж байсан. “Коммунизмын туяа” нэгдлийн харьяа Хивсний цехэд ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1982 оны 09 дүгээр сараас 1991 оны 10 дугаар сар хүртэл “Коммунизмын туяа” нэгдлийн харьяа Хивсний цехэд ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Батбаяр нь Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдлийн “Хивсний цех”-д 1982 оны 09 дүгээр сараас 1991 оны 10 дугаар сар хүртэл “хивсчин”-ээр ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй, түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Х.Батбаяр нь Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдлийн Үйлдвэр бригадад хивсчинээр ажиллаж 1982-1991 онуудад хөдөлмөрийн хөлс авч байсан нь Завхан аймгийн Архивын тасгийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/393 дугаартай “Архивын лавлагаа”-аар тогтоогдож байна. /хэргийн 4 дэх тэл/
Дээр дурдсан бичгийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Хүсэлт гаргагч Х.Батбаярыг Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдлийн “Хивсний цех”-д ажиллаж байсныг гэрчлэхээр Х.Хишигжаргал, Г.Болормаа нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Шүүхэд дуудагдсан гэрч Х.Хишигжаргал “Миний бие Х.Хишигжаргал нь Х.Батбаяртай Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдлийн “Хивсний цех”-д хивсчинээр 1991-1992 оны хооронд багш шавийн барилдлагатайгаар хамтран ажиллаж байсан. Х.Батбаяр нь 1982 оны 9 дүгээр сараас тус цехэд ажиллаж байсан, хүүхдээ төрүүлэх чөлөө авч 1991 оны 10 дугаар сард ажлаасаа гарсан болохыг гэрчилж байна”, гэрч Г.Боломаа “Болормаа би Х.Батбаяртай Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдлийн “Хивсний цех”-д хивсчнээр 1982-1985 оны хооронд хамт ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлж байна” гэж тус тус мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жаниж гүн овогт Хорлоогийн Батбаяр /Регистрийн дугаар ИП66101161/-ыг 1982 оны 09 дүгээр сараас 1991 оны 10 дугаар сар хүртэл Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдлийн Үйлдвэр бригадын “Хивсний цех”-д “хивсчин”-ээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР