Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 254

 

  Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр,

  Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар,

     Ж.Ганбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр магадлалтай, 201520000378 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Батбаатар, Н.Мөнгөндөш, О.Ганболд нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Э.Бумцэндийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шовх овогт Дамдингийн Балжинням нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм ашиглан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тугчин овогт Хүрэлбаатарын Батдэмбэрэл нь  урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт, 

3.  Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Таван хар овогт Баасандоржийн Шинэбаяр нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

4.  Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Элжигэн жаргал овогт Эрдэнэгэрэлийн Бумцэнд нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж “Бусдын эд хөрөнгийг хулгайлах”, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Балжиннямд хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт татан оролцуулах гэмт хэрэгт,

5.  Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Зургаадай овогт Даваасүрэнгийн Батбаатар нь  урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж “Бусдын эд хөрөнгийг хулгайлах”, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Балжиннямд хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт татан оролцуулах гэмт хэрэгт,

6.  Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бууч овогт Нямсүрэнгийн Мөнгөндөш нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж “Бусдын эд хөрөнгийг хулгайлах”, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Балжиннямд хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт татан оролцуулах гэмт хэрэгт,

7. Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ураннамжил овогт Очирын Ганболд нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж “Бусдын эд хөрөнгийг хулгайлах”, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Балжиннямд хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт татан оролцуулах гэмт хэрэгт,

8. Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Мянган хоньт овогт Жаргалсайханы Ганбаяр нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж “Бусдын эд хөрөнгийг хулгайлах”, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нарын гэнэн итгэмтгийн занг ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт татан оролцуулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ганбаяр, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Мөнгөндөш, О.Ганболд, Д.Батбаатар, Э.Бумцэнд нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Ж.Ганбаярыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Д.Балжиннямыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Н.Мөнгөндөшийг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар шүүгдэгч Н.Мөнгөндөшид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нарт 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар нарт эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял, шүүгдэгч Ж.Ганбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоног баривчлах ял тус тус шийтгэж, шүүгдэгч Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар, Ж.Ганбаяр нарт тус тус оногдуулсан баривчлах ялыг ганцаарчилсан дэглэм бүхий байранд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Батбаатар, Н.Мөнгөндөш, О.Ганболд нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо : “... 2015 оны 9 дүгээр сард иргэн С.Цэрэнбадамын худалдан авч, цуглуулсан самар нь Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3 дах хэсэг, Байгал орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Ойн дагалт баялаг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 2.8, 3.7-д заасныг тус тус зөрчсөн байх тул өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн обьект болохгүй бөгөөд өмчлөх эрх үүсээгүй. Самар түүх нь хууль бус, харин хууль бусаар түүсэн самрыг худалдан авч хууль бус үйлдлийг өөгшүүлэх нь хуулийн дагуу үйлдэл гэж үзэж болох уу. Хэрэв хориглосон үед түүсэн самрыг худалдан авахгүй бол хууль бусаар самар түүх явдал зогсох нь ойлгомжтой. Миний үйлчлүүлэгч нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж болох боловч харин самар нь С.Цэрэнбадамын хууль ёсны өмч гэж дүгнэж болохгүй. 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр анх гомдол гаргаж хэргийн газарт хэрэг бүртгэх эрх бүхий хэсгийн төлөөлөгч ажилласан бөгөөд хэрэгт холбогдогч нарыг 10 дугаар сарын 3-7-ны өдрийг хүртэл бүгдийг нь баривчлан хууль бусаар хорьж мэдүүлэг авсан. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг бүртгэлд оруулахгүй байсаар 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр гомдол, мэдээлэл хүлээн авсан бүртгэлд оруулж 11 дүгээр сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Өөрөөр хэлбэл анх мэдээлэл ирснээс хойш 1 сар 14 хоногийн турш хууль бусаар хүнийг баривчлан хорьж, мэдүүлэг авч, хууль бусаар хэргийг хүлээлгэсний эцэст мөрдөн байцаалтыг эхэлжээ. Энэ хугацаанд авсан тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэрэг байцаан шийтгэх ажиллагаа явуулсан баримтаа бүгдийг нь хэргээс авч хаяж цэвэрлэсэн мөртлөө зодож байж хэрэг хүлээлгэсэн Д.Батбаатарын тайлбарыг хэрэгт хийсэн. Мөрдөн байцаалт хэт нэг талыг буюу яллах талыг барьж явагдсан гэж үзэж байна...” гэжээ.

Шүүгдэгч Э.Бумцэндийн өмгөөлөгч Б.Батгэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... гэрч, хохирогч нарын мэдүүлгээр Э.Бумцэнд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй байхад ганцхан насанд хүрээгүй шүүгдэгч Д.Балжиннямын мэдүүлгийг үндэслэл болгож түүнд ял оногдуулсан нь үндэслэлгүй. Шүүгдэгч Д.Балжиннямын “Э.Бумцэндтэй хамт хулгай хийсэн гэх” мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх тухайн мэдүүлгийг үндэслэл болгож Э.Бумцэндийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. ... хохирогч С.Цэрэнбадамын хулгайд алдсан гэх хуш модны самар нь хулгайн гэмт хэргийн обьект болж чадахгүй. С.Цэрэнбадам нь 859 кг, 800 гр хуш модны самрыг хууль ёсны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. Хохирогч хууль бус үйлдэл хийж байна гэдгээ ухамсарласан нь гэрч Я.Төгсжаргалын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд Э.Бумцэндэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шүүгдэгч Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр, Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар, Ж.Ганбаяр нар нь үгсэн тохиролцож, бүлэглэн орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр машин механизм ашиглан бусдын эд зүйлийг хулгайлсан болон Н.Мөнгөндөш нь насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон. Шүүгдэгч нарт холбогдох хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдож, тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нар нь бүлэглэж 2015 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт байрлах иргэн С.Цэрэнбадамын хүнсний дэлгүүрийн хажууд байрлах цайны газрын цонхоор нэвтрэн орж 3 шуудай буюу 85 кг хуш модны самар хулгайлж 340,000 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар, Д.Балжинням нар нь бүлэглэж, машин механизм ашиглан, Д.Балжинням давтан үйлдлээр 2015 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт байрлах иргэн С.Цэрэнбадамын хүнсний дэлгүүрийн хажууд байрлах цайны газрын цонхоор нэвтрэн орж 859 кг 800 грамм хуш модны самар хулгайлж, 4,728,900 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч Ж.Ганбаяр, Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нар нь бүлэглэж, шүүгдэгч Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нар давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт байрлах иргэн С.Цэрэнбадамын хүнсний дэлгүүрийн хажууд байрлах цайны газрын цонхоор нэвтрэн орж 30 кг хуш модны самар, эд зүйл хулгайлж 273,700 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Мөнгөндөш нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө насанд хүрээгүй Д.Балжиннямд хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэм буруутай үйл баримтыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр, Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар, Д.Балжинням, Ж.Ганбаяр нарын бусдын эд хөрөнгө хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Н.Мөнгөндөшийн насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар тус тус зөв зүйлчилсэн байна.

Н.Мөнгөндөшийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, Ж.Ганбаяр, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нарт Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар нарт баривчлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зөрчил гаргаагүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч нарын урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, орон байранд нэвтэрч эд хөрөнгө буюу самрыг авч байгаа үйлдэл нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн  хангаж байна гэж дүгнэв.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн объект нь “өмчлөх эрх” биш “эд юмс” байдаг бөгөөд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт: Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт: Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж эд хөрөнгө, өмчлөх эрхийн хоорондын ялгааг хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан “эд хөрөнгө”-ийг хулгайлах тухай ойлголтыг зохицуулсан гэж үзнэ.

Харин тэрхүү эд хөрөнгө хулгайд алдагдахаас өмнө хууль ёсны болон хууль бус эзэмшил, өмчлөлд байсан эсэх нь энэ төрлийн гэмт хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “...Э.Бумцэнд, Д.Батбаатар, Н.Мөнгөндөш, О.Ганболд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Батбаатар, Н.Мөнгөндөш, О.Ганболд нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Э.Бумцэндийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Т.УРАНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ