| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06950/и |
| Дугаар | 6950 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 6950
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжү гудамж, 33в байр, 74 тоотод оршин суух Олхонууд овогт Балдоржийн Чулуундолгор /Регистрийн дугаар ЧТ69061861/-ийн Н.Дарханбилэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Чулуундолгор, гэрч Н.Дарханцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Чулуундолгор шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Миний бие нь Нямдаваагийн Дарханбилэгтэй 2000 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нэг гэрт амьдарч эхэлсэн. 2005 оны 03 дугаар сарын 21-нд бидний дундаас охин төрсөн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Н.Дарханбилэг маань 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн эмнэлэгт аюулт өвчний улмаас нас барсан. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулах бодолтой байсан ч миний ажлын улмаас амжихгүй байсаар өдийг хүрсэн. Охин Д.Анунгуад тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2000 оны 11 дүгээр сарын 26-наас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Чулуундолгор нь нас барагч Н.Дарханбилэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Н.Дарханбилэгтэй 2000 оноос хамт амьдарч байсан боловч гэрлэлтээ батлуулаагүй 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу Н.Дарханбилэгийг нас барах хүртэл хамт амьдарч байсан, охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход эцэг, эхийнх нь хамтын амьдралтай байсныг тогтоосон байх шаардлагатай болсон тул дээрх байдлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Боржигин овогт Нямдаваагийн Дарханбилэг /Регистрийн дугаар ТЕ73062618/ нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барсныг нотлох бүртгэлийн №0000189356 дугаартай гэрчилгээ хэрэгт авагджээ. /хэргийн 6 дахь тал/
Хүсэлт гаргагч Б.Чулуундолгор, Н.Дарханбилэг нарын дундаас 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин Боржигин овогт Дарханбилэгийн Анунгуа /Регистрийн дугаар УТ05232161/ төрснийг нотлох хүүхдийн төрсний бүртгэлийн №0074900, Г-1117 дугаартай гэрчилгээ хэрэгт авагдсан байна. /хэргийн 5 дахь тал/
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Шүүхэд дуудагдсан гэрч Н.Дарханцогт “...Миний төрсөн ах Нямдаваа овогтой Дарханбилэг нь Балдорж овогтой Чулуундолгортой 2000 оноос хойш 16 жил ханилж, тэдний дундаас 2005 онд охин Анунгуа нь мэндэлсэн. Тэр цагаас хойш аз жаргалтай амьдарч байгаад аюулт өвчний улмаас 2016 оны 10 дугаар сарын 20-нд таалал төгссөн. Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхон, 33в байрны 74 тоотод амьдарч байсан...” гэж мэдүүлсэн.
Шүүхэд дуудагдсан гэрч Б.Чулуунсувд “...Б.Чулуундолгор, Н.Дарханбилэг нар 2000 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. Охин Анунгоо 2005 онд төрсөн. ...Гадагшаа их явдаг хүмүүс байснаасаа болоод ч юм уу гэрлэлтээ батлуулаагүй байсан юм байна. Ах дүү нар нь гэрлэлтээ батлуулаагүй гэж мэдээгүй байсан. Б.Чулуундолгор, Н.Дарханбилэг нар хамт амьдарч байсныг гэрчилж байна” гэж мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Олхонууд овогт Балдоржийн Чулуундолгор /Регистрийн дугаар ЧТ69061861/ нь 2000 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Боржигин овогт Нямдаваагийн Дарханбилэг /Регистрийн дугаар ТЕ73062618/-тэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР