Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1152

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У

улсын яллагч Д.Н,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Б. Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04823 0000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Б. Э, Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1985 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны .. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЗП000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Москва хорооллын .. дүгээр байрны .. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Т-г “хаалга удаан онгойлголоо, өдөөд байгаарай” гэж шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Э-тай 2008 онд танилцсан. Бид хоёр 2009 онд нэг гэрт орсон. Дундаасаа гурван хүүхэдтэй...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа тараад 18 цагийн үед гэртээ ирэхэд байрны гадаа манай нөхөр “Prius” машиныхаа арын суудал дээр пиво уусан,  жолоочийн суудал дээр нь нэг эмэгтэйтэй хамт сууж байсан. ...би тэр хүүхэнд хандаж “чи хэн бэ?” гэж асуухад тэр “хэн ч биш” гэж хариулсан хэлсэн. ...Тэгээд би гэртээ ороод...гэрийнхээ хаалгыг түгжээд гэртээ байж байхад нөхөр Э гэрийн хаалгыг хүчтэй нүдээд байсан. Намайг хаалгаа тайлахад Э ууртайгаар “чи яагаад намайг өдөөд байгаа юм бэ?” гэж хэлээд баруун гараараа миний зүүн шанаа руу нэг удаа хүчтэй цохиод, миний баруун гарын булчингаас базсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарах гэхэд миний өмсөж явсан фудволкны араас татаад намайг тавьсан...Э гэрийн хаалга удаан тайлж өглөө гэх шалтгаанаар ууртай орж ирээд намайг цохисон. ...Манай нөхөр Э эрүүл, согтуу хамаагүй надад гар хүрч байсан...Би нөхөр Э-д гомдолтой байна...би цаашид гэрлэлтийн баталгаагаа цуцлуулах хүсэлттэй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07),

2. Гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны орой 17 цагийн үед ажлаа тараад гэр лүүгээ явж байхад Э.Т над руу залгаад “та хаана байна? би танайх руу такси бариад очиж байна”...гэж хэлсэн... Би Э.Т-с юу болсон талаар асуухад тэрээр “нөхөр Э гэрийнхээ гадаа машинд нэг хүүхэнтэй хамт сууж байхаар нь явж очоод юу хүнтэй сууж байгаа юм бэ гэж асуухад зээлдэгч” гэж хэлсэн гэсэн...Тэгэхээр нь Т гэртээ ороод байж байхад нь нөхөр Э гэрийнхээ хаалгаа нүдээд гадна бариулыг хугалж орж ирээд нүүр рүү нэг удаа цохиод авахаар нь би дотуур хувцастайгаа гараад зугтаасан гэж надад хэлсэн...Т манай гэрт ирэхдээ ...Зүүн нүдний харалдаа духан дээр бондойгоод хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ..дугаар дүгнэлт

“...Зүүн бугалгын гадна дунд хэсэгт 5х3см тод хөхөлбөр хүрэн өнгийн, баруун бугалгын дотор дунд хэсэгт 7х3см бүдэг хөхөлбөр хүрэн, нурууны дунд доод хэсэгт 2х2.5см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, нурууны дунд доод хэсэгт 4.5х2см хүрэн тав тогтсон зулгаралттай, зүү шанаа бага зэрэг овойж хавдсан...ДҮГНЭЛТ

1. Э.Т-н биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, нуруунд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

...5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

4. Шүүгдэгч Б.Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эхнэр Э.Т-тай 2008 онд нэг гэрт орж гэр бүл болсон. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа гурван хүүхэдтэй...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүүхдүүдээ хараад байж байхад 16 цагийн үед манай найз Г ирээд намайг дуудаад машинд нь 2.5 литрийн том пиво гурвыг хувааж уусан. ...Г-г машинд сууж байхад манай эхнэр Т ажлаасаа ирж таараад...Г руу “хэн бэ?” гэж орилж, уурлаад гэр рүүгээ орсон. Би араас нь удаагүй гэр рүүгээ орох гэхэд гэрийн хаалгаа тайлахгүй байхаар нь буцаж гарч машинаас гэрийн түлхүүрээ аваад орох гэтэл дотор талаасаа түгжээд оруулахгүй байсан. Би гэрийн хаалганы бариулыг татаад хугалахад эхнэр хаалгаа тайлаад “чи яах гээд байгаа юм бэ? тэр чигээрээ зайлаач” гэж надад хэлэхээр нь миний уур хүрээд эхнэрээ нэг удаа алгадсан. ...Эхнэр надад алгадуулаад цамцтай гараад явсан. ...би тухайн үед эхнэрийн араас гэртээ орох гэхэд гэрийн хаалгыг тайлахгүй удсанаас болж миний уур хүрээд эхнэрээ нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

5. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 85-86), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 87-88),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 73-81), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 71-72),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34, 35), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 36, 37,) хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 43-45) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Москва хорооллын .. дүгээр байрны .. тоот гэртээ, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй сэдэлтээр, “хаалга тайлж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас, шууд санаатай үйлдлээр, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Т-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь:

- Хохирогч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ...манай нөхөр “Prius” машиныхаа арын суудал дээр пиво уусан,  жолоочийн суудал дээр нь нэг эмэгтэйтэй хамт сууж байсан. ...би тэр хүүхэнд хандаж “чи хэн бэ?” гэж асуухад тэр “хэн ч биш” гэж хариулсан хэлсэн. ...Тэгээд би гэртээ ороод...гэрийнхээ хаалгыг түгжээд гэртээ байж байхад нөхөр Э гэрийн хаалгыг хүчтэй нүдээд байсан. Намайг хаалгаа тайлахад Э ууртайгаар “чи яагаад намайг өдөөд байгаа юм бэ?” гэж хэлээд баруун гараараа миний зүүн шанаа руу нэг удаа хүчтэй цохиод, миний баруун гарын булчингаас базсан. ...Э гэрийн хаалга удаан тайлж өглөө гэх шалтгаанаар ууртай орж ирээд намайг цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07),

- Гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т гэртээ ороод байж байхад нь нөхөр Э гэрийнхээ хаалгаа нүдээд гадна бариулыг хугалж орж ирээд нүүр рүү нэг удаа цохиод авахаар нь би дотуур хувцастайгаа гараад зугтаасан гэж надад хэлсэн...Т манай гэрт ирэхдээ ...Зүүн нүдний харалдаа духан дээр бондойгоод хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт “...1. Э.Т-н биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, нуруунд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

- Шүүгдэгч Б.Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эхнэр Э.Т-тай 2008 онд нэг гэрт орж гэр бүл болсон. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа гурван хүүхэдтэй...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүүхдүүдээ хараад байж байхад 16 цагийн үед манай найз Г ирээд намайг дуудаад машинд нь 2.5 литрийн том пиво гурвыг хувааж уусан. ...Г-г машинд сууж байхад манай эхнэр Т ажлаасаа ирж таараад...Г руу “хэн бэ?” гэж орилж, уурлаад гэр рүүгээ орсон. ...Би гэрийн хаалганы бариулыг татаад хугалахад эхнэр хаалгаа тайлаад “чи яах гээд байгаа юм бэ? тэр чигээрээ зайлаач” гэж надад хэлэхээр нь миний уур хүрээд эхнэрээ нэг удаа алгадсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29) гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Э нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хаалга тайлж өгсөнгүй, өдөөд байгаарай” гэх сэдэлтээр, хохирогч Э.Т-н эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э, хохирогч Э.Т нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Б.Э-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Т нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э, хохирогч Э.Т нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.Э-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Э-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0482 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б. Э-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ