Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/021/0061/з |
Дугаар | 221/МА2021/0349 |
Огноо | 2021-06-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2021/0349
Б.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, цахимаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 273 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 273 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Э-ийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 5,419,406.00 /таван сая дөрвөн зуун арван есөн мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгчид олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаас үзэхэд албан бичгийн шийдвэрлэлтийн хугацааг хэтрүүлж шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Б.Э нь ажлын байр, албан тушаалын тодорхойлолтоор уг ажил үүргийг хариуцдаг ба ирсэн албан бичгийг танилцав гэж хаадаг, эсхүл чиг үүргийн хамааралгүй ажилтан, албан хаагч руу үндэслэлгүйгээр шилжүүлж хугацаа алддаг зэрэг зөрчлийг байнга гаргадаг нь ирсэн бичгийн бүртгэлийн хяналтын картуудаас тодорхой харагдах ба дээрх албан бичгийн хугацааг хэтрүулж шийдвэрлэж ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн. Б.Э 11 дүгээр сарын 04-нөөс 07-ныг хүртэл хугацаанд ажлаас чөлөөлснийг магадласан “Эмнэлгийн магадлагаа”-г эх хувиар нь өөрөө хожим нь шүүхэд гаргаж өгсөн байдаг. Энэхүү баримтыг Б.Э байгууллагадаа өгөөгүй, байгууллагад байх ёстой баримтыг шүүхэд эх хувиар нь өгсөн, мөн дээрх баримтыг байгууллагад өгөөгүй талаар гэрчийн мэдүүлгүүд ч хэрэгт авагдсан, нөгөө талаар энэхүү баримтаар тухайн цаг үед Б.Эрдэнэхуяг ажилдаа ирээгүй нь нотлогдох нотлох баримтын ач холбогдолтой, Б.Э ч тухайн үед ажилдаа ирээгүйгээ хүлээн зөвшөөрч дээрх нотлох баримтыг гаргаж өгсөн байхад шүүхээс зөвхөн цалинг бүтэн олгосон, цагийн бүртгэлийн систем гаргаж өгөөгүй гэж үзэж хэргийг нэг талаас нь харж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ" гэж тодорхойлсны дагуу тус байгууллагад ажилладаг Ц.О, Т.Б, Д.А нар шүүхэд нэхэмжлэгчийг ажил үүргээ хангалтгүй биелүүлдэг, ажил тасалдаг, шуурхай хуралд оролцдоггүй талаар гэрчийн мэдүүлэг өгсөөр байхад хариуцагчаас нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгт төлсөн гэх баримт нь хуулбар хувь байх энэ нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа ба хариуцагчаас энэ талаарх баримтыг гаргуулах талаар шүүхээс шаардсан боловч хэрэгсээгүй, анхаараагүй хууль зөрчсөн гэж үзэж байна. 2020 оны 08 дугаар сарын 24, 09 дүгээр сарын 14-ний шуурхай хурлын тэмдэглэлээс Б.Э нь шуурхай хуралд суудаггүй, ажлаа тасалдаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, хамтран ажиллахаас татгалздаг зэрэг нөхцөл байдлуудыг харж болно. Эдгээр нотлох баримтыг шүүхээс үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Б.Э нь Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Б.Э-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/33 дугаартай захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийг “төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн хэм хэмжээ, захирах захирагдах ёсны төрийн албаны зарчим, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хавсран гүйцэтгэж буй албан ажлаа биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан” гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тодорхойлсон байх бөгөөд хариуцагч нь Б.Э-ийн гаргасан гэх зөрчлийг бүрэн тогтоогоогүй, зарим зөрчил нь нотлогдсон ч хэт хүндэдсэн сахилгын шийтгэл ногдуулсан байх тул маргаан бүхий акт дээр дурдсан зарчимд нийцсэн гэж үзэхээргүй байна.
Хэрэгт авагдсан Ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаас үзвэл Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн 847 дугаартай албан бичгээр Төрийн аудитын тухай хуулийн /2003 он/ 19 дүгээр зүйлийн 19.3.1-т зааснаар саналаа ирүүлэхийг хүссэн, уг албан бичгийг хурлын дарга нь ажлын албаны даргад, ажлын албаны дарга нь Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Э-т шилжүүлсэн, Б.Э нь нягтлан бодогч Б.Ц-д шилжүүлсэн боловч тэрээр нягтлан бодогчийн ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй, хамааралгүй тул буцаав гэж, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 930 дугаартай албан бичгээр гүйцэтгэлийн аудитын тайлан ирүүлснийг мөн нягтлан бодогч Б.Ц-д шилжүүлсэн байх боловч дээрхтэй адил үндэслэлээр буцаасан, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1474 дугаартай албан бичгээр зөвлөмжийн биелэлтийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны дотор ирүүлэхийг хүссэн, уг албан бичгийг ажлын албаны даргаас Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Эрдэнэхуягт, буцаагаад ажлын албаны даргад, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.О, буцаагаад ажлын албаны даргад, дахин Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Э-т түүнээс өргөдөл гомдол хариуцсан ажилтан Д.Д-д шилжүүлсэн, биелэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр хангуулж хариу хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас үзвэл Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны албан хаагчид төрийн байгууллагаас ирсэн албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэдэггүй, өөрт хамааралгүй гэх үндэслэлээр дур мэдэн буцаадаг, тухайн байгууллагад төрийн албаны захирах захирагдах ёсыг баримтлах зарчим хэрэгждэггүй, хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой гарсан зөрчил гэж ойлгогдох ба уг зөрчилд дан ганц нэхэмжлэгч Б.Э-ийг буруутгах үндэслэлгүй тул “хэн нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болохыг хариуцагч тогтоогоогүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “албан бичгийн хугацааг хэтрүүлж шийдвэрлэн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь нотлогдсоор байхад шүүхээс үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэх гомдлыг хангахгүй.
Харин 2020 оны 9 дүгээр сарын 14, 11 дүгээр сарын 02, 04, 05, 06-ны өдрүүдэд ажил тасалсан нь нотлогдсон байх ба 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 07-ны өдрийг хүртэл эмнэлэгийн магадлагаатай байсан ч үүнийгээ байгууллагадаа өгөөгүй буруутай байна.
Гэвч дээрх зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэл зөрчлийн хэр хэмжээнд тохироогүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар ажилтан, албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн гэм буруугийн хэлбэр, зөрчлийн шинж, зөрчил гаргасан давтамж зэргийг харгалзах ёстой бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчид хүлээлгэх сахилгын шийтгэлийн хүнд хэлбэр болох “төрийн албанаас халах” шийтгэлийг хэрэглэсэн нь зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохироогүй, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хуулбар хувь байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Батбаатар
ШҮҮГЧ А.Сарангэрэл
ШҮҮГЧ О.НОМУУЛИН