Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2017/ДШМ/048

 

Г.Эт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Эрдэнэсоёл

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 399 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Д.Цогжавхлангийн бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар эсэргүүцлээр Г.Эт холбогдох эрүүгийн 1714001270043 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Монгол овогт Ггийн Э, , эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй

Г.Э нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймаг, Баянхонгор сум 3 дугаар баг 44 дүгээр гудамж, 1 тоот хашаанд иргэн А.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Г.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов.

Г.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаагүй байхад хэргийг шууд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-ээс 17.5 дугаар зүйлүүдэд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан байх бөгөөд Г.Эт холбогдох хэрэгт уг хуулийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй байна гэж үзэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Улсын яллагч Д.Цогжавхлан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргавал хэрхэн яаж шийдвэрлэх талаар заасан бөгөөд энэ хүсэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид 8 жилээс доогуур хорих ял оногдуулж болох хэрэгт холбогдсон яллагдагчаас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан заалт гэж ойлгогдож байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд тусгайлан заасан хэргүүдэд яллагдагчийн хүсэлтийг харгалзахгүйгээр шууд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна. Г.Эт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дахь хэсэгт заасан хэрэгт хамаарагдаж байх бөгөөд яллагдагч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, шүүх хуралдаанд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа нөхцөл байдлыг ойлгож байгаа, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, прокурорын сонсгож байгаа ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулах нөхцөл журам, хуралдаанаар хянан шийдвэрлэх асуудал, гаргах шийдвэрийг зааж өгсөн байхад дээрх заалт, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүхээс Г.Эт холбогдох хэрэгт шүүх хуралдаан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёрын алийг нь ч хийгээгүй мөртлөө шүүгчийн захирамжид шүүх хуралдаан хийсэн мэтээр бичиж, хэргийг прокурорт буцаах захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, урьдчилсан хэлэлцүүлэг гэж ойлгохоор байх боловч шүүгдэгч Г.Э гэж шүүгчийн захирамжид дурьдаж байгаа нь ойлгомжгүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй гэж үзнэ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Эрдэнэсоёл гаргасан дүгнэлтэндээ: Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 , 17.5 дугаар зүйлүүд тус тусдаа хоёр өөр төрлийн ойлголт тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

  ХЯНАВАЛ:

Улсын яллагч нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам” буюу хуулийн 17 дугаар бүлэгийг зөрчсөн, улмаар уг бүлгийг зөрчиж шийдвэр гаргахдаа шүүх хуралдааны тов тогтоож шүүх хуралдаан зарлаагүй атлаа шүүх хуралдаан хийсэн мэтээр шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэр эргэлзээтэй байдал үүсгэсэн гэсэн үндсэн гурван санаа агуулсан эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Г.Эт холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 399 дугаар шүүгчийн захирамж үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам” гэсэн хэлбэрээр эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх хоёр тусдаа ойлголтыг хуулийн Арван долдугаар бүлэгт хуульчлан тогтоосон бөгөөд энэ хоёр журам нь тус тусдаа өөр өөр байдлаар хэрэгжихээр зохицуулагдсан байна.

Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас үзвэл хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй бөгөөд тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад зарим төрлийн хүнд гэмт хэрэг үйлдсэн яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч /жишээлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хууль тогтоогчоос арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон бөгөөд энэ төрлийн ялтай гэмт хэргийг яллагдагчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэж болохоор хуульчилсан/ хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж, уг хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргах, прокурор гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг танилцуулж, яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргах,  хэрэв прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах, прокурор мөн хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихаар хуульчлан тогтоожээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан ердийн журмаас гадна тухайн бүлэгт заасан тусгай журмыг баримтлахаас гадна, шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэх зэргийг хянан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах ба хэрэв шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар зохицуулагдсан байна. /

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ыг хуульчилсан бөгөөд уг зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/, 11.7 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 12.4 /Бэлгийн дарамт учруулах/, 13.6 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 13.10 /Хувь хүний нууцад халдах/, 13.11 /Хувь хүний нууцыг задруулах/, 15.2 /Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх/, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хулгайлах/, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Дээрэмдэх/, 17.5 /Алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/, 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтныг заналхийлэх/, 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, 27.11 /Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/ дүгээр зүйлүүдэд тус тус заасан гэмт хэргүүдийн зарим төрлийн гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар зохицуулагдсан бол хорих ял оногдуулж болох зарим төрлийн гэмт хэргийнх нь хорих ялын дээд хэмжээ 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан, эдгээр гэмт хэргийн аль нэгийг үйлдсэн сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэх, прокурор хэргийг 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичин, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагчид, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж гарын үсэг зуруулсан байх, шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор тухайн зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр буюу цагаатгах эсхүл шийтгэх тогтоол гаргахаар заасан байгаа болно. /хөнгөн гэмт хэрэг/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн дээр дурдсан хоёр өөр төрлийн зохицуулалт зэргээс үзвэл хууль тогтоогчоос 2002 онд батлагдан 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөн үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шалгагдсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэн, шаардлагатай өөрчлөлтийг цар хүрээнд тохируулан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтолцоо, журмыг боловсронгуй болгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс ердийнхөөс богиносгосон хугацааг хуулиар тогтоосон нь яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс онцлог ялгаатай байна.

Г.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх тул энэ зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар буюу богиносгосон хугацаагаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг гэж үзнэ. Гэтэл шүүх “...яллагдагч хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй...”, “... энэ талаар прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй...”, “... яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлийг танилцуулаагүй...”, “... ялын саналыг яллагдагч хүлээн зөвшөөрөөгүй...” гэх зэрэг яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын шаардлагыг тавьж хэргийг прокурорт буцаасан нь хууль бус болжээ.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг энэ талаарх буюу 1 дэх хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Эт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх Г.Эт холбогдох хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч /2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нь ням гараг буюу амралтын өдөр байсан/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг мөн өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлосон /шүүгчийн захирамж хх-ийн 69-р тал/ байх тул улсын яллагчийн эсэргүүцэлд дурдагдсан Г.Эт холбогдох хэрэгт шүүх хуралдаан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёрын алийг нь ч хийгээгүй мөртлөө шүүгчийн захирамжид шүүх хуралдаан хийсэн мэтээр бичиж хэргийг прокурорт буцаах захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн зэрэг нь үндэслэлгүй байх тул улсын яллагчийн эсэргүүцлийн 2, 3 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 399 дүгээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Эт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, улсын яллагч Д.Цогжавхлангийн бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хүлээн авч, 2, 3 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА    

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

         Н.ЭНХМАА