Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00774

 

М.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02112 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 199 дүгээр магадлалтай,

М.Аийн нэхэмжлэлтэй

С.Бд холбогдох

Гэрээнээс татгалзсантай холбоотой 7 000 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Бямба-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С.Бтэй 7 000 000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Толгойтын 47 дугаар гудамжны 20, 21, 22 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг шилжүүлэн авахаар хэлцэл хийсэн. Тухайн хэлцлээр тухайн газрыг эрхийн доголдолгүй, гуравдагч этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын маргаангүй байхаар тохиролцсон бөгөөд энэ талын асуудал гарсан тохиолдолд худалдагч тал хариуцахаар хэлцэлд тусгаж өгсөн. Гэвч тухайн газар дээр өөр айл байсан ба бид эзэмших эрхээ саадгүй хэрэгжүүлэх боломжгүй болсон. Энэ талаар С.Бд хэлэхэд ямар нэгэн хариу арга хэмжээ авч өгөөгүй. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр С.Бтэй байгуулсан хэлцлээс татгалзах авсан өгснөө буцаахаар тохиролцсон. Тухайн хэлцлээр хариуцагч нь 7 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор М.Ат өгөхөөр тохиролцож бичгээр хэлцэл хийж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд дээрх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа өнгөрсөн боловч хариуцагч надаас зугтаж, холбоо барих боломжгүй болсон ба үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр надаас авсан 7 000 000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө, мөн Иргэний хуулийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4 дэх хэсэгтАнз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги авах эрхтэй байгаа бөгөөд үүний дагуу гэрээг бичгээр хийсэн, хуульд заасан хэмжээгээр тогтоосон, гүйцэтгээгүй үүргийн дүн болох 7 000 000 төгрөгийн 50 хувь болох 3 500 000 төгрөгийн алдангийг гаргуулан авах гэсэн шаардлагуудыг гаргаж байна. гэжээ.

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Толгойтын 47 дугаар гудамжны 20, 21, 22 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 7 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, эрх шилжүүлэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулан холбогдох материалыг М.Ат хүлээлгэн өгсөн. Энэхүү газар нь хуульд заасны дагуу олгогдсон бөгөөд эрхийн ямар нэгэн доголдолгүй, гуравдагч этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалт байхгүй, хэн нэгэнтэй газар эзэмшлийн талаар маргаангүй байгаа бөгөөд доголдолтой гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Худалдах, худалдан авах гэрээг байгуулж байх үед уг газарт зөвшөөрөлгүй айл гэрээ барьсан байсан бөгөөд ямар нэг зөвшөөрөлгүй буусан байсан. Нэгэнт нотариатаар орж холбогдох материалыг худалдан авагчид шилжүүлсэн тул газар чөлөөлөхтэй холбоотой эрх зүйн харилцаа үүсгэх боломжгүй байсан болно. Иймд гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02112 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Бэс 10 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ат олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бэс 182 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ат олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 199 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Б хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: 1. Хариуцагч С.Б би 2016 оны 07 сарын 01-ний өдөр М.А, М.Энхтуяа, А.Батцэцэг нарт эзэмших эрхийн гэрчилгээтэй гурван хэсэг газар буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 47-20 тоотыг 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр, 47-21 тоотыг 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр, 47-22 тоотыг 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр тус тус буюу нийт 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдах, худалдан авах гурван гэрээг байгуулан СХД-ийн нотариатаар гэрчлүүлж, худалдан авагч нарт холбогдох материалын хамт хүлээлгэн өгсөн. Гэтэл М.Аптанцэцэг нь бусад худалдан авагч нараас ямар нэгэн итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж дүгнэн хариуцмаар 10 500 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг ноцтой зөрсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурал эхлэхэд энэ талаар хүсэлт гаргасан боловч гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн болно. 2.Нэхэмжлэгч М.Аптанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “...Гэрээнээс татгалзсантай холбоотой 7 000 000 төгрөг, түүнийг хугацаандаа буцааж өгөөгүй алданги 3 500 000 төгрөг'' гэсэн байдаг. /хх1/ Гэвч М.Аптанцэцэг нь тухайн худалдах, худалдан авах гурван гэрээг ганцаараа татгалзах эрхтэй субъект биш юм. 3. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ эд хөрөнгийн ямар доголдол байгаа талаар дурдаагүй болно. Хэрэв тухайн газарт Гомбосүрэнгийн Амарзаяа гэх айл зөвшөөрөлгүй байгаа нь доголдол гэж үзвэл анх 2016 оны 07 сарын 01-ний худалдах, худалдан авах гэрээг байгуулсан өдрөөс өмнө тухайн газарт уг айл зөвшөөрөлгүй гэрээ барьсан байсан бөгөөд худалдан авагч нар буюу нэхэмжлэгч газар дээр очсон болохоо шүүхийн хэлэлцүүлэгт дурдаж, тухайн айлд орж худалдан авч байгаагаа хэлж, хариуцагч миний зүгээс нүүхийг шаардаж байсан болно. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар Худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч С.Б нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагч болон нэхэмжлэгч М.А, М.Энхтуяа, А.Батцэцэг нарын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд худалдан авагч тал болох нэхэмжлэгч М.А нь гэрээнээсээ татгалзах эрхтэй бөгөөд хэлцлийн дагуу төлсөн төлбөрөө буцаан нэхэмжлэх эрхтэй юм.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд эд хөрөнгийн доголдолтой байсан болохыг нотлож чадаагүй болно. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

М.А нь хариуцагч С.Бэс 7 000 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг нийт 10 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцэлд “...талууд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, С.Б нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Толгойт 47-20, 47-21, 47-22 тоот газрын эзэмших эрхийг худалдах зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 01-нд нэхэмжлэгчээс авсан 7 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор М.Ат өгөх, хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөх”-өөр тохирсон, уг хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 32 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс хойш олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж заасан байна. Уг үүргийг биелүүлэхгүй бол талууд анз тохирсон нь хууль зөрчихгүй болно.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...гэрээг М.Аээс гадна М.Энхтуяа, А.Батцэцэг нартай байгуулсан байхад М.А нь итгэмжлэлгүйгээр дангаараа нэхэмжлэл гаргасныг шүүх анхаараагүй, ...газар дээр айл байсныг нэхэмжлэгч нар мэдэж байсан нь тогтоогдсон байхад шүүх эд хөрөнгийг доголдолтой гэж буруу дүгнэсэн...” тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг М.А, С.Б нар байгуулсан, гэрээний оролцогч тал тодорхой байхаас гадна 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээнд хариуцагч С.Б нь 7 000 000 төгрөгийг М.Ат буцааж өгөхийг хүлээн зөвшөөрсөн баримтаар хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02112 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 199 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА